• Өнөөдөр 2024-04-20

З.ХИШИГЖАРГАЛ: Хэн нэгнийг амжилтад хүрэхэд нь туслаагүй бол шүүмжлэх эрхгүй

2022-04-03,   673

Эргэлт.мн мэдээллийн сайт “Шинэ танил” булангийнхаа энэ удаагийн зочноор “ZUER” продакшны залуу жүжигчин Зууннастын Хишигжаргал буюу Үүлээтэй ярилцлаа. Тэрбээр СУИС-д жүжигчний ангийг төгссөн бөгөөд хүсэл сонирхлоороо сэтгүүлчээр ажилладаг байжээ. Ингээд дайчин, хүссэн зүйлдээ эзэн нь болдог түүнтэй ярилцсан яриагаа танд хүргэж байна.

 -Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Сайн байна уу. Намайг Зууннаст овогтой Хишигжаргал гэдэг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж өссөн айлын том охин. Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 2020 онд сурч төгссөн.

-Жинхэнэ нэр нь З.Хишигжаргал юм байна шүү дээ. Яагаад Үүлээ гэж нэрлэдэг юм бэ?

   -Манай гэрийнхэн намайг бага байхаас Үүлээ гэж дууддаг байсан. Тэгээд ойр дотнын хүмүүс бас тэгж дууддаг болохоор хүмүүс намайг  Үүлээ гэдэг нэртэй гэж боддог. Жинхэнэ нэрийг маань мэддэг нь ховор шүү.

-Айлын том охин байх ямар байдаг вэ?

   -Би нэг дүүтэй, айлын том охин болохоор гоё байдаг. 

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Одоо байгаа шигээ хөдөлгөөнтэй хүүхэд байв уу?

   -Бага байхын л ийм хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Энэ тэнд авирсан, хүн шоглосон, шоолсон эршүүд хүүхэд. Гэхдээ урлаг, соёлын авьяастай тийм хүүхэд байлаа.

ЖҮЖИГЧИН МЭРГЭЖИЛ СОНГОСОН НЬ АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР

-Анх хэрхэн мэргэжлээ сонгож байсан бэ?

   -Багадаа малын эмч болно гэж боддог байлаа. Гэхдээ багаасаа л дуулж, бүжиглэх дуртай байсан болохоор арван жилийн сургуулиа  төгсөөд “Би юу сайн хийж чадах бол” гэж  их бодсон. Тэгээд дуртай хоббигоо өөрийн мэргэжил болгож чадсан. Ингээд харахаар дуулах, бүжиглэх хоёрыг нэгтгэж нэг болгож чадах нь жүжигчин мэргэжил гэж бодсон болохоор сонгосон юм уу даа. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр.

-Сэтгүүлчээр ажилладаг  байсан гэж сонссон юм байна. Тэр түүхээсээ ярихгүй юу?

    -СУИС-ийн Театр урлагийн сургуульд суралцаж байх хугацаандаа тайзны ярианы хичээлдээ их дуртай байлаа. Тиймдээ ч мэдээ унших, бэлтгэх дуртай байсан юм. Ингээд  сургуулиа төгсөөд “Сүлд” телевизэд сэтгүүлчээр ажилласан. Тэнд нийт долоон сар ажиллаад тэгээд “ZUER” продакшнд орсон. Сэтгүүлч мэргэжлийн  анхан шатны мэдлэг байгаагүй ч аливаад тууштай байсан болохоор хурдан сурсан гэж боддог.

-Яагаад заавал дүрс бичлэгээ богино хийх болсон бэ?

    -Миний үндсэн мэргэжил жүжигчин учраас мэргэжлээрээ ажиллахад хамгийн ойрхон байсан нь” ZUER продакшнд жүжигчин хийх  юм. Продакшндаа ажиллаад нэг жил болсон байна. Энэ хугацаанд олон зүйл сурч мэдэж авсан.

-"ZUER продакшн" бусад ижил төрлийн дүрс бичлэг хийдэг газруудаас юугаараа онцгой вэ?

    -Бид дүрс бичлэгүүдээрээ нийгэмд, залуучуудад илүү эерэгээр нөлөөлье гэж хичээж ажилладаг. Тиймээс манай дүрс бичлэгүүд илүү олон хүнд хүрдэг байх гэж бодож байна.

ХҮМҮҮСЭЭС ИРСЭН СӨРӨГ СЭТГЭГДЛИЙГ ЭМЗГЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

-Анх бичлэг хийж эхэлснээс хойш хүмүүсийн хандлага ямар байсан бэ. Сөрөг сэтгэгдэл авахаар сэтгэлээр унадаг уу?

    -Надад  хар бараан сэтгэгдэл их ирдэг л дээ. “Өөрийгөө хэн гээд бодчихсон юм” “Царай муутай юм” гэх мэтчилэн. Би анх дүрс бичлэг хийдэг байхдаа 50 орчим килограмм жинтэй байж байгаад одоо 60 гаран килограмм болоод жин нэмчихсэн. Тэгсэн хүмүүс “Чи эгчийгээ бүдүүн, тарганаар нь дуудаад байсан. Одоо өөрөө бүдүүн болж байна” гээд муухайгаар хэлнэ. Иймэрхүү сэтгэгдлийг анх их эмзэглэж хүлээж авдаг байсан ч сүүлдээ тоохоо больсон. Угаасаа л тэр хүмүүсийн оюуны сэтгэн бодох чадвар, тэдний дүгнэлт болохоос миний бодол биш.Тэд тэгж хэллээ гээд миний амьдрал өөрчлөгдөхгүй. Яах вэ тэр үгс намайг бага зэрэг шаналгана.  Гэхдээ би сэтгэлээ засаад цаашаа явчих учраас сөрөг сэтгэгдлийг тоохоо больчихсон.

-ZUER продакшнтай холбогдсон түүхээсээ хуваалцаач?

    -Анх орохдоо Зулаа эгчийг,  манай эгч нартай хамт бүжгийн сургалт зохион байгуулдгаар нь  мэддэг байсан. Бусад гишүүнтэйгээ продакшндаа ороод найзууд болсон. Бид одоо гэр бүл шиг нэгнийхээ юунд дуртай, дургүй хэнтэйгээ амьдардаг гээд бүгдийг мэддэг болохоор харьцахад амар байдаг. Тийм болохоор ажлаа хийхэд зөрчил маргаан гараад байдаггүй. Хэрэв ямар нэгэн маргаан, үл ойлголцол гарах юм бол дор нь шийдээд явчихдаг.

-Шантрах үе гарч байсан байх жүжигчнээ болиод өөр зүйл хийх гэж бодож байсан уу?

    -Хүн л учраас шантрах үе гардаг. Гэхдээ болино гэж бодож байгаагүй, бүүр илүү их хичээнэ дээ л гэж боддог.

-Жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан бол өөр ямар ажил хийх байсан бэ. Өөр авьяас, чадвар байгаа юу?

         -Жүжигчнээс өөр чадвар гээд бодсон яг энэ гээд хэлчих юм санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ юм сайн оёдог, гарыг уртай, хүний арга эв олчихдог, амьдралын ухаантай болохоор өөр ажил аргыг нь олоод хийчих бололтой.

-Бүхнийг амжуулахыг хичээдэг бололтой. Төлөвлөгөө гаргаж ажилладаг уу?    

    -Ер дандаа төлөвлөгөөний дагуу ажиллахыг хичээдэг гэхдээ ядарсан үедээ өөртөө амралт өгч чаддаг. Тэгээд өөртэйгөө адилхан залуу хүмүүст "Аливаа зүйлд тууштай, зориг зүтгэлтэй байгаарай. Өөрийгөө хэтэрхий их битгий их хүчилж ядраагаарай. Хийхгүй л бол болохгүй гэсэн хүлээсээр өөрийгөө битгий хүлээрэй. Өөртөө цаг зав гаргаж байгаарай. Манай залуучууд чинь хэнээс ч юм гуйхгүйгээр амьдралаа аваад явахыг хичээдэг хүмүүс. Бүгдийг болгох гээд хэт их битгий хичээгээрэй, өөртөө амралт өгөөрэй. Өнөөдөр чадахгүй байсан ч маргааш чаддаг болдог юм билээ" гэж хэлье.

-Таны хамгийн чухал зүйл юу вэ?

    -Миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүн бол ээж. Ээжийгээ маш их хайрладаг. Би өөрийнхөө тууштай, шантардаггүй занд их дуртай. Хэн нэгэн надад ямар нэгэн ажил даалгах юм бол би уйлж байгаад ч хамаагүй дуусгадаг. Өвөө, эмээ хоёр маань намайг цаг барьдаг болгож хүмүүжүүлсэн.

-Жүжигчин мэргэжил сонгосондоо харамссан үе байсан уу?

    -Анх оюутан болчихоод би харамсах байх, би чадахгүй байх гэж их боддог байсан. Тэгээд өөрийгөө дайчлаад "Бусдаас би юугаараа дутах билээ" гээд хичээсэн учраас харамсах гэдэг үгийг өөрийг үгсийн сангаасаа хассан. Ирээдүйд ганцхан жүжигчнээрээ ажиллана гэвэл бага зэрэг хэцүү. Тиймээс давхар өөр орлогын эх үүсвэртэй болно гэж боддог.

-Цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?

    -Цаашдын зорилго гэвэл мэдээж мэргэжлээрээ ажиллана тайз, дэлгэцийн уран бүтээлд оролцож жүжиглэнэ, өөрийн гэсэн мал эмнэлэгтэй болох, илүү идэвхтэйгээр амьдарч өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог. Миний хувьд ойрын арван жилдээ гэр бүл төлөвлөөгүй байгаа.  Өөрийгөө хөгжүүлээд явдаг эмэгтэйчүүдийн нэг болно гэж боддог. Хүмүүс карьер хөөнө гэхээр “Ямар би төвтэй, их зантай юм бэ гэдэг” би тэр үгэнд бол дургүй. Өөрөө хичээгээд амжилтад хүрч байхад тэрийг үгүйсэгдэг хөндлөнгийн хүмүүсийн шүүмжлэлүүдэд хүлцэнгүй ханддаггүй. Миний амжилтад хүрэхэд зааж туслаад, дэмжээгүй бол намайг шүүмжлэх эрхгүй гэсэн бодолтой байдаг.

-Ярилцсанд баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье

    -Баярлалаа, сүүлд нь өөртэйгөө адилхан залуучуудад хандаж хэлэхийг хүссэн зүйл бол хүмүүсийг арьс өнгө, гадаад байдлаар нь битгий шүүмжлээрэй. Монгол Улсад царайлаг л бол жүжигчин болдог гэж боддог, үгүй шүү хүн бүр өөрийн гэсэн дүр төрхтэй дахин давтагдашгүй. Хүнийг харагдах байдлаар нь биш, дотоод мөн чанараар нь хардаг байгаарай. Залуучууд минь өөртөө л таалагдаж амьдаарай, өөрийгөө битгий алдаарай" гэж хэлмээр байна.

О.Эрдэнэтунгалаг

 


З.ХИШИГЖАРГАЛ: Хэн нэгнийг амжилтад хүрэхэд нь туслаагүй бол шүүмжлэх эрхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188