• Өнөөдөр 2026-11-19

Ад үзэгдэх зоригтой бай

2026-11-19,   29

         Эртний Грекийн домогт Теспиа хотын Нарцисс хэмээх залуу анчин байжээ. Харсан хүн бүр бишрэм үзэсгэлэнтэй ч тэрээр түүнд дурласан хэнийг ч тоолгүй няцаадаг байв. Тэдний нэг нь ойн дагина Эхо байлаа. Бурхны хараалд өртсөн Эхо өөрийн гэсэн үггүй болж, зөвхөн бусдын хэлсэн үгийг давтдаг болжээ. Нарцисс түүнийг "Чамтай хамт байснаас үхсэн минь дээр" хэмээн түлхэн зайлуулахад Эхо ойн гүнд нуугдаж, гуниглан хатсаар эцэст нь зөвхөн дуу хоолой нь цуурай болон үлджээ. Харин өшөө авалтын дарь эх Немесис Нарциссыг шийтгэв. Тэрээр тунгалаг усанд туссан дүрийг хараад, өөрийнх нь дүр гэдгийг ч мэдэлгүй дурлажээ. Хүрэх гэхээр дүр нь алга болдог, орхиж ч чаддаггүй. Идэж уухаа мартсаар тэндээ насан эцэслэжээ. Түүний оронд шар голтой цагаан цэцэг ургасан гэдэг. Нэг нь зөвхөн өөрийгөө, нөгөө нь зөвхөн бусдыг харж амьдарсан. Эцэст нь хоёулаа сүйрдэг. 

Төгс хүн гэж үгүй. Төгс харилцаа ч үгүй. Хүн бүрт таалагдах боломжгүй. Австрийн сэтгэл судлаач Альфред Адлер бүх зовлон хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй гэж үзээд нэг л асуулт тавьдаг "Энэ хэний асуудал вэ?" Үнэнээ хэлэх нь миний асуудал. Түүнд дургүйцэх нь тэдний асуудал. Ингэж бодох нь хүнийг Эхогийн хувь заяанаас чөлөөлдөг.

Гэхдээ хэн нэгэн үүнийг дураараа байх эрх гэж эндүүрдэг. "Би угаасаа ийм", "Би илэн далангуй хүн". Энэ бол зан чанар биш, шалтаг. Адлерын үзлээр хүн өөрчлөгдөж чадахгүйдээ биш, өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаадаа л учир бий. Үнэнээ хэлэх нь зориг. Харин үнэн гэдгээр далайлгаж, бусдын амар тайван байдалд халдах нь зүй бус биш гэжүү. 

Миний эрх чиний эрхээр хязгаарлагддаг. Хүнээс хүсдэг харилцаагаа эхлээд өөрөө үлгэрлэ. Хүндлүүлэхийг хүсвэл хүндэл. Ойлголцохыг хүсвэл ярихаасаа өмнө сонс. Адлер хүмүүсийн харилцаа дээр доор биш, тэгш байх ёстой гэдэг.

Гэтэл Нарцисс шиг зөвхөн өөрийгөө хардаг хүмүүс бий. Бусдыг нөлөөндөө автуулж, эрх ашгаа урьтал болгодог. Үргэлж авдаг, хэзээ ч өгдөггүй. Яг л шимэгч хорхой шиг. Адлер бусдыг үл тоодог ийм хүн бусдад хамгийн их хор учруулдаг гэж үздэг. Ийм хүнд "үгүй" гэж хэлээд үз. Ингэлээ гээд муу хүн болчихгүй. Ад үзэгдэхгүйн тулд хүлцэн тэвчих шаардлага байхгүй.

Хүн бүрт таалагдах гэж хичээсэн амьдрал хэзээ ч амгалан байдаггүй. Бусдыг бүү гомдоо, бусдад бүү гомд. Сэтгэл өвдөх нь итгэлээс л үүдэлтэй. "Энэ хүн яг над шиг" гэж итгэхээсээ өмнө бодох хэрэгтэй. 

Саяхан нэгэн танил минь "Би угаасаа л дураараа зантай. Тэвчихгүй бол чиний асуудал" гэж хэлсэн нь санаанд орж, инээмсэглэн суулаа. Тэр өөрийгөө зоригтой гэж боддог байх. Гэвч тэр усан дахь дүрээ л ширтэж суугаа Нарцисс юм. Ад үзэгдэх зориг гэдэг нь өөрийнхөөрөө байх зориг юм. Ад үзэгдэх зоригтой бай.


Ад үзэгдэх зоригтой бай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188