• Өнөөдөр 2024-05-12

Хэзээ бид УДЭТ-т жүжиг үзээд сэтгэл дүүрэн алга таших вэ

2022-03-30,   517

 

Анх “Бөмбөгөр ногоон” театр 1926 онд анх баригдаж  монголчуудын оюун санааг тэжээж эхэлсэн түүхтэй. Тэрхүү театр баригдсан цагаасаа үзэгч олноо урлагт татаж, шинэ содон үзүүлбэрүүдийг тайзнаа амилуулсаар ирсэн. Тухайлбал, тухайн үеийн шинэ боловсон хүчин болох  Ц.Нацагдорж, Д.Намдаг, С.Буяннэмэх нар түүчээлэн гарч ирж, өөрсдийн жүжгийг олны хүртээл болсон. Энэ нь ч урлаг соёлоос холдоод байсан монголчуудад шинэ үзэгдэл, шинэ соён гэгээрлийг авч ирсэн билээ. Үзэгчдийнхээ нэр хийсэн алаг ташилтан дор нижгэнэж байсан гэгддэг театр өнөө цагт хэрхэв. Энэ асуултад бага гэсэн хариулт өгөхийн тулд энэхүү бичвэрийг бичлээ.

 
Нэгэн насаараа театрын урлаг судалсан дэлхийн эрдэмтэн, докторууд “Театр бол найруулагчаараа л хэдэн жил амьдардаг” гэсэн нь бий. Тэгвэл Монгол Улсын үндэсний театр болох УДЭТ маань 90 жилийн түүхтэй.  Энэ театр анх байгуулагдаж жүжиг тайзнаа тавьж, үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш 1990 оны сүүл үеэс ерөнхийдөө уналтад орж эхэлсэн. Театрыг зорих үзэгчдийн тоог хошин урлагийн продакшний тоглолтууд бага багаар татаж, 2000 оны эхэн үед хүчийг авч хошин шогийн тоглолтууд үзэгчдийн алга ташилтад нялуурч эхэлсэн. Яагаад УДЭТ, хошин урлагийн тоглолтуудад үзэгчдээ алдаж эхлэх болов оо. Цаг үеэ мэдэрч шинэ содон, тоглолтууд үзэгчдийн хүртээл болгоогүйгээс болсон гэж таамаглаж байна.
 
 

шинээр байгуулагдаж буй театруудаас хэв маяг, жүжигчдийн ур чадвар, тайзны засал, найруулагчдын хувьд хэдийнэ хоцрогдсон нь нууц биш

 
“Театр бол ариун сүм гэгддэг” билээ. Тэгвэл тэр ариун сүмд үзэгчид оюуны болон сэтгэлийн гэгээрлийг бага болов амсах ёстой. Харин театр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Сүм хийд рүү сүсэгтнүүд өдөр бүр цувран зорьсоор л байдаг бол  театр руу цуврах үзэгчдийн тоо өдрөөс өдөрт тасар ч буй. Мөн Монгол Улсад орчин цагийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Гэтэл УДЭТ шинээр байгуулагдаж буй театруудаас хэв маяг, жүжигчдийн ур чадвар, тайзны засал, найруулагчдын хувьд хэдийнэ хоцрогдсон нь нууц биш. Тухайлбал, Үзэгчдийн хувьд уран сайхны сэтгэлгээ, шинэ содон үзүүлбэр үзэж таашаах мэдрэмж, мэдлэг нь дүүрэн байдаг.Үзэгчдийн насны байдлыг харгалзсан ч залуучууд давамгайлж буй. Тэдний хүсэж байгаа театр, тоглолтууд нь юу билээ гэхээр яах аргагүй ганц УДЭТ-ын тоглолтуудыг хараад суух нь тохиромжгүй болжээ. Учир нь үзэгчдийн үзэхийг хүсдэг тэр тоглолтуудыг дэлгэхээр “Black boх”, “Bee” “Орфей” “Альфа”  гэсэн театрууд нээгдлээ.  Эдгээр театрууд гарч байгуулагдсанаасаа хойш шинэ хэв маяг, орчин үеийн театрын өнгө төрөхийг харуулаад буй. Эндээс Монголын театрын хөгжил идэвхтэй, хөгжингүй өрнүүн үе дээрээ байна. УДЭТ шинээр байгуулагдсан театруудаасаа илүү чанартай, үзэгчдийн оюуны цэнэглэсэн уран бүтээл гаргахгүй мөртлөө оршин тогтносоор байна гэхээр улсаас санхүүждэг байгууллага. УДЭТ-р байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд  Уильям Шекспир “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа тавьж байсан билээ. Тус жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажилласан. Олныг хамарсан сүртэй зар сурталчилгаа явуулж үзэгчдийг татсан ч тайзнаа тавигдсанаас хойш шүүмж, зэмлэлийг нэлээд хүртсэн нууц биш болов уу. Энэхүү жүжгийн талаар СУИС-ийн Багш Я.Баяраа “Эдүгээчлэгдсэн эмгэнэл буюу энэ цагийн Ромео Жульетта” хэмээн шүүмж бичсэн. Тус шүүмжид “Харин Монгол оронд соёлын довтолгоо ид өрнөж асан 1966 онд найруулагч С.Гэндэн Уилъям Шекспирийн энэ жүжгийг тайзнаа амилуулсан юм. Үүнээс 30 жилийн хойно найруулагч Ч.Найдандорж Монголын хоёр дахь Ромео Жульеттаг өлгийдөн авч байв. О.Гэрэлсүх, И.Одончимэг хоёрын тоглосон уг жүжиг хожим дэлгэцийн хувилбарт шилжсэнээр монголчууд энэхүү дурлалын түүхийг энэ хоёр жүжигчний тоглолтоор 19 жилийн турш төсөөлж байлаа.
 
1996 онд Монголд одоогийнх шиг мэргэжлийн түвшний ганц театр байсангүй. Тухайн үед оршин тогтнож байсан Хүүхэд залуучуудын театрт найруулагч И.Нямгаваа монгол маягийн Ромео Жульеттаг тавихаар төлөвлөж байсан ч завдаагүй гэдэг. Үүнээс 17 жилийн дараа Францын хөгжмийн найруулагч Жерар Пресгурвикийн “Ромео Жульетта” мюзиклийг “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж байв.
 
Энэ удаа харин хүрдийг найруулагч Н.Наранбаатар эргүүллээ. Монголд орчин үеийн театр үүссэний 85 жилийн ойн өдөр хөшгөө нээсэн Ромео Жульетта жүжиг үзэгчдийн халуун алга ташилтан дор 10 гаруй удаа тоглоод завсарлав. Хөшиг нээгдлээ, хөшиг хаагдлаа. Харин юу болоод өнгөрөв өө?” хэмээжээ. Мөн Цаашилбал, Магадгүй Гамлет жүжгийн тайз хэт нүсэр, кино зургийн талбайг санагдуулам байсан нь шүүмжлэл хүлээснээс найруулагч Н.Наранбаатар энэ удаа минималь тайзыг илүүд үзсэн байж болох юм. Гэхдээ жүжгийн тайз чимэглэлийн хувьд гойд гэхээр шинэлэг шийдлээр маруухан байсан нь харамсалтай. Харамсалтай гэхийн учир нь ерөнхий зураач Д.Ариундэлгэр, найруулагчийн гаргахыг хүссэн шинэ эрэлхийллүүдийг дэмжих тайз чимэглэлийг хийгээгүйн улмаас зарим үзэгдэл дээр жүжигчид сонгодог театрт ороод ирсэн дэггүй залуус шиг л харагдаж байв” гэсэн байдаг.
 
 
Тиймээс Монголын соёл урлагийн нэгэн тулгуур болсон УДЭТ-р шинэчлэгдэж, шинэ содон жүжгүүдийг тайзнаа тавихгүй бол мартагдах шатандаа орж буйг шиг санагдана. Дэлхийн орчин үеийн театруудтай мөр зэрэгцэн явж, дэлхийн нийтийн соёлыг монгол үзэгчдээ танилцуулж тэдний сэтгэл, сэтгэлгээ, оюуныг нь ариусгамаар байна. Тэгж чадсан цагт үзэгчдийнхээ нижгэнэсэн алаг ташилтан дор уран бүтээлчид бардамхан зогсох болов уу. Мөн хуучин цагт Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийг үзэхийн тулд орон нутгаас иргэд морьтой, явган Нийслэл хүрээг зорьдог байсан гэдэг. Тэр  цаг шиг УДЭТ-аа зорих үзэгчид удахгүй ирнэ гэдэгт найдна.

 


Хэзээ бид УДЭТ-т жүжиг үзээд сэтгэл дүүрэн алга таших вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 20:58:03
    Uzegch: Хэдэн оны юм бичээд бна аа. Анна... г м сайн жужиг тавигдаад удаж бна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188