• Өнөөдөр 2024-05-17

ХЯМД ҮНЭТЭЙ ХИЙЛДЭГ ГУДАС, ЗАВЬ ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙНА

2022-07-31,   1018

-АМАРЧ БОЛНО, АМИА АЛДАЖ БОЛОХГҮЙ-

               Голын эрэг дээр амарч суутал юу юугүй хүмүүс хашхираад явчихлаа. Сандарсан олны дундаас “Хүүе, тэр хүүг авраач та минь, живэхэд ойрхон байна шүү дээ” хэмээн 70 гаруй насны хөгшин гараа савчин хашхирна. Тэндээс нэг гартаа лаазтай шар айраг барьсан халамцуу эр цамцаа тайлаад “Би үсэрч ороод аваръя. Хүний нялх үр миний хүүгээс ялгаа юу байх вэ” хэмээх хашхиртал хажуугаас нь нэг эмэгтэй “Юугаа солиороод байгаа юм” гээд халамцуу эрийг бараг чирээд явав.  Яах учраа олохгүй дэмий л хашхирч сандарч байгаа хүмүүсийн дундаас илүү чангаар уйлж, хавь ойрынхоо хэн нэгнийг тусалж магад хэмээн бодож байгаа бололтой 30 гаруй насны эмэгтэй бусдаас тусламж гуйн "Миний хүү усанд живчихлээ шүү дээ” гээд уйлж гарав. Эмэгтэй арга барав бололтой усны зах руу ортол хүмүүс буцаан татаж авлаа. Гэтэл нэгэн залуу голын эргээс ус руу үсрэн оров. Урсгал усан дотор сандран гар хөлөө савчуулж буй хүү рүү сэлж очин эрэг рүү гаргаж ирлээ. Тэр даруй ээж нь хүүгээ аван эмнэлэг явав бололтой, "Приус-20" маркийн автомашинд суун одов. Сандарч мэгдсэн амрагчид нэг нэгэндээ анхааралтай байхыг зөвлөөд өөр өөрсдийн майхан руугаа зүглэх тэр. "Монголын мода гурав хоног" гэгчээр хэсэг хугацааны дараа ахиад л голын эргээр дүүрэн хүүхэд тоглоод эхэллээ. Нэг нэгнээ ус руу түлхэж, ус цацна. Тэр бүү хэл нохойныхоо хүзүүг оосорлоод усанд живүүлж хэсэг хугацааны дараа татаж гарган тоглоно. Эцэг, эхчүүд нь голын эргээр архи, дарс ууж, дуулж хуурдаад бяцхан үрсээ анхаарах сөхөө алга.

Эцэг, эхчүүд нь голын эргээр архи, дарс ууж, дуулж хуурдаад бяцхан үрсээ анхаарах сөхөө алга

             Голын эрэг даган өгсөж явтал хийлдэг гудас, завь ачсан жийп маркийн автомашинууд зогсож байна. Хүүхдүүд бөмбөг тоглож, нааш цаашаа гүйлдэнэ. Харин томчууд майхан барьж, ширээ засаж, завь, гудсаа хийлнэ. Амрагчид найраа эхлүүлж нэлээд хугацаанд бужигналдаж дуусаад болив бололтой хоёр, гурваараа салж зүг зүг рүү явцгааж эхэллээ. Харин эрчүүд болон хүүхдүүд голын эрэг рүү хийлдэг завь, гудсаа чирээд явж байв.

             Тэд хийлдэг завь, гудсаараа голын наад эргээс цаад зах руу нь гарч ээлж дараалан гарцгаана. Гэтэл нэг хийлдэг завь голын цаад захад гарахын даваан дээр хий нь гарч, жолоодож явсан эр хүүхдүүдээ сугандаа хавчуулаад ус үсчүүлэн гүйж гарлаа. Хоёр жаахан хүүхэд айсандаа чичрэн зогсоо нь харагдана. Арай л осолдчихсонгүйд нь баярлаж талархаж суулаа. Гэтэл тэднээс ердөө хэдхэн минутын дараа монгол хүний зан уу араншин уу гэлтэй эргээд гол гарахдаа дөрвөн хүний суудалтай хийлдэг завин дээр долуулаа чихэлдээд гарч байх жишээний. Удалгүй Онцгой байдлын газрын завьт эргүүл тэдэн дээр ирж стандарт бус хийлдэг завь ашигласан талаар нь хэлж, зөвөлгөө өгөв. Энэ үеэр бид Онцгой байдлын аврагчаас тодруулга авсан юм.

Дөрвөн хүний суудалтай хийлдэг завин дээр долуулаа чихээд урсаж явах жишээтэй

АЛБА ХААГЧИД: Осолдож байгаа иргэдийн олонх нь стандарт бус завь ашигладаг

               Тэрбээр “Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ оны долдугаар сарын 8-18-нд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай осол гарлаа. Сүүлийн таван жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь хүүхэд байна. Харин 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал зугаалгын үеэрх санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж буй. Иймд иргэд маань аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой явах хэрэгтэйг ухамсарлах хэрэгтэй.

           Ялангуяа сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байна.

          Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амиа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж буй юм. Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн амиа алдсан. Түүнчлэн усны ослын тохиолдлын 77 хувийг аялал зугаалгаар явж байгаад амиа алдсан тохиолдол эзэлж байна. Тухайлбал, 2020 оны наадмын өдрүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын дуудлагын  34 хувийг усны осол эзэлж, 17 хүн амиа алдсан бол он гарсаар өнөөдрийн байдлаар долоон аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 23 удаагийн усны ослын тохиолдлоор 37 иргэн амиа алдсаны найм нь хүүхэд байгаа” гэлээ. 

-СТАНДАРТ ХАНГААГҮЙ ХИЙЛДЭГ ЗАВЬ, ГУДАС 450 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА-

           Улаанбаатар хотын томоохон худалдаа төв, аяллын хэрэгсэл худалдаалдаг хэмээн онцолж хэлсэн юм. Хийлдэг завь, гудас ямар үнэтэй байгааг худалдааны төвүүдээр явж тодруулахаар Улаанбаатар хотыг зорьсон юм. Дэлгүүрүүд худалдан авчагч нарынхаа хөлд дарагдаж байлаа. Худалдан авчагч нарын олонх нь загасны уурга, шорлогийн ширээ, хийлдэг, гудас завь авч байв. Худалдан авчагч нар “Хэдүүлээ энэ жил ойрхоноор нь Өгийнуур, Тэрхийн цагаан нуур явцгаая. Гэр бүлийн дунд нэг хийлдэг завь байхад цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөж болно шүү дээ. Мөн ойр зуурын мах, махан бүтээгдэхүүн шарж идэх шорлогийн ширээ авахад хангалтай. Үүнээс гадна уул, овоонд өргөх сүү аваад явцгаая” хэмээн ярилцсаар дөрвөн хүний суудалтай хийлдэг завь 450000 мянган төгрөгөөр худалдаж аваад гарлаа. Харин нэг эр худалдагчаас хийлдэг завь, гудасны үнэ асуугаад утас цохиж “Миний байгаа дэлгүүрт хийлдэг завь арай л үнэтэй байна. Наагуур чинь хэд гэж байна. Энд хийлдэг завь дөрвөн хүний суудалтай нь 4.5 сая төгрөг, зургаан хүний суудалтай нь 4.7 сая төгрөг байна” гээд гараад явлаа. Тус дэлгүүрийн худалдан авагчаас тодруулахад “Манай дэлгүүрт чанарын стандарт хангасан бүтээгдэхүүн нийлүүлж, борлуулдаг. Худалдан авагчид ихэнхдээ үнийг сонсоод худалдан авахаа болиод гарч явдаг даа. Үүнээс гадна автомашины арын суудал дээр тавьж хийлээд ор болгодог хийлдэг гудсыг хүмүүс ихээр авч гол, усны мандал дээр хөвж байна. Зориулалтын бүтээгдэхүүн биш учраас урагдаж цоорох аюултай байдаг. Мөн чанарын стандарт хангаагүй нимгэн хаймраар хийсэн завь, гудас хямдхан байдаг. Дунджаар 450 мянган төгрөгөөр гадуур зарагддаг юм билээ. Нимгэн хаймартай завь, гудас нь урагдаж цоорох, наранд түлэгдээд хугарах тохиолдол их гардаг” хэмээн юм.

Миний байгаа дэлгүүрт хийлдэг завь арай л үнэтэй байна. Наагуур чинь хэд гэж байна

              Худалдагчийн хэлж байгаагаар хүмүүс аялал, зугаалгад явахдаа хамгийн чанаргүй, үнэ хямд бүтээгдэхүүн авдаг гэж үү. Үүнээс гадна монголчууд хайхрамжгүй дээрээ чанарын стандарт хангаагүй завь, хийлдэг гудас хэрэглэж буй нь гол усанд осолдож амиа алдахад хүргэж байгаа биз ээ. 

Дунджаар 450 мянган төгрөгөөр гадуур зарагддаг юм билээ. Нимгэн хаймартай завь, гудас нь урагдаж цоорох, наранд түлэгдээд хугарах тохиолдол их гардаг


ХЯМД ҮНЭТЭЙ ХИЙЛДЭГ ГУДАС, ЗАВЬ ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188