• Өнөөдөр 2026-11-20

Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ

2026-11-20,   106

    Пара таеквондо-гийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн арваннэгдүгээр сарын 20–22-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Мүжү хотын “Taekwondowon” цогцолборт болно. Энэ удаагийн тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Дүрвэгсдийн багийн таммрчид мөн дэвжээнд гарах юм. Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, ОУХМ М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин хүч сорихоор болжээ.

    Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, МУГТ У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн -58 кг-ын жинд ОУХМ Х.Темирбек, -63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, -70 кг-ын жинд ОУХМ Б.Шинэбаяр нар өрсөлдөнө. Тулаан “K41”, “K44” ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд явагдана. “Мүжү-2026” ДАШТ-д “Парис-2024” паралимпын наадмын найман аварга оролцож байгаагаараа онцлогтой. Тэдний дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга У.Сүрэнжав багтаж буйг Дэлхийн таеквондо-гийн холбоо онцолжээ.

    Мөн Азербайжаны Имамаддин Халилов, Бразилын Ана Каролина Силва де Моура, Израилын Асаф Ясур, Туркийн Махмут Бозтеке, Узбекистаны Асадбек Тоштемиров, Их Британийн Эми Трусдейл, Мэтт Буш нар оролцоно.Түүнчлэн саяхан болсон “Айчи-Нагояа-2026” Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Г.Болор-Эрдэнэ, Узбекистаны Гулжонои Наимова, Тайванийн Шян Вэнь Шяо нар Мүжүгийн дэвжээнд өрсөлдөх юм.

   Дүрвэгсдийн багийг “Парис-2024” паралимпын наадамд оролцсон Хади Хассанзада тэргүүтэй гурван тамирчин төлөөлнө. Ийнхүү 2023 онд Мексикийн Веракрус хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш гурван жилийн дараа пара таеквондо-гийн дэлхийн шилдгүүд БНСУ-д дахин чуулж байна. Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, ОУХМ Х.Темирбек нар тэмцээний эхлүүлнэ.


 

 


Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188