ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БОЛОН БУСДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
Төрийн ордны баруун урд, УДЭТ-тай залгаад “Соёмбо тауэр” гэх 32 давхар оффис, үйлчилгээний барилга ашиглалтад ороод удаагүй байгаа. Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга Шангри-Ла зочид буудал 34 давхар, харин “Соёмбо тауэр” 32 давхар буюу өндрөөрөө хоёрдугаарт жагсаж буй. Энэ барилгыг барьж, борлуулж буй эзэмшигч нь “Индустр” гэх компани. Тус компани УДЭТ-ын эзэмшил газраас 779м2 буюу нэг айлын хашааны газартай тэнцэх 0.7 га газраар таслан авч, “Соёмбо тауэр”-ыг барьсан түүхтэй. Эзэмшил газраас нь 0.7 га-г тасалж авсныхаа хариуд УДЭТ-ынханд 32 айлын орон сууц өгөх “бартер” хийсэн гэх яриа ч бий. Хотын “А” зэрэглэлд 32 орон сууцаар 32 давхар барилгын газар солих шиг ашигтай наймаа үгүй биз.
“Соёмбо тауэр”-ыг эзэмшигч “Индустр” ХХК нь Рагчаагийн Бадамдорж гэгчийн нэр дээр байдаг, гүйцэтгэх захирлаар нь түүний хүү Бадамдоржийн Билгүүн ажилладаг. Гэхдээ бүртгэл, бичиг баримт дээр л Р.Бадамдорж гэх нэр байдгаас биш “Индустр” ХХК-ийн жинхэнэ эзэн, нууц ноён нь түүний төрсөн ах Р.Бадамдамдин гэх хүн бий. Р.Бадамдамдин 1996-2000, 2004-2008 УИХ-ын гишүүнээр сонгогдож, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Дараа нь төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байлаа. Түүнийг “Мишээл экспо”-гийн анхны эзэн, одоогийн “Бөмбөгөр” худалдааны төвийн босс гэвэл уншигчид илүү сайн таних байх.

Харин Р.Бадамдамдингийн ард байдаг нууц ноён нь өнөөх л Т.Бадамжунай. Тэд ганзагын наймаа, газрын наймаагаар нөхөрлөж, хэр дотно, хэчнээн ойр байж ирснийг гэрчлэх хүн, батлах баримт олон бий. Жишээ нь, Т.Бадамжунай 2005 онд Сонгино Хайрхан Дүүргийн 34-р хороо, Найрамдал хүүхдийн зуслангийн урдхан талд 72 га газрыг хууль бусаар хувьдаа авч, хав дарсан байдаг. Өдгөө тэр хууль бус газрыг нь “Ёда инвестмент” ХХК эзэмшдэг. Харин “Ёда инвестмент” ХХК-ийг Р.Бадамдамдингийн хүргэн Б.Жаргалсайхан, Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайхан хоёр эзэмшдэг. Тэд дээрх 72 га газраасаа 20 га-г нь хятадуудад төгрөгөөр худалдаж, өнөөх Хятадууд нь “Буман-Өлзий” хэмээх 5000 айлын орон сууц барьсан. Энэ 20 га газрын төлбөрт хятадуудаас орж ирсэн мөнгөний 2.5 тэрбум төгрөг нь Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханы “Авшиг-Одсэр” ББСБ-аар дамжин иргэдэд 5-8 хувийн хүүтэй зээл болж угаагдсан байдаг юм билээ. Мөн Б.Жаргалсайхан, Э.Жаргалсайхан хоёрт “Женерал ассетс” ХХК гэх газрын наймааны хамтарсан компани ч бий.
.jpg)
Тайлбар: Улаан зураас- Т.Бадамжунайгийн хууль бусаар авсан 72 га газар, Цэнхэр зураас- Т.Бадамжунайгийн хятадуудад 2.5 тэрбум төгрөгөөр худалдсан 20 га газар
Цаашилбал, Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшин гэх залуу бий. Т.Бадамжунай ХХААХҮ-ийн сайд байхдаа Б.Баттүвшинг анх ЖДҮ-тэй “танилцуулсан” түүхтэй. Улмаар Б.Баттүвшин 2012-2015 онд ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Дараа нь 2016 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал болж мандаж байлаа. Сонирхуулахад, Б.Баттүвшингийн ЖДҮХС-гийн гүйцэтгэх захирал байхдаа буюу 2014 онд компаниудаас авлига авч, их хэмжээний зээл хууль бусаар олгож байсныг АТГ-ынхан нэхэн тогтоож, улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, одоо шүүх дээр яваа. Анхан, давж заалдах шатны шүүхээс Б.Баттүвшинг цагаатгах гэж оролдоод, 2022 онд Улсын дээд шүүх хянаад, анхан шатны шүүх рүү буцаасан байдаг юм билээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал байхдаа мөн л хууль бусаар мөрийтэй тоглосон, хятадуудад их хэмжээний зээл олгосон гэх асуудлуудад орооцолдож явсан нэгэн.
Гол асуудал нь, Р.Бадамдорж, Р.Бадамдамдин, цаашлаад Т.Бадамжунай нар 32 давхар “Соёмбо тауэр”-ын санхүүжилтийг газраар, лицензийн наймаагаар босгосон байж болзошгүй сэжүүр бий. Тодруулбал, Хөвсгөл, Орхон, Сэлэнгийн бүсийн Овоот, Жилчигбулаг, Нүүрстэй, Эрдэнэбулагийн нүүрсний ордуудыг эзэмшдэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй алдарт “Аспайр майнинг лимитед” компанийг дуулаагүй хүн цөөн байх. Тэгвэл Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшин болон Т.Бадамжунайгийн “хувийн нарийн бичиг” гэж олонд эчнээ танигдсан “Алтай констракшн” ХХК-ийн эзэн Хадбаасангийн Бат-Эрдэнэ, мөн Зундуйсүрэнгийн Ган-Очир нар “Аспайр майнинг лимитед” компанийн эзэмшигчид байж ирсэн. “Аспайр майнинг лимитед” компани 2010 онд Австралийн хөрөнгийн бирж дээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээ зарлахдаа Монгол Улсын иргэн Б.Баттүвшин есөн хувь, Х.Бат-Эрдэнэ 16 хувь, З.Ган-Очир долоон хувь эзэмшдэг гэж танилцуулж байв. З.Ган-Очир гэгч нь Р.Бадамжунай, Р.Бадамдамдин хоёрын хэн хэнтэй нь халаас нэгтэй гэж болно. “Хөх тэнгэр капитал партнерс” ХХК-ийг Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Зундуйсүрэнгийн Ган-Очир, Р.Бадамдамдины эхнэр Дамдинсүрэнгийн Цэрэннадмид нар хамтран эзэмшдэг. Мөн Х.Бат-Эрдэнэ, З.Ган-Очир хоёр “Наномакс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо халаас нэгтэй.
Хамгийн ноцтой нь, 2019 онд “Аспайр майнинг лимитед” компани дахин нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээ зарлахдаа Монгол Улсын иргэн Ц.Цэрэнпунцаг 27 хувь, З.Ган-Очир 10 хувийг эзэмшдэг гэж танилцуулсан. Эндээс, Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин, Т.Бадамжунайн “хувийн нарийн бичиг” Х.Бат-Эрдэнэ нар “Аспайр майнинг лимитед” компанид эзэмшиж байсан хувьцаагаа, Ц.Цэрэнпунцагт худалдаж, “Соёмбо тауэр”-ын санхүүжилтийг босгосон уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Өдгөө хууль хяналтынхан Т.Бадамжунай, түүний бизнесийн хамаарал бүхий этгээдүүдийг нэг бүрчлэн шалгаж буй учраас дээрх сэжүүрийг ч нягталж буй биз ээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Т.БАДАМЖУНАЙ УДЭТ-ЫН УРД БАРИГДСАН 32 ДАВХАР “СОЁМБО ТАУЭР” БАРИЛГЫН НУУЦ ЭЗЭН ҮҮ |
|