• Өнөөдөр 2024-03-29

ӨГЛӨӨНИЙ ЯРИЛЦЛАГА

2022-03-05,   419

 

Оргил өглөөнийхөө цайг уун суутал хаалга хэн нэгэн тогшив. Оргил ааваасаа хойш хэнтэй ч уулзахыг хүсээгүй нэгэн. Өдөр болгон хаалга тогших чимээг хайхардаггүй байв. Гэвч өнөөдөр аавыгаа хөдөөлүүлснээс хойш дөчин есөн хоног өнгөрчээ. Хүрэн өнгийн бүргэд хаалганы төмөр түгжээг тайлан онгойлготол. Намхандуу шар хүүхэн инээмсэглэн зогсож байв. Тэрээр өөрийгөө сонины сэтгүүлч хэмээн танилцуулж, түүний бизнесийн амжилтын талаар ярилцлага авахаар ирснээ хэлэв. Оргил ямар ч үг дуугүй хаалга татахад сэтгүүлч бүсгүй "Намайг таны багын найз явуулсан юм аа" гэхэд Оргил хэсэг дуугүй зогссоноо "Хэн" хэмээн асуув.

- Азбаатар дарга "Таны амжилтын талаар ярилцаад ир" гэсэн юм. Оргил халзан толгойгоо гурав илээд сэтгүүлчийг оруулав.

                                                           *** 

Чийдэнгийн гэрэлд гялтганасан шилэн ширээн дээр Оргил цай хийж тавиад сөөнгөтсөн бүдүүн баргил хоолойгоор “Цайгаа уучихаад тэр өрөөнд ороод ирээрэй” гэж хэлээд цаад өрөөндөө орчихов. Сэтгүүлч бүсгүй халуун цайг тайван ууж дуусаад араас нь оров. Зүүн  талын хана тавиур дүүрэн номтой байх аж. Харин баруун талыхаа хананд цагаан цамцтай  хүний хөрөг зураг өлгөжээ. Цонхныхоо урд талд өөрийнхөө ажлын ширээг байрлуулж, ард нь лаглайн суух Оргилын халзан толгой дээр нарны туяа нүд гялбуулан тусах нь хальт харвал ширээний тавцангаас ялгалгүй гэмээр. Сэтгүүлч бүсгүйг ширээнийнхээ урд талын суудал дээр суухыг тэрээр уриад "Би чамд нэгэн бодит түүх ярьж өгье. Энэ одоогоос гучаад жилийн өмнө болсон үйл явдал юм" гэснээ ширээнийхээ зүүн шургуулганаас  хоёр хундага шийдэмгийхэн гаргаж, баруун талын шургуулганаас нь виски гаргаж ширээн дээрээ тавив. Оргил хоосон мэлтийх хоёр лонхонд вискигээ дүүргээд нэгийг нь бүсгүйн өмнө тавьж, "Алив нэг барьчих" гэтэл бүсгүй

-Би уудаггүй ээ. Та надад түүх биш бизнесийн арга барилын талаар ярина гэж тохирсон шүү дээ.

-Надад үнэндээ ажил ярих сонирхол алга. Үүнийг миний зохиосон үлгэр гэж бодно уу, түүх гэж бодно уу өөрөө л мэд!  Та миний түүхийг сонсох уу, эсвэл ярилцлагаа болих уу. Сэтгүүлч бүсгүй аргагүй эрхэнд толгой дохин зөвшөөрөв. Чингээд Оргил өөртөө хийсэн вискигээ уучихаад яриагаа эхлэв.

Намуухан зөөлөн салхи сэвэлзэж, жаргаж буй нарны улаан туяаг зүсэж, бүдэгхэн гарсан сарны доогуур шувууд нисэлдсэн намар орой санагдана. Хүнгэнэж хангинасан машинууд дуут дохио дуугарган зөрөх замын дэргэд Даш цэцэг барин төрөх эмнэлгийн дөрвөн давхрын нэгэн цонх руу харан зогсоно. Ноорхой хувцаснаас нь сэнхийх хөлснийх нь үнэрт ялаа шумуул овоорно. Гунигийн нулимстай цагаан халадтай сувилагч бүсгүй хүүхэд тэврэн Даш руу даллав. Энэ мөчид Даш "Тэр маань ямарч байсан төрсөн бололтой дог оо" хэмээн бодож цэцэгтэй гараараа хариу даллан. Төрөх эмнэлгийн цементэн довжоог хага бутлах шахам гүйн оров. Эмнэлэгт орсныхоо дараа хүүхдийнхээ эх барьж авсан эмчээс эхнэр нь бурхан болсныг мэдээд төрөх эмнэлгийн довжоон дээр гүйн гарч ирээд тэнгэр харан гүн амьсгаа аван хэсэг зогсож, уй гунигийн далайд умбав. Гартаа барьсан ундаагаа задалж бөглөөг нь шидэв. Энэ үед хүүхдийн час хийх дуу Дашийн чихэнд сонсогдоход хатуу хорвоод бууж өгөх, хатуу хорвоог үзэн ядах сонирхол нь үгүй болж. Саяхан шидсэн ундааныхаа бөглөөг хайн хоёр гараараа шороо малтан олоод эхнэрээс төрсөн өөрийнхөө мах цусны тасархай байгаа төрөх эмнэлгийн зүг гүйн оров. Ингээд Даш хүүхдээ хоосон шахуу ханхайх банагтаан авч ирэн аав хүний үүргээ гүйцэтгэхээр сэтгэл шулуудав. Өдөр нь хүүгээ унтуулчихаад хог лааз түүн олсон мөнгөөрөө сүү авна. Энэ мэтээр хэд хоносныхоо дараа хүүтэйгээ цуг явахаар шийджээ. Хуриманд нь зориулж, ээжийнхээ хийж өгч байсан ногоон даалин дээлээ өмсөөд хүүгээ өвөртлөн, хажуудаа шуудай барин хотын гудамжаар хог түүн явав. Зарим хүн аав хүү хоёрыг өрөвдсөндөө хэд гурван төгрөг, сүү, хүүхдийн давуу зэргийг илүүчилнэ. Аавынхаа өвөрт бохир гудамжаар хог түүн дандаа хамт явдаг гэхэд хүү эв эрүүл сав саруул бойжиж байв.

Өдөр хоногууд солигдон өнгөрсөөр хүү нь ч сургуульд орох нас нь болов. Даш хүүгээ эрдэм номтой хүн болгоно хэмээн хүсэж сургуульд явуулав. Шинэхэн хувцас өмссөн үеийн жаалууд нь түүний хүүг үргэлж дээрэлхэнэ. Хувцсаараа л бусдаас доогуур болохоос биш, хичээл сурлагадаа хамаагүй илүү онц сурдаг байв. Гэвч Дашийн хүүг ангийхан нь ноорхой цоорхой хувцастай болохоор гадуурхаж дээрэлхдэг тул сургуульдаа явах тун дургүй аж. Гэвч  Даш өдөр болгон хүргэж өгч орой тарах болгонд очиж авна. Үеийнх нь хүүхдүүд дэлгүүрээс авсан машин, морь, луу, гэх мэтчилэн олон тоглоомоор тоглоно. Харин Дашийн хүү ундааны бөглөөгөөр хийсэн дугуйтай модон машин чирэн явдаг байв. Ангийнх нь хүүхдүүдээс Азбаатар гэдэг ганцхан хүү түүнтэй найздаг байлаа. Муухайгаар дуудуулж байхад нь тэр найз нь л үргэлж хамгаална. Тэр хоёр нэгнээсээ юугаа ч нуудаггүй найзалдаг байв. Нэгэн өдөр Дашийн хүү цэнхэр өнгийн дөрвөн дугуйтай, шар өнгийн модон машинаа чирэн сургуульдаа ирэв. Өдөр болгон дээрэлхдэг хэдэн жаал тосож аваад "Наад ямбигаа дандаа чирж авах юм. Наадах чинь одоо юу юм" хэмээн машин дээр нь дэвслэхэд тогтоож байсан зэвтэй хадааснуудаас нь өөр бүтэн зүйл үлдсэнгүй. Хүү гомдсондоо гэрийн зүг "Аав аа" хэмээн гүйн одов.  Орой тарахын үед нь Даш сургууль дээр очтол хичээлдээ суугаагүй гэдгийг дуулаад гэртээ яаран очтол. Хүү нь "Би маргааш хичээлдээ явахгүй. Дахиж тэр сургуульд чинь очихгүй" хэмээн хоёр алаг нүднээсээ нулимс дуслуулан суув. Даш хүүгийнхээ толгойг илж, “Миний хүү сургуульдаа явах ёстой. Хожмын цагт миний хүүд эрдэм ном хэрэг болно” хэмээгээд хүүгийнхээ духан дээр үнэрлээд, гартаа  атгасан зүйлийг нь хартал ээжийнх нь цээж зураг байв. Даш даруй зургийг авч хэсэг харж сууснаа нэг юм санан жаажийсан төмөр орныхоо доороос тоос болсон дөрвөлжин модон хайрцаг гаргаж ирээд, дээлнийхээ цоорхой хормойгоор тоосыг арчихад хүрэн өнгө гялтагнах ажээ. Хүү аавынхаа дэргэд ирэн суугаад "Та үүнийг олсон юм уу" хэмээхэд "Үгүй дээ, хүү минь. Анх төрөх үед чинь аав нь ундаа ууж байсан юм. Тэгээд тэр ундааныхаа савыг билэгшээгээд энэ хайрцаганд хийгээд хадгалсан юм. Одоо аав нь хүүдээ бөглөөгөөр нь сахиус хийж өгнө өө" хэмээгээд ундааны төмөр бөглөөн дунд ээжийнх нь зургийг хийж, амсар дээр нь цоолж, сахиус болгон хүүдээ зүүж өглөө. Тэгээд "Одооноос миний хүүг хэн ч шоглохгүй ээ, ээж чинь хамгаалах болно" гэхэд хүү ч аавынхаа үгэнд итгэн хэн ч одооноос өөрийг дээрэлхэхгүй гэдэгт итгэж байв.

Маргааш нь хүү сургуульдаа баяр хөөртэй явав. Тэр өдрөөс хойш үнэхээр хүүг хэн ч дээрэлхсэнгүй. Буман хүүхэд бужигнасан, түмэн хүүхэд түжигнэсэн сургуульдаа хүү үеийнхээ хүүхдүүдтэй хамт тоглож, баяр хөөрөөр дүүрэн цагийг өнгрөөж байв. 

Жаргахын улаан нарнаар намар цагийн гунигт навчис шуурч байх үед Даш гэртээ иртэл хар өнгийн жийп машин гадаа нь зогсож байв. Гайхсан Даш гэртээ гүйх шахам оров. Тавь орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр баруун талын орны нь өмнө сандал дээр сууж, хүү нь нэгэн жаалтай хамт зүүн хавтасандаа тоглож суух аж. Тэд Даштай мэндэлж, хэрэг учраа хэлэх гэж нэг нэгнээ нударсанаа эмэгтэй нь "Даш аа, бид удахгүй гэр бүлээр гадагшаа явах гэж байгаа. Тэндээ ажиллаж амьдарна. Чи бид хоёрт хүүгээ өргүүлчих. Бид хүүг чинь эрдэмтэй хүн болгож өсгөнө" гэв. Даш "Юу уу, та нар гарцгаа, би хүүгээ хэнд ч өгөхгүй. Хүү минь миний амьдрах ганц шалтгаан. Тийм болохоор би хүүгээ хэнд ч өгөхгүй. Надаас олон хүн хүүгээ өгөөч гэж гуйж байсан. Та нар миний хүүгээр яах гээд байгаа юм" гэхэд "Даш аа, миний дүү тайвшир. Бид хүүг чинь эрдэм номтой сайн болгож өсгөнөө. Чи хүүгийхээ ирээдүйг бодох ёстой. Ах, эгч хоёр нь гэрлээд гучаад жил болсон. Хүүхэдтэй болж чадахгүй байсаар насны бөгсөнд ганц хүүтэй боллоо. Манай Азбаатар танай хүүтэй сайн найз. Тийм болохоороо найзыгаа авч явна гээд байгаа юм. Ахын дүү сайн бодоод хэлээрэй" хэмээгээд нэлээд үнэтэй гар утас ширээн дээр тавин гарч одов. Даш тэднийг явсны дараа гар утсыг дэрэн доогуураа хийгээд төмөр орныхоо пүршийг хяхтнуулан хэвтлээ. Хүү нь аавыхаа хажуугаар хэвтээд "Аав аа, та намайг эд нартай хамт явуулахгүй биз дээ" гэхэд үүгээ хэнд ч өгөхгүй ээ" хэмээгээд тэр хоёр нойрсов.

Даш эхнэртэйгээ Туул голын хөвөөнд уулзаж, хүү нь голын хөвөөгөөр эрвээхэй хөөн тоглох аж. Тэр хоёр хүүгээ харан инээлдэж, ихэд баяр баясгалантай байв. Гэтэл эхнэр нь "Чи миний хүүг ээжээс нь салах хэрэггүй шүү" хэмээгээд өдөр хүүтэй нь тоглож байсан Азбаатарын дүрд хувилан уусч одов. Даш цочин сэрж, нүдээ бүлтэгнүүлэн хүүгээ харлаа. Хүү хажууд нь тухлан нойрсож байх ажээ. Духныхаа хөлсийг арчаад, хүүгээ тэврэн хэвтэв. Маргааш нь хүү сургууль дээрээ очтол ангийхан нь том биетэй тарган банди ширээн зогсоод "Энэ одоо нэг ч болов бүтэн хувцас өмсөж үзээгүй байх. Хөөрхий муу гудамжны тэнэмэл амьтан. Яая гэхэв заяандаа л гомдож дээ. Тэр өмссөн гутлыг нь хараач нохойн баас, шээс юу юу байгаа бол. Ядаж уранхайг нь яана" хэмээн инээхэд ангийн хүүхдүүд дуу дуугаа авалцан тачигнатал инээв. Хүү ангиасаа гаран гүйж одоход, араас нь Азбаатар гүйн гарав.

Даш орой  сургуулиас нь очиж авах гэтэл хүү нь хичээлдээ суугаагүй байв. Гэртээ л хариа байлгүй хэмээн бодож яаралгүй гэртээ очтол хүү нь алга байх аж. Харин жаажийсан дөрвөн хөлтэй модон ширээн дээр үлдээсэн захиа, дэрэн доогуур хийн орхисон гар утас байв. Захиаг Даш уншихад хорвоо үүнд үнэхээр хатуу санагдаж, ядуу тарчигтаа гомдолж үзээгүй тэрээр өнөөдөр л хамгийн ихээр хорсов. Ойр хавийн таньдаг мэддэг хүмүүсээсээ асуусан ч хэн ч хүүг нь хараагүй аж. Цагдаагийн газар хүүгээ алдсан тухай хэлснээс хойш олон хоног өнгөрч, хүүгийх нь сураг нэгэнт тасрав. Даш хүүгээ явснаас хойш амьдрах хүсэлгүй болж, архи ууж орон гэр ч үгүй болов. Архи ууж согтохоор хажуудаа байгаа хүмүүст "Би та нарыг бодвол хүүтэй хүн шүү" гэх агсан зангаас өөр түүнд юу ч нэмэгдсэнгүй.

Нохой гаслам халуун өдөр Нарантуулын хогийг хөлсөндөө холилдон түүж явтал өнөөх гар утас нь дуугарч Даш өврөө ухан утсаа гаргаж ирээд авав. "Байна уу, Аав аа, аав аа би хүү чинь байна" гэх нарийхан дуу царгиж байв. Энэ үед Даш амнаасаа шүлс үсчүүлэн "Миний хүү, миний хүү хаана байна.  Аавдаа хэзээ ирэх юм бэ" гэхэди Америк улсад байна" гээд дэн дэн дуугарч утас тасарлаа. Дашийг утсаар ийн зогсож байхад нь хоёр залуу утсыг булаан зугтав. Энэ л үеээс Даш хүүтэйгээ нэгэнт холбоо тасрав. 

  Хүүгээ явснаас хойш гучаад жилийн дараа Даш замын хажуугийн хог, шилийг түүж явахдаа харалгүй нэгэн бүсгүйг шуудайгаар цохиод унагаачихав. Бүсгүй ихэд уурлан муугийн муу үгээр Дашийг доромжлон хэлж зогстол "Хав хар машин нарны туяа гялбалзуулан зогсож найз залуу нь бууж ирээд "Юу хийж наанаа зогсоо вэ хайрт минь, хоёулаа явъя" гэхэд бүсгүй "Энэ муу гудамжны архичин намайг түлхээд унагачихлаа. Үнэр танарыг нь ээ ямар муухай юм бэ" гэхэд залуу "Машиндаа сууж бай, явцгаая" гэж хэлээд Даш руу харан "Аав аа, аав аа би хүү чинь байна. Та намайг хар л даа, мөн байгаа биз дээ" гэхэд Даш толгой өргөн хараад хүүгээ танив.

Хүзүүнээс нь зүүлттэй ээжийнх нь зураг, уруулын дээх нь талд байх хар мэнгэ... Хүү нь мөн байв. Даш "Миний хүү" хэмээн хашгирахад гудамжинд явж байсан хүмүүс бүгд эргэн харж, Даш газар тэрийн уналаа. Хүү аавыгаа тэвэрч, энгэртээ наагаад нүднийхээ аяганаас нулимс мэлтэлзүүлэн уйлахад Даш цаашаа орсон бүдэг хоолойгоор "Хүү минь аав нь чамайгаа хэчнээн их санав даа" хэмээн хиртэй бор гараараа хацрыг илж, нулимсыг арчаад "Энэ охин миний хүүд хань болохгүй ээ. Аав нь нэг л өдөр насны чинь ханийг явуулна гэж хэлээд нас барсан юм даа" хэмээгээд Оргил дахин нэг виски хундагалж уув.

                                                                ***

Сэтгүүл бүсгүй нулимсаа арчин

"Үнэхээр эмгэнэлтэй түүх юм. Тэр хүүгийн нэрийг та мэдэх үү. Хэн гэдэг байсан юм бэ" гэхэд Оргил дахин нэг виски хундагалж уугаад, халзан толгойгоо илж бүсгүй рүү хэсэг харж, сууснаа "Хүүг нь Оргил гэдэг байсан юм аа" гэж хэлэхэд нь нүднээс нулимс цийлэлзээд "Даш гэдэг хүн чинь тэр байна" хэмээн өнөөх зураг руу зааснаа босон өмнө нь очиж мөргөж, "Би амлалтдаа хүрч чадаагүй муу хүү дээ. Тэр захианд юу гэж бичсэн гээч. Энэ ядуу амьдралаас би залхаж байна. Тийм болохоор би явлаа. Хүү нь баяжиж ирээд аавтайгаа хамт сайхан амьдарна аа" гэж бичсэн юм. "Харин энэ миний сахиус" хэмээн хүзүүнээсээ ээжийнхээ зурагтай зүүлтийг үзүүлэхэд хүзүүнээс нь газар унаж, бүсгүйн өмнө өнхрөн очив. Оргил зүүлтээ авахаар бүсгүйн өмнө очин суухад тэр хоёрын гар зүүлтэн дээр хүрэв. Даш толгой өргөн хартал тэд харц тулгарав. Тэр даруй Даш харц бууруулан өөрөөнөөс гараад явчихлаа. Сэтгүүлч бүсгүй өмнөө цэлэлзэх хундагатайг хоослочихоод араас нь гарав.


ӨГЛӨӨНИЙ ЯРИЛЦЛАГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188