-Ажлынхаа хажуугаар “30 хоног UB Cab-д яваад тусдаа гаръя” гэдэг challenge-ээ яагаад эхлүүлэх болсон бэ?
-Сайн байна уу, намайг С.Номин гэдэг. Яг бусдын адил 9–18 цагийн хооронд ажилладаг жирийн нэгэн эмэгтэй. Ажилтай ч гэсэн авдаг цалин минь хүрэлцдэггүй. Татвар, шимтгэл, зээлээ төлөөд цалин дуусчихдаг учраас нэмэлт орлого олох шаардлага гарсан. Хамгийн эрсдэл багатай, цагт баригдахгүйгээр хийх боломжтой ажил гэж үзээд UB Cab-д жолоочоор бүртгүүлсэн. Цуглуулсан мөнгөөрөө байр түрээслэх зорилго тавьсан учраас өөрийгөө илүү дайчилж, өдөр бүрийн ажлаа бичлэг болгон цахим хуудсандаа оруулж эхэлсэн.
-Цахим сүлжээнд бичлэгээ оруулахад өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?
-Ажлаа тараад UB Cab-д явж байгаагаа бичлэг болгож авдаг. Гэртээ ирээд 2–3 цаг зарцуулж бичлэгээ эвлүүлээд, хоолой бичээд өглөө болгон нийтэлдэг байсан.
-Анх хэзээ машинаа авч байсан бэ?
-18 настайдаа жолооны үнэмлэхээ аваад аав, ээжийнхээ машинаар хааяа нэг унадар байсан. Харин өнгөрсөн жил өөрийнхөө машинаа авсан.
-Үйлчилгээний байгууллагад ажиллахад бэршээлтэй зүйл байв уу?
-Миний харснаар үйлчлүүлэгчдийн ихэнх нь соёлтой байдаг. Арван хүн дундаас ес нь эелдэг. Хааяа нэг хүн харилцааны соёлгүй хүнтэй таардаг, зөв шаардлагаа тавиад ажлаа үргэлжлүүлдэг.
-Аливаа дадлыг бий болгоход тууштай байдал хэр чухал гэж боддог вэ?
-Маш чухал. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр жижиг дадлуудыг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь би тууштай байж чадалгүй олон боломжийг алдсан. Тиймээс дүү нартаа хэлэхэд, тууштай хандлага л хүнийг амжилтад хүргэдэг шүү.
-Эмэгтэй жолооч байх нь үйлчлүүлэгчдийн хандлагад нөлөөлдөг үү?
-Миний хувьд үйлчлүүлэгчид ихэвчлэн найрсаг байдаг. Магадгүй эмэгтэй жолооч учраас зөөлөн өнгө аястай харьцдаг байх. Гэхдээ жолоочийн хүйсээс илүү үйлчилгээний чанар нь хамаардаг гэж боддог.
-Улаанбаатар хотын замын түгжрэл танд ямар бэрхшээл үүсгэдэг вэ?
-Хотын түгжрэл үнэхээр хүндрэлтэй. Заримдаа зөвхөн зогсоолоосоо гарахад 20–30 минут зарцуулна. Зам засварын ажил их хийсэн ч явган болон дугуйн замд илүү анхаарах хэрэгтэй харагддаг. Орой үдэш явахад эсрэг талын машины хэт хурц гэрэл төвөгтэй. Жолооч бүр гэрлээ зөв оношлуулж, хариуцлагатай байгаасай гэж хүсдэг.
-Баярлалаа.
С.Номин: Ажлынхаа хажуугаар нэг сар таксинд явж, зорьсон байрандаа орсондоо баяртай байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |