• Өнөөдөр 2024-04-26

Ажилчдын нэг ээлжид ажиллах, амрах хугацааг 14 хоног болгон тусгажээ

2022-01-21,   219

   Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан нар оролцов.
 
  Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 1 төсөл батлуулжээ. “Баталсан хууль тогтоомж амьдралд хэрэгжих нь хамгийн чухал учраас хэрэгжилтэд нь хяналт тавих Байнгын хорооны ажлын хэсгүүд байгуулагдан газар дээр нь ажиллаж, хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудлыг ч ярьсан. Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилласнаар тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн чуулган боллоо”  хэмээн Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эхэнд нь онцлон тэмдэглэв.
 
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА 2022.01.01-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
  
   1999 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсэж, хуулийн хамгаалалтад ордог байсан бол шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажиллаад эхэлсэн л бол гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцон хуулийн хамгаалалтад орох эрх үүсэж байна. Ажил хийсэн хэрнээ гэрээ байгуулаагүйн улмаас ажилчин хүн хохирдог байсныг энэ хуулиар халснаараа хүний эрхийг хамгаалсан хууль болсон гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэв.
 
Тус шинэчилсэн найруулгад хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах, малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хуулийн зохицуулалтгүй байсан хөдөлмөрийн харилцааг зохицуулалттай болгож, цалин хөлсийг тооцон олгох, гэрээсээ ажил эрхлэх, зайнаас ажил эрхлэхийг мөн хуулийн зохицуулалттай болгосон. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон нь зарим ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд гэр бүлдээ зарцуулах хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо. Мөн дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах, туршилтаар ажиллуулахыг хуульчиллаа гэв.
 
ЗУУЧЛАГЧ КОМПАНИ ЗУУЧЛУУЛАГЧААС АЛИВАА ТӨЛБӨР ХУРААМЖ АВАХГҮЙ БАЙХААР ХУУЛЬЧИЛЛАА
 
  Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулсан. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 4400 гаруй иргэд, Япон улсад гэрээгээр ажиллаж буй 161 иргэн, ур чадвар эзэмших дадлагажигчаар ажиллаж байгаа 6000 монгол иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зохицуулалт бүхий хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталсан нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
 
  Энэ хуулийг Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болох, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах, Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгасан гэв.
 
АЙЛ ӨРХ БҮР УГИЙН БИЧИГ ХӨТӨЛЖ ХЭВШИХ АЖИЛ БОДИТООР ХЭРЭГЖИХЭЭР БОЛОВ
 
  Намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжих ажлын эхлэлийг тавьж байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд цаг хугацаатай хийх ажлын чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Түүнчлэн, Байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, аудит оруулах талаар ажиллана хэмээн тэмдэглэв.
 
Хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүн Д.Сарангэрэл Нийгмийн бодлогын байнгын хороо ээлжит хуралдаанаас гадна ээлжит бус хуралдаануудыг хийж, тулгамдсан асуудал бүрийг шийдвэрлүүлэхийн төлөө Улсын Их Хурлаа манлайлан ажилласныг тэмдэглэсэн бол Ц.Туваан гишүүн Байнгын хорооноос хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд анхаарч байгаа нь маш сайн. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаагаас олон эерэг үр дүн гарч байна гэсэн бол Б.Саранчимэг гишүүн чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн чиглэл тус бүрээр ажиллана. Тухайлбал, Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын хэсэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр идэвхтэй ажиллана гэж тэмдэглэн хэлэв. Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ажилчдын нэг ээлжид ажиллах, амрах хугацааг 14 хоног болгон тусгажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188