• Өнөөдөр 2024-05-06

Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ

2021-10-05,   36293

           Минжийн хангайд 33 настай Д.Дорсмаа бүсгүйн 129 хоног амьдрах, амьд гарахын төлөө тэмцсэн бодит түүхийг уншигч таны өмнө нээж байна. Залуухан бүсгүйн Хан Хэнтийн нурууны хөвч тайгад цээжээрээ татсан цасан дунд өглөөнөөс орой хүртэл алхсан, өндөр уулстай тайгын гүнд цайруулсан самраа үүрээд отогоо хүрэхийн тулд хөлсөө дуслуулан, мөрнийхөө арьсыг зулгартал зүтгэсэн, усанд живж, намагт бүтэн биеэрээ шигдэж, зэрлэг араатантай таарч, хэрхэн амь гарсан, өлсөж үхэхгүйн тулд оготно, өттэй будаа хүртэл түүж идсэн гээд хүний санаанд багтамгүй мөртлөө амь гарахын төлөөх хүний тэмцлийн үнэн түүхийг бид цөөнгүй цаг хүүрнэн суусны эцэст уншигчдад хүргэхээр болсон билээ.

    Хоёр хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын төлөөх сэтгэл нь түүнийг Хөвч тайгад аваачсан гэдэг. Мөн ангаахай бяцхан үрсдээ амьд очихын хүслэн, эр зориг, эхийн сэтгэл нь түүнийг амьд үлдээх тэмцэл болжээ. Нийтлэлийн эзэн Д.Дорсмаа бүсгүй хөвч тайгад төөрөөд өнгөрсөн долдугаар сард нисдэг тэргээр Улаанбаатарт хүргэгдэн ирсэн дөрвөн иргэний нэг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.  

САМАР ТҮҮСЭН МӨНГӨӨРӨӨ МАШИН АВЧ УНААД, ХОЁР ОХИНТОЙГОО САЙХАН АМЬДАРНА

Гуравдугаар сарын 8. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн XXIII хороо, Улиастайн хуучин эцэс.

        “Хаврын түүвэрт хүн авч явна. Түүсэн самрынхаа 50 хувийг авна. Хоол, тамхи, унааны зардлыг бид даана. Холбогдох утас 88......” хэмээх зарын дагуу холбогдлоо. Өмнө нь ах нартайгаа нэг удаа самарт явж байсан учраас өөрийгөө туршлагатай гэж үнэлсэн хэрэг. “Сайн байна уу, зарын дагуу холбогдож байна. Эмэгтэй хүн явж болох уу” хэмээн асуухад, “Болно, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүрээд ир. Бид гуравдугаар сарын 13-нд хөдөлнө. Шинжилгээний бичиг шаардлагагүй, хулгайн замаар яваад ирнэ. Сард таван сая, хоёр сар яваад 10 сая төгрөг, үүнээс ч илүү мөнгөтэй ирэх боломж бий. Түүвэрт явсан хүмүүс тавдугаар сарын 17-нд бууж ирнэ” хэмээн ярьсан утасны яриа яг үнэндээ миний шуналыг хөдөлгөсөн. Хөл хорио тогтоогоод амьдрал хэцүү, хоногийн хоолоо арай гэж болгож байсан болохоор 10 сая төгрөг гэдэг их мөнгө санагдсан юм. Тухайн үедээ “Найман сая төгрөгөөр нь машин авч унаад, хоёр охинтойгоо болгоод амьдрах юм байна. Хоёр сар л гүрийгээд ирье” гээд сэтгэл шулуудсан. Өөрөөсөө гадна, хоёр найзыгаа уруу татаж, хамтдаа яваад ирэхийг гуйж, зөвшөөрүүлсэн. Гэрийнхэндээ хэлж, хоёр охиноо харж өгөхийг хүссэн. Эгч нар минь ч намайг амьдралын төлөө тэмцэж байгаа гэдгийг ойлгодог болохоор огт дургүйцээгүй.

Хөл хорио тогтоогоод амьдрал хэцүү, хоногийн хоолоо арай гэж болгож байсан болохоор 10 сая төгрөг гэдэг их мөнгө санагдсан юм. 

ЭЭМЭГ, БӨГЖӨӨ ЛОМБАРДАНД ТАВИАД ХУВИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЛАА

Гуравдугаар сарын 10.

         Хоёр охиноо үлдээж байгаа учраас хоол хүнс, түлээ, түлш ахиухан нөөцөлж үлдээх хэрэгтэй болсон. Үнэндээ, хүүхдүүдийнхээ, өөрийнхөө төлөө явж байгаа болохоор би эргэлзэж, айгаагүй. “Яах бол” гэсэн бодол ч орж ирэлгүй явах бэлтгэлээ базааж эхэлсэн. Самарт хамт явах Уянга гэдэг найзтайгаа хамт Улиастайн хуучин эцэст байрлах “Нандин” ломбарданд  ээмэг, бөгжөө тавьж, бэлтгэлээ базаасан. Бид яг адилхан амьдралтай, хоёр, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тухайн үед бидэнд мөнгө олох, хүүхдүүдээ өлсгөхгүй, хүн шиг амьдруулах юм сан л гэх бодол байсан. Хоёр охиноо оройжин эрхлүүлж, “Ээж нь хоёрхон сар л яваад ирнэ. Миний хоёр охин томоотой, мундаг, хамгийн гол нь эрүүл байж байдаг юм шүү. Дүүгээ дааруулав аа” гэж дахин дахин захиад, хувийн бэлтгэлээ базааж, хажууханд байрлах халуун усанд орчихоод амарсан. Гурав хоногийн хугацаанд хөдөө явна гэж хэрэндээ л завгүй бэлтгэсэн болохоор их ядарсан байснаа санаж байна. Гэхдээ самар түүж байгаа, самраа борлуулж, мөнгөө тоолоод авч буй, гэртээ, хоёр охиндоо ирээд машины зах орж байгаа минь хүртэл нүдэнд харагдаад л байлаа. Бушуухан шиг л яваад мөнгөтэй болж ирэх төсөөлөл тэр шөнө намайг бүр ч их яаруулсан. Ууланд л оччихвол мөнгөтэй болно гэсэн бодол намайг дийлж, эцэст нь хоёр охинтойгоо цуг хөл дүүжлэх унаатай болж байгаа төсөөллөөр үүр цайлгасан. Хоёр охиноо гэдэс цатгалан, мөр бүтэн  явуулахын төлөөх сэтгэл намайг Хөвч тайг руу эргэлзэх зүйлгүйгээр зүглүүлэх хүч болсон юм.

ХУЛГАЙН ЗАМААР ЗҮҮНХАРААД ОЧИВ

Гуравдугаар сарын 12.

     Шөнө дунд бид утсаар ярьсан хүний зааж өгсөн хулгайн замаар Улаанбаатар хотоос Зүүнхараа руу гарав. Намайг яаруулсан, тэвдүүлсэн өнөөх бодол сэтгэл дотор хэвээрээ. Гэхдээ хоёр охиндоо бага зэрэг санаа зовж л суулаа. Бартаа ихтэй, уулын замаар шөнөжин явсан. Тухайн үед коронавирусийн халдвар дэгдэж, орон нутаг руу иргэдийг явуулахгүй байсан юм. Явуулсан ч заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатай байв. Тэгээд л хулгайн замаар явахаас өөр арга байгаагүй. Бид шөнөжин давхисаар үүр хаяарч байхад Зүүнхараад очлоо. 

САМАР ТҮҮХ ГАЗРАА 45 ХОНОГИЙН ДАРАА ОЧЖЭЭ

Гуравдугаар сарын 13.

       Эндээс л жинхэнэ амьдрал эхэлсэн дээ. Хот, хөдөөгөөс нийлсэн таних танихгүй 20 хүн хоёр машины тэвшин дээр хуваагдаж суугаад, 20:00 цагийн үед Зүүнхараагаас уул руу хөдөллөө. Өмнө хожид харж, уулзаж байгаагүй хүмүүс утсаар ярьсан Болдоо гэж хүнд итгээд Зүүнхараагаас уулын мухар руу хөдөлж байгаа нь энэ. Хоёр найзтайгаа явж байгаа болохоор би ч сэтгэл өндөр, түших хүнтэй гэж бодсон шиг суулаа. Нөгөө хэд маань бие биетэйгээ танилцаж, тав хоногийн дараа л түүвэр түүх газартаа оччихно гэсэн итгэл дүүрэн байсан. Биднээс гадна самар түүх өөр бригадын олон машин уул руу явж байсан. Гэхдээ бүгд өөр өөрийн замаар явж, хүрэх газраа очих ёстой. Эндээс эхлээд өдөр бүрээр нь ярихад хэцүү юм аа.

            Бидний тав хоногийн дараа самар түүх газартаа очно гэсэн бодол замхарч, 45 хоног цасан дунд тарчилсан тарчлалын эхлэл тавигдсан. Ширэнгэн ой гэдэг чинь ширэнгэ л байдаг юм билээ. Замаас л гарвал цасанд сууж, машинаа өдөржин түрж, арайхийн замдаа ордог. Дов сондуул, модны бут сөөг бүрт машин хий эргээд зогсчихно. Машин араандаа хийгээд л зүтгээд байна. Гэвч нэг довны хонхор хэсгээс арай гэж түрээд гарахаар дараагийн бартаа саад руу яваад орчихно. Эр, эм гэлтгүй машины хөлдүү тэвшийг мөрлөөд л зүтгэнэ. Бүгд дуу нийлүүлээд л “Нэг хоёрын гурав аа” гээд л хоолой, хүч нийлүүлэн түрнэ. Ёстой л сөөм сөөмөөр урагш ахиж байлаа. Машин түрж байгаад  хальтирч, хунгарласан цасанд нүүрээрээ шигдээд уначихна. Цээжээр татсан цасан дундуур туучиж, уул өөд мацах амар байгаагүй. Эхэндээ хотоос тээж гарсан бодол, хоёр найзын минь элч намайг дааруулаагүй, улам илүү тэмцэх итгэл өгч байлаа. Тэр олон хүний магнайд нь биш юмаа гэхэд эмэгтэйчүүдээсээ түрүүлээд л зам гаргахыг хичээсэн, тэмцсэн.Өдөржин цасанд суусан машинаа түрж, гулдачсаар бид орой болохоор отоглодог. Хотод цас хайлмагтаж, нарны илч ээсэн дулаахан өдрүүд өнгөрч байсан байх. Харин хөвч тайга, Хэнтийн нуруунд  цасан шуурга нүүр нүдгүй шуурч, хаврын салхин хавирга нэвт үлээнэ. Өдөржин машин түрээд хамаг биений хөлс гарч, хувцас нэвт хөлрөөд норчихно. Дээр нь өмсөж яваа гутал ч усан гүзээ болтлоо нороод, гаднаас нь цас наалдаад даах аргагүй болно. Хөдөлгөөн хийхгүй хэсэгхэн зогсоход л норсон хувцас гутал хөл жиндүүлэн хайрч, дулаахан гэр, гэр бүл, халуун ор дэр, хөнжлөө мөрөөднө. Цасыг хүйтнээс хүйтэн, бүр тэсэх аргагүй хүйтнийг мэдэрсэн өдөр хоногууд өнгөрч байлаа.

       Машины тэвшин дээр бид эгнээд унтана. Бүгд өдөржин машин түрээд ядарчихсан. Бас дээрээс нь хоол унд муутай явсан болохоор бие биенийхээ илч дулааныг мэдэрч, шамбааралдаад л өвлийн дун цагаан цастай уулын бэлд унтана. Нүүрээ, хамраа ил гаргаж болохгүй. Жавар тачигнасан салхинд даарах учир бүгд хөнжилдөө шигдэж,  дээгүүрээ брезентээр бүтээлгээд халуун амьсгалаараа осгох шахам чичирсэн биеэ дулаацуулна. Цас шөнөжин шуураад л байна. Хүчтэй салхи гарахаар хөвсгөр цас салхинд туугдан цайраад шуурчихна. Өглөө босоход бидний дээрээс 30-40 см цас дарчихсан байдаг байлаа. Өглөө ч босч чадахгүй эрүү ам чичирч, арай гэж хувцсаа өмсөөд машинаа асаагаад явна. Сүүлдээ даарахаа ч байдаг юм билээ. Эхний долоо хоног амт, шимтэй халуун хоол тасраагүй болохоор эрч хүчтэй, шантраагүй. Ихэнхдээ л даваад гарна гэсэн бодол дийлж, буцах бодол ч төрөөгүй. Сүүлдээ хүнс багасч, 10 хүний дунд 500 грамм хүрэхгүй мах, гурил, будаа, ногооны норм тогтоосон. Ууланд өдөржин явж байгаа хүмүүст юу болох вэ дээ, тэр жаахан хоол нь. Оросын хилд ойрхон учраас цас хүний төсөөллөөс ч их унадаг юм билээ. Цасанд удаан явахаар тамирдаж, ядарна, тэр хэрээр хоол идэх хэрэгтэй байлаа.

        Өнөө, маргаашгүй очих газраа очно. Тэнд самар их ургасан байгаа гэсээр бид Зүүнхараагаас гараад 30 хоног боллоо. Гэхдээ энэ хугацаанд хэн хэн нь амьдралын төлөө яваа учраас шалтаг, шалтгаан хэлээгүй. Биднийг авч яваа Болдоо, Мөнхөө гэж хүмүүсийн үгээр л байсан. Тэдний буу гэсэн газарт бууж, машин дээр суу гэсэн газарт нь сууна. Нэг талаараа эрх чөлөөгөө хасуулсан хоригдол мэт сэтгэгдэл төрнө. Бас машин ямар нэгэн дов, жалга зэрэгт суучихаар биднийг авч яваа хүмүүс “Түрээч. Үхсэндээ  удаад байгаа юм бэ” гээд л харааж зүхнэ. Зарим үедээ магтаж урам зориг өгнө. Бид ийнхүү алхам алхам, сөөм сөөмөөр урагшаа уул өөд зүтгэсээр байгаад 200 гаруй километрийг туулсан байв. Энэ хүртэлх хугацааг машинаар гэхээс илүүтэй хоёр хөлөөрөө л туулсан даа.  Усанд орох, гар нүүрээ угаах ч боломжгүй. Тухтайхан суугаад бие засч болохгүй тийм л цасан дунд ядарч зүдэрч, өлсөж даарч явахдаа “Самар байгаа газарт нь очоод их мөнгөтэй болно. Өөдөсхөн хоёр хүүхдээ хоосон хонуулахгүй дээ” гэж л бодож итгэж, найдаж явсан даа.

 Бид ийнхүү алхам алхам, сөөм сөөмөөр урагшаа уул өөд зүтгэсээр байгаад 200 гаруй километрийг туулсан байв. Энэ хүртэлх хугацааг машинаар гэхээс илүүтэй хоёр хөлөөрөө л туулсан даа.  

Дөрөвдүгээр сарын 13.

       Зүүнхараагаас гараад сар болсон учраас тэвчээр тасрав. Би маш их уурласан, үнэндээ хоёр охиндоо эсэн мэнд очих, халуун дулаан гэрээ санасан. 30 хоног нойтон хөнжил, нүүр, амгүй цасанд даруулж, хөлдөж үхэхээс л наагуур амь тэмцэж байлаа. Хөл, гар хайрагдах бүүр энүүхэнд. Хоол нь ч хомс болохоор өлсөж, өлмөн зэлмэн болохоор байнга шахуу цухал төрнө. Нэг л өдөр хамт явсан хүмүүстээ, ахалж явсан Болдоод “Би энэнээс цааш явж чадахгүй нь, харилаа” гэж хэлээд хоёр найзыгаа дагуулаад уул уруудаад гүйсэн. Гэр минь энүүхэн энд байгаа юм шиг л санагдаж байлаа. Гэвч бидний араас  Мөнхөө ах гүйж ирээд “Ширэнгэн ойн дунд явж байгаагаа ойлго. Газар мэдэхгүй та нар энэ балар ойгоос амьд гарахгүй. Хоёр хонохгүй хөлдөж үхнэ. Чоно, баавгайн хоол болно” гэсэн. Ингэж л миний амьдрахын төлөөх хүсэл хүний эрхэнд байх хэцүүхэн өдрүүдээр солигдсон юм даа.

 

Хоёр дахь хэгийг ЭНД дарж уншина уу.

Гурав дахь хэсгийг ЭНД дарж уншина уу.

Дөрөв дэх хэсгийг ЭНД дарж уншина уу.

 


Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 01:00:45
    Ochirbat: Mundag bvsgvi bna ymar ih tewcheer we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 19:22:16
    Гантулга: Маш их тэсвэр тэвчээртэй мундаг бүсгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 19:22:15
    Гантулга: Маш их тэсвэр тэвчээртэй мундаг бүсгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 19:20:43
    Гантулга: Маш их тэсвэр тэвчээртэй мундаг бүсгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-14 08:03:44
    Зочин: Air yu 31 tvreed baigaarai hezech hvn itgehgvi ym bichih ym aa bi bas ter uuland chin 4sar bolod irsen 2 sard garaal 6 sard irsen hetsv ym bh ve bna tehdelee zarim ni arai hudlaa bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-14 08:03:11
    Зочин: Air yu 31 tvreed baigaarai hezech hvn itgehgvi ym bichih ym aa bi bas ter uuland chin 4sar bolod irsen 2 sard garaal 6 sard irsen hetsv ym bh ve bna tehdelee zarim ni arai hudlaa bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-14 03:35:42
    Ganaaa: Arai hetrvvlgtei bichjee arail
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-09 00:59:56
    Зочин : Эр эмгүй амьдрахын эрхэнд гээд л худал ярьж хулгай хийгээд дээрээс нь байгаль сүйтгээд байвал энэ чинь юу болохын арай хуцах юм аа байгаль эхийн хариу чанга л бууна даа хэн бугайд нь ч байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 20:17:09
    Цэцгээ: Үргэлжлэл нь хаанаас авах уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 14:17:29
    Зочин: Заавал Байгаль дэлхийгээ цөлмөж амьдрах хэрэг байдаг юмуу . Өөр ажил олж хийгээч. Тэнэгтээд явсан түүхээ бас ном болгодог эрнүүнүүд байх юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 10:13:09
    Од: Хэцүү 2 тэгээд зөв хүнээ олж явахгүй бол бас газар нутаг мэддэг хүн .Эмэгтэй хүн байтугай эр хүн ч шантардаг шдээ .Явж үзээгүй хүмүүс мэдэхгүй лдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 23:03:24
    Иргэн: Үргэлжлэлийг уншья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 20:35:49
    Оюун эрдэнэ: Хөөрхийдөө амьдрахын эрхэндэл яваа шүү дээ ямар өрөвдмөөр юм бэ уйлах нээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 20:35:49
    Оюун эрдэнэ: Хөөрхийдөө амьдрахын эрхэндэл яваа шүү дээ ямар өрөвдмөөр юм бэ уйлах нээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 20:35:48
    Оюун эрдэнэ: Хөөрхийдөө амьдрахын эрхэндэл яваа шүү дээ ямар өрөвдмөөр юм бэ уйлах нээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 19:26:28
    Зочин: Үргэлжлэлийг нь хаанаас унших юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 12:11:58
    Зочин: Хөөрхий дөө зовж үхэх шахаж авч яваа хүмүүс нь үнэхээр самарт яваа юу бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 11:03:56
    Бямбасүрэн: urgeljlel n haana bgaa be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 22:32:35
    Nasaa: Ugelglel ne haana bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 21:52:38
    Энхтуяа: Сонины сэтгүүлчид цаанаа л өөр дөө, өөр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 21:52:12
    Уншигч: Ямар гоё бичдэг юм бэ, эргэлтийнхэн л ингэж бичиж чадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 15:46:22
    Мм: Байгалийн хишиг хязгаартай. Өгөхгүй гэсэн хүндээ өгөхгүй шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 11:18:21
    TV: .
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188