МАН-ын цагаан байрны цонх нь хагараад, хана тааз нь хэдийнэ цуурчихсан. Тэгтэл нь зодолдсон, тэд. Эцэст нь, УИХ-аар хайнаа хагалуулах гээд ирцгээлээ. Угтаа УИХ-д хэн нь олон кноптойгоо үзэх бас л нэг зодоон. Огцруулж чадсан нь овгор болж үлдэх үндсэн ганц дүрэмтэй сүүлийн раунд гэсэн үг.
Гэвч Засаг задарч магадгүй, УИХ-ын дарга унаж болзошгүй гэсэн тээнгэлзэл дунд төр гацаж болохгүй. Бидэнд хугацаа алдаж болохгүй, хоолойд тулсан нэг асуудал бий, тэр нь төсөв. Төсөв өргөн бариад 46 хонож байна. Ирэх сарын 15-н гэхэд баталчихсан байх ёстой. Үндсэндээ яг сарын хугацаа, ажлын 15 хоног л үлдэж байна. Гэтэл энэ чинь 31 тэрбумын төсөл биш, 31 их наядын төсөв. Хэлэлцэх, хөөсийг нь хагалах хугацаа хэрэгтэй. Гэтэл хоёр хүнний зодооноос болж хугацаа бараг л үлдсэнгүй. Ямар сайндаа л төсвийг хар толгойгоороо хариуцаж байгаа Сангийн сайд Б.Жавхлан “Төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ тарах ч багадна. Дефолт байтугай асуудал яригдана. Төсөв байхгүй бол төрийн албан хаагчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж ажиллуулахаас аргагүй байдалд орно. Хөрөнгө оруулалт, том төслүүд бүгд зогсоно” гэж өчигдөр мэдэгдсэн. Ардын намын арслантай тамганы асуудлаас болж асуудал яаж хүндэрчихээд байгааг дээрхээс дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй биз.
Нэмээд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг зодооноо зогсоохыг, төсвөө яаралтай батлахыг цаг үе өөрөө тэднээс шаардаж байна.
Нэгдүгээрт, багш, эмч нар цалингаа 3.5 сая төгрөг болгуулахаар талбай дээр жагсаж байна. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол маргаашнаас ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Сарын 1.5 сая төгрөгийн цалингаар аргацаан амь зуусаар, ардаа хормойгүй болчихсон багш, эмч нар арга ядахдаа жагсаж байгаа. Сарын цалин нь 3.5 сая төгрөг болчихвол Солонгос явах мөрөөдлөө гээж, хариуцсан ажлаа хийсэн шиг хиймээр байна гэж тэд жагсаж байна. Товчхондоо, тэднийг буруутгах аргагүй. Гол нь, ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байж л багш, эмч нарын цалинг нэмэх бололцоо байгаа эсэхийг, төсөвт тусгагдсан 33 их наядын зарлага дотор тэдний цалингийн нэмэгдэлд ашиглаж болох үр ашиггүй зардал байгаа эсэхийг хаа хаанаа харах учиртай.
Хоёрдугаарт, хонин толгойд шилжүүлснээр 100 сая мал өвөлжинө, энэ өвөл. Гэтэл Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад зун гантай байсан. Дээрх аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй, бэлэн байдлыг эртнээс хангах шаардлагатай гэсэн Улсын онцгой комиссын дүгнэлт гарсан. Гэтэл одоо өвөлжилтийн асуудлыг анхаарч байгаа хүн нэг ч алга. Ямар сайндаа л, өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Засаглалын хямралын асуудлаа энэ долоо хоногтоо багтаж нэг талд нь гаргахгүй бол бүх асуудал хүндэрлээ. Өвөлжилтийн бэлтгэл асуухаар мэдэж байгаа хүн нэг ч алга” гэж байна лээ. Өөрөөр бол, төр тэр чигтээ хоёр хүний зодоонд анхаараад зуд зурханыг тоох манатай л байна. Сиймхийгээр нь, бэлэн мөнгөтэй нөхдүүд нь нэг боодол өвсийг зүүн аймгуудаас газар дээрээс нь 6000 төгрөгөөр аваад, баруун аймгуудад аваачиж 25, 30 мянган төгрөгөөр шаглаж байна. Энэ нь ч эрэлттэй байгаа бөгөөд зүүн аймгууд руу явах зам дээр шланзууд завсаргүй эгнэчихсэн байна. Зуд болохын цагт засгаас аврал эрээд нэмэргүйг мэдсэн малчид байдгаа бараад бэлтгэлээ базааж байгаа нь энэ.
Гуравдугаарт, эрчим хүчний салбар тун хүнд өвөлтэй нүүр тулах гэж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж, эрчим хүчний системд залгах төлөвлөгөөтэй. Хэрвээ залгаж чадахгүй бол Улаанбаатар хотод хэсэгчлэн хязгаарлалт хийнэ гэдэг нь тодорхой болчихсон. Ес эхлэх үеэр ашиглалтад орох төлөвлөгөөтэй нэг станцад найдсан байдалтайгаар өвөлтэй золгож байна гэсэн үг. Лаа, шүдэнзээ бэлд гэснээс арай л дээр сонсогдож байна гэж нийслэлчүүд тайвширч байгаа, хөөрхий. Гэтэл ээлж дараалан шатаж дэлбэрч байгаа станцуудаа тордох, эрүү өвдөг нь нийлсэн хөгшин турбинуудаа арчлах, элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарынхаа төсөв мөнгийг УИХ-аар хурдхан батлуулж авах ажилд ухаан сөхөөгүй байх ёстой Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн МАН-ын хоёр даргын хэрүүл оролцчихсон хэвлэлийн хурал хийгээд зогсож байх.
Энэ мэтээр төсөв, түүнийг дагасан цаг үеийн хоолойд тулд хүнд асуудлууд зөвхөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын хэрүүл зодооноос болж гацчихаад байна. Хэрвээ одоо л зодооноо зогсоож, төрийг гацаанаас гаргаж, төсвөө баталж, тулсан түмэн асуудлууддаа анхаарахгүй бол дараа нь мянган арслантай тамга, алтан сэнтий байгаад хэргийг гаргаж чадахгүй л болов уу.
Эцэст нь, АН-ыг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Ардын намынханд арслантай тамга нь л чухал, төсөв түй ч хамаагүй юм аа гэхэд АН-ынхан арай өөрөөр хандах ёстой байсан. Өдийд АН-ынхан “МАН-ынхан дотоод асуудлаа төртэй, төсөвтэй битгий хутга. УИХ-аар улсын төсвөө яаралтай хэлэлцүүлж батал, улс орон чинь дампуурлаа” гэж шаардаад сууж байх байлаа. Атал, ууланд байгаа адуу үргэхэд, уяанд байгаа илжиг үргэв гэгч л болж байна. Тэд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын хэрүүл татагдан орж, тэгээд болоогүй Г.Занданшатартай хавсайдахаар болсноо өчигдөр өөрсдөө зарлав.
Тодруулбал, өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг “УИХ-ын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамтад нь, нэг өдөр хэлэлц. Тэр хурлаа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор удирдуул” гэдэг шаардлага тавив. Тэгэхээр АН-ын аягт нийцүүлж УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын асуудлыг хамтад нь оруулж ирэхгүй бол АН-ынхан УИХ-ын чуулганд оролцохгүй гацааж, улсын төсөв хэлэлцэх хугацаа ч хойшлох нь ээ гэсэн үг. Учир нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд АН-ын 32 гишүүн гарын үсэг зурсан буюу тэд Ерөнхий сайд Г.Занданшатарын талд байгаа. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлосон. Тэгэхээр Д.Амарбаясгалангаас түрүүлээд Г.Занданшатар огцорч болзошгүй байгаа учраас АН-ынхан “Хэн, хэнийх нь огцрох эсэх асуудлыг хамтад нь хэлэлцэхгүй бол бид чуулганд суухгүй” гэх байдлаар “шантааж” хийж байна гэсэн үг. Хэрвээ энэ “шантааж”-аас нь болж УИХ-ын чуулган хуралдахгүй, хуулийн хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол хожим ирэх хариуцлагыг МАН-ынхан өөрсдөд нь тохно гэдгийг АН-ынханд мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй л байна.
ТӨСВӨӨ АМЖИЖ БАТЛАХГҮЙ БОЛ АРДЫН НАМЫН АРСЛАНТАЙ ТАМГА ХЭН, ХЭНД НЬ ХЭРЭГ БОЛОХГҮЙ |
|