• Өнөөдөр 2024-05-19

УЯАЧИД ЭРЛИЙЗ МОРИОР УЯАГАА ДҮҮРГЭЖ, МОНГОЛ АДУУГАА ГАДУУРХАЖ БАЙНА

2023-05-15,   728

              Монгол адуу устаж, үргэдэхэд ойрхон болжээ. Мөнгөтэй болгон л гаднаас эрлийз адуу олноор авч ирэн төрийн наадамд уралдуулж, жижиг биетэй монгол адууг бага багаар хавчин уралдах боломжийг нь үгүй хийсээр ирсэн. Үүнээс болж “Шинэ цагийн монгол” адуу гэх нэршил үүссэн гэхэд хилсдэхгүй. Улс бүсийн чанартай томоохон уралдаанд дандаа л дарга сайд нарын морь түрүүлж, айрагддаг болоод буй. Тэд хөлийн хурд сайтай эрлийз адуугаар олон ч наадмын түрүү авч буй нь мөнгөтэй холбоотой. Эд хөргөнгөө гайхуулж, асар майхны хойморт үнэтэй хөөрөг харшуулж, хэдэн өрөө байрны үнэтэй төмөр хүлэг хөлөглөж явна. Харин жирийн нэг уяач монгол адуугаа уралдуулаад сүүл мушгиж, урам муутайхан гэрийн зүг явах болжээ. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг шиг жирийн уяачид ч монгол адуугаа уралдуулахаа болж, аль болох эрлийз адуу, цусны хольцтой морины эрэлд гараад буй аж. Нэг хэсэг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хурдан удмын адуу авч адууныхаа цусыг сэлбэж, үүлдэр  угсааг сайжруулдаг байсан. Гэтэл энэ байдал өөрчлөгдөж, жирийн малчин уяачид ч төрийн томчуудыг дуурайн эрлийз адуугаар адуугаа сайжруулах болжээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн бодит жишээ энэ биз. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол адуу устаж үгүй болох нь ээ. Тэсвэр, тэвчээр уналгаа идээлгээ сайн даадаг монгол адуу тасарч, тэжээлээр бөмбөгдүүлсэн эрлийз адуугаар дүүрэх вий. Эрлийз адуу намрын анхны цаснаас авхуулаад ногоо нялхрах хүртэл дулаан хашаанд, тэжээл өгч маллахгүй бол чат хийчих гээд хүндрэл их гарна. Харин монгол адуу идэр есийн хүйтэнд жавхаажиж салхин явдаг хоймортой хүлэг. Гэтэл монгол адууг төрийн томчууд бүү хэл жирийн уяачид ч ад үзээд эхэллээ. Монгол адуугаа уралдуулахгүй монгол наадам, морины уралдаан байна гэхээр инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг...  

             Уяач нэртэй адуу тамласан яргачид хүний санаанд оромгүй үйлдэл хийж буй тухай баримт, мэдээлэл цахим орчинд тархах болсон. Улс, бүсийн наадамд л адуу түрүүлж, айрагдуулж байвал юу ч хийхээс буцахааргүй болчихжээ, уяач гэх зарим яргачин. Тэдний нэр алдарт хүрэхийн төлөөх ёроолгүй шунал дэлхийн талыг эзэлж байсан монгол адууны удмыг тасалж байна. Хэрэв энэ янзаараа үргэлжилбэл монгол адуу уяачдаас болж устаж үгүй болж ч мэднэ. Үүний нэг жишээ бол эрлийз адуу. Төрийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэдэг боловч эрлийз адуу уралдсаар байгаа. Цаашлаад шинэ цагийн монгол адуу гэх үүлдэр бий болоод буй. Мөн туршуул азарга хэмээн гаргаж ирээд монгол азарганы сэлдийг тайрч буй үйлдлүүд сүүлийн үед нэмэгдэх боллоо. Энэ бүгдээс байгалийн өвөрмөц ген бүхий цэвэр цусны монгол адуугаа хэрхэн хамгаалах вэ. Мөн уяачид хуучин цаг шиг хурдан хүлгээ мэдэж, мэдэрч уяхаа болиод зүчээ, тойруулгын аргаар уяж, элдэв тариа, тэжээлээр бөмбөгдөж, хүч тамирыг нь сэлбэж байгаа нь нууц биш.

ЭРЛИЙЗ МОРЬ МОНГОЛ АДУУНЫ ХААНА Ч ХҮРЭХГҮЙ 

       Жил бүр улсын наадмын үеэр эрлийз, монгол морьдын асуудал багагүй маргаан дагуулдаг. “Эрлийз морь уралдууллаа”, “Монгол морийг эрлийз гээд хасчихлаа” гэдэг асуудал үргэлж гарсаар, олныг талцуулсаар буй. Энэ талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндрийг нь хэмжих, зориулалтын лазер төхөөрөмж ашиглах санал гарган хэрэгжүүлж буй билээ. Өнгөрсөн жилийн баяр наадамд хурдан хүлгээ төхөөрөмжөөс болоод хасуулсан уяачид эмгэнэж, хүүхдүүд нүдэндээ нулимстай наадмаа үдсэн. Жижиг биетэй эрлийз адуу гарахын тулд уяачид олон янзын арга хэрэглэж буй юм. Нэгэн жишээ дурдахад, жижиг биетэй, цүдгэр гэдэстэй, сав томтой гүүнүүдээ сонгож авдаг аж. Гол нь жижиг биетэй, пагдгар байх ёстой учраас иймэрхүү гүүний эрэлд гардаг байна. Жилд дунджаар 30-40 гүү олж аваад араб азаргатай эвцэлдүүлдэг бөгөөд монгол азарга шиг шууд хураагаад үржилд ордоггүй байна.

       ЭРЛИЙЗ МОРЬ УРАЛДУУЛАХ НЬ МОНГОЫН ӨВ СОЁЛ БИШ

 

             Тиймээс  дөрвөн хөлсөнд нь янгинатал чөдөр зүүж, давхар тушаад, сүүлнийх нь угийг хойш оодойлгон битүү скотчдог аж. Цаашлаад ахар сүүлийг нь үсгүй болтол скотчдоод оодойлгодог байна. Дараа нь том биетэй азаргаа хоёр талаас шанаадаж бариад азаргасуулна. Тэгээд гишгэх аядахад нь монгол гүүг хажиглаж, муухай ааш гаргахад нь л том биетэй эрлийз азарга болчихдог байна. Тиймээс мал, амьтны сэрэл хөдөлгөдөг үржлийн өмнөх эм, тариа хэрэглэдэг байна. Хаврын хаварт л уяачид малын жүчээнд иймэрхүү ажил хийж өдөр хоногуудыг өнгөрүүлдэг бөгөөд үйл тамаа туслах уяачид эдлэн гүүг хээлтүүлдэг байна. Үүнээс гадна гүү аль болох л намхан байх ёстой аж. Учир нь, намхан гүүнээс сэрвээний өндөр нам төл гардаг байна. Зарим тохиолдолд гүү төллөхөөр гозойсон өндөр унага гардаг байна. Үүнээс хамаараад гүүнүүд үхэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Мөн зарим үед унагыг нь амьд гаргаж авахын тулд татна, малын эмч дуудаж хагалгаа хийлгэдэг байна. Уяачдад унага л амьд гарч байвал гүү үхнэ үү, байна уу хамаагүй. Үүнээс гадна гүүнүүдээс хэд хэд нь үхэж үрэгддэг байна. Энэ мэтчилэн бид монгол адуугаа үгүй хийсээр байх уу. Монгол морины уралдаан бол биднийг дэлхийн бусад улсаас ондоошуулж харагдуулдаг үндэсний спорт. Гэтэл өв соёлын ондоошил, монголчуудын бахархлыг эрлийз мориор сольчихлоо гэж үү.  

           Монгол адуу биеэр жижиг ч байгалиасаа заяасан онцлог чанар нь хүйтэнд тэсвэртэй, уналгаа эдэлгээ даах чадвартай байдаг. Харин эрлийз адуу хүйтэнд тэсвэргүй, эдэлгээ даахгүйгээгээс гадна гүүг олноор нь хурааж хээлтүүлэх чадамж муутай. Тиймээс ёс заншлаа уландаа гишгэсэн уяач нар эрлийз азаргыг хэдэн гүүтэй хашиж, гүүний сүүлийг угт нь хүртэл оодойлгон сойж, годон сүүлийнх нь уг хүртэл скотчдоод хээлтүүлэх аргах хэрэглэдэг байна. Харин монгол азарга шиг байгалиасаа гүү хурааж, эвцэлдэх чадвар муутай эрлийз аварга гишгэх аядаад больдог. Тиймээс туслах уяач нар үйл, тамаа үзэн хээлтүүлдэг байна. Ингэхдээ жижиг, пагдгар гүүг сонгодог аж. Үүний шалтгаан нь баяр наадмын тухай хуульд заасан хурдан морины уралдаад тохирох адууг гаргаж авахын тулд юм. Энэ гүүнүүдээс төрсөн унага шандас муутай юм шиг хэрнэ хурд сайтай. Үүнээс гадна гүүнүүдээс хэд нь үхэж үрэгддэг. Гадаад азарга, монгол азарга шиг нэг дор 20-30 гүү хурааж, хээлтүүлэх чадамж байдаггүй. Хоёр, гурван гүүн дээр гишгээд л болчихдог байна. Ингэж монгол гүүг тамлаж гаргасан бие жижиг эрлийз адуу хурдны хувьд үнэхээр хурдан байдаг аж. Харин иймэрхүү аргаар төрийн наадмын айраг, түрүү хүртсэн уяачид энэ жил нэлээдгүй сандарч байгаа сурагтай. Учир нь, сэрвээний өндрөөр хэмжихээс гадна монгол адууны хэв шинж, гентик байдлыг харан уралдуулах болбол яах тухайгаа мэдэхгүй дор бүрнээ сандарч байгаа гэнэ.


УЯАЧИД ЭРЛИЙЗ МОРИОР УЯАГАА ДҮҮРГЭЖ, МОНГОЛ АДУУГАА ГАДУУРХАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 07:05:13
    Зочин: Ер нь монгол адууг устгах ажиллагаа бол эрлийз адуу биш ... Үндэсний морин уралдааныг зүйл бүрээр хорьж хавчиж харлуулж буй гаднын явуулгаар хийгдэж буй МУ ын засгийн газрын алдаатай хөнгөн хуумгай бодлого Эрлийз монгол гэх яриа яахав цаг үеийн л үржил селекцийн л ажил Байгалийн шалгарлаар тэсвэртэй хурдтай шинэ монгол адуу шалгарч үлдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 14:58:10
    Б: Монгол адууг томруулж хүчтэй болгох нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 14:49:49
    Оооо: Мөнгөгүй пизданууд л монгол адуу гэж хуцна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 11:46:39
    Зочин: Монгол хүнээ наад аргаар чинь сайжруулахсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-15 08:03:31
    Зочин: Одоо монгол адуугаа цаашдаа монгол хүнээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188