-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Д.Алтангэрэл гэдэг. Би Дорноговь аймгийн Дэлгэр суманд амьдардаг. Манай нутаг бол уул усны өвөрмөц тогтоцтой, ургамал баялаг сайхан нутаг. Аав минь нутгийн ард иргэдийн дунд “Огь” маарамба нэрээрээ алдаршсан Д.Дорж гэж хүн байсан. Тэр хүн уламжлалт анагаах ухааны арвин мэдлэгтэй, олон хүнд тус хүргэж явсан. Аавынхаа үйл хэргийг багаасаа харж өссөн учраас ургамлын ач тусыг ойлгож, хэрэглэж ирсэн
-Танай нутагт ямар эмийн ургамлууд ургадаг вэ?
-Манай нутагт эрт дээр үеэсээ хүмүүсийн сайн мэддэг олон төрлийн эмийн ургамал ургадаг. Тухайлбал таван салаа, цагаан мөөг, морин шарилж, хонин зээргэн, ямаан зээргэн, аньсган зэрэг ургамлууд түгээмэл. Өвгөд, эмгэд маань эдгээр ургамлыг сайн таньж мэддэг, өдөр тутмын амьдралдаа ашигладаг байсан уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байгаа.
-Эдгээр ургамлын ашиг тусын талаар?
-Ургамал бүр өөр өөрийн гэсэн онцлог, эмчилгээний ач холбогдолтой. Таван салаа ходоод гэдэсний өвчнийг анагаах, шарх эдгээх, үрэвслийг дарахад тустай. Морин шарилж бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг ургамал. Ханиад томуугийн үед хөлс гаргаж, дархлаа дэмждэг. Мөн цус шингэлж, биеийн илүүдэл шингэнийг гадагшлуулах ач тустай. Хонин, ямаан зээргэн нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, ходоодны шингэнийг сайжруулдаг. Аньсган бол байгалийн С аминдэмээр баялаг тул ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулахад чухал. Цагаан мөөг нь биеийн дулаан тэнцвэржүүлэх, элэг хамгаалах зэрэг олон талын ашигтай.
-Та өөрөө эдгээр ургамлыг өдөр тутамдаа хэрхэн хэрэглэдэг вэ?
-Би ихэвчлэн цай чанаж уудаг. Жишээ нь, морин шарилжийг намар, өвлийн улиралд бага зэрэг хийж цай чанан уувал ханиаднаас хамгаалдаг. Таван салааг гэдэс өвдөхөд хандалж ууна. Харин аньсгыг намрын улиралд түүж хатаагаад, өвлийн турш хэрэглэдэг уламжлалтай. Ургамлыг зөв хэмжээгээр, зөв үед хэрэглэх нь хамгийн чухал.
-Өнөө үед хүмүүс эмийн ургамлын хэрэглээг хэрхэн ойлгож байна гэж та харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хүмүүс байгалийн гаралтай, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг илүү их сонирхож эхэлж байна. Ялангуяа залуучууд эрүүл мэнддээ анхаарч, эмийн ургамлыг цай, ханд хэлбэрээр хэрэглэх нь нэмэгдсэн. Энэ бол сайшаалтай. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд, ямар ч ургамлыг зохих мэдлэггүйгээр их хэмжээгээр хэрэглэх нь эрсдэлтэй. Тиймээс уламжлалт анагаах ухааны эмч, эсвэл мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Та цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Миний хувьд өвөг дээдсээс уламжлагдсан эмийн ургамлын мэдлэгээ хадгалах, дараагийн үедээ үлдээхийг чухалчилдаг. Сум орон нутагт маань ч эмийн ургамлын баялаг нөөц бий. Түүнийг зөв ашиглаж, ард иргэдийн эрүүл мэндэд тус хүргэх нь миний хүсэл. Цаашид энэ чиглэлээр мэдлэгээ улам тэлж, нутаг усандаа хэрэгтэй ажил хийхийг зорьж байна.
-Баярлалаа.
Д.Алтангэрэл: Ханиад томуугийн үед морин шарилж ургамлыг хэрэглэхэд тохиромжтой |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |