Хотол төгс хэмээх төмөр хулгана жил улирч, цөөвөр хэмээх цагаан үхэр жил морилж байна. Улирч буй жил сүүлээ шарвадаг гэдгийн адил төмөр хулгана жилд сэтгэл сэртхийлгэм олон үйл явдал өрнөж, сайнаасаа илүүтэй саар зүйл нь олон“хатуухан” жил болон өнгөрлөө. Нөгөөтэйгүүр цах тахлын эсрэг вакцины сураг чих баясгаж, амьдралын энгийн хэв маягт удахгүй орох нь гэх итгэл найдварын үзүүрээс атгаад байна. Ийнхүү төмөр хулгана жилд ямар онцлох үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.
Амаржаад удаагүй, нялх биетэй эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө углааш, халаадтай нь авч явж буй үйлдэл олон нийтийн дургүйцэл, бухимдлыг хүргэж, УОК, Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардсан 5000 гаруй хүнтэй жагсаал төв талбайд болсон. Уг жагсаал Шадар сайд асан Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй таван албан тушаалтныг суудлаас нь буулгасан билээ. Мөн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Хариуцлагаа хамт үүрнэ” хэмээн танхимаараа огцрох хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжигдсэн. Харин шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорч, Шадар сайдаар С.Амарсайхан, Сангийн сайдаар Б.Жавхлан, ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй танхимаа бүрдүүлээд байгаа юм.
“Ковид-19” цар тахлын улмаас монголчуудын уламжлалт баяр болох Цагаан сарыг хоёр дахь жилдээ бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Билгийн тооллоор XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн нэгэн хоёрдугаар сарын 12-нд тохиож байгаа билээ.
Коронавирусийн халдвар 2019 онд анх дэгдсэнээс хойш монголчууд төдийгүй дэлхий нийтээр цочролд орж, улс орон бүр хөл хорио тогтоож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмдэглэлт өдөр, үндэсний баяр наадам, уламжлалт баяр зэрэг томоохон үйл ажиллагаа, тэмдэглэлт өдрийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэлгүй хоёр дахь жилийн нүүрийг үзэж байна. Тэр дундаа монголчуудын хүсэн хүлээдэг, жилд ганцхан удаа тэмдэглэдэг уламжлалт баяр болох сар шинийн баярыг хоёр дахь жилдээ тэмдэглэсэнгүй. Хүүхэд, багачууд алаг мэлхий өрөн тоглолгүй хоёр жилийг ардаа үдэх гэж байна. Гэвч цар тахлын аюул намжаагүй, хаана ч хэзээ ч халдвар авахад бэлхэн байгаа учир хатуу хөл хорионы дэглэмийг бүх нийтээрээ сахин мөрдөх нь чухал билээ.
Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан билээ. Анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ял оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Цахилгаан бугуйвч нь байршил болон явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Мөн бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө. Түүнчлэн 2021 оны эхний хагас жилд 1081 хүнд энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үзэж байгаа юм.
Төмөр хулгана жилд болж өнгөрсөн үйл явдлуудаас хамгийн онцлох нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн явдал байлаа. Эцэг хуулийн шинэчлэлээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцэл бий болох суурь тавигдсан хэмээн хуульчид онцолж буй. Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр:
Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч,
Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өгч,
Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болгов,
Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүлж,
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт оруулж,
Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийв.
Эдгээр өөрчлөлтийг хөрсөн дээр нь буулган хэрэгжүүлэхэд ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалууд хийгдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдан гарах 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Ингэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг суулгаж байж, эцэг хуулийн өөрчлөлт бүрэн утгаараа “амь” орох юм.
УИХ болон орон нутгийн сонгууль цар тахлын “хажуугаар” болсон онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэнэ.
УИХ-ын сонгуульд улс төрийн 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч зэрэг 606 хүн нэр дэвшиж, өрсөлдсөнөөс МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам 11 суудалтай, "Зөв хүн Электорат" эвсэл нэг, "Та бидний эвсэл" нэг, бие даагч нэг сонгогдов. Мөн энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан 38 нэр дэвшигч нь анх удаа сонгогдсон бол 13 нь эмэгтэй гишүүн байв. Сонгуулийн үеэр АН болон МАН-аас нэр дэвшигчдийг хууль, шүүхээс баривчлан хорьсон нь дуулиан тарьсан юм. Мөн түүхэндээ анх удаа шоронгоос УИХ-ын гишүүнээр шоронгоос сонгогдсон хүн бол Ж.Эрдэнэбат байлаа.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан МАН, тэр дундаа сүүлийн хоёр жил намаа, Засгийн газраа удирдсан У.Хүрэлсүхийн баг улиран сонгогдож, Засгийн газраа ч байгуулсан. Харин Ардчилсан нам дотоод зөрчилтэйгөө зууралдсаар, чадамжгүй нэр дэвшигчдийг сонгогчдод санал болгосон нь хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялагдах шалтгаан болсон гэж дүгнэж буй.
Төмөр хулгана жил Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдэх үйл явдлаар дүүрэн жил байлаа. Учир нь, энэ онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын 14 хүнд шүүхээс ял шийтгэл оноогоод байна. Тэр тусмаа зургадугаар сарын 24-нд болсон УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байсан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг баривчлан хорьсон нь Монголын улс төрийн түүхэнд, урьд өмнөх сонгуулиудад гарч байгаагүй үйл явдал болсон юм.
Тодруулбал, М.Энхсайханыг анх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад хууль бус давуу байдал олгосон, эдийн засгийг хорлон сүйтгэхийг оролдсон, терроризм үйлдэхийг завдсан хэмээн яллагдагчаар татаж, эцэстээ авто машины хэрэг тохон 4.6 жилийн ял оноосон. Мөн С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан ч энэ нь нотлогдоогүй тул сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутган С.Баярт 2.6 жил, С.Баярцогтод 4.8 жилийн ял ногдуулаад байна. Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд худалдан авчирч, 100 хувь үндэсний компани болгосны төлөө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад 4.5 жил, Б.Болорт 3.5 жил, Дубайн гэрээгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн ял оноогоод байна. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярыг 5.5 жилийн хорих ял оноосон юм.
Дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас монгол түмэн Цагаан сарын баярыг гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн бол Үндэсний их баяр наадмыг түүхэндээ анх удаа үзэгчгүй, цахимаар зохион байгууллаа. Үндэсний их баяр наадмыг XIII зуун цогцолборт үзэгчгүйгээр зохион байгуулж, нээлтийн ажиллагааг Монголын телевизүүдийн холбоо шууд дамжуулан үзүүлсэн. Тэгвэл энэ удаад ч дотоодод халдвар гарсантай холбоотойгоор шинэ жилийн арга хэмжээг нийтээр зохион байгуулахыг хориглож, монголчууд 2021 оныг гэр гэртээ угтах гэж байна.
Хэрвээ шалгаруулдаг бол хүүхдэд ээлгүй орноор Монгол Улс тэргүүн байрт ойрын хэдэн жилдээ өрсөлдөгчгүй зогсохоор харамсалтай хэргүүд бараг өдөр дараалан гарч байна гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, энэ оны эхээр Дархан-Уул аймагт нэг айлын гурван хүүхэд гэртээ цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олныг уй гашууд автуулсан билээ. Гэвч уг харамсалтай үйл явдлаас нэг их удалгүй буюу өнгөрсөн тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дахь усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, эндсэн юм. Түүнчлэн зөвхөн энэ онд Улаанбаатар хотод бага насны гурван хүүхэд угаартаж амиа алдсан бол өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ, энэ сарын 17-нд Баянзүрх дүүрэгт дөрөв болон зургаан настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, эндлээ.
Ингээд зогсохгүй томчуудын хүчирхийлэл, зодуурын улмаас хэд хэдэн хүүхэд амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 20-нд есөн настай охин хойт эцэгтээ удаа дараа зодуулсны улмаас амиа алдсан билээ. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс талийгаач охины нүүр, дух зүүн хацарт хуучин зулгаралттай. Баруун талын 3-11, зүүн талын 4-11 дүгээр хавирга хугарч, бороолсон байсан. 12 хуруу гэдэс 0.5х0.6 хэмжээний няцралттай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан. Бүдүүн гэдэс орчимд нэг литр бохирлогдсон шингэнтэй. 12 хуруу гэдэс орчимд 500 грамм бохирлогдсон шингэнтэй байсан. Урьдчилсан байдлаар бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс цоорсон учир бохир шингэнээс хордож, нас барсан байх магадлалтай. Нарийн, бүдүүн гэдэс цоорч урагдсан шалтгаан нь тодорхой гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай хэмээн танилцуулсан юм.
Үүнээс гадна өнгөрч буй хулгана жилд зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, 29 нь амиа алдсан харамсалтай мэдээ байна.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд өнгөрсөн есдүгээр сард өрнөсөн эх хэлээ хамгаалах тэмцэл дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстнийг язгуур соёлоо хамгаалах үзэл санаанд нэгтгэсэн нь 2020 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Монгол үндэстнийг бусад улс, үндэстнээс товойлгож, өнөөдрийг хүртэл газар нутаг хаана байгаагаас үл хамааран хэдэн зууны турш үзэл санаагаар нь нэгтгэн, зангидаж ирсэн үнэт зүйл бол монгол хэл, бичиг, монгол хэл яах аргагүй мөн билээ.
Өвөрмонголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа монгол хэл, бичиг үздэг байсан сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулж, хятад хэлийг нэгдүгээр ангиас “Хэл бичиг” нэртэйгээр заахаар тогтож, 2021 оноос улс төрийн хичээлийг, 2022 оноос түүхийн хичээлийг хятад хэлээр заахаар болсон нь Өвөр Монгол даяар тэмцэл өрнүүлэхэд хүргэсэн юм.
Энэхүү оюун санааны тэмцлийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол үндэстэн төдийгүй иргэний нийгэм, төрийн бус байгууллага, Монголын бурхан шашны сүм хийд, холбоод дэмжиж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж таарсан юм. Тайван жагсаалд оролцсон иргэд “Түүх, хэл бичгийг нь устгана гэдэг үндэстэнг устгаж байна гэсэн үг. Бид өвөрлөгч нарыгаа өмгөөлж, жагсч байна. Бидэнтэй л адил хэл, бичгээ хамгаалж байгаа хүмүүс. Төрийн гурван өндөрлөг энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой” хэмээн мэдэгдэж байв.
ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин зээл авсан УИХ-ын экс гишүүдэд шүүхээс ялгаатай ял шийтгэл оногдуулсан. ЖДҮ эрхлэгчдэд очдог нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн болон бусад УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд олгоход нөлөөлсөн гол эзэн болох ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 2.5 жил хорих ял оногдуулсан ч давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох зургаан жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жил хорих ял оноосон бол Д.Дамба-Очирт 3.5 жилийн хорих ял оногдуулсан. Харин УЕПГ-аас 2019 онд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах санал оруулж байсан дөрвөн гишүүний нэг болох Л.Энхболдын хэрэг шүүхэд шилжээгүй байна. Түүнийг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирал болохоор санаархаж байгаа мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон.
Анна Каренина Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол Монголын тайзнаа анх удаа амиллаа. Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн юм. “Анна Каренина” жүжгийг сарын хугацаанд 16 мянган үзэгч үзжээ.
“КОВИД-19” цар тахал эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг цочроож, зөвхөн нийлүүлэлт (бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ) төдийгүй хэрэглээ, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөөр байна. Бизнесийн хэмжээнээс үл хамааран бүх төрлийн бизнес, ялангуяа агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын орлого тасалдах, дампуурах, ажлын байраа алдах зэргээр ихээхэн бэрхшээл учруулав. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-ийн хувьд багагүй хүндрэл үүсээд байна.
2020 оны хоёрдугаар улиралд Монголд нийт 8000 ажлын байр цомхтголд орох (“КОВИД-19” вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан. МҮХАҮТ) тооцоо судалгаанаас харж болно. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоолны 52 хувь, аялал жуулчлалын 44 хувь, банк санхүүгийн 42 хувь, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39 хувь нь ажлын байрны тоогоо бууруулжээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны арваннэгдүгээр сард 6.4 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.6 (55.3 хувь) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 511 (16.7 хувь) хүнээр өссөн үзүүлэлт (ҮСХ) байв.
Улс хоорондын хөдөлгөөнийг зогсоож, хил хаах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авсны улмаас олон ажилчин, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж байгаа болон тохиолдлын чанартай ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд ажилдаа ирж очиж чадахгүй, ажил эрхлэх боломжгүйд хүрч, цалин, орлогогүй болох зэргээр олон хүндрэлийг даван туулах зайлшгүй шаардлагатай болов.
-Коронавирусийн үед Хятадад айлчилсан анхны ерөнхийлөгч Х.Баттулга болж, 30.000 хонь бэлэглэв-
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улс эхлээд БНХАУ хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоосон бол өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдсэний улмаас бусад чиглэлийн нислэгүүдээ ч цуцалсан билээ. Улмаар 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх орондоо шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-ны Консулын газар Хятадын талтай холбогдон зохион байгуулж, “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.Энэ бол Монгол Улс гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ авсан анхны тохиолдол байсан бөгөөд цар тахалтай холбоотойгоор бусад улс орноос иргэдээ эх оронд нь авчрах томоохон ажлын эхлэл байв.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэхээ айлчлалынхаа үеэр мэдэгдсэн нь найрсаг хөршийн харилцааг бататгахын зэрэгцээ талархал хүлээсэн явдал болж, бэлэгний хонийг өнгөрсөн аравдугаар сард амьдаар нь Хятадын талд хүлээлгэн өгсөн билээ.
Монгол Улс дотооддоо халдвар алдахаас арван сар сэргийлсний эцэст, 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тусгаарлалтаас гараад дөрөв хоносон олон улсын автотээврийн жолоочоос COVID-19 илэрч, анхны голомт бий болов. Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийнхаа дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Улмаар Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж, чухал үүрэг бүхий 13 салбараас бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авахаас өөр зорилгоор гэрээсээ гарахыг хориглон, хатуу хянаж байсан ч цар тахал нийслэлээс гадна таван аймгийн хэмжээнд аль хэдийнэ тархсан байв.
Сар орчим үргэлжилсэн хөл хорионы үеэр голомтуудыг цомхтгон дарж, дэглэмийг бууруулсан ч хоёрхон хоногийн дараа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинэ, том голомт үүссэн нь нийслэлчүүдийг дахин 14 хоног хатуу хөл хорионд ороход хүргэсэн тул нийслэлчүүд 2021 оныг хорио цээрийн дэглэмд угтах нь.
| Улирч буй төмөр хулгана жилийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |