• Өнөөдөр 2026-11-20

О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ

2026-11-20,   206

    “Амьтны ферм” жүжигт жижиг хонины дүр байсан ч тоглоход бэлэн байснаа О.Тэргэл онцолж байв. Эхэндээ “Жүжигчдийн бүрэлдэхүүн бүрдчихсэн” гэх хариу авсан ч хэд хоногийн дараа түүнд Гүсси буюу галууны дүрийг санал болгожээ. Залуу жүжигчин О.Тэргэлтэй анхны томоохон тайзны бүтээл, Орост жүжигчний мэргэжлээр сурсан жилүүд, цаашид бүтээхийг хүсдэг дүрийнх нь талаар ярилцлаа.

-“Амьтны ферм” жүжгийн Гүссигийн дүрд тоглох санал танд хэрхэн ирсэн бэ?

     -Анх “Амьтны ферм” метадрамын жүжгийн санал гэнэтийн байдлаар ирсэн. Манай найз энэ жүжгийн туслах найруулагчаар ажиллаж байгаа. Тиймдээ ч тухайн жүжгийн талаар надад ярьж өгсөн л дөө. Би ч жүжгийнх нь талаар сонсчихоод “Ямар гоё юм бэ, надад дүр байхгүй юу, жижиг хонины дүр байсан ч болно” гэсэн чинь “Долма” театртай хамтраад энэхүү жүжгээ тоглох гэж байгаа жүжигчдийн бүрэлдэхүүн бүрдчихсэн байгаа” гэсэн. Тухайн үед их харамсалтай байсан л даа. Энэ жүжгийг оюутан байхдаа уншиж, шалгалт өгч байсан. Хэд хоногийн дараа Сүхээ /манай найз/ залгаад миний бүтээсэн “Гүсси буюу галууны дүрд өөр хүн тоглох ёстой байсан ч боломжгүй болчихлоо чи тоглох боломжтой байна уу” гэсэн л дээ. Тэгээд л найруулагчтайгаа уулзаад энэхүү дүрээ бүтээсэн.

-Үзэгчидтэй шууд харилцдаг нь метадрамын жүжгийн онцлог. Тэр хэлбэр жүжигт тань илэрч чадсан гэж бодож байна?

    -Метадрамын жүжиг Монголд их цөөхөн тавьгдсан төрлийн нэг. Метадрамыг товч үгээр тодорхойлвол “Бреххийн театр” гэж хэлж болно. Энэ нь “Дөрөв дэх ханыг нураах” буюу жүжигчид жүжгэлж байх явцдаа үйл явдлаас гарч үзэгчидтэйгээ шууд харьцаж болдгоороо онцлог. Тэр элемэнтүүд манай жүжигт сайн гарч ирсэнээрээ бусад жүжгүүдээс онцлог болсон.

-Гүсси буюу галууны дүрийнхээ тухай ярьж өгч болох уу?

-Гүсси өөрийн гэсэн үзэл бодолгүй дүр. Нийгэмд ийм төрлийн хүмүүс байдаг даа. Шийдвэр гаргах чадвартай хэдий ч хэн нэгэн тэрний зөв гэвэл нээрээ ч тийм юм уу гээд л. Орчлон, ертөнц дээр болж буй эерэг, сөрөг бүх зүйлийг за яахав гээд л өнгөрөөдөг. Нэг тийм гэнэн, итгэмдхий, хүнд ашиглуулчих гээд байдаг дүр. Гүссигийн дүрд тоглож байхад хамгийн хэцүү санагдсан зүйл гэвэл галуу болохоор гуншиж ярьдаг. Тэр санааг найруулагч, жүжигчин П.Эрдэнэзаан ах хоёр маань “Чи галуу юм чинь гуншиж ярьвал гоё юм биш үү ахын дүү” гэж хэлээд гаргасан. Үүний дараа бэлтгэл дээр гуншиж ярьсан бүгд л яг болж байна гэсэн л дээ. Бүтэн жүжгийн турш гуншиж ярьсны дараа толгой их өвддөг байсан. Гэхдээ одоо ингэж ярьхдаа дасчихсан.

-Өмнө нь тайз дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байсан уу, таны хувьд “Амьтны ферм” жүжиг хэр туршлага болж чадсан гэж бодож байна?

      -Орост сурч байхдаа нэг богино хэмжээний кинонд дүр бүтээж байсан. Хойно театрт хоёр сар гаруй ажилласан. Монголд ирээд Драмын театрт ажиллаж эхэлснийхээ дараа “Төрөх тасаг” гээд олон ангит кинонд сувилагчийн дүр бүтээсэн. “Амьтны ферм” жүжиг бол миний анхны тайзны уран бүтээл болж буйгаараа надад их нандин санагдаж байгаа. Маш гүн, гүнзгий утга санаатай, том жүжгээр карьерынхаа эхлэлийг тавьсандаа баяртай байна. Энэхүү жүжигт тоглосон маань надад маш их туршлага боллоо. Яагаад гэвэл Орост сурч төгсөөд ирсний дараа анхны тайзны том бүтээл  болоод ч тэр юм уу. Мөн тайз дэлгэцэнд өөрсдийн дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчид болох П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, Д.Батцэцэг, Э.Намуун, М.Төгөлдөр гэх мэт ах эгч нартай ажилласан нь том туршлага өгсөн. Би чинь оюутны ширээнээс шууд л амьдралын далайд хөл тавьж байгаа залуу жүжигчин хүн. Хөшиг нээгдэж, шинэ үзэгчидтэй уулзах бүрдээ жүжгийн онцлогоос хамааран үзэгчдээсээ ч олон зүйлийг сурдаг. Дурсамж, туршлага, сургамжийг олж авч чадсан сайхан эхлэл минь боллоо.

-Хамт дүр бүтээсэн жүжигчид дунд тань тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрсдийн байр сууриа бататгасан нэлээд жүжигчид харагдсан. Тэднээс онцолмоор байгаа хүн байгаа юу?

       -Тэр чадварлаг жүжигчид дундаас хоёр хүнийг онцолмоор байна. Нэг нь бол мэдээж П.Эрдэнэзаан ах. Бага байхаасаа л түүний дүр бүтээсэн тайз, дэлгэцийн уран бүтээлийг нь үзэж, биширч өссөн. Тэр хүн маань надад зааж зөвлөөд “Ахын дүү энэ тоглолтонд жоохон нэмээд, үүнийгээ ингэж засах хэрэгтэй” ч гэх юм уу зөвлөгөө сургамжыг нь маш их авсан. Яг л миний багш шиг санагдсан. Ийм бишрэм хүнтэй хамт нэг жүжигт ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа. Хоёр дахь хүн нь намайг орост сурахад тусалж дэмжсэн мөн энэхүү жүжгийн удирдагч гахайны дүрд тоглодог М.Төгөлдөр ах. Шинэ уран бүтээлч хүний хувьд энэ хүнээс маш их үлгэр жишээ авдаг. Бүх зүйлд уран бүтээлч ханддаг. Түүний баримталдаг зан чанаруудыг их хүндэлдэг. Дараа дараагийн уран бүтээлдээ энэ хүмүүсээс олж авсан үнэтэй сургамж, зөвлөгөөнүүдийг баримталж ажиллана гэж бодох болсон.

-Дүр бүтээсэн хүнийхээ хувьд та энэхүү жүжгээр дамжуулж хүмүүсд юуг ойгуулахыг хүссэн гэж бодож байна?

       -Би жүжгээ бүхэлд нь төсөөлөөд “Хэрэв би энэ жүжгийг үзэгчийн суудлаас үзэж байсан бол ямар ойлголт авах байсан бол” гэж бодож үзсэн. Ингээд бодоход жүжигт миний сэтгэлд үлдсэн нэг өгүүлбэр байдаг л даа. “Дуугүй байх сонголт байна. Гэхдээ энэ нь үнэ төлбөртэй гэдгийг санаж ав” гэх хэсэг. Энэ нь залуу үе бид нар өмнө үеийнхээ гаргасан алдаа дутагдлыг давтаж болохгүй. Бид бол GenZ үеийнхэн арай өөр байх ёстой. Бидний хойч үе дүү нар маань гээд бүгд ухаантай байж асуудлаас хойш суух бус болохгүй байвал болохгүйг нь хэлж сурах хэрэгтэй. Үүнийг л яс махандаа шингэтэл ойлгосон. Учир нь гэвэл, манай жүжгийн оргил үе нь төгсгөлийн хэсэг. Төгсгөлд П.Эрдэнэзаан ах үг хэлдэг хэсэгт би арагшаа хараад зогссон байдаг. Гэхдээ яг надад хандаж хэлээд байгаа юм шиг тэр үгнүүд нь зүрхэнд мэдрэгддэг. Зөвхөн улс төрийн хувьд ч биш амьдралд тохиох сөрөг зүйлсд ч гэсэн үзэл бодлоо илэрхийлж, шударга байх чухал. Дуугүй байх нь сул дорой, амиа бодож буйгийн шинж. Залуу үе бид нар ухаантай байснаар хойч үедээ эерэг нийгмийг үлдээх юм байна гэдэг зүйлийг л маш их ойлгосон.

-Анх хэзээ жүжигчин болохоор шийдсэн бэ, ойр дотны хүмүүс тань хэрхэн хүлээж авсан бэ?

       -Би тавдугаар ангидаа жүжигчин болохоор буцалтгүй шийдсэн. Театр, дэлгэцийн уран бүтээл их үздэг байсан минь нөлөөлсөн байх. Аав, ээждээ ч энэ тухайгаа хэлж байсан. Он жил өнгөрч би ахлах ангид ороход аав ээж минь дахин асуусан. “Миний охин ямар мэргэжилтэй хүн болно гэж бодож байна” гээд. Би жүжигчин болно л гэсэн. Аав ээж их гайхсан л даа. Хүн болгон л хүүхдийн өсвөр нас эхлээд бүгд л жүжигчин, дуучин болно гэж мөрөөддөг гээд тухайн үед тоогоогүй байсан байх. Төгсөх ангидаа ороход аав ээж минь “Аль сургуульд орох юм, Америк, Хятад руу явж сурах уу” гээд асууж байсан. Тэр үед өөр мэргэжил эзэмшинэ л гэж бодсон байх. Би хариуд нь “Оросод жүжигчний мэргэжлээр сурна” гээд эргэлзэх зүйлгүй хэлсэн. Гэрийнхэн маань хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандлаа, манайд урлагийн хүн байхгүй, чи цагдаа юм уу, эмч бол гээд эсэргүүцэж, дургуй байсан. Аав минь насаараа цагдаагын байгууллагад  ажилласан хүн байдаг. Одоо бодоход тэдний эсэргүүцэл намайг илүү хурцалж байсан юм шиг санагддаг. Би Оросод сурах тэтгэлэг авсан. Сургуульдаа орсны дараа л гэр бүлийнхэн минь хүлээн зөвшөөрсөн. Энэ бол дөнгөж бүх зүйлийн эхлэл нь байсан. Хүний нутагт, харь хэл дээр сурахад шантрах, гутрах үе их байсан. Ялангуяа манай ангийн багш сургуульдаа алдартай хатуу хүн байсан. Хоёрдугаар курс бол хамгийн хэцүү нь. Бид жүжиг хийж эхэлсэн. Миний хувьд Орос хэл дээр, Орос хүний толгойгоор ойлгож, жүжиглэх маш том даваа байсан. Багш “Чи яаж жүжиглээд байгаа юм. Чи муу Монгол. Жүжиглэж чадахгүй бол Монгол руу гаа буцаад яв. Чи энд шившигээ тарьж байна” гээд өдөр болгон загнадаг байсан. Яахав намайг хурцлах гээд л тэгж хэлж байсан л даа. Хамт явсан Монгол охинтойгоо хамт уйлаад л бэлтгэлээ хийдэг байсан. Гэхдээ эцэст нь төгсөхөд багш минь “Хатуурхаж байсанд уучлаарай. Эмэгтэй хүн гэхэд та хоёр маш хатуужилтай суралцлаа” хэмээж байсан. Энэ бүхний дараа л маш их тайвширч байсан.

-Жүжигчний мэргэжилд хүмүүсийн төдийлөн мэддэггүй эерэг, сөрөг зүйл байдаг уу?

        -Жүжигчний мэргэжлийг хүмүүс их амархан гэж боддог. Хүн болгон л уйлчихна шүү дээ гэх мэт. Ялангуяа Монгол хүмүүсийн зарим нь жүжигчдийг галзуу, солиотой, алиалагч мэт дүгнэдэг. Энэ үзэл нь надад маш их таалагддаггүй. Яагаад гэвэл энэ мэргэжил бол асар өндөр мэдрэмжийн асуудал. Ямар хэцүү мэргэжил болохыг хойно сурч байхдаа яс, махандаа тултал ойлгосон. Хүмүүсийн төдийлөн мэддэггүй зүйл гэвэл, Бид нар байнгын эрэл хайгуул хийж байдаг. Ядарсан, зовсон, жаргалтай хүн бүхний оронд өөрийгөө тавьж “Би байсан бол яах вэ” гэх мэдрэмжийг алхам тутамдаа боддог. Хэзээ нэгэн цагт би ядарсан хүний дүрд тогловол энэ маань надад хэрэг болно гэх ч юм уу, судалгаа хийж байдаг. Сонирхолтой амьдарч байгаа юм шиг санагддаг.

-Залуу жүжигчин хүнийхээ хувьд танд бүтээхийг хүсдэг дүр бий юу?

        -Би уянгын жүжигчин хүн биш. Өдийг хүртэл бүтээсэн дүрээ бодоход эсрэг талын дүр эсвэл хошин дүр байсан. Тиймдээ МУАЖ Б.Дамчаа гуай шиг чулуу шидүүлж, хүнд асар их үзэн ядагдсан дүр бүтээхийг хүсдэг. Удахгүй энэ дүр маань надад ирнэ ч гэж бодож байгаа. Би ер нь манифест их хийдэг. Өөрийгөө тухайн дүрийг бүтээж байна гэж төсөөлж байгаа.

-Таны цаашдын хүсэл, зорилго тань юу вэ?

     -Өөртөө зорилгоо биелүүлэх хугацаа заасан байгаа. Олон тайз, дэлгэцийн уран бүтээлд ажиллана гэж бодож байна. Том, жижиг төлөвлөгөө их байгаа. Юуны төлөө Оросод сурсан билээ. Гадаад руу гарсан жүжигчин болохыг хүсэж байна. Энэ тухайгаа нэг их ярьхыг хүсэхгүй байна. Хүслээ хүнд хэлдэггүй гэдэг шиг. Ямартай ч энэ мэргэжлээрээ насан туршдаа ажиллана. Багш минь театр бүх насаа зориулсан ганц бие хүн байдаг. Төгсөлтийн баяр дээр хэлсэн хундаганы үг нь санаанаас гардаггүй. Нулимс нь цийлэгнэчихсэн “Миний шавь нарын амьдралд нь урлаг, театр үргэлж ойр байгаасай. Битгий амьдралаас тань холдоосой. Би юуны талд та нарыг дөрвөн жил сургасан билээ. Би та нарыг өөрөө сонгож авсан. Хүсээгүй байсан бол сургахгүй байсан шүү дээ” хэмээж байсан. Тиймдээ ч багшийнхаа захисныг биелүүлнэ.  Ямар ч байсан зорилго маань биелэж байгаа эсэхийг миний цаашид бүтээх дүрүүдээс та бүхэн минь хараарай.

-Тантай адил жүжигчин болохыг хүссэн арван жилийн дүү нартаа тэтгэлэгийнхээ талаар мэдээлэл өгч болох уу?

      -Оросын холбооны улс руу явах тэтгэлэг авах боломж бүх хүнд нээлттэй байдаг. Миний хувьд Орос руу их хүүхдүүд явж суралцаасай гэж боддог. Энэ үгээрээ СУИС-ыг буруутгаж байгаа юм биш. Яагаад ингэж боддог вэ гэвэл, Оросод суралцаснаар маш их зүйлийг сурч, туршлага хуримтлууна. Агуу том зохиолуудыг эх хэл дээр нь уншиж ойлгоно. Дээрээс нь төгс Орос хэлтэй болно. Тэтгэлэг авах үйл явцын тухайд, РЦНК буюу Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвөөс тэтгэлэг авдаг. Нэгдүгээр шалгуур бол 9-12 дугаар ангийн дүнгийн хуулга бүгд “А” байх ёстой. Хоёрдугаарт, Орос хэл маш сайн байх ёстой. Шалгалт өгөөд хүүхдүүдтэй өрсөлддөг. Гуравдугаарт, Тэнцсэн хүүхдүүдээс ярилцлага авдаг. Голлох нь “Яагаад манай төвийг сонгосон, бид танд яагаад тэтгэлэх өгөх ёстой вэ” гэх мэт асуултууд байдаг. Үүний дараа РЦНК өөрөө бэлдээд өгчихдөг.

М.Сүндэр


О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188