• Өнөөдөр 2024-05-09

Т.ЦЭНД-АЮУШ: Дэвжээн дээр өөрөө өөртэйгээ ярьж, барилддаг

2021-12-02,   1221

      Абу Даби хотноо зохион байгуулагдсан “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP” тэмцээний ээлжит алтан медалийг хүртсэн Garuda академийн тамирчин Т.Цэнд-Аюушийг урилаа. Тэрбээр Увс аймгийн уугуул бөгөөд багаасаа чөлөөт бөх, жүдогоор хичээллэсээр иржээ. Ингээд дэлхийн аварга болсон түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Дэлхийн тэмцээнээс алтан медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?
 
         -Баярлалаа. Дэлхийн том тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Тус тэмцээнд манай улсаас нийт 20 тамирчин орсон бөгөөд тэмцээний өрсөлдөөн ч их хатуу болсон. Тэгээд жюү-жцүгийн төрлөөр үндсэндээ гурав барилдаж алтан медаль хүртлээ.
 
-Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
 
                   -Медаль авна гэдэгтэй жаахан эргэлзэж байсан. Юутай ч дэвжээн дээр гараад өөрийн бүх чадах зүйлээ л хийе гэж бодсон. Анх багш “Алтан медаль авч ирээрэй. Өөр медаль хүлээж авахгүй шүү” гэсэн. Багшийн энэ үг намайг их хурцалж, заавал түрүүлнэ гэсэн бодол битүүхэн дээ тээж байсан. Тэгээд багшийнхаа захисныг биелүүлж, медаль хүртсэндээ баяртай байна.
 
-Аль улсын тамирчинтай барилдаж түрүүлсэн бэ. Өрсөлдөгчөөсөө айх тохиолдол гарч байв уу?
 
                -Ер нь бол айх гэхээс илүү сандардаг. Мэдээж айгаад байвал амжилттай оролцож чадахгүй шүү дээ. Саяны тэмцээнд Бразил, Иран Улсын тамирчинтай барилдахдаа жаахан сандарсан. Хамгийн сүүлд Иран улсын тамирчинтай барилдаж, түрүүлсэн. Уг нь бид өрсөлдөгчөө судалдаг. Энэ удаагийн тэмцээнд явахын өмнө ковид тусаад эдгэсэн болохоор бэлтгэлээ бага хийсэн. Энгийн үед долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг.
 
-Тэмцээнд түрүүлж байхад багш нь их баярлаж, тэвэрч байгаа харагдсан. Мэдээж аав, ээж, багш нь хамгийн их баярласан байх?
 
             -Тийм ээ. Энэ тэмцээнд оролцоход багш минь их зөвлөж, удаан хугацаанд бэлтгэл хийсэн учир их баярласан. Багш “Дэвжээн дээр гарахдаа тэр улсын тамирчинтай ингэж барилдаарай” гэж зөвлөнө.Тэгээд л дэвжээн дээр гарахдаа багшийнхаа хэлсэн зүйлсийг бодож, хэрэгжүүлдэг. Аав, ээж маань мэдээж чих тавин эх орондоо хүлээж байсан. Тэд “Дэлхийн аваргатай боллоо” хэмээн их баярласан. Өөрийн хичээл зүтгэлээр гаргасан амжилтаараа аав, ээжийгээ баярлуулах л хамгийн сайхан. Намайг тэмцээнд явахад гэр бүлийнхэн минь түрүүлнэ гэхээс илүү сурсан мэдсэн, өөрийн чадах бүхнээ л хийгээрэй гэж захисан.
 
-Спортын мастер цолтой юм билээ. Хэзээнээс спортоор хичээллэж эхэлсэн бэ?
 
      -Анх наймдугаар ангиасаа хойш спортоор хичээллэж эхэлсэн. Өмнө нь чөлөөт бөх, жүдогоор хичээллэдэг байсан болохоор улсынхаа тэмцээнд оролцож байсан. Тэгээд хүүхдээ төрүүлээд гэртээ суусныхаа дараа их жин нэмсэн. Тэгээд л жюү-жцүгийн төрлийг сонгон, хичээллэж эхэлсэн. Нөгөө талаар энэ төрөл тархины фитнес гэж яригддаг. Мөн насны хязгааргүй, бүсний ангиллаар барилддаг.
 
-Сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ, дэвжээн дээр гараад хамгийн түрүүнд ямар бодол төрдөг бол?
 
         -Дэвжээн дээр гараад “Чи чадна, хичээгээрэй, чадах бүхнээ хий, ухаантай барилдаарай” гэх зэргээр өөрөө өөртэйгээ ярьдаг. Тэгээд оноо алдахаараа өөрийгөө улам зоригжуулж, оноо авахаараа одоо жаахан хичээх хэрэгтэй гэж өөртөө урам өгдөг.
 
-Хоёр хүүхдийн ээж юм байна. Цаг наргүй тэмцээний бэлтгэл гээд гэр бүлдээ гаргах цаг ховор байдаг болов уу?
 
  -Тийм ээ. Манайх Замын-Үүдээс хотод шилжиж ирээд хоёр жил болж байна. Ер нь бол гэр бүл орхигдох гээд байдаг тал бий. Гэхдээ нөхөр минь мөн спортын хүн болохоор намайг ойлгож, дэмждэг. Хань маань чөлөөт бөхийн азийн аваргын хүрэл медальтай. Гэрийнхэн ойлгож, дэмждэг болохоор өнөөдрийн амжилтад хүрсэн гэж боддог.
 
-Жингээ хассанаас гадна спорт танд юу өгсөн гэж боддог вэ?
 
 -Спортоор хичээллэсэн хүн хэзээ ч муу хүн болохгүй. Зөв төлөвшилтэй, сэтгэлийн хаттай, аливаад тэсвэр тэвчээртэй нэгэн болдог. Би багаасаа спортоор хичээллэсэн болохоор энэ бүхнийг баттай ойлгосон. Тиймээс хүүхдүүдээ багаас нь спортоор хичээллүүлэх хэрэгтэй гэж боддог. Эрүүл бие саруул ухаан оршино гэдэг шиг спортоор хичээллэж байж бие эрүүл, амжилт гаргана.
 
-Одоо оролцох тэмцээний хуваарь гарсан байх?
 
  -Ирэх оны нэгдүгээр сарын эхээр болох улсын аварга тэмцээнд орно. Мөн тэгээд хуваарьт тэмцээнүүдэд ороод явна.

Т.ЦЭНД-АЮУШ: Дэвжээн дээр өөрөө өөртэйгээ ярьж, барилддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 16:11:04
    Baynzul: My nz mundag hvchirheg emegtei chmaaraaa baharhaad hanashguie bayr hvrgi tomoos tom dahin dahin amjilt
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188