• Өнөөдөр 2024-09-15

ТОМИЛОЛТ: Шуудай шороогоор ч болтугай тогтоож барихгүй л бол шар усанд “живчих” гээд сандралдаж буй РЭНЧИНЛХҮМБИЙНХЭН

2022-03-21,   1306

нгөрсөн хоёрдугаар сард Рэнчинлхүмбэ сумаас 43 км зайд Хөвсгөл нуурын дээр 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Уг газар хөдлөлтийн чичиргээнээс үүдэн Цагаан булаг хальж, “Зүүн хороо”-ны айлуудын хашааг нэвтэлж, голын ус харзлаад байгаа юм байна-

            Энгэрээ задгайлсан хэдэн залуу навсайсан “Зил-131” автомашины тэвшнээс  шуудайтай элс чөлөө завгүй шидлэх ажээ. “Нээг хоёрын гурав аа” гээд л пид пид хийтэл шуудай дүүрэн элс шидлээд байх. Бүгд хийж байгаа ажил, хурдан хөдөлгөөндөө халууцаж, шанааг нь даган хөлс урсаж, халууцсандаа куртикныхаа энгэрийг задгайлжээ. Залуус газарт шидсэн шуудайтай элсээ ус дошсон голын эрэг дагуу шуудуу дагуулан өрж гарлаа. “За хурдлаарай. Хурдхан элсээ өрөхгүй бол усаа алдчихна байна шүү. Гялалз” гээд л хэн нэгэн нь хашхирах. Тэр хавиар дүүрэн уур манан савсуулж, булгийн ус халиа даган урсана. Халиа даган урсаж байгаа усыг сумынхаа төв рүү алдчихгүйн тулд залуус ийнхүү элсээр далан босгож байгаа нь энэ. Хэрэв голын харзалсан их усыг далан босгож чадахгүй алдчихвал Рэнчинлхүмбэ сумын “Зүүн хороо” цаашлаад сумын төв тэр чигтээ усанд автах аюултай. Тиймээс ийнхүү тэмцэлдэж байгаатай нь таарлаа. Сүүлийн жилүүдэд  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын айлууд  өвөл,  хавартаа усанд автчих гээд байдаг болсон гэнэ. Сумын зүүн талын дээхнээс эх аван урд талаар нь ороон урсдаг Цагаан булаг гэх гол бий. Нутгийнхан шанд, булаг гэж нэрлэдэг юм билээ. Зундаа шургачих шахам нарийхан урсдаг цагаан булаг өвөл, хавартаа эргээ халин мэлмэрэн мэлтэлзэж, сумын төвийн айлуудыг “живүүлэх” дөхдөг болоод байгаа  ажээ.

Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шар усны үерийг сумын төв рүүгээ оруулахгүйн тулд шар усны ундаргыг өөрчилж, шуудайтай элсээр далан босгож, шуудуу ухаж байгаа нутгийнхантай уулзав. Цагаан булаг хальж, “Зүүн хороо” багийн таван ч айлын хашаа хэдийнэ усанд автаж, юу юугүй гэр рүү орох дөхжээ. Энэ жил эрт дулаарч, Хорьдол Сарьдагийн цэвдэг хайлж, өнгөрсөн жил олон усархаг бороо орж, газрын гадаргын ус их хэмжээгээр нэмэгдсэний улмаас айлын хашаа, бүр гэр дотор нь шар ус дэлбэрч байгаа аж.

            Гудамж дундуур урссан усан дээгүүр шуудайтай элснүүдээ зөөж, далан дээр аваачих замд тэдэн дундаа арай настайвтар нь бололтой биеийн тамирын цамц, саравчтай малгайтай хижээл насны эр “Дахиад шороонд явалгүй л болохгүй нь. Шуудайтай шороонд нэвчээд нэвт урсаад байна” гэлээ. Цаана нь далан өрж зогссон махлаг эр нааш хэд алхснаа “Шуудай дууссан шүү дээ, ах аа. Амбаагийнд хэд байгаа гэж сонссон. Эхлээд тэднийх нь рүү давхиад ирье” гээд “Зил-131”-ийн жолоочийн талын хаалгыг онгойлгоход гурван залуу тэвшин дээр нь үсэрч гараад хамт элс авахаар явав.

“ДАЛАН БОСГОХ ГЭЭД НҮХ УХАХДАА УСНЫ СУДАЛ ОНОЧИХГҮЙ Л БОЛ...”

            “Зүүн хороо”-ны захын хашаануудаас холгүйхэн гурван эр бөхөлзөж, метр орчим урт лоом барьчихсан газар нүдэлж байлаа. Очоод харвал төө хэртэй жижигхэн шуудуу ухаад, түүнийгээ цааш уртасгаад байх. Шуудуу ухаж суугаа гурван эрийг хашаа налан харж зогссон эр “Хөндүүр юманд хүрч байгаа биш. Наад лоомоороо олигтойхон хүчтэй цохиод өгөөч” гэв. Харин зүүн хөлөө нугалж дээр нь суугаад аяар гэгч нь лоомоо газар хатгуулж байсан настайвтар эр “Тэгж болдоггүй юм аа. Хамаагүй цохиод усны судал оночихвол тэрнээсээ эсэн юм болно” гэснээ дээш өндийж, халааснаасаа төмөр чихрийн сав, сонины цаастай гаргаад тамхиа орохоор суулаа. Настай эрийн хэлснийг сонсож, суусан нөгөө хоёр нь ч лоомоороо хэд хатгуулж, заримдаа нүцгэн гараараа малтаж эхлэв. Газрын хөрсний ус хэзээ хэзээгүй дэлбэрэхэд, хүрэх төдийд л хэдэн давхар мөсийг нэвт ойлгодоход бэлэн болчихоод байгаа гэсэн үг. Ийм учраас л газрын хөрсөө юухнаар ч цохиж болохгүй, хүүхдийн зулай мэт хайрлаж, болгоомжтой хандаж байгаа нь энэ аж. 

            Үдийн нар тооно голлох үеэр өглөөгүүр элсэнд явсан хэд ирж байна. Шуудайтай элсээ буулгаж байхад шуудуу ухаж суусан хэд ч ирж, далан босгох ажилд нэгдлээ. Өнөө навсайсан “Зил-131”-ийг тойрч цугласан олон залуу тэвш дүүрэн шахуу шуудайтай элсийг тал тал тийш нь шидлэх аж. Дошсон гол нэвт урссан хашаан дотроос хүрз, хувин барьсан эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирээд далан босгох замыг нь хүрзээр хусаж, шар усыг нь хувингаар хутгаад хэдэн тийш цацаад байх. Машин тэвш дүүргэж ирсэн шуудайтай элс хоёр хашааны голоор урссан шар усыг хаахаар ганц хоёрыг давхарлаад л дуусах аж.

Өнгөрсөн жил Рэнчинлхүмбэ сумын газрын гадаргын ус ихсэж, эрт дулаарснаас гадна сүүлийн үед газар хөдлөлтийн чичиргээ нэмэгдэж байгаа нь Цагаан булаг хальж, шар ус дэлбэрэхэд хүргэсэн гэнэ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард Рэнчинлхүмбэ сумаас 43 км зайд Хөвсгөл нуурын дээр 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Уг газар хөдлөлтийн чичиргээнээс үүдэн Цагаан булаг хальж, “Зүүн хороо”-ны айлуудын хашааг нэвтэлж, голын ус харзлаад байгаа юм байна.

            Хоёрдугаар сараас хойш сумын төв рүү харзалсан их усыг зогсоохоор Рэнчинлхүмбийн 180 гаруй төрийн алба хаагч, амралтын өдөр ч амрах эрхгүй өдөр бүр тэмцэлдэж байгаа аж.

Д.ОТГОНБАЯР: Сав газрын захиргаа, улсын, аймгийн Онцгой комисстой олон удаа далан босгох асуудлаар хэлэлцсэн ч, өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй

            Сүүлийн хоёр жилийн турш шар усны аюултай тэмцэлдэж байгаа рэнчинлхүмбийнхэн шуудуу ухаж, далан татаж, чадахаараа арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа аж. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор улс, аймгийн Онцгой комисстой хэлэлцсэн ч, далан босгох, шуудуу ухах ажил шийдэлд хүрэлгүй “Шар усны аюулд өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүл” гэсэн заавар өгч байгаа гэх. Бид энэ талаар Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.Отгонбаяртай ярилцсан юм.

-Гол, ус хальж, шар ус дэлбэрч байгаатай холбоотойгоор Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

            -Шар усны үер, гамшиг зөвхөн Рэнчинлхүмбэ суманд тохиолдож байгаа гэж хэлж болохгүй. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайн доор хөдлөх газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдэж, газрын гадарга дээр ан цав үүсэж, шар ус дэлбэрч, гол, ус хальсан. Үүнээс үүдэн Хөвсгөл далайтай ойр оршдог Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумдад шар усны үерийн аюул учраад байна.

            Өнгөрсөн 2021 онд Рэнчинлхүмбэ сумын нутагт олон удаагийн давтамжтай усархаг бороо орж, газрын гадаргын ус их хэмжээгээр нэмэгдсэн. Гадаргын ус нэмэгдсэнтэй холбоотойгоор газар хагарч, айлын гэр, хашаан дотор шар ус дэлбэрч байна. Энэ жил Рэнчинлхүмбэ сумын ундны усны гол үүсвэр Цагаан булаг гол эргийн саваараа хальж, сумын төв рүү орж байна.

-Одоогийн байдлаар шар усны үерт хэдэн айл автсан бэ. Мөн үүнтэй холбоотойгоор хэчнээн өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм бэ?

            -2021 онд 10 гаруй өрх шар усны үерт өртөж, гэрээр нь ус туулсан байсныг нүүлгэн шилжүүлсэн. Улмаар өнгөрсөн намар шар усны үерт өртөж болзошгүй айлуудад албан мэдэгдэл хүргүүлж, анхааруулж, нүүх зөвлөгөө өгсөн. Гэсэн ч зарим өрх эдийн засаг, хүн хүчний хомс байдлаас шалтгаалж одоог хүртэл нүүгээгүй байна.

-Шар усны үерийн аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Шуудуу ухах, далан босгох ажлын үр дүн хэр байгаа вэ?

            -Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, УОК, АОК, аймгийн Засаг даргын зөвлөлтэй олон удаагийн уулзалт зохион байгуулж, далан тавих асуудал хэлэлцсэн ч, өнөөг хүртэл шийдэлд хүрч чадаагүй. Одоо шар усны аюулд өртсөн айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх л заавар өгч байна.

Мэргэжлийн байгууллагаас шоог нь ухаж, далан тавьсан ч асуудал шийдэгдэхгүй гэж хэлж байна. Харин шар усны үер, голын ус хальж байгаагийн эсрэг бодитой арга хэмжээ авахын тулд голыг эргийн дагуу далан босгож, бетон цутгах талаар ярьж байгаа. Гэсэн ч сумын төсвөөр 10 метр газар ч бетон цутгаж чадахгүй.

            “Далан тавина” гэж ярихад амархан. Рэнчинлхүмбэ сумын нутгийн хөрсөн дор их хэмжээний усны судал бий. Далан татах нүх ухаж байхдаа санамсаргүй усны судлыг хөндөх юм бол эргээд илүү их гамшиг учрах эрсдэлтэй. Манай сумын төвд худаг ухахад дөнгөж метр хүрээд л ус гардаг. Харин шар усны үерээс сэргийлэх далан татахад метрээс илүү гүн ухах хэрэгтэй байгаа юм.

-Одоогийн байдлаар хэдэн хүн сумын төв рүү урссан шар усны ундрагыг өөрчлөх, далан босгох, шуудуу ухах ажилд дайчлагдан ажиллаж байгаа юм бэ?

            -Рэнчинлхүмбэ сумын 180 орчим төрийн алба хаагч дайчлагдан ажиллаж байсан. Гамшгийн эрсдэлийн тухай хуулийн хүрээнд мөн иргэдийг дайчлах ёстой байдаг. Тиймээс сумын Онцгой комисс хуралдаж, зургаан багийн даргатай ярилцаад, шар ус голдиролдоо ортол багийн иргэдийг ээлж ээлжээр нь ажиллуулах шийдвэр гаргаад байна.

         Ийн рэнчинлхүмбийнхэн харзалсан их усыг сумын төв рүүгээ алдчихгүйг хичээн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл навсайсан “31”, иш нь хугархай хүрз, хувин, цоорхой шуудайтай л тэмцэж байна. Шар усны үерээс сэргийлэхээр далан босгож, бетон цутгах гэсэн ч гарц, шийдэл нь олдохгүй, олдсон ч, усны судал таарч сумаа бүхэлд нь их усанд автуулах аюулыг сөрөн аж төрж буй рэнчинлхүмбийнхэн нэг иймэрхүү. 

 


ТОМИЛОЛТ: Шуудай шороогоор ч болтугай тогтоож барихгүй л бол шар усанд “живчих” гээд сандралдаж буй РЭНЧИНЛХҮМБИЙНХЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-06 17:18:35
    Зочин: Нүүлгэхээс өөр арга зам гэж байддаггүй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 19:12:13
    Уншигч: Нүдэнд харагдтал бичжээ. Тойргоос нь сонгогдсон гишүүн нэртэй хэдэн юмнууд анзаараасай билээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188