Д.СОДГЭРЭЛ: СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР ТӨСӨӨЛСНӨӨС ӨӨР БАЙСАН УЧРААС “ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА” БИЧЛЭГЭЭ ХИЙСЭН

2024-09-18,   3492

         “Би гэртээ харимаар байна” гэх дүрс бичлэгээрээ олны анхаарал татаад байгаа Д.Содгэрэл 16 настай, нэгдүгээр курсийн оюутан. Гэрийнхэндээ үргэлж эрхэлдэг охин гэнэт л аав, ээж, ахаасаа хол байна гэхээр ганцаардаж, дотуур байр нь төсөөлснөөс нь өөр байсан учраас уйлчихсан гэнэ. Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс “Choco&Soko” цахим хуудсыг хөтлөн хөгжилтэй, дурсамжтай бичлэгүүдээ хуваалцаж эхэлжээ.

-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Чиний "Гэртээ харимаар байна" гэх бичлэг олонд хүрсэн шүү дээ. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-Оюутныхаа байрыг хараад тухайн үеийн мэдрэмжээ илэрхийлж хийсэн бичлэг л дээ. Гадаадад сурахаар төлөвлөж байсан учраас тэдний их сургуулиудынх нь дотуур байраар өөрийнхөө орох байрыг төсөөлж байтал бодсоноос өөр байсан. Нүдэнд нулимс цийлгэнээд л эхэлсэн. Эхэндээ ээж рүүгээ явуулах гэж биччихээд дараа нь цахим сүлжээнд тавьсан. Тэгж олон хүнд хүрнэ гэж бодоогүй ээ. Тэр бичлэгээс тасалж, эвлүүлсэн олон бичлэг байсныг дүү нар маань явуулсан. Тасалж тавихдаа миний царай арай хөөрхөн гарсныг нүүр зураг болгоосой гэж бодсон. 

-Юу нь тийм өөр санагдсан юм бэ?

-Ер одоо бодоход орчин солигдсон нь хамгийн том уйлах шалтгаан байсан байх. Гэрийнхнээсээ хол амьдарч, тэр гэрээс хамааралгүй болж байгаа юм шиг сонин мэдрэмж төрсөн учраас уйлсан.

-Их сургуулийн оюутан болох ямар байна?

-Шинэ орчин орчин болоод тэр үү одоохондоо жаахан хэцүү л байна. Одоохондоо ангиа олохгүй байгаа, анх бүртгүүлсэн сургууль дээрээ бүх хичээлдээ сууна гэж бодож байтал сургууль маань хичээлийн таван байртай болж таарсан. Сайн найзтай болж амжаагүй л байна. Удахгүй найзтай болох байх. Өөрийгөө том хүн болж байгаагаар мэдэрч, оюутны амьдралаа төсөөлж, догдолж байсан. гэхдээ төсөөлснөөс тэс өөр юм билээ. Гэрийнхнээсээ хол ерөнхий боловсролын сургуулийн оюутан шиг л санагдаж байна.

-Дотуур байрандаа орсон даруй уйлсан охиндоо гэр бүлийнхэн юу гэж хэлсэн бэ?

-Манай гэрийнхэн зүгээр байгаа. Залгаад ярихаар шоолоод, уйлах гэхээр "Зүгээрээ тэснэ шүү" гэдэг. Өдөр бүр ярьж байгаа. Ээж маань гэрээсээ хувцсаа баглаад явах болоход дагаад уйлсан юм. Дараа нь дотуур байранд ороод уйлсан чинь "Одоо ингэж гутрахгүй ээ, "Сайн уу, амьдрал минь" гээд алхаад ор" гэсэн.

-Гэрийнхэн нь бие дааж амьдрахыг нь их дэмжиж байгаа бололтой?

-Биеэ дааж амьдраасай гэж их хүсдэг. Гэхдээ би гэрийнхээ хамгийн эрх нь, дүүгээсээ ч эрх. Үргэлж аав, ээжтэй эсвэл ахтай хамт байдаг. Гэтэл тэднээсээ хол амьдарч байна шүү дээ, тэгэхээр үнэхээр ганцаарддаг юм байна. Ээжийнхээ гарын хоолыг үнэхээр их санаж байгаа, заримдаа хийж өгсөн хоолыг нь голдог байсан өөрийгөө загнамаар санагдсан.

-Түрүүлж оюутан болсон ах нь ямар зөвлөгөө өгсөн бэ?

-"Цэвэрхэн байгаарай, хүнтэй эвтэй байгаарай, өлсөнө шүү" гэсэн. Ер нь хайр нь дотроо хал нь гаднаа хүн л дээ. Анхаарал тавьж байгаач тэрийгээ тийм ил гаргаад байдаггүй. Надаас хоёр насаар ах, бидний төрсөн өдөр нэг өдөр болдог нь их гоё. Үргэлж ахынхаа дэргэд явж байдаг хүүхэд ингээд хол байхаар жаахан ганцаардаж байгаа.

-Яагаад тус мэргэжлийг сонгосон болов?

-Бялуу, нарийн боов хийх дуртай, хобби дээрээ үндэслэж сонгосон мэргэжил л дээ. Хүн үргэлж сайжирч байдаг шүү дээ. Сонирхлоороо хийдэг байсан зүйлээ илүү мэргэжлийн түвшинд, шинжлэх ухаан талаас нь судалж хийхээр шийдсэн. Хүн бүрийн эрүүл мэндэд тохирсон бүтээгдэхүүн хийхийг хүссэн учраас сонгосон. Би хүнсний шинжлэх ухааны чиглэлээр сурахыг хүсэж байгаа. Гэтэл Монголд миний сонирхсон мэргэжлийн ангитай сургууль байгаагүй. Гадаад сурах гэтэл заавал 18 нас хүрсэн байх шаардлага тавьсан. Ингээд хоёр жил завсарлага авах уу, эх орондоо сурах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Мэргэжлийнхээ талаар суурь ойлголтуудыг авч өөрийгөө хөгжүүлэхээр шийдээд ХААИС-ийн мах, сүү үйлдвэрлэлийн технологийн ангид элссэн.

-Үргэлж ангийнхнаасаа хоёр насаар дүү сурагч байжээ?

-Ах түрүүлээд сургуульд орчихсон чинь араас нь их дагасан гэсэн. Тэгээд ээж намайг таван нас арай хүрээгүй байхад сургуульд оруулчихсан хэрэг. Багадаа ангийнхандаа насаа хэлчихдэг байсан. Наймдугаар ангидаа өөр сургуульд шилжээд насаа хэлтэл “Биднийг эгч, ах” гэж дууд гээд эхэлсэн. Тэр үеэс хойш хүмүүст насаа хэлэхээ больсон.

-“Choco&Soko” цахим хуудсаар дамжуулж дүрс бичлэг хий эхэлсэн талаараа ярихгүй юу?

-Би юу ч болсон зураг л үлдэнэ гэж боддог. Дүрс бичлэг хийж эхэлсэн гол шалтгаан нь ч тэр. Цар тахлын хөл хорионы үеэр гэртээ байхдаа дүрс бичлэг хийж эхэлсэн. Камерын өмнө ярих дуртай учраас үнэхээр сонирхолтой санагдсан. Эхэндээ гэрийнхэн, хамаатан, найзууд л үздэг байлаа. Ээж эхнээс нь дэмжсэн, аав маань эсэргүүцдэггүй ч бас тийм ч таатай хүлээж авдаггүй. “Choco&Soko” суваг манай гэр бүлийн дурсамж хадгалах хайрцаг шиг л байдаг учраас их хайртай. Ээж маань гэрийнхнийгээ санахаараа үргэлж үздэг гэсэн. Би дөрвөн жилийн өмнө дүрс бичлэг хийж эхэлсэн өөртөө үнэхээр их баярладаг. Тэр үед хийж эхлээгүй бол хэзээ ч хийхгүй байх болов уу.

-Чамд ирсэн хамгийн хөгжилтэй сэтгэгдэл юу вэ?

-Хэд хоногийн өмнө нагац дүүтэйгээ хамт бичлэг хийгээд тавьсан юм. Гэтэл “Өөрөө ийм жаахан байж ийм том хүүхэдтэй. Энэ ээж, аавууд хүүхдээ хүмүүжүүлмээр юм” гэсэн байсан. Тэр үнэхээр хамгийн хөгжилтэй сэтгэгдэл.

-Чиний дараагийн зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ?

-Нарийн боовны үйлдвэртэй болох мөрөөдөлтэй. Миний удаан хугацаанд бодож, төлөвлөж, хүрэхээр хичээж байгаа мөрөөдөл.

-Сонирхолынхоо дагуу нарийн боов хийж борлуулж байсан уу?

-Шаардалагатай эрүүл ахуйн шинжилгээг нь өгөөд бялуу хийж зарж байсан. Одоохондоо дотуур байранд байгаа учраас хэсэг зогссон байна. 2021 оны шинэ жилийн баяраар анхны захиалгуудаа авч бялуу хийж эхэлсэн. Дараагийн жил нь илүү олон захиалга ирсэн учраас цех түрээслээд бялуугаа хийсэн. Миний хийсэн бялуугаар баярынхаа ширээн чимж, амтархан иднэ гэхээр үнэхээр сайхан санагдсан. Ээж “Чанартай юм хий, чанартай бүтээгдэхүүн ашигла” гэж хэлдэг учраас орцондоо анхаарч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнээр хийхийг хичээдэг.

-Оюутан болсныхоо дараа дүү нартаа хандаж хэлмээр санагдсан зүйл байсан уу?

-Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа сурагч насаа хайрлаарай. Сурагч үеийнхээ нандин мөчүүдийг мэдрээрэй. Сонирхсон бүхнээ хийж үзээрэй, ЭЕШ-аас битгий айгаарай, аль болох олон хичээлээр шалгалт өгөөрэй. Би хоёр хичээлээр ЭЕШ өгсөн болохоор жаахан харамссан.

 


Д.СОДГЭРЭЛ: СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР ТӨСӨӨЛСНӨӨС ӨӨР БАЙСАН УЧРААС “ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА” БИЧЛЭГЭЭ ХИЙСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com