Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг нутгийн, нэг ангийн анд МУГЖ Н.Ононгоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд “зүтгүүлжээ”. Өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн, одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжих үлдлээ. Төрийн тэргүүний дотнын найзыг дуу нэгтэй дэмжих нь тодорхой биз. Ингэвэл, МУГЖ Н.Онон МҮОНРТ-ийн бодлогыг тодорхойлолцох, хянах эрхтэй нэгэн болох нь.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд “МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна” гэж заасан. Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Мөн хуулийн 21.5.1-д зааснаар дээрх 15 гишүүний дөрвийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөв, долоог нь УИХ долоо, дөрвийг нь Засгийн газар дэвшүүлж, томилдог. Энэ хуулиар 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдний оронд хоёр хүн нэр дэвшүүлэх эрхтэй болж, лхаарамба Д.Жавзандорж, МУГЖ Н.Онон нарыг нэр дэвшүүлсэн нь энэ. Түүнчлэн, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 26.6-д “Ерөнхийлөгч нь түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн хүнийг төрийг бус байгууллагын санал болгосноор Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГЖ Н.Ононг соёл урлагийн салбарыг төлөөлүүлж нэр дэвшүүлсэн аж.

Харамсалтай нь, “МУГЖ Н.Онон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд тэнцэх хүн биш” гэж нийгэм дургүйцэж байна. Тэр мэргэжлээрээ хүүхэд, хөгшид, хартай, хэл амтай эхнэр, хэнхэг даргын дүрд чадварлаг тоглож, хорь гаруй жил үзэгчдийг инээлгэсэн ч, бодит амьдрал дээрх Н.Онон эсрэгээрээ бухимдуулах нь олон. Жишээ дурдахад, 2020 оны аравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгаас МУГЖ цолыг гардаж аваад гарч ирэхдээ бэлхүүсний маягийн бүжиг хийж хошигнох гэснээрээ хэл амны бай болсон. Төрийн дээд, үнэ хүндтэй цолыг үл хүндэтгэж, доромжилсон гэж тэр л дээ. Төд удалгүй “Миний мэдэх хамгийн эвгүй муухай ерөнхийлөгч женко, чиний эзэн” хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай твиттерт хэрэлдсэн. Бас “Тэр хайрт Жанкуудаа хэлээд энэ төмрөө ав гэж хэлж болно. Би ер гуйгаагүй. Би төмрийн харшилтай” хачирласан нь хэтэрхий бүдүүлэг байж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Хувь хүнийхээ хувьд Х.Баттулгад дургүй байж болох ч төрийн цолыг “төмөр” гэж гутаах нь ард түмэнд таалагдаагүй хэрэг л дээ. Энэ мэтээр цааш үргэлжилнэ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд “зүтгүүлж” байгаа нь өнгөрсөн хугацаанд өөрийнх нь талд хүчин зүтгэж ирснийх нь төлөө шагнал байгаа үйлдэл гэж харах хүн олон байна. Тухайлбал, У.Хүрэлсүх, Н.Онон хоёрын хэн хэн нь Хэнтийн гаралтай, нэг нутгийнх. Дээрээс нь тэр хоёр 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн ангид хамт суралцаж явсан, нэг ангийн андууд. Цаашлаад МУГЖ Н.Онон 2000 оны УИХ-ын сонгуулиас эхлээд У.Хүрэлсүхийн сурталчилгааны багт ажиллаж, Хэнтийн сонгогчидтой “тулж” ажиллаж ирсэн. Түүгээр зогсохгүй МУГЖ Н.Ононтой "Икс Түц" ХХК буюу хошин урлагийн "Икс Түц" продакшныг хамтран эзэмшдэг МУГЖ И.Одончимэг өнгөрсөн сонгуулиар МАН-ын талд, дамаа У.Хүрэлсүхийн талд ажилласан гэж шуугьж байсан. Тэр байтугай "И.Одончимэг "тролл"-уудаа загнаж буй групп чат нь задарлаа" гэх мэдээлэл ч зурагтайгаа цацагдаж дуулиан тарьж байв.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд МУГЖ Н.Ононг нэг бус удаа У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авсан гэж шуугьж байсан. Тухайлбал, Н.Онон 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэдэх Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдож байв. Мөн 2020 онд Соёлын сайдын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Мөн МУГЖ Н.Ононгийн эхнэр Я.Сарансүх нь 2016 оноос Нийслэлийн дотоод аудитын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2020 онд Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болсон. Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажилтнаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгаж, шүүхэд хандсан. Гэвч Я.Сарансүх нь шүүхийн заасан хугацаанд очоогүй тул “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд гарсан юм.

Уг нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний ажлын үндсэн чиг үүрэг нь ард түмний оюун санааг зөв залах, түүх соёл, ёс заншил, соёл уламжлалаа өвлүүлэн сурталчлах, хүүхэд залуучуудын танин мэдэхүй, сэтгэхүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, түүндээ тохирсон контентуудыг үйлдвэрлэж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Харин Төрийн тэргүүний “зүтгүүлж” буй МУГЖ Н.Онон үүргийг төдийлөн биелүүлж чадахгүй гэж үзэх хүн олон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ангийн анд МУГЖ Н.Онон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд тэнцэх үү |
|