• Өнөөдөр 2026-11-20

Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС

2026-11-20,   218

Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг оролцогчоор бүртгэхээр ажлын хэсэг тогтжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүртгэлийн анхны хугацаа дууссаны дараа журмаа өөрчилж, ажлын хэсгийн нээлттэй сонсголыг ярилцлагаар сольсон. Энэ өөрчлөлт Комиссын хараат бус байдал, олон нийтийн оролцоонд хэрхэн нөлөөлөх талаар Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

– ХЭҮК-ын гишүүдийг хэрхэн сонгох нь энгийн иргэнд ямар ач холбогдолтой вэ?

– Хэрвээ төрийн байгууллага, албан тушаалтан эсвэл өөр этгээд таны эрхийг зөрчсөн гэж үзвэл ХЭҮК-д гомдол гаргаж болно. Тэр гомдлыг шударгаар, хараат бусаар шалгаж, баримт, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд тулгуурлан дүгнэх эсэх нь Комиссын гишүүдийн мэргэшил, ёс зүй, хараат бус байдлаас шалтгаална. Тэгэхээр гишүүдээ яаж сонгох нь бид бүгдэд хамаатай. Эрхээ хамгаалуулахаар хандахад гомдлыг маань шударгаар шалгана гэдэгт итгэж болох уу гэдэг асуудал шүү дээ.

УИХ 2020 онд ХЭҮК-ын тухай хуулийг шинэчлэн баталж, Хууль зүйн байнгын хороо ажлын хэсгийн сонсголын товыг урьдчилан зарлахаар журамласан. Ингэснээр ажлын хэсэг хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэхээс өмнө иргэд оролцогчдын хариултыг сонсож, шалгаруулалтыг ажиглах боломжтой болсон. Энэ бол өмнөх УИХ-ын үед гарсан ахиц. Түүнийг хадгалах нь өнөөгийн УИХ-ын хариуцлага.

– Ажлын хэсгийн ахлагч Б.Тулга журмыг хуульд нийцүүлж, илүү олон хүн нэр дэвших боломжийг нээсэн гэж тайлбарласан. Энэ тайлбартай та санал нийлэх үү?

– Журмыг хуульд нийцүүлэх ёстой. Үүнтэй бид маргаагүй. ХЭҮК-ын тухай хуульд Комисс хараат бус, бие даасан байх зарчмыг ч заасан. Тэгвэл өөрчилсөн журам энэ зарчмыг хэрхэн хангаж байна вэ. Өмнөх журамд эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг байсан. Энэ доод хугацаа, улс төрийн нөлөөллөөс хамгаалах болзлыг журмаас хассан. Хууль зүйн өндөр мэргэшил, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагын шаардлага хуульд хэвээрээ.

Нэр дэвших боломжийг өргөжүүлэх нь сайн. Ингэхдээ чанарын босгыг бууруулж болохгүй. Харамсалтай нь энэ чанарын босго буурчихлаа. Уул нь өөрчлөлт нь эсрэгээрээ нэр дэвшигчдийн мэдлэг, ур чадвар, хүний эрхийн чиглэлээр хийсэн ажил, хараат бус байдлыг нотлох үзүүлэлтүүдийг илүү нарийн үнэлдэг болгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл өргөн хүрээнээс нэр дэвшүүлэх боломж олгож байгаа бол тэр хэрээр ямар шалгуураар үнэлэх, ямар баримт шаардлагатай, тухайн шалгуур хэдэн оноотой байх вэ гэдгийг урьдчилан ил тод зарлах ёстой.

ХЭҮК-ын гишүүний хувьд зөвхөн мэргэжлийн ур чадвар сайтай байх нь хангалтгүй. Тэр хүн төр, улс төрийн нам, бизнесийн бүлэглэл болон бусад ашиг сонирхлын бүлгээс ангид байж, хүний эрхийн асуудлаар бие даасан байр суурь илэрхийлэх чадвартай байх шаардлагатай. Хараат бус байдал гэдэг нь зөвхөн бодит байдал дээр нөлөөнд автахгүй байхыг хэлдэггүй. Мөн олон нийт түүнийг хараат бус гэж итгэж чадахуйц байхыг шаарддаг. Журмын өөрчлөлтөөр өмнө нь байсан зарим хамгаалалтын шалгуурууд хасагдсанаас улс төрийн болон бусад ашиг сонирхлын нөлөөлөл бүхий хүмүүс ХЭҮК-ын гишүүнээр нэр дэвшиж, томилогдох үүд хаалгыг нээчихлээ гэх болгоомжлол иргэний нийгмийн байгууллагууд болон олон нийтийн дунд үүсээд байгаа нь нууц биш.

– Хуульд ХЭҮК-ын гишүүн албан тушаал хашиж байх хугацаандаа намын гишүүнчлэлээ түдгэлзүүлэхээр заасан байгаа. Тэгвэл журмаас хассан “нэр дэвшихээс өмнөх таван жилд улс төрийн албан тушаал эрхлээгүй байх” болзол яагаад хэрэгтэй вэ?

– Намын гишүүнчлэлээс түдгэлзэх шаардлага Комиссын гишүүний албан тушаал хаших хугацаанд үйлчилдэг. Журмаас хассан болзлоор нэр дэвшихээс өмнөх таван жилд улс төрийн албан тушаал, эсвэл улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн эсэхийг харгалздаг байсан. Намын энгийн гишүүнчлэл үүнд хамаардаггүй.

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар дүгнэлтээр Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн намын гишүүнчлэлээс түдгэлзэх зохицуулалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Цэц тус хорооны гишүүн нь “Комиссын гишүүнтэй адил хараат бус, төвийг сахиж ажиллах үүрэгтэй” гэдгийг онцолсон. Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол албан үүргээ гүйцэтгэхдээ намын нөлөөнд автсан гэх эргэлзээ олон нийтэд төрж болзошгүй гэж тайлбарласан.

Цэцийн тайлбарласнаар намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан хүн албан үүргээ хэрэгжүүлэхдээ намын нөлөөнд автсан, эсвэл намын ашиг сонирхлыг урьтал болгож болзошгүй гэсэн эргэлзээ олон нийтэд төрөх боломжтой. Энэ нь зөвхөн бодит нөлөөллийн асуудал биш, мөн институцийн хараат бус байдалд итгэх олон нийтийн итгэлцлийн асуудал.

Олон улсын сайн жишиг ч ийм зарчимд тулгуурладаг. НҮБ-ын Парисын зарчимд үндэсний хүний эрхийн байгууллагууд хараат бус байхаас гадна хараат бус байдлаа олон нийтэд итгэл төрүүлэхүйц байдлаар хангах ёстой гэж үздэг. GANHRI-ийн дэд хорооны зөвлөмжүүдэд ч хүний эрхийн байгууллагын гишүүдийг сонгохдоо улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байдлыг баталгаажуулах шалгуур хэрэглэхийг тогтмол зөвлөдөг.

– Нэр дэвшигчдийг Байнгын хорооны сонсголоор сонсох журам хэвээр байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн сонсголыг ярилцлагаар сольсноор олон нийтийн хяналт яагаад сулрах вэ?

– Байнгын хорооны сонсгол хэрэгтэй. Гэхдээ тэр сонсголд ажлын хэсгээс нэр дэвшүүлсэн хүмүүс л орно. Ажлын хэсэг 20 оролцогчийг үнэлж, тэднээс цөөн хүнийг сонгоно. Тэр шийдвэрийн үндэслэлийг эцэст нь сонсох нэг хэрэг. Шийдвэр гарахаас өмнө ярилцлагыг ажиглаж, санал хэлэх боломжтой байх нь өөр хэрэг. Одоогийн журамд энэ боломжийг тодорхой баталгаажуулаагүй байна.

Ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөлөл сууж байгаа нь дангаараа хангалтгүй. Тэд төрийн байгууллагын төлөөлөлтэй адил эрхтэйгээр хэлэлцэж, шийдвэрт оролцох учиртай. Шийдвэрийг ердийн олонхын саналаар гаргавал иргэний нийгмийн ганц, хоёр төлөөлөгчийн үндэслэлтэй санал ч орхигдох эрсдэлтэй.

Өмнөх журмаар ажлын хэсэг аль болох зөвшилцөлд хүрэх, санал нэгтэйгээр шийдвэр гаргах зарчмыг тусгаж байсан нь учиртай. Энэ нь хэн нэгэнд хориг тавих эрх өгсөн гэсэн үг биш. Харин төр, мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл бүгд тухайн нэр дэвшигчийг хараат бус, хүний эрхийн чиглэлээр туршлагатай, олон нийтийн итгэл хүлээх, ёс зүйтэй гэж хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрэхийг шаардаж байсан хэрэг.

– Монгол Улс 2020 оны хуулийн шинэчлэлээ НҮБ-д ахиц гэж тайлагнасан. Журмын энэ өөрчлөлт олон улсын өмнө хүлээсэн үүрэг, ХЭҮК-ын “А” зэрэглэлд нөлөөлөх үү?

– Парисын зарчимд нийцсэн сонгон шалгаруулалт ямар байхыг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны (GANHRI) Магадлан итгэмжлэх дэд хороо тодорхой тайлбарласан. Шалгуурыг урьдчилан тогтоож нийтлэх, бүх шатанд олон талын оролцоог хангахыг чухалчилдаг. Тус дэд хороо 2021 онд Монголд өгсөн зөвлөмждөө Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүдэд ажлын хэсгийн сонсголд асуулт тавих боломж олгохыг тусгайлан санал болгосон.

Монгол Улс 2020 оны хуулийн шинэчлэлийг Парисын зарчимд нийцүүлсэн гэж НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт тайлагнасан. Дөрөвдүгээр мөчлөгөөр ХЭҮК-ын бие даасан байдал, үр нөлөөг бэхжүүлэх зөвлөмжүүдийг дэмжсэн. Женевт ахиц гэж тайлагнасан зүйл Улаанбаатарт ч бодит ахиц хэвээр байх ёстой.

ХЭҮК-ын “А” зэрэглэл Парисын зарчимд бүрэн нийцсэнийг илэрхийлдэг. Дахин магадлан итгэмжлэхэд хуулийн заалтаас гадна гишүүдээ бодит байдал дээр хэрхэн сонгосныг ч харна. Энэтхэгийн Хүний эрхийн үндэсний комиссын магадлан итгэмжлэлийг 2023 онд хянахдаа тус дэд хороо гишүүдийг сонгож, томилох журмыг мөн авч үзсэн. Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлаар хамтран мэдээлэл хүргүүлсэн.

– Та бүхэн УИХ-ын дарга болон Хууль зүйн байнгын хорооноос ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байна вэ?

– Монголын Эмнести Интернэшнл журмын өөрчлөлтийн талаар Байнгын хороонд албан бичгээр хандаж, тодруулга хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Хүний эрх, ардчилал, засаглалын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд мөн хамтран УИХ-ын даргад хандаж, энэ асуудлыг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх санаачилга гаргахыг хүссэн. 

Цаашид нээлттэй сонсголын механизмыг сэргээж, мэргэшил, туршлага, ашиг сонирхлын зөрчил болон улс төрийн нөлөөллөөс ангид байх шалгууруудыг илүү тодорхой хуульчлах шаардлагатай гэж үзэж байна. Хүний эрхийн гаргасан амжилтаасаа ухрах ухралт их байгаа энэ цаг үед иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын гишүүнийг сонгох асуудалд иргэд дуу хоолойгоо хүргэх нь чухал байна. ХЭҮК-д хэн томилогдохоос илүүтэй, хэнийг томилж болохгүй вэ гэдэгт олон нийтийн хяналт, дуу хоолой хэрэгтэй байна. Хараат бус ХЭҮК бол хүний эрхийн хамгийн чухал баталгааны нэг учраас иргэн бүр энэ үйл явцад анхаарал хандуулж, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.


Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188