• Өнөөдөр 2025-09-24

ТИЙМ ЗӨӨЛӨН АРАНШИНГИЙН ЦААНА...

2025-09-24,   350

         “Хавтаст хэрэг-2" кинонд эгч, дүү хоёрын хамт тоглосон нэг анги байдгийг үзэгчид мэднэ дээ. Нэг нь сэжигтэн, нөгөө нь мөрдөгч. Энэ бол Монголын нэрт найруулагч, жүжигчин С.Сугарын хүү, охин хоёр. Аль аль нь урлагт олон сайхан дүрээрээ өөрсдийгөө дархалж яваа том уран бүтээлчид. МУГЖ С.Болд-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эгчтэйгээ тоглох их содон мэдрэмж байдаг. Зарим нөхцөлд биеэ барих, жаахан эвгүйрхэх мэдрэмж төрнө" гэж ярьсан байдаг.

     Харин С.Болормаа жүжигчин "Хавтаст хэрэг-2" кинонд охиныхоо өмнөөс хэрэг хүлээгээд шоронд ордог ээжийн дүрд анх тогломооргүй санагдсан. Анх зохиолыг нь уншихад хэцүү байсан. Гэхдээ нэгэнт тоглоно гэж хэлсэн болохоор тоглохоос өөр арга байхгүй. Жүжигчин хүн айж ичээд, "Би гоё л дүрд тоглоно" гэж хэлэх эрх байхгүй" гэсэн байна лээ. Ийн тэдний талаар дурдаад буйн учир бид Сугарын Болормаа жүжигчнийг энд онцлохыг зорьсон юм.

          Найруулагч  Ж.Сэнгэдоржийн "Диваажингаас амьдралд хүрэх зам" киноны залуухан дүрээс хойш "Ядуугийн зовлон”, “Зугтаарай", "Хайрын эрэлд”, “Алсын удирдлага", "Хөтөч", "Содура", "Хүний цаана", "Саран хийл", “Ганц үнэн" тэргүүтэй олон кинонд дүр бүтээсэн.  

        Ихэнхдээ ээжийн дүр түүнийх. Өөрөө ч өөр, өөр ээжийн дүрийг гаргах гэж хичээдэг гэсэн. Мөн онцлох нэг дүр нь "Содура" киноны удган. Энэ тухай тэрбээр "Удганы дүрд тоглоно гэдэг надаас тэс өөр ертөнц байв. Бид бөө мөргөл гэдгийг зах зухаас нь л ойлгож, мэдэж байсан. Тиймдээ ч дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй байлаа. Мөн би өмнө нь Хөвсгөл аймагт ээж, аавтайгаа хүүхэд байхдаа л очиж байсан. Энэхүү киног хийхэд ер нь бол анх удаа л тайгад очсон доо. Миний тоглосон дүр сонирхолтой хэдий ч нэлээд ажиллагаа шаардсан дүр. Жишээлбэл, наад зах нь удган хүн ямар байх ёстой юм гэдгээс эхэлнэ. Дотроо олон янз байдаг юм билээ. Тиймээс хүмүүстэй уулзаж ярилцах, ном зохиол унших, зөвлөгөө авах гэх мэтээр нэлээд судалгаа хийсэн. Жүжигчин хүн судалгаагүйгээр дүр бүтээнэ гэж бараг л байхгүй. Тэр дундаа “Содура” туульсын кино учраас судалгааг илүү их хийх шаардлагатай болж байв" гэж ярьсан байдаг. Энэ мэтчилэн олон сайхан дүрийг тэр авьяас билиг, хөдөлмөрөөр бүтээж, үзэгчдийн сэтгэлд хүргэж чадсан.

       Харц, дуу хоолойны өнгө, үгээ хэлж буй байдал нь тоглосон уран бүтээлийг нь үзэж байхад илэрхий содон мэдрэгддэг. Тэр үргэлж дүрийнхээ гүнд, дотоод мөн чанарт зогсож тэндээс хамтран тоглогчтойгоо харилцан ярьж байдаг. Сүүлийн үед цөөнгүй эсрэг дүрд ч тоглож буй.

"Надад ирээгүй хайр" киноны хатуухан хадам ээжийн дүр одоо яг үзэгчдэд хүрч буй.

   Хүүгийнхээ ирээдүйг бодож, түүнд санаа чилээж буйг ойлгож байгаа ч нэг тийм хүйтэн хөндий. Ингээд харахаар С.Болормаа гэх хүний үндсэн зөөлөн, аядуу араншингийн цаанаас найруулагчийн оноосон ямар ч дүрд илэрч болох авьяас билиг, нөөц бололцоо, араншин бий аж. Магадгүй бүр ч зэвүүн эсрэг дүрээр бидэнтэй уулзаж ч мэднэ.

Үнэн байхыг эрхэмлэн дүрээ бүтээж яваа түүний үнэн, хүн чанар, хүнлэг сэтгэл дүүрэн дүрүүд улам арвин байна байна гэдэгт итгэлтэй байна.


ТИЙМ ЗӨӨЛӨН АРАНШИНГИЙН ЦААНА...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188