Төрийн ордон түмэн олны цайны дээжээ чиглүүлж өргөдөг цагаан мөртэй газар байхаа болиод удаж буй. Хүн нас барж байлаа, хоорондоо зодолдож байлаа, хүчингийн хэрэгтэн хүртэл тэнд хэвлэлийн хурал хийж байлаа. Архидан согтуурах, “ална, шулна”-даа хүрч хэрэлдэх, хулгайч луйварчнаараа дуудалцах бол энүүхэнд.
Өчигдөр л гэхэд, С.Чинзориг гишүүн Х.Нямбаатар сайдад “Гөлөг” гэж доромжлуулсандаа ихэд тунирхав. Гэхдээ “Гөлөг” гэх ганц үгтэй эл хэрүүл нь УИХ-ын гишүүд дунд өрнөсөн урьд урьдын хэрүүл, нэг нэг рүүгээ дайрч давшилсан доромжлолуудаас огт өөр агуулгатай байв.
Тухайлбал, “Гөлөг” гэх үгэнд гомдсон С.Чинзориг “Х.Нямбаатар сайд намайг гөлөг гэж доромжиллоо. Би энэ насандаа хүнээс ийм үг сонсож байгаагүй, их эмзэглэлээ. Х.Нямбаатар чи залуу хүн. Цаашдаа олон жил дарга, сайд хийх юм байгаа биз. Өөртөө тэгнэ гэсэн их итгэлтэй байх шиг байгаа юм. Тэглээ гээд хүн доромжилдгоо болих хэрэгтэй. Хүнээс үг сонсож, үг дааж сурах хэрэгтэй. Надаас албан ёсоор уучлал гуйхыг хүсэж байна” гээд, микрофоноо шидэлсэн.
Уг нь УИХ-ын гишүүд “Гөлөг” гэх ганц үг байтугайг л хоорондоо шидэлцэж, хэрэлдэж, уралцдаг. Төрийн “тогоо”-нд 20 гаруй жил “буцалсан” С.Чинзориг “Гөлөг” гэх ганц үг мэтийг хажуугаараа өнгөрөөх хат суусан баймаар. Гэвч тэгсэнгүй, “Гөлөг” гэж хэлүүлсэн гомдлоо бүр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ийнхүү гаргаж ирж хэлсэн нь ямар учиртай байв. Яах вэ, С.Чинзоригийг 22 жилийн өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд байхад Х.Нямбаатар Орхон их сургуулийн багш байлаа. Дараа нь, Х.Нямбаатар өмгөөлөгч хийж явахад С.Чинзориг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хийж явлаа. Ингэж харвал С.Чинзориг Х.Нямбаатарт ахархах, гөлөг гэлээ гэж гоморхох нь зүйн хэрэг л дээ. Гэхдээ асуудлын гол нь ахархах гэсэндээ биш, “Гөлөг” гэх ганц үгэнд нь голдоо ортлоо гомдсондоо ч биш байв.
Өөрөөр хэлбэл, “Гөлөг” гэх Х.Нямбаатарын томролт, С.Чинзоригийн тунирхал хоёроос Ардын нам доторх ан цав, хагарал хуваагдал харагдав.
Ардын намынхан хоорондоо хагаралтай, шинэ, хуучин, хөгшин, залуугаараа хэмлэлдэж буй нь “хов” төдий яриа байсан бол яг бодитоор С.Чинзориг илчлэв. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардын намыг хэрүүлгүй, хагаралгүй харагдуулах гэж хэрэндээ л хичээж ирж. Төрийн эрх барьж байж түнжин хагарцгаасныг нь түмэн олон мэдвэл тусгүй юм болно гэж сэрэмжилж өдий хүрсэн байж таарна. Гэхдээ булавч бултайхын үлгэрээр МАН доторх хагарал ил гарч эхэлж байна.
Ардын нам доторх ан цав гүнзгийрч, улмаар ард түмнээс нуух боломжгүйгээр ил гарч эхэлж буйд олон шалтгаан байх боломжтой. Жишээ нь, Наадмын наахна Үндсэн хуульд өөрчлөлт оруулах яриа гарч буй. Өөрчлөлтөөр өөрийн хүмүүсийг эрх мэдэлд хүргэх, Ардын нам доторх алдагдсан байр сууриа олж авах гэсэн ах нарын тэмцэл эхэлсэн нь хагарал, хуваагдал хурц хэлбэрт шилжиж байгаагын хамгийн том шалтгаан байж болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийг давхар дээлтэй болгож, залгуулаад УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэх. Үүний дараа Засгийн газрын дан дээлтэй сайд нарыг сугалж, давхар дээлтэй сайд нарыг шургуулах ажлыг шуурхайлах шаардлагатай болно. Энэ бол Ардын нам доторх ах нарын алдагдсан байр сууриа буцаан олж авах боломж. Тиймдээ ч хэний фракц хэдэн сайдын суудал авахаа тохирч чадахгүй толхилцож эхэлсэн гэсэн үг. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал мөн л Ардын намынхны хагарал, хуваагдлын нэг шалтгаан байх боломжтой. Хэдэн гишүүн нэмэх, хэрхэн яаж оруулж ирэхээс эхлээд шийдэх асуудал олон ч хэний фракц хэдэн гишүүнээр бүл нэмэхээ тооцоолцгоочихсон, түрүүчээсээ алхмуудаа хийгээд эхэлсэн нь тодорхой.
Нөгөөтээгүүр, Х.Нямбаатар бас учир байна. Намын дарга, Ерөнхий сайдын баруун гар гэдгээрээ томорч, тодроод байгаа нь ах нарт таалагдахгүй байгаа нь мэдээж. Ажлын хэсэг болгоныг Х.Нямбаатар ахалж, нүүрс тээврийн гацалт, нэг километр замыг нээлтэд хүртэл Х.Нямбаатар оролцоод байхаар арга байж уу. Гэхдээ Х.Нямбаатарын үг, үйлдлийн цаана Л.Оюун-Эрдэнийн талынхан бий. Тиймдээ ч Ардын намын ах нар нь Х.Нямбаатарт хаяглаж үг хэлэх далимаар Л.Оюун-Эрдэнэд үг дайгаад байж болох. Жишээ нь, өчигдөр С.Чинзоригийн Х.Нямбаатарт ханлдаж хэлсэн үгнээс “Цаашид ч эрх мэдэлтэй байх юм шиг, олон жил сайд хийх юм шиг аашилж болохгүй” гэх сануулга цухалцаж байна билээ.
Эцэст нь, Ардын нам дотор үүссэн ан цавын шалтгаан юу ч байлаа, гол нь энэ нам дотроо хагархаараа, тэр нь ил болоод эхлэхээрээ л төр эргүүлдэг гэмтэйг санах хэрэгтэй. Эрт цагт, М.Энхболдын Засгийн газрыг Ардын намынхан дотроосоо унагаж байлаа. Хожим нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг мөн л Ардын намынхан өөрсдөө огцруулсан. Тэгэхдээ бүр Ардын намын 31 гишүүн гарын үсэг зурж, АН-ын найм, бие даагч С.Жавхлан нэмэгдсэнээр 42 гишүүний саналаар түүний Засгийн газар огцорч байлаа. Тэгээд болоогүй, М.Энхболдыг УИХ-ын даргаас нь унагах гэж Ардын намын өөрсдөө ард түмний дүрээр төв талбайд гарч жагсаж байсныг эргэн санахад илүүдэхгүй биз ээ.
С.Чинзоригийн тунирхал том хагарлыг илчлэв үү |
|