• Өнөөдөр 2026-11-19

ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ

2026-11-19,   592

        Намраас эхлээд ШТС-уудад энгийн АИ-92 өдрийн од, нүдний гэм болсон. Тэгсэн атлаа аль ч ШТС дээр Евро-92 байгаад байсан. Шар нь асаж, шавхруу төдийхөнтэй үлдсэн жолооч нар аргагүйн эрхэнд Евро-92 авч эхэлсэн. Тэгмэгц нь шатахуун импортлогчид Евро-92-ын үнийг өсгөж эхэлсэн. Жолооч нарт Евро-92-ын олдоц, оочер хоёр л чухал байснаас биш үнэ нь өдрөөр өсөж байгааг тоох сөхөө байгаагүй. Шатахуун импортлогчид даварсаар, долдугаар сард литр нь 3000 төгрөг байсан Евро-92-ын үнийг 5400 хүртэл нь өсгөсөн. 
 
Жолооч нар энгийн АИ-92 тасарчихсан байхад Евро-92 нь яагаад тасрахгүй байгаад байгааг гайхахын сацуу, энгийнийг евро гэж үнэтэй зараад байна уу гэж хардацгааж байсан. Гэхдээ баттай баримт байгаагүй. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "Жолооч нарын дунд хардлага гарч байна. Энгийн АИ-92 бензиныг Евро-92 гэж зарах ямар ч боломжгүй, хошуу нь тусдаа байдаг" гэж байв. 
 
     Тэгвэл хот, хөдөөд “UB oil” нэртэй ШТС-уудыг ажиллуулдаг “Юнайтэд бест ойл” ХХК импортоор оруулж ирсэн энгийн АИ-92 бензинээ Евро-92 гэж үнэтэй зарж байсан нь лабораторын шинжилгээр, бусад нотлох баримтуудаар батлагджээ. АҮЭБЯ-наас “Юнайтэд бест ойл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, ШТС-уудынх нь үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. 
 
Энгийн АИ-92 литр нь 3500, Евро-92 литр нь 5400 төгрөг буюу литр тутамд 1900 төгрөгийн зөрүүтэй байгаа. Хэрвээ 3500 төгрөгийн үнэтэй энгийн АИ-92-ыг 5400 төгрөгийн үнэтэй Евро-92 болгож зарснаар зөрүү ашгаар нь яаж баяжиж болохыг тооцоолж үзье. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг 60 литрийн банктай автомашин АИ-92-оор 210 мянга, харин Евро-92-оор 324 мянган төгрөгөөр банкаа дүүргэнэ. Зөвхөн нэг автомашины банк дүүргэх зөрүү нь 114 мянган төгрөг. Ийм байдлаар нэг ШТС өдөрт 400 автомашины банк дүүргэхэд 45.6 сая төгрөгийн зөрүү олно. “Юнэйтэд бест ойл” ХХК хот, хөдөөд найман ШТС-тай, хэрвээ бүх ШТС нь өдөрт 400 автомашин дүүргэдэг гэж тооцвол өдөрт 364.8 сая төгрөгийн зөрүү ашиг олно. Энгийнийг евро гэж зарах энэ “луйвар”-аа нэг сар хийхэд л 10.9 тэрбум төгрөгийн зөрүү буюу цэвэр ашиг олно гэсэн үг. 
 
        Тэгвэл энгийн АИ-92-ийг Евро-92 гэж өндөр үнээр зарж, зөрүү ашиг олж байгаад баригдсан “Юнайтэд бест ойл” ХХК-ийн эзэн Жанжинбуугийн Сэргэлэнг товч танилцуулъя. 
 
Ж.Сэргэлэн ааваараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, ээжээрээ Увс аймгийн Зүүнговь сумынх. Сонирхуулахад, Ерөнхий сайд Н.Учралын ээж ч Зүүнговь сумынх. Нэг сумын гаралтай хүмүүс гэсэн үг. 
 
Ж.Сэргэлэн аавынхаа нутаг Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрж өссөн. Өдгөө  Дэлгэр сумынхаа Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг.  
 
Ж.Сэргэлэн 1998 онд Говь-Алтай аймгийн 1-р сургуулийг төгссөн. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай нэг сургуулийн нэг төгсөлтийн найзууд. 2020 онд Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа “Төрөлх-Алтай” ТББ-аараа Говь-Алтай аймгийн төвд Хүүхдийн тоглоомын талбай байгуулахад барилгын ажлыг нь Ж.Сэргэлэнгийн “Юнайтэд бест ойл” ХХК нь гүйцэтгэж байлаа. 2024 оны УИХ-ын сонгуулиар Д.Амарбаясгаланг УИХ-д анх нэр дэвшихэд ч Ж.Сэргэлэн дэмжиж явсан.  
 
Ж.Сэргэлэн 2003 оноос эхлэн одоогийн Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Г.Дашнямын “Магнай трейд” ХХК-д түгээгчээс нягтлан хүртлээ ажилласан. Дараа нь УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн “М-Ойл” ХХК-д Хяналт шалгалтын албаны даргаар дөрвөн жил ажилласан. 2018 оноос “Юнайтэд бест ойл” ХХК-аараа Говь-Алтай аймгийн төв, Дэлгэр сум, Гуулин тосгонд ШТС ажиллуулж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотын 22-н товчоо, нисэхэд ШТС-ууд нээж шатахууны бизнесээ өргөжүүлсэн. ШТС-ууд нь ашигтай ажиллаж, өдгөө Ж.Сэргэлэн Говь-Алтай аймагтаа “Ub apartment” нэртэй зургаан блок орон сууцны хотхон бариад дуусаж байгаа. 
Ж.Сэргэлэн 2020 оноос хойш Харүмафүжи Д.Бямбадоржийн тэргүүлдэг Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний Тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Улсын харцага Т.Сайханжаргал Ж.Сэргэлэнгийн “Юнайтэд бест ойл” ХХК-ийн нэр дээрээс барилддаг. 2024 оны Улсын баяр наадмаар Т.Сайханжаргал Улсын харцага цол хүртсэн. Найранд нь улстөрчдөөс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Хотын дарга асан Т.Билэгт нар уригдаж, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга “Макс”-ийн Д.Ганбаатар“Ланд-300” автомашин, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Нутгийн зөвлөлийн дарга, “Юнайтэд бест ойл” ХХК-ийн захирал Ж.Сэргэлэн 200 сая төгрөг гардуулж байв. 
     Намтраас нь “Юнайтэд бест ойл” ХХК-ийн эзэн Ж.Сэргэлэн жирийн нэг шатахууны шагчин, жижиг гар биш гэдэг нь харагдаж буй байх. Нутаг ус, гарал угсаа ярьвал МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралтай ээжээрээ нэг сум болчихож байна. Төгссөн сургууль, найз нөхдөө ярьвал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай нэг төгсөлтийн найз болчихож байна. 
 
Тиймдээ ч тэр үү, “Юнайтэд бест ойл” ХХК-ийн захирал Ж.Сэргэлэн Шатахууны нөөцийн агуулах сав барина гэж Засгийн газраас Голомт банкаар дамжуулан өнгөрсөн есдүгээр сарын 21-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл нь 2030 он хүртэл хугацаатай, сар тутмын хүүг нь Ж.Сэргэлэнгийн өмнөөс АҮБЭЯ-наас Голомт банканд төлнө. 
       Гэтэл өөрийн гэсэн шатахууны агуулах савгүй ядалцаж яваа компаниудтай харьцуулахад Ж.Сэргэлэн шатахууны нөөцийн том агуулахтай. Тухайлбал, Ж.Сэргэлэн “Эко вест ойл” ХХК-аараа 2023 онд СХД-ийн 21-р хороо, олны мэдэхээр 361-н гарамын Рашаанд өртөөнд 1.3 га газарт Шатахууны нөөцийн агуулах барьсан. Энэ агуулахаасаа хуучин 22-ын товчоо, Төв аймаг салдаг уулзварт байх “Ub oil” ШТС-ууд руугаа бензин, дизель түлшээ зөөдөг ажээ. 
Эцэст нь, шатахууны эрэлд хатаж буй иргэдэд энгийн АИ-92-ийг Евро-92 гэж шахсан, тэгсэн мөртөө Засгийн газраас 5.6 тэрбумын зээл авчихсан Ж.Сэргэлэнгийн “Юнайтэд бест ойл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаад зогсохгүй, хууль хяналтынхан ч шалгах нь зүйтэй биз ээ. 
 

ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 08:44:40
    Ган: Зүгээр л мөрөөрөө ашиг орлого олоод явж байж болдоггүй л вм байх даа. Өм цөм хожих гээд бусдын хараал идтэлээ шунахайраад. Хэд наслах хүн бэ? 1000 наслана гээд л ингэж идэх уудаг уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188