• Өнөөдөр 2024-04-24

“Сэгс цагаан богд” найраглалын гол дүр Н.СҮХБАТ: Тэнгэрийн энэ л хаяандаа, тэмээчин эгэл заяандаа насыг барлаа даа, эгч нь

2023-06-27,   2058

     -НАДАД МАЛЫН МИНЬ БЭЛЧЭЭРЭЭС ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ-

          Цэнхэртэн униартах Сэгс цагаан богдын зүг хараа сунган, хаврын говийн тэнгэр дор догдлон, догдлон, энэ их говийн хонгор салхийг амсаж зогслоо. Бага, балчир цагаас л “Сэгс цагаан богд” хэмээх нэр хачин сайхан басхүү сүрдмээр санагдаж, бодол, сэтгэлийг минь үеийн үед гэрэлтүүлж, бадаг мөртүүд нь хэн бүхний оюун бодлыг баясгадаг сан. 

          Урин хаврын армаг, тармаг цастай говийг туулсаар манай сайтын сурвалжлах баг  өнгөрсөн долоо хоногт “Сэгс цагаан богд” найраглалын гол дүр, Цагаан уулынхаа амин зүрх нь болсон цэлгэр говийн тэмээчин бүсгүй Н.Сүхбат гуайнхыг зорьсон юм. Тэднийх өдгөө Баянхонгор аймгийн Шинэжинст сумын гуравдугаар багийн Янхирцаг хэмээх нутагт бага хүүгийнхтэйгээ айл, том хүүтэйгээ хамт хаваржиж байна. Говийн айлууд хоорондоо хол, хол нутагладаг болоод ч тэр үү хүн, амьтан цөөн үзэгддэг гэнэ. Харин тэрбээр “Бид таныг зориод ирлээ” гэхэд ихэд баярлаж, Нутгаа үзүүлэх юм сан. Намар, зуны цагт ирсэн бол янзын шүү дээ" хэмээн инээмсэглэн угтаж,  ингэний ундаагаа том хулаар мэлтэлзүүлэн аягалаад “Ууж бараарай” хэмээн байгаа бүхнээрээ дайлж, цайлаад инээд, хөөр болсон юм. Их говийнхоо, Сэгс цагаан богдынхоо үзэсгэлэн төгөлдөр шинж, амгалан тайван байдлыг насаараа чимж яваа тэрбээр алтан шаргал говь шигээ улаан шаргал дээлээрээ гоёж, “Алтан гадас” одонгоо энгэртээ зүүж баясаад өнгө ижил хүрэн тэмээдийнхээ, мянга түмээрээ идээшлэх хонин сүргийнхээ бэлчээрт бага, залуу насныхаа нандин дурсамж, тэмээчин болсон хувь заяаныхаа талаар бидэнтэй хуучлахаар баяртай нь аргагүй малынхаа бэлчээр рүү биднийг дагуулан мордсон юм. Тэдний бага хүү Амаржаргалынх 10 орчим км-ийн цаана Хар нуруу хэмээх газар бага гэр барьж, чулуугаар хашаа хийж, малаа төллүүлж байгаа аж. Тэднийх мянга гаруй бага малтай гэнэ. Биднийг очиход хонь нь төллөөд дөхсөн, ямаа нь ишиглээд эд дундаа орчихсон байв. Төлийн дуу цангинасан малчны хотонд гараад удаагүй байгаа борлог ихэр хурга, өнгө ижил цагаан ишигнүүд биднийг угтсан юм. Тэрсхэн хоёр ач охин нь ихэр хургатай болсноо мэдээгүй байсан болохоор тэднийг хараад бөөн баяр болох нь тэр ээ.  Мал төллөж буй завгүй үед тэд ч их тус нэмэр болдог бололтой. Аавынхаа, авга ахынхаа араар сундлаад л хурга, ишигнийхээ уутыг дүүргээд ирдэг гэнэ. Ингээд хурга, ишгийг нь жаахан эрхлүүлж, зургийг нь дарж байгаад хонины захад очиж сууцгаасан юм.   Н.Сүхбат гуай дөлгөөхөн харцаараа тал бүр тийшээ ширтэж, "Энэ л баян хангайдаа би өглөө бүр цай сүүнийхээ дээжийг өргөж, залбирч явдаг юм даа. Малынхаа бэлчээрт ирээд сайхан байна. Малын буян их шүү дээ” хэмээн санаашраад ярилцлагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн юм. 

-Та Шинэжинст сумынхаа нутагт өсөж, төрсөн үү?

        -Би Шинэжинст сумын гуравдугаар багийн нутагт төрж, энэ л нутагтаа 69 жил амьдарч байна. Өсөх наснаасаа тэмээчин болж, тэмээ сургаж, унаж, ноосолж, ингэ сааж залуу насаа барсан даа. Хувьчлал тарснаас хойш тэмээ маллах хүч хомсдож бог мал маллаж эхэлсэн. Одоо бог малаа ч хариулж чадахгүй, гэрт л сууж байна. Тиймээс заримдаа малынхаа бэлчээрт ирж суухаар сэтгэл сэргээд, уужим амьсгаа аваад сайхан байдаг юм. Надад малын бэлчээрээс илүү сайхан зүйл гэж үгүй. Тийм учраас чамтай малынхаа бэлчээрт сууж хуучилмаар санагдсан юм.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Аав, ээжийнхээ малч ухааныг өвлөж тэмээчин болгон байх?

       -Би айлын том охин шүү дээ. Нэг дүү минь бурхан болсон. Гурван дүү минь бий. Би хоёр хүүтэй. Нэг нь манайхтай айл. Том хүү минь хотод байдаг ч намайг асарч, тойглоод хамт байдаг.

         Манайх тэмээ голдуу малтай байдаг байсан. Аргагүй л аав, ээжийнхээ малч ухааныг өвлөж, тэмээчин болсон доо. Ээж минь 90 насалж бурхан болсон. Би ээжийнхээ хажуунаас холдоогүй хамтдаа өтөлсөн. Ээжийгээ бурхан болсноос хойш ганцаардангуй байлаа. Одоо хүүхдүүд минь л хань болж байна шүү дээ. Тэмээ унаад тэмээнийхээ захад явахад уйдна гэж байхгүй. Харин маллаж чадахаа болихоор уйтгартай болчих юм даа. Намар Улаанбаатар хоёр сар болсон. Гэтэл надаас нэг хүн “Нутгаа санаж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Хүүхдүүдээ, нутгаа, тэмээгээ” санаж байна гэсэн чинь “Тэмээгээ санаж байна гэнэ ээ” гээд дооглож байсан. Хотод очихоор тэмээ л санагддаг юм байна. Өглөө босоод унадаг байсан тэмээнүүдээ харахаар сэтгэл сэргээд янзын шүү дээ. Бог малаас илүү тэмээндээ их хайртай.

-Та ухаан орсон цагаасаа тэмээтэй харьцаж, түүний нөмөр нөөлөгт нь олон өвөл, хаврыг өнгөрүүлжээ. Та тэмээний талаар ярьж өгнө үү?

           -Би тэмээтэй холбоотой бүх ажлыг ганцаараа хийдэг байсан. Тэмээгээ ганцаараа бугуйлдаж барьж аваад сургадаг, тэмээнээс унахыг мэддэггүй явлаа шүү дээ. Гэтэл өнгөрсөн жил тэмээнээс унасан. Хөл муутай болохоор хэцүү юм.  Сургаж байсан ганц, хоёр тэмээ харагдаж л байх юм. Өөрөө чадахгүй болохоор “Тэрийг, Энийг сурга” гэж хэлэхээс цаашгүй болж  дээ. Одоо ч залуудаа маллаж байсан малаа харах сайхан л байх юм. Би ботгонд их хайртай. Ботгыг хайрлаж, өрөмдмөөр байдаг юм. Нэгдүгээрт, таван хошуу малаас ботгоны хошуу хамгийн зөөлөн байдаг. Ганцхан жил болоод буйллуулна гэж бодохоор их өрөвддөг. Мөн гарын алга шиг зөөлөн тавгаараа дэлхийг тамгалж чадан ядан зогсож эхийнхээ хөхийг олох олохгүйтэй байх нь өрөвдөлтэй. Хурдан сайхан тэмээг хараад л мэддэг байсан. Одоо тэмээ, морь их эмнэгшиж, догширч, зэрлэгшиж байна. Аргагүй дээ. Унаж, сургах залуучууд нь  сургуульд явчихдаг болж. Тиймээс тэмээ мал сургадаг, унадаг хүнгүй байна. Малынхаа захад үлдсэн хүмүүс нь автомашин, мотоциклоор малдаа явдаг болсон байна шүү дээ.

         Хамгийн өрөвдмөөр амьтан тэмээ шүү дээ. Яг л хүний хэл, яриаг ойлгож байгаа юм шиг. Ингэ ботгоо голохоор нь  дуу аяалж хайрлаад л хошуу, хөхийг нь илэхээр нүднээс нь нулимс бөмбөрөөд л ботгоо авдаг. Хүнтэй их адилхан амьтан юм даа. Зөөлөн аргаар эвтэйхэн сааж сургавал амархан номхорч, саалгадаг.

-Тэмээг сургаж, номхруулж, эдэлж явахад нь танаар бахархаж, үлгэр жишээ авдаг залуучууд байв уу?

         -Тэгэлгүй яах вэ. Ямар ч ажилд хүч чадал хэрэг болдог. Би 400-500 тэмээ хариулдаг байсан. Өдөрт аажуу тайван үедээ 20-30 тэмээ, яарсан үедээ 50 тэмээ хүлж унагаад, ноосолдог байсан. Одоо ч тийм эрэгтэй ховор байх. Тухайн үеийн малчин залуучууд надтай ижил байсан. Хүн хүний мал маллах ухаан, арга барил өөр гэж боддог. Бие биеэсээ сурах зүйл байлгүй яах вэ дээ.

-Таны бага, залуу насны сэтгэлийн гүн дэх хамгийн нандин дурсамж юу вэ?

        -Тэмээ, малаа хариулж байсан үе л хамгийн сайхан санагддаг. Тэмээгээ унаад малынхаа захад явж байсан үе миний амьдралын мартагдашгүй, сэтгэл дүүргэдэг дурсамж юм шүү дээ. Тэмээ, мал хариулж сурсан болохоор л тэгдэг байх даа.

-Та “Сэгс цагаан богд” найраглалын гол дүр болсон тухайгаа хэрхэн мэдэж байсан бэ. Та ямар учрал, ерөөлөөр тус найраглалын гол дүр болсон юм бэ. Энэ талаар танаас сонсох сайхан байна?

          -Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, Зохиолчдын хорооны дарга асан С.Удвал гуайтай хамт 20 орчим зохиолч, уран бүтээлчид говь нутгаар явж, байгалийн сайхныг биширч яваад манайд ирсэн юм. Манайд аравдугаар сарын 15-нд ирж байсан. Тус найраглал өвөл нь Утга зохиол сонинд гарч байсан. Тэр цагаас мэдсэн.

-“Сэгс цагаан богд” найраглалыг сониноос уншихад ямар санагдаж байв?

          -Санаа зовж, их ичингүйрч байсан. Захиагаар харилцаж байгаад найраглалын гол дүр болсон хүн шүү дээ.

-Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг До.Нямаа гуай та хоёрын захидал, харилцаа найраглал болж мөнхөрнө гэдэг ховор, сайхан түүх юм даа?

          -Тийм ээ. Тэр хүн 10-аад жилийн өмнө ирж уулзаж, хоёулаа телевизийн нэвтрүүлэгт хамт орж, ярилцлага өгч байсан. Одоо тэр хөгшин байхгүй, Д.Пүрэвдорж гуай байхгүй би ганцаараа үлдэж дээ. Хааяа энэ тухай бодохоор сэтгэл үймэрдэг л юм.

-Д.Нямаа гуай тантай уулзахдаа “Цаг хугацаа надтай ч нөхөрлөлөө, чамтай ч нөхөрлөлөө. Гэхдээ сайхан нөхөрлөлөө” гээд сэтгэлээ хуваалцаж байсан. Тэр үед танд юу бодогдож байв?

        -Бид 44 жилийн дараа уулзсан юм. Түүнээс өмнө бид захидлаар харилцаж, чадахгүй мэдэхгүй бүхнээс бие биеэсээ асуудаг байлаа.Их зүйл яримаар яримааргүй цаг хугацаа байсан гэж болохоор. Би түүнээс хойш хэд хэд уулзсан.

-Та хоёр хэдэн жил захидлаар харилцаж байсан бэ?

        -Хөгширсөн хойноо энэ талаар ярих хэцүү юм даа. Бид 4-5 жил захидлаар харилцаж байсан. Энэ тухай яръя гэсэн ч мартаж дээ.

-Та “Сэгс цагаан богд” найраглалтай хамт цаг мөч бүрд дурсагдах түүхэн хүн шүү дээ?

        -Багадаа энэ талаар ярихаараа ичдэг байсан. Хүмүүс ирж уулзахаар баярлах үедээ баярлаж л байсан даа. Бид залуудаа нууцаар захиагаар харьцдаг, захиагаа нууж уншдаг, бичдэг байсан. Одоо утсаар ярьж, харьцдаг болсон болохоор тэр үе их  хэцүү байсан юм шиг санагддаг шүү. Тухайн үед зарим хүн гайхаж, сайн, муу хэлж байсан байх. Сайхан санагддаг үе байлгүй яах вэ. Үеийн найз, нөхөд надаар их тоглоом, шоглоом хийж, цаашлуулдаг байсан.

-Та найраглалаа бүтнээр нь санаж байна уу. Та хамгийн сайхан санагддаг хэсгээс нь уншиж өгч болох уу?

         -Тухайн үедээ цээжилчихсэн байсан. Одоо марчихсан байна. Тэр найраглалд миний захидалдаа бичиж байсан үгүүд орсон байсан. Бичсэн зүйлээ хүртэл мартчихсан л байна.

“Маргад тэнгэрийн чулуун зүмбэр

Манант говийн үүлэн сүмбэр

Сэгс цагаан богд ууланд

Сэтгэл байвал жаргал байна” гэдэг хэсэг нь сайхан санагддаг юм. Ингээд хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Хоолой зангираад гарахаа байлаа. Харин чамд "38 жилийн өмнө суулгаж байсан модоо ямар том болсныг харуулъя" хэмээн Баруун бамбууг зорьж, түүний сэтгэлд олон зуун жил ургаж, нахиалах аварга том модыг нь үзэж баяссан юм. 

 

 


“Сэгс цагаан богд” найраглалын гол дүр Н.СҮХБАТ: Тэнгэрийн энэ л хаяандаа, тэмээчин эгэл заяандаа насыг барлаа даа, эгч нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-13 23:26:38
    Долгорсүрэн : Дундговь аймгийн Өлзийт сумын Манай нутгийн найрагч шүү дээ мундаг найрагч байлаа. Эрхэм эгч таньд эрүүл энхийг хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188