• Өнөөдөр 2024-04-27

НАЙРУУЛАГЧ Г.ДОРЖСАМБУУГИЙН ХҮҮ АМАР: Хүүхдүүд "Арслангийн зулзага явж байна" гэдэг байсан

2022-07-14,   2440

Кинонд дуртай ард түмэндээ “Арслан” хэмээн хайрлагдсан жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу гуайн хүү найруулагч Д.Амартай ярилцлаа. Тэрбээр аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлэн найруулагч болсон бөгөөд “Миний ахын эхнэр”, “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” зэрэг олон киноны найруулагчаар ажиллаж байсныг кино урлаг сонирхогчид андахгүй биз ээ. Бид энэ удаагийн “Дотно яриа” булангаараа түүнтэй уран бүтээл болон нэрт найруулагч Г.Доржсамбуу гуайн талаар хөөрөлдсөн юм.

-Сайн байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?

              -Сайн байна уу. Монголынхоо ард түмэнд удахгүй болох Үндэсний баяр наадмын мэнд хүргэмээр байна.

                 Цар тахалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хөл хориотой байлаа. Урлаг, спортын бүхий л үйл ажиллагаа хаалттай байсан шүү дээ. Монгол Улсад зөвхөн кино хийж амьдрах боломж асар бага. Тийм ч учраас кино уран бүтээлчид нь дүрс бичлэг, телевизийн нэвтрүүлэг, баримтат кино, зар сурталчилгаа хийгээд л болгож амьдарч байлаа, өнгөрсөн хугацаанд.

            Би саяхнаас залуу найруулагч Ц.Дэнсмаагийн “Диваажин театр” кинонд нэгдүгээр найруулагчаар ажиллаж эхэлсэн. Нэгдүгээр найруулагч нь гүйцэтгэх үйл ажиллагааг нь хийх ч, ерөнхий найруулагч биш. Кино зохиол нь их таалагдсан юм. Нөгөө л нэг мафийн босс, баян айлын эрх хүү, ядуу айлын охин гэсэн нийтлэг сэдвээс арай өөр байсан. Аятайхан уран бүтээл хийж, олны хүртээл болгочих юм сан л гэж бодож байгаа. Энэ киноны уран бүтээлчид ашиг орлого олох гэхгүй жинхэнэ уран бүтээл хийхээр тэмүүлж буй нь надад таалагдсан. Тиймээс ч чаддаг зүйлээрээ залууст туслая гэж бодоод "Диваажин театр" кинонд ханцуй шамлан орсон доо.

-“Диваажин театр” киногоор нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг зорьж байгаа юм бэ. Та бусад кино уран бүтээлээс арай өөр өнцөг харуулна гэж хэлсэн шүү дээ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьж болох уу?

             -Хүмүүс сүүлийн үед сэтгэлгээний кино гэж ярих болсон. Энэ тал дээр Монголд өнөөдөр асар олон театр үгүй болсон шүү дээ.  Жишээлбэл, Хүүхэд залуучуудын театр мөн орон нутгийн театрууд ээлж дараалан үгүй болж, байшин төдий боллоо. Үүнээс гадна зарим нэг театрт төрийн өмчийн компани байрлаж байх жишээтэй л байна.

             Театр амьтай юм аа. Тэнд хүмүүс ажиллаж, амьдардаг юм. Театрын найруулагч болон уран бүтээлчид энэ газрын эзэд. Тэд театрын тайзандаа сүнсээ өгсөн хүмүүс байдаг. Харин одоо театрууд сүнсгүй болчихсон. Тиймээс энэ асуудлаар өөрийн дуу хоолойгоо хүргэе гэж бодоод “Диваажин театр” кинонд ажиллаж байна. Би хүний сэтгэлд хүрсэн сайн бүтээл дээр ажиллах юм сан гэж мөрөөддөг. Тэр  мөрөөдөл минь хэзээ биелэхийг мэдэхгүй ч зорьж л байна даа.

 

 Надад мэргэжлийн тал дээр хүрд эргүүлж, сонголт хийх боломж олдоогүй л дээ. Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс байсан болохоор өөр мэргэжлийн сайн сайхныг мэдрэх боломж хомс байсан

-Аав тань тайз, дэлгэцийн уран бүтээлд сэтгэл оюун, авьяас чадвараараа дархлагдсан хөх өвгөдийн нэг. Тэгэхээр та аавыгаа дагаж кино уран бүтээлийн том ертөнцөд хөл тавив уу?

              -Би хүүхдүүд багадаа юу бодож, ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан тэр л зарчмаар өссөн. Тиймдээ ч найруулагчаас гадна олон төрлийн мэргэжил эзэмшинэ гэж бодож, төлөвлөж мөрөөдөж байлаа. Гэтэл нэг л мэдсэн энэ мэргэжлийн хүн болчихсон байсан. Надад мэргэжлийн тал дээр хүрд эргүүлж, сонголт хийх боломж олдоогүй л дээ. Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс байсан болохоор өөр мэргэжлийн сайн сайхныг мэдрэх боломж хомс байсан. Ер нь энэ талаар ярих баялаг түүх байхгүй. СУИС-д шалгалт өгч тэнцээд суралцан төгссөн. Түүнээс хойш 20 гаруй жил энэ мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөж байна даа. Үүний зэрэгцээ энэ мэргэжлээсээ хэсэг зай барьж, өөр ажил ч хийж үзсэн. Гэхдээ яагаад ч юм эргээд л энэ мэргэжил рүүгээ орчихсон байдаг.

-Найруулагч мэргэжлээс гадна өөр мэргэжлийн ажил хийж үзсэн гэлээ шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж, сэтгэгдэл төрдөг юм байна. Энэ тухайгаа хуучилж болох уу?

            -Би өөр өөр зүйл хийдэг тулдаа л амьд байна гэж боддог. Өдөр болгон нэг зүйлээ дахин дахин давтаад хийгээд байвал уйдаад, дэлбэрээд, багтраад үхчих юм шиг санагддаг. Тийм учраас би хэдэн сарын турш оффис ажил хийж үзсэн. Мөн гадаадад ажиллаж байлаа. Миний хийх ажил, байх ёстой газар биш байсан учраас бушуухан энэ ажлаас гарах юм сан гэх сэтгэхүйтэй л байдаг байсан. Түүнээс биш тэр ажилдаа дурлаад, үнэнч сайхан ажлаа хийе гэж боддоггүй. Харин цалин буух өдөр л гоё санагддаг бусад өдөр нь бол тамын санагддаг юм билээ.

Аав кино зурагт гарахаараа бараг гэртээ ирэхгүй. Хааяа нэг ирэхээрээ гоё амттай чихэр, жимс авч ирдэг

-Аав тань Монголын тайз, дэлгэцийн урлагийн тэргүүн эгнээнд бичигдэх сор болсон хүмүүн шүү дээ. Та манай сайтын уншигчдад аавынхаа тухай ярьж болох уу?

          -Зарим хүн олны танил, алдартай хүний хүүхэд байх юм сан гэж боддог юм билээ. Бүр олны танил аавтай болохыг мөрөөддөг гэж сонин дээрээс уншиж байсан санагдана. Яг үнэндээ бага байхад аавын тоглосон кино зурагтаар гарахаар "Маргааш яаж хичээлдээ очно оо" гэж яс хавталздаг байлаа. Хүүхдүүд Арслангийн зулзага энэ тэр гэж дуудаад хэцүү шүү дээ. Эцэг, эхийн хурал болж, аав ангид ирэхээр бас ядаргаатай санагддаг байсан. Бараг л  Майкл Жексон ирсэн юм шиг л хүүхдүүд дагаж, хуйларч гүйгээд үнэндээ хэцүү. Бага байхад ийм л байдаг байсан даа. Тиймээс ч нэг хэсэг ааваасаа зугтаах үе байсан.

            Аав кино зурагт гарахаараа бараг гэртээ ирэхгүй. Хааяа нэг ирэхээрээ гоё амттай чихэр, жимс авчирдаг байлаа. Аавтайгаа хамт гадуур гарч үзвэр, үйлчилгээ үзэх, хөдөө гадаа явах үнэхээр сайхан. Аавтайгаа хоёр гурван удаа хөдөө кино натурт  явж байсан юм. Хааяа аавыгаа найз нөхөдтэйгөө загасанд явахад нь дагачихдаг байлаа.

 

Би дөнгөж 21 настай байхдаа аавыгаа алдсан. Тэр үед яг юу болсныг сайн санадаггүй. Санахыг ч хүсдэггүй.

-Аавтайгаа кино натурт явж байсан үеэсээ сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

             -Хоёр ч кино натурт хамт явж байсан минь сэтгэлд тодхон үлджээ. Магад тэр цагаас л кино урлагт дурласан болов уу гэж боддог. Аав, ээж хоёрыгоо урлагийн замд хөтлөгдсөний минь анхны багш нар гэж боддог доо. Аав маань юм болгон дээр уурлаж, үсчээд, яншаад байдаг хүн биш. Гэхдээ аливаа зүйлийг далд, ёж утгаар ойлгуулдаг байсан сан. Жишээлбэл, ээж минь их сайхан хоол хийдэг байсан. Ээжийн гарын хоолыг ширээ тойрон идэж суухад аав “Миний хүүхдүүдэд ээж шиг нь эхнэр олдох болов уу” гэх жишээний ярьдаг байсан. Сургаал айлдаж, сүйд болдоггүй байдаггүй ч одоо бодоход “Сайн ханьтай болоорой” гэсэн утгатай үг байжээ гэж боддог юм. Аавыгаа тэнгэрт дэвшсэний дараа их харамсдаг юм билээ. Би дөнгөж 21 настай байхдаа аавыгаа алдсан. Тэр үед яг юу болсныг сайн санадаггүй. Санахыг ч хүсдэггүй. Тэр үеийн мэдрэмж их айдастай, хүнд байдаг.

-Та аавтайгаа хоёр кино уран бүтээлд хамт явсан гэлээ шүү дээ. Ямар хоёр кинонд явж байсан бэ?

             -Би 10 гаруйхан настай байхдаа “Мөнгөн буйл” киноны зураг авалтад аавтайгаа хамт явж байв. Тухайн киноны зураг авалт Төв аймгийн Дэлгэрхаан суманд болж байлаа. "Мөнгөн буйл" киноны зурганд урлагийн бүхий л томчууд явж байсан. Томчуудтай хамт миний бага нас өнгөрсөн болохоор бусад хүүхэд шиг гадаа тоглох боломж тун хомс байсан. Миний бага нас яг энэ улаан сандал шиг театрын сандал дээр өнгөрсөн. Театр амьтай байдаг. Оруулах хүнээ л оруулдаг. Би театрт өссөн болохоор театрын үнэрийг хэзээ ч мартдаггүй. Аавынхаа буянд ийм л сайхан орчинд өсөж, хүн болсон доо. 

-Үнэр гэснээс хүмүүс хүний үнэр гэж ярьдаг. Тэгэхээр аавын үнэр гэж бий. Та аавынхаа үнэрийг юу гэж илэрхийлэх вэ?

              -Би их үнэрч хүн л дээ. Хаана, хэнээс, юу үнэртэж байгааг шууд мэднэ. Багадаа аавынхаа гэртээ орж ирэхийг үнэрээр нь л мэддэг байсан. Аавын улаан хамбан дээл надад байдаг. Шинийн нэгний өдөр гаргаж өмсөөд, гэртээ жаахан суудаг. Тэр дээлэнд аавын үнэр одоо болтол хадгалаатай шиг санагддаг. Тиймээс ч "Аавынхаа үнэрийг нөмрөөд сууж байна" гэж бодохоор сэтгэлд өег байдаг даа. Яг л аавтайгаа хамт сууж байгаа мэт.

-Г.Доржсамбуу гуайн уран бүтээлийн чиг хандлага, үзэл баримтлал ямар байсан бэ. Таныг энэ талаар сайн мэднэ гэж бодож байна?

              - Би энэ талаар сайн мэдэхгүй. Ер нь хүмүүс янз бүрээр л ярьдаг шүү дээ. Би саяхан “Хүмүүс ганцхан юмыг нь мэддэг хүнийхээ талаар олон зүйл ярьдаг. Харин олон зүйлийг нь мэддэг хүнийхээ талаар цөөн ярьдаг” гэдэг үг сонссон. Энэ үг надад их таалагдсан. Яагаад вэ гэхээр, бид сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар их ярьдаг. Харин би сүүлийн үед аавынхаа талаар зүрхэлж ярих болсон. Түүнээс биш, нэг их яриад яваад байдаггүй л дээ. Аавтайгаа байсан тэр үеийн мэдрэмж, дурсамж үнэхээр сайхан. Харин аавыгаа алддаг тэр үеийг эргэн санахыг хүсдэггүй. Хүмүүст нэр алдарт хүрсэн аавтай байх сайхан байдаг байх. Харин надад бол тийм биш. Хүмүүс “Г.Доржсамбуугийн хүүхэд юу хийх вэ” гэж ярина. Түүнээс биш “Амараа юу хийх вэ” гэж ярихгүй шүү дээ. Халамцуу явж байвал Амараа уучихсан явж байна гэж харахгүй. Харин "Доржсамбуугийн хүүхэд согтуу явна" л гэж ярина. Үүнтэй адил кино хийгээд амжилт муутай болох юм бол аавынхаа нэрийг дуудуулж, ясыг нь өндөлзүүлнэ шүү дээ. Хүмүүс надаас үүнээс ч хэцүү юм асуух нь бий бий.

Мөн халамцуу явж байвал Амараа уучихсан явж байна гэж харахгүй. Харин Доржсамбуугийн хүүхэд согтуу явна л гэж ярина

Тэр хүний үргэлжлэл, генийг нь аваад төрсний хувьд бие хаа, царай зүс, зан араншин төстэй байж болно

-Юу гэж асуудаг вэ. Ярьж болох уу?

           -Юуг нь нуух билээ. Зарим нэг хүн “Та ааваасаа илүү найруулагч болж чадах уу” гэдэг. Үнэн хэрэгтээ бол би хэзээ ч аавтайгаа өрсөлдөхгүй л байхгүй юу. Би тэр хүнийг гүйцэх гээд тэмцээд адгаад байгаа юм шиг. Аав бид хоёрын ертөнц өөр шүү дээ. Өөр, өөрийн оюун санаатай бодгалиуд. Тиймээс ч би заавал аавын ертөнцийг дуурайж, адилхан болох гээд байгаа  зүйл үгүй. Харин тэр хүний үргэлжлэл, генийг нь аваад төрсний хувьд бие хаа, царай зүс, зан араншин төстэй байж болно.

-Аавтайгаа хамт өнгөрүүлсэн нандин дурсамжаасаа хуваалцаач?

         -Аавтай өнгөрүүлсэн дурсамжийн ихэнх нь театртай холбоотой. Ер нь нэг бүсгүйд хайртай болчихоод яг юунд нь хайртай болсон юм гэхээр тухайлан нэрлэж болдоггүйтэй адил зүйл бол дурсамж. Нүд, хамар, бэлхүүсэнд нь биш, бүхлээр нь хайртай байдаг даа. Үүнтэй адил дурсамжийг нэг, хоёр гэж ангилж болохгүй юм шиг санагддаг. Дурсамж бүхэн дотроо баяр жаргал, уйтгар гунигтай байдаг шүү дээ. Нэг үгээр бол аавтайгаа байсан бүх дурсамж гоё. Би дугаарлаж хэлж чадахгүй юм байна.

Намайг бага байхад гадаа тоглож байгаад орж гэртээ ороход аав толгой үнэрлээд “Миний хүүгийн толгойноос салхи үнэртэж байна” гэж нэг бус удаа хэлсэн

         Бага байхад аавыг дагаад тухайн үеийн мундаг уран бүтээлчид манайд ирдэг байлаа. Би ч том өрөөнийхөө эвхдэг орыг бушуухан дэлгэж аваад буруу харан хэвтэж яриаг сонсоно шүү дээ. Тэр хүмүүс тайз, дэлгэцийн уран бүтээл яриад сууна. Сонсоод хэвтэхэд үлгэр сонсож байгаа юм шиг л сайхан. Яруу найрагч Мишигийн Цэдэндорж гуайн “Цаг бид хоёр” шүлэг аавын уншсанаар МҮОНТ-ийн архивт хадгалагддаг юм. Энэ шүлгийн утгыг би саяхан л ойлгосон. Намайг бага байхад гадаа тоглож байгаад орж гэртээ ороход аав толгой үнэрлээд “Миний хүүгийн толгойноос салхи үнэртэж байна” гэж нэг бус удаа хэлсэн. Би тэр үед ойлгоогүй, салхи ямар үнэртэй байдаг юм бол гэж л боддог байлаа. Харин салхи үнэртэй байдгийг хүүтэй болоод ойлгосон доо. Эмэгтэй хүн төрснийхөө дараа ээжийгээ ойлгодог гэдэг шиг “Цаг бид хоёр” шүлгийг уншиж байж л миний юу гэж хэлэх гээд байгааг хүмүүс ойлгох юм болов уу.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

          -Баярлалаа. 


НАЙРУУЛАГЧ Г.ДОРЖСАМБУУГИЙН ХҮҮ АМАР: Хүүхдүүд "Арслангийн зулзага явж байна" гэдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 10:45:23
    zochin: goe yrilchlaga bna. Bayrlalaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188