Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаа V тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна.
2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр сонгогчид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тэдний 78-ыг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулийн 13 тойрогт тойрог, жагсаалтаар нийт 1336 хүн нэр дэвшиж буй. Тэгвэл УИХ-ын сонгуулийн V тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нарыг танилцуулъя.
УИХ-ын сонгуулийн V тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт МАН-аас нэр дэвшигчдийг Сангийн сайд Б.Жавхлан “толгойлж” байна. Аав Л.Болд нь хэдий Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат ч Б.Жавхлан Дархан-Уул аймагт төрсөн, Дарханы уугуул. Тэрбээр дунд сургуулиа Дархан-Уул аймагт төгсөж, аав нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдоход тус газарт шилжин очиж, ахлах сургуулиа дүүргэсэн.
Уугуул, суугуул хоёр нутагтай ч Б.Жавхлан 2016, 2020 онд Дархан-Уул аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр улирч сонгогдсон нэгэн. Улмаар Худалдаа хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан бөгөөд МАН-ынхан дундаа тоо, тооцоондоо арай дөнгүүр гэгддэг учир 2021 онд Сангийн сайдаар томилсон байдаг. Гэвч улсын мөнгөний авдрыг "сандайлж" суугаа Б.Жавхлан ашиг сонирхлын асар их зөрчилтэй. Банкаар дамжсан, банктай холбоотой хулгай, луйвар бүхэн Б.Жавхлан руу хөтлөх гээд байдаг гэдэг. Тэр тусмаа татвар төлөгчдийн 130 тэрбум төгрөгийг “залгичихаад”, засагтай заргалдаж, өдий хүртэл өгөхгүй гүрийж байгаа “Чингис хаан” банктай Б.Жавхлан олон сэжүүрээр холбогддог нэгэн юм.
УИХ-ын сонгуулийн V тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Засгийн газрын дараагийн гишүүн бол Боомтын сайд Б.Тулга. Түүний аав, ээж хоёр нь Ховдоос илгээлтээр Дарханд очиж суурьшсан түүхтэй бөгөөд Б.Тулга Дарханд төрж, өссөн нэгэн. Тэрбээр 2001 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгсөж, төрөлх Дархандаа нэг жил багшилж, 2003 онд хотод орж ирмэгцээ МАХН-д элсэж, дараа жил нь Н.Энхбаярын цув, цүнхийг барьдаг, хар бор ажлыг нь нугалдаг, хаалгыг нь онгойлгож өгдөг шадар туслах нь болсон намтартай. Тэр цагаас хойш Б.Тулга нас, намтрынхаа 20 жилийг Н.Энхбаярын дэргэд элээж буй. Н.Энхбаярыг оймсоо гозолзуулан одоход, сэхээний өрөөнд салаавчтай хэвтэхэд, МАХН гэх хуучин бууриа сахиж ганцаардаж хоцроход, буцаад МАН-тай “дэр нэгтгэхэд” гээд бүхий л цаг хугацаанд хажуугаас нь холдохгүй хамт байсан. Тиймдээ ч Б.Тулга Н.Энхбаярын татаас, түлхээсээр Байгаль орчны дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын сэнтийд заларч байв. Улмаар өнгөрсөн онд Боомтын сайдаар дахин засагт залагдсан бөгөөд өдгөө Сангийн сайд Б.Жавхлантай “сугадалцан” V тойргийг тойрч, тойглож яваа.
Цаашилбал, зөвхөн Б.Тулга ч биш, төрсөн ах Б.Хуяг нь, төрсөн дүү Б.Бүжинлхам нь ч Н.Энхбаярт хүчин зүтгэж ирсэн гэнэ. Төрсөн дүү Б.Бүжинлхам нь Н.Энхбаярын “цэрэг”-үүдийн нэг, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийн туслах байжээ. Улмаар МАН, МАХН нэгдсэний дараа Н.Энхбаярын “татаас”-аар ЕТГ-т ажилладаг болсон аж. Харин төрсөн ах Б.Хуяг нь Н.Энхбаярын “Өргөө” зочид буудлын хувьчлалын хулгайд нэр, зүсээ золин голлох үүрэгтэй оролцсон. Тодруулбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа буюу 2007 онд Хотын дарга “алим” Ц.Батбаяртай хуйвалдаж, нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудлыг “Дун өргөө” ХХК-д эзэмшүүлж, харин “Дун өргөө” ХХК-ийг Б.Тулгын ах Б.Хуягт эзэмшүүлэх замаар хувьчилж авсан байна. Энэ хувьчлалын хулгай нь 2012 онд илчлэгдсэнээр Н.Энхбаяр баривчлагдаж, харин хил давж зугтсан Б.Хуяг инперполоор эрэн сурвалжлагдаж байв. Өдгөө “Өргөө” зочид буудлыг эзэмшигч “Дун өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Хуяг бүртгэлтэй хэвээр байдаг бол, эцсийн өмчлөгчөөр нь 2020 онд Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар бүртгэгдсэн байдаг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр мөн V тойрогт МАН-аас хүч үзэж байна. Түүний аав Говь-Алтай аймгийн Халиун, ээж нь Архангай аймгийн Чулуут сумын харьяат. Өөрөөр хэлбэл, аав талаараа У.Хүрэлсүхтэй, ээж талаараа Т.Бадамжунайтай нэг нутаг усных. Аав Ш.Жадамба нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед буюу 1992 онд 20 настай Ж.Энхбаяр “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК, “Газар” ХХК-иудыг байгуулж, 1993 оноос “Газар” ХХК-аараа Төв аймгийн Заамар суманд алт ухаж эхэлснээр бизнест хөл тавьсан түүхтэй. Түүнээс хойш Ж.Энхбаяр “Газар” ХХК-иараа Баянхонгорын Галуут, Баян-Овоо, Дорнодын Баяндун, Төв аймгийн Цээл, Сэргэлэн, Өвөрхангайн Есөнзүйл, Архангайн Булган гээд аль алттай гэсэн газар болгоныг ухсан гэнэ. Ардчиллын шуурга намжаад удаагүй, хүн олон хөлөө олж амжаагүй шахуу байхад буюу 1995 онд Ж.Энхбаяр Монголбанканд 500 кг алт тушааж явснаа сайрхан ярьдаг. Тиймдээ ч тэр өдгөө Монголын толгой баячуудын жагсаалтад дээгүүр бичигддэг. Өдгөө Ж.Энхбаяр салбар бүрд бизнесээ өргөжүүлсэн бөгөөд өөрөө Сэлэнгэ дэх үхрийн ферм, сонгууль хоёртоо л санаа тавьж байгаа гэнэ. Сонирхуулахад, анх алт ухаж хөлжөөд, хожим нь үхэр үржүүлдэг “хобби”-той болсноороо Ж.Энхбаяр “Гацуурт”-ын Л.Чинбаттай тун адилхан гэх яриа олны дунд гараад буй.
Харин Ж.Энхбаяр анх УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо буюу 2008 онд 36 настайдаа аавынхаа нутаг Говь-Алтайгаас нэр дэвшсэн байдаг. Улмаар 2012 оны сонгуулийн өмнөхөн Батлан хамгаалахын сайдаар томилогдсоныг дэслэгч генерал цолтой аавынх нь нэр, сүрийг бодолцож сайд болгосон гэх нь бий. Түүнээс хойш Ж.Энхбаяр 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд улирч сонгогдсон. Гэвч 2018 онд “ЖДҮ-чин” гэх хусавч арилахгүй хочтой, хар тамгатай болсон. Жилдээ 2.2 тэрбум төгрөгийн орлоготой, дансандаа 3.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 12.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлдэг атлаа ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж, “Газар буудай” ХХК-иараа 950 сая төгрөгийн зээл авчихсан. Түүнчлэн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас 3.0 хувийн хүүтэй авсан зээлээ “Газар капитал партнерс” ББСБ-аараа 30 хувийн хүүтэйгээр иргэдэд зээлж, мөнгө хүүлсэн гэгдсэн нь нийтийн уур, ундууцлыг төрүүлж байлаа. Тиймдээ ч У.Хүрэлсүх 2020 оны сонгуулиар “ЖДҮ-чид”-ийг төлөөлүүлэн Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёрыг өнжөөж, сонгуулийн дараа Я.Содбаатарыг Шадар сайдаар, Ж.Энхбаярыг Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар, дараа нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон гэж болно.
V тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Дамдинням 2007 онд МУБИС-ийг төгсөж, дээд боловсрол эзэмшсэнээсээ хойш томчуудын туслах, зөвлөхөөр ажиллаж, улс төрд хөл тавих гараагаа эхлүүлсэн нэгэн. Тухайлбал, их сургуулиа төгссөний дараахан буюу 2008 онд Байгаль орчны сайд агсан Г.Шийлэгдамба, 2009 онд Боловсролын сайд агсан Ё.Отгонбаярын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан намтартай. Харин 2013-2016 онд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.долларын зээлээр Канадад уул уурхайн засаглалын мэргэжлээр суралцжээ. Буцаж ирээд 2017 оноос одоогийн УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн уул уурхайн “Прокон майнинг монголиа” ХХК, “Вертекс майнинг партнер” ХХК-ийг удирдаж эхэлсэн байдаг. Мөн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга нь Х.Ганхуягийн “Хера-Инвестмент” ХХК болон Х.Ганхуягийн ах Х.Гантулгын “Марка Коиба” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж халаасаа нэгтгэсэн. Улмаар Г.Дамдиням 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Ганхуягаас “хормойдож”, хамтдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хэд хэдэн хамтарсан компанитай, халаас, хэтэвч нэгтэй хоёр найз “хөтлөлцөөд” Төрийн ордонд түшээгээр заларсан түүхтэй.
Гэсэн ч Төрийн ордонд тохой нийлүүлсэн суухаар болсон Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёрын баяр хөөр удаан үргэлжлээгүй. УИХ-ын гишүүн болохоосоо хэдхэн сарын өмнө Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээл нь илчлэгдсэн. Ингээд Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёр төрийн түшээгийн ажлаа умартаж, “Вертекс майнинг партнер” ХХК-ийнхаа Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээс бултаж, бусгах “ганцхан” ажилтай болж хувирсан байдаг. Х.Ганхуяг “Надад хамаагүй, манай эгч Х.Хашчимэгийнх” хэмээн мэлзэж, харин Г.Дамдинням “Надад хамаагүй, Х.Ганхуягийнх” гэх маягтай гүрийсээр "мөрөөдөж" суусан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаагаа өнгөрүүлсэн. Улмаар Г.Дамдинням гүрийснээрээ гүрийж, ганцаараа сугарч үлдсэн бол Х.Ганхуяг шүүгдээд цагаадсан. Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийн хэрэг нь хаагдаж, Боловсролын сангийн 32 мянган ам.долларын зээл нь илчлэгдсэн буюу товчхондоо айдгаа авдартаа хийсэн Г.Дамдинням өдгөө "мөрөөдлийн сэнтий"-дээ дахин дөрвөн жил суухаар V тойргийг эргэж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, Улаанбаатарт хотод өссөн Ч.Ундрам мөн V тойрогт хүч үзэх МАН-ын нэр дэвшигчдийн нэг. Тэрбээр ахлах сургуулиа АНУ-д, их сургуулиа Англид төгсөж Японд доктор, Монголд профессор болсон нэгэн. Ч.Ундрам 2010 оноос хойш МУИС-д тэнхимийн эрхлэгч, албаны дарга, дэд захирлаар 10 жил ажиллаад, 2020 онд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон гял цал, чамин түүх нь олонд харуулдаг ил намтар.
Харин УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрамаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд доктор, профессорынх гэмээр үг, үйлдэл гарсангүй. Бүр эсрэгээрээ агсам тавьсан, араар тавьсан, ханиасаа салсан, хүүхдээ хүчирхийлсэн гэх мэтээр сошиалд алдаршив. Энэ бүхнээ цайруулах гэж хаягдсан эхнэр, халамжит охин, хайрт ээжийн “дүр эсгэх” гэсээр дөрвөн жилийнхээ төгсгөлтэй золгов. Уг нь биеэ, гэрээ, төрөө засах дараалалтай. Даанч Ч.Ундрам урвуугаар нь дарааллуулж буй нэгэн гэхэд хилсдэхгүй болов уу.
МАН-аас нэр дэвшигч Ж.Батжаргал нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул. Баян-Өнжүүл сумынхаа ИТХ-ын даргаар дөрвөн жил, Төв аймгийн ИТХ-ын даргаар 10 жил ажиллаад, 2016 онд засаг ноён болсон намтартай. Улмаар 2019 онд улс төрийн тайзнаас унасан М.Энхболд өөртэйгөө хүч хавсрахаар 2020 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батжаргалыг Н.Энхболдтой хөтлөлцүүлэн Төрийн ордонд оруулж ирсэн. М.Энхболдод гавьяа байгуулж магтуулаагүй ч, гай тарьж загнуулахгүйгээр дөрвөн жилийг барсан.
Ж.Батжаргал хэтэвчнийхээ зузаанаар парламентын “заал” дотроо сүүл мушгидаг хэдийн нэг. Жишээ нь, 2022 онд 110 саяын нэг орон сууцтай, автомашингүй, хадгаламжгүй, хувьдаа компанигүй, дансандаа 825 мянган төгрөгтэй хэмээн мэдүүлж, хамгийн “ядуу” гишүүнээр ч “өргөмжлөгдөж” байв. Гэвч үнэндээ “ядуу” харагдах нь М.Энхболд, Н.Энхболд хоёроос өвлөсөн заль ч гэх нь бий. "МАНАН-гийн толгойлогч", "Монголдоо багтахгүй баян" гэгдэж төрөөс “хөөгдсөн” М.Энхболд 2020 онд хоёр орон сууцтай, 400 адуутай, 600 сая төгрөгийн хураасан хөрөнгөтэй гэж тун ядруухнаар тайлагнаж байлаа. Төв аймгаас завсаргүй зургаа сонгогдож, Төрийн түшээгээр 24 жил тухалсан Н.Энхболд ч мөн хоёр орон сууц, ганц "Патрол" жийп, 700 сая төгрөгийн хадгаламжнаас өөр гялайж, гялтайх хөрөнгөгүй гэж мэдүүлсэн байдаг. Энэ дагуу “ядуу” харагдах нь Төв аймгаас сонгогдсон түшээгийн "арга барил" ч байж мэдэх юм.
Ж.Батжаргалыг 2016 онд Төв аймгийн засаг ноён, 2020 онд төрийн түшээ болсноос нь хойш төрлийнхөн нь төрийн алба руу хошуурцгааж эхэлсэн гэдэг. Түрийвч нь нимгэн байж болох ч төрийн албан дахь төрлүүдээрээ баян гэсэн үг. Жишээ нь, Ж.Батжаргалын эхнэр Ц.Ариунаа нь Төв аймгийн төрийн өмчит “Хүмүүн” цогцолбор цэцэрлэгийн эрхлэгч, охин Б.Нямсүрэн нь Төв аймгийн Төрийн аудитын газрын аудитор, хадам дүү Ц.Эрдэнэбаатар нь Соёлын яамны харьяа Богд хааны ордон музейн захирал, хадам эгч Ц.Ариунсайхан нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч, төрсөн эгчийнх нь хүү Б.Насанжаргал Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Б.Насанжаргалын эхнэр Г.Ариун-Уянга нь Төв аймгийн ЗДТГ-ын нягтлан бодогч, төрсөн эгчийнх нь хүү Б.Сансар Төв аймгийн Мал эмнэлгийн газрын хэлтсийн дарга, 2020 оны сонгуулийн менежер Ч.Сарангэрэл нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч гэх зэргээр төрийн албанд тухалсан нь Ж.Батжаргалыг "түрийвч нимгэн" ч төрийн албанд төрөл, танил олонтой болгожээ.
УИХ-ын сонгуулийн V тойрогт нэр дэвшиж буй дараагийн хүн бол Дарханы Шарын голын уугуул Д.Өнөрболор. Тэрбээр 1996 оноос хойш “Сөүл групп”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 онд М.Энхболдын нөмөр, нөөлгөөр УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүхтэй. Түүнийг “газрын наймаа”-ны нээлттэй сонсголд гарцаагүй дуудагдах хүмүүсийн нэг ч гэдэг.
Мөн “Зайсангийн зиндаархал” гэгчийг эхлүүлсэн хүн бол Д.Өнөрболор гэдэг. Тодруулбал, Д.Өнөрболор 2000-аад оны эхээр М.Энхболдын газрын “ченж” байсан Б.Наранхүүгээс Баянзүрх дүүргийн I хороо, Чингис зочид буудлын арын га газрыг авч, тус газар дээрээ “Рояал кастле” хотхон, “Сөүл” бизнес төвийг барьснаар тансаг зэрэглэлийн барилгын бизнесээ эхлүүлжээ. Дараа нь Д.Өнөрболор зэлүүд шахуу байсан Зайсангийн амыг тансаг зэрэглэлийн хотхон, хорооллоор дүүргэхээр ханцуй шуусан. Зайсан толгойн урд талын газруудыг бүхэлд нь туслах Г.Идэрхүүгийнхээ “Бизибий” ХХК-ийн нэр дээр авч, Зайсан толгойн урд хаяа дэрлүүлэн “Роял Грийн Вилла” хотхон, “Сөүл Роял Каунти Вилла” хотхон, “Роял Кровн Вилла” хотхон, “Роял Хилл Каунти” хотхон гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхон барьж худалдсан. Зөвхөн “Роял Хилл Каунти” хотхон л гэхэд 9.9 га эзэмшил газартай, 29 хаустай гэдгээс Д.Өнөрболор Зайсангийн амны “эзэн” гэгддэг нь үнэнээс нэг их хол зөрөхгүйг харуулдаг.
УИХ-ын сонгуулийн V тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт МАН-аас нэр дэвшиж буй дараагийн хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх С.Лүндэг. Түүний хувьд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас туслахаар нь ажиллаж, Ерөнхийлөгч болсных нь хойно ахлах зөвлөх нь болж "хэргэм" дээшилсэн нэгэн. У.Хүрэлсүхийг дагаснаас өөр С.Лүндэгт албан тушаал хашиж, "гай тарьж", "гавьяа байгуулсан" намтар байхгүй. Түүний өвөө Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Төв аймгийн Авдарбаян сум буюу одоогийн Баян сумын уугуул. Тийм ч учраас С.Лүндэг Төв аймгийнхан өөрийг нь биш юм гэхэд өвөөг нь таних тул төрийн түшээ болоход тохиромжтой тойрог гэж тооцоолж V тойрогт хүч үзэж буй. Нөгөөтээгүүр Төв аймгийн тойргийг алддаггүй Н.Энхболдын төрд ажиллах нас нь явж, түшээ болох найдваргүй болсон учир У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн тойргийг өөрийн болгож, төрийн түшээ болох горьдлоготой тус аймаг тийш "явдалтай" болсон түүхтэй.
Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн тойрогт Сэлэнгийн Засаг дарга Н.Лхагвадорж мөн хүч үзэж байна. Түүний намтар, түүхийг судалж үзвэл, 2005 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа модны аж ахуйн “Жаврай” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2012 он хүртэл өөрөө ерөнхий захирлаар нь ажиллажээ. Харин 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын туслах болж, 2016 он хүртэл "үнэнч" зүтгэсэн гэнэ. Улмаар 2016 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоход Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар томилогджээ.
Н.Лхагвадоржийн “Жаврай” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа буюу Зүүнхараад ойн цэвэрлэгээ хийж, хорих ангиудад түлээний мод нийлүүлдэг, хөрөө рам ажиллуулдаг, мөн тарьц, суулгацны үржүүлэг хийдэг, бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж, 40 айлын орон сууцны хотхон барьсан, “Баян суудал” амралтын баазтай гэх зэргээр бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг. Түүний хувьд 2016 онд Мандал сумын Засаг дарга болсноосоо хойш “Жаврай” ХХК-иа төрсөн дүү Н.Отгонбаярын нэр дээр шилжүүлсэн боловч Н.Лхагвадоржийн эхнэр Т.Жаргал нь удирддаг аж. Түүнчлэн Н.Лхагвадоржийн “Жаврай” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тарьц, суулгацын нийлүүлэгч, мөн “УБТЗ” ХНН-ийн төмөр замын дэр модны дүнзний нийлүүлэгч гэнэ. Тодруулбал, “Жаврай” ХХК нь 2022 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 100 мянган ширхэг суулгац нийлүүлэх гэрээг байгуулжээ. Мөн “Жаврай” ХХК нь 2021 оноос хойш зөвхөн “УБТЗ” ХНН-т гэхэд дэр модны дүнз нийлүүлэх 395 сая төгрөгийн, 220 сая төгрөгийн, мөн дахин 220 сая төгрөгийн гурван тендерт шалгарсан байдаг.
Хаа явсан газраа сошиал сенсаци дэгдээж, олны анхаарлыг татаж байдаг "Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэл нь мөн УИХ-ын сонгуулийн V тойрогт МАН-аас нэр дэвшиж байна. Түүний хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул бөгөөд арван жилийн сургуулиа нийслэлд төгсөж, "Рояаль" олон улсын дээд сургуульд дээд боловсрол эзэмшсэн түүхтэй. Улмаар Б.Цогтгэрэл 2013 онд Лондонгийн “Ковентри” их сургуульд төрийн удирдлагын институт, 2014 онд "Их засаг" олон улсын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байдаг. "Шилэн Цогоо" нэрээрээ олонд алдартай Б.Цогтгэрэл ажлын гараагаа FM-ийн хөтлөгчөөр эхэлж байсан бөгөөд FM101.7, 98.1-д захирал, “Tsag.mn” сайтын эрхлэгчээр ажиллаж байгаад МАН-д элссэн намтартай. Ингэхдээ тэрбээр 2012-2013 онд МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын шадар туслах, 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оноос УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж буй.
Олон нийтээс "Шилэн" нэр авч, шинэ сенсаци дэгдээж, нийтийн анхаарлыг татдагаараа алдартай Б.Цогтгэрэлийн саяхан холбогдсон томоохон хэргүүдийн нэг нь койны хэрэг. Тухайлбал, хамаг мөнгөө амар хялбар аргаар өсгөх хүсэлтэй иргэдийн худалдаж авчихаад хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсан койн худалдан авагчдын хүлээлтийг тайлж, анх "Шилэн" Цогоо "Койны луйварчид" гэж шүгэл үлээсэн байдаг. Гэсэн ч койн, токен гаргагчдыг "Койны луйварчид" хэмээн зарлаж, олон нийтийн анхаарлыг койн руу шилжүүлсэн нь нөгөө талд ид өрнөж байсан нүүрсний хэрэг, сонсголын "даруухан" өнгөрөөх шалтгаан болсон. "Шилэн" Цогоо нүүрсний хэргийн анхаарлыг "койны луварчид"-ын хэргээр сольж, ард түмний анхаарлыг тийш чиглүүлэх болсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ.
Тухайлбал, Б.Цогтгэрэл нүүрс тээврийн ганц ч биш бүр хоёр компанитай нэр холбогддог сэжим байдаг аж. Түүнтэй худ ургийн холбоотой, ажил хэргийн хамааралтай М.Сугарсүрэн гэх эмэгтэйтэй өмнө нь сэтгүүлчийн хувиар хамтран ажиллаж байжээ. Харин дараа нь Б.Цогтгэрэлийг дэд сайд байх үед буюу 2017-2019 онд М.Сугарсүрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референтээр ажиллаж байсан. Цаашилбал, М.Сугарсүрэнгийн дунд хүү Зуунбилэгийн Сайнхүү нь Б.Цогтгэрэлийн 2012 онд үүсгэн байгуулсан “Ус мөрөн олон” ТББ-ын тэргүүнээр 2020 оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа гэх мэтээр холбоо хамаарал нь үргэлжилнэ. Тэгвэл М.Сугарсүрэнгийн том хүү Зуунбилэгийн Хонгор нь “Хан модун” ХХК, “Эй Юү Ар” ХХК, “Гунтаам дэлгэр” ХХК, “Аталар” ХХК, “Дорнод хангайн уул” ХХК-д хувь эзэмшдэг нэгэн. “Хан модун” ХХК, “Аталар” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын тусгай зөвшөөрлөөр автомашины улсын дугаар үйлдвэрлэх бизнес хийж иржээ. Хамгийн ноцтой нь, З.Хонгор 2020 оны арваннэгдүгээр сард “Хан модун” ХХК-ийн эзэмшигчээс нэрээ хасуулж, “Тайж сүх” ХХК-ийн эзэмшигчээр үлдсэн байгаа юм. “Тайж сүх” ХХК-ийг нь судлаад үзвэл, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, “Их даваа уул” ХХК гэх охин компанитай ажээ. Гэтэл “Их даваа уул” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 65 автомашинаар гэрээ байгуулж, Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээвэрлэж иржээ. Цаашилбал, З.Хонгор нь “Дорнод хангайн уул” ХХК-ийг Б.Бямбадорж гэгчтэй хамтран эзэмшиж ирсэн. Б.Бямбадорж нь 2020 он хүртэл “Нэмэх тээвэр” ХХК-ийг эзэмшиж байжээ. Гэтэл “Нэмэх тээвэр” ХХК нь 2020 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Гашуунсухайт-Ганц мод чиглэлд 60 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж иржээ. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдаж авдаг хоёр компанитай байнга хамтран ажиллаж, нүүрсийг нь зөөдөг байгаа юм.
Түүнчлэн Б.Цогтгэрэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болсон цагаасаа “УБТЗ” ХНН-тэй наалдаж, тус ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаатай хамтран 2017 онд ОХУ-аас актлагдсан 977 вагоныг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж оруулж ирж, дундаас нь асар их ашиг хүртсэн гэгдэж АТГ-т хамт шалгагдаж байсан түүхтэй.
V ТОЙРОГ: ЖДҮ-ЧИН, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧ, ТЕНДЕР ТҮҮГЧДИЙН НЭГДЭЛ БУЮУ МАН-ЫН 10 НЭР ДЭВШИГЧ |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |