Төр төлөөлж, парламентад сууж буй гишүүдийн дунд “Хурдны морь унаж, өслөө” хэмээн ахархах, хусуур, сойз барьсан улс, аймгийн алдарт уяачид цөөнгүй бий. Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гарсантай холбоотой “Наадмаа явуулах хэрэгтэй гэж” хуруу нь “гозолзож”, хошуугаа дэвсэж байгаа гишүүдийн олонх нь уяач. Тэд “Үндэсний өв соёлоо сурталчилна таниулах хэрэгтэй. Наадам хийнэ” гэж байр сууриа илэрхийлж байгаа нь цаанаа учиртай гээд хэлчихэд хэл зөрөхгүй.
Учир нь, уяач гишүүд ил, далд хоорондоо өрсөлдөж, битүүхэн биенээсээ илүүрхэх санаа агуулдаг гэх цуу яриа бий. Ямар сайндаа л наадам дөхөөд ирэх үед Хүй долоо худагт орд өргөө шиг асар засаж, нисдэг тэргээр морио дагаж, том жипнүүд эгнүүлэн тавьдаг уламжлал тогтоод буй. Шинээр бүрдсэн парламентад буй уяач гишүүдийг танилцуулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНЭ
Олон түмэнд “Ажнай” Бат-Эрдэнэ нэрээр алдаршсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын тод манлай уяач юм. Өмнөговь аймгийн харьяат түүний морьд Улсын баяр наадам болон томоохон уралдаанд айраг, түрүүнд орж, амжилттай уралддаг билээ.
Тодруулбал, түүний Улс халзан азарга 2013 онд “Их хурд-6” наадамд түрүүлсэн, Мөн Шөвгөр зээрд азарга нь 2016 оны “Их хурд-7” наадамд айргийн дөрөвт хурдалсан бол Ажнай цавьдар соёолон насандаа Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар долдугаар байрт орж, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяраар айргийн тавд хурдалсан амжилт үзүүлж байжээ.
УИХ-д хоёр удаа сонгогдож, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Ардчилсан намын бүлгийн гишүүд дундаас хамгийн дуу шуу цөөнтэй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд чуулганы хуралдаанд төдийлөн үг хэлж, идэвхтэй оролцоогүй сул гишүүний үүрэг гүйцэтгэж байна гэх шүүмжлэлт өртөөд буй.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН
УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон түүний тухайд Их хуралд орж ирэхээсээ өмнө шаггүй уяач байв. Хэдий төр төлөөлж, хууль батлах төрийн түшээд болсон ч хобби сонирхлоо ор тас хаячихгүй нь тодорхой.
Тэрбээр гишүүн болсноос хойш мал аж ахуйн чиглэлд түлхүү анхаарч, хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан ажлын хэсэгт нь ажиллаж байв.
Түүнчлэн Үндэсний баяр наадмын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд нэлээд үүрэгтэй оролцож, хурдан морьтой холбоотой заалтуудад анхаарч байгаа ажиглагдсан.
Аймгийн алдарт уяач цолтой түүний хүрэн морь Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, 98 жилийн ойн баяраар эхний зургаад хурдалжээ. Түүнчлэн тэрбээр 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 90 сая төгрөгөөр үнэлэгдэх 216 адуутай хэмээжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Ц.Туваан аймгийн алдарт уяач цолтой.
Тэрбээр хэвлэл өгсөн ярилцлагадаа”Өөрийнх нь удамд уяачид байсан. Сургууль соёлын мөр хөөж олон жил мал аж ахуйгаас холдсон ч 2004 оноос өвөг дээдсийнхээ удмыг залгаж, морь уяж эхэлсэн” хэмээн дурсан ярьсан байдаг. Түүний морьд аймаг бүсийн наадамд амжилттай уралдаж, түрүү, айраг авч байсан. Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбоонд дэд тэргүүний алба хашдаг байв.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН
Архангай аймгийн Их тамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд азарга 2013 оны Үндэсний их баяр наадмаар айргийн дөрөвт хуралдаж байв.
Түүний аав тод манлай уяач Ч.Ганзориг нь “Эрдэнэ” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. 2014 онд Тод манлай уяач цол тэмдгээр энгэрээ мялаасан тэрбээр чамгүй уяач гэгддэг. Г. Тэмүүлэн нь 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 288 сая төгрөгөөр үнэлэгдэх 52 адуутай хэмээн мэдүүлжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА
Ховд аймгаа УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа нь аймгийн алдарт уяач цолтой. 2013 онд түүний хонгор үрээ Үндэсний их баяр наадмаар түрүүлж, торгон жолоогоо өргүүлж байжээ. Тухайн үед түүний хонгор үрээ улс бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг авчээ.
Даагандаа Өвөрхангай аймгийн наадамд түрүүлээд Говь-Алтай аймгийн баруун бүсийн даншиг наадамд дөрвөлж, шүдлэндээ төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. Хязааландаа Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадамд түрүүлж, энэ жил соёолондоо улсынхаа наадамд түрүүлж байжээ.
ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханыг олон нийт улстөрч гэхээс илүүтэй уяач гэдгээр нь илүүтэй таньдаг байв.
Ховд аймгийн Мянгад сумын уугуул, "Босоо хүлэг" галын гишүүн түүний хонгор морь 2018 онд Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяраар айргийн дөрөвт, дараа жил нь буюу Ардын хувьсгалын 98 жилээр зургадугаар байрт тус тус орж байжээ.
Түүнчлэн Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяраар сартай хүрэн азарга нь 10 дугаарт хурдалсан байна.