Гомбын үрчилж авсан Цэрэнпунцаг хүү гурван настайдаа “Хүүхэн хутагт”-ын хойд дүрээр тодорч, Ламаадан нэртэй болсон байдаг. Тэр цагаас хойш өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг нэвтэрхий хардаг гоц ухаантай мэргэн хүүг зорих сүсэгтэн олны хөл тасрахаа больжээ. Тэдний гадаа өдөр бүр л долоон хошууны даншиг наадам болж байгаа юм шиг л хол ойроос хүмүүс цугларч, өвчин зовлонгоо нимгэлүүлэхээр торго дурдан, тостой даавуу, хадаг яндар, алт, мөнгөн эдлэл гээд байж болох бүхнээ барьц болгон барьж очдог байлаа. Сүүлдээ олны сүсэг бишрэл Ламааданг тухтай ч бие засуулахгүйд хүрч, шээсийг нь тосож хүртдэг, суусан газрынх нь шороог өвөртөлдөг гэх зэргээр өдөр ирэх тусам нэрд гарч байжээ. Түүгээр ч зогсохгүй буриадууд мэргэн хүүг бурхан тахил мэт өргөж, мөрөн дээрээсээ буулгадаггүй, газар гишгүүлдэггүй байсан гэдэг.
Хэнтийн мэргэн жаал буюу “Хүүхэн хутагт”-ын хойд дүр хэмээн тодорсноосоо болж аав, ээжийгээ цаазлуулж, гурван эцэг, дөрвөн эхийн гар дамжин, нэрээ гурван удаа солиулж, бусдын эрхшээлд бага, залуу насаа өнгөрүүлж, ээдрээт амьдрал туулсан энэ хүн бол Хэнтийн мэргэн Ламаадан буюу С.Чимиддорж юм. 1922-1939 оны аймшигт хэлмэгдүүлэлт түүний амьдралыг ийн орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Тэрээр 1936 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Зэсэнгийн Сэрээтэр хэмээх айлд мэндэлсэн байдаг. Тэд Цэрэнпунцаг хүүгээ хоёр ой хүрэх гэж байхад нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын тавдугаар багийн иргэн Гаравын Гомбынд үрчлүүлжээ. Учир нь, түүний ээжийн хоёр нүд, аав Сэрээтэрийнх нь нэг нүд хараагүй байсан тул хүүгээ өсгөж, хүн болгоход бэрх хэмээн айлд үрчлүүлсэн гэдэг. Ингээд Цэрэнпунцаг хүү үрчилж авсан ачлалт аав, ээжийнхээ өвөр дээр энх тунх бойжиж, бусдын адил жаргалтай сайхан амьдарч байжээ. Гэтэл нэг л өдөр Пэрэнпунцаг хүүд төдийгүй түүнийг үрчилж авсан Г.Гомбын гэр бүлийн хувь тавилан төсөөлшгүйгээр эргэсэн юм. Учир нь, Хэнтийн Балдан Бэрээвэн хийдийн Номун хаан Н.Норов хэмээх том лам тэднийд заларч, Цэрэнпунцагийн аав Гомбо, ээж Янжинлхам нарт “Танайд “Хүүхэн хутагт”-ын хойд дүр тодорсон байна. Нэрийг нь сольж, Ламаадан болго” хэмээн айлдаж, хүүг өөртөө шавь оруулж, ойр зуурын уншлага, ном зааж эхэлсэн байдаг. Аав, ээж нь ч “Хүүхэн хутагт”-ынхаа хойд дүрийг ёслол төгөлдөр тодруулах нь зүйтэй хэмээн үзэж, нутаг усныхандаа зар тарааж, өргөн хүрээтэй цайллага хийсэн гэдэг. Тэр цагаас хойш “Хүүхэн хутагт”-ын хойд дүр хэмээгдэх Ламааданд сүсэглэсэн олны хөл тэднийхээс тасрахаа больж, нутаг нутгаас аврал эрсэн сүсэгтнүүд өглөө, оройгүй Ламааданд мөргөл үйлдэх болжээ. Тэрээр багшийнхаа зааснаар сүсэгтэн олонд адис жанлав хүртээж, аврал буянаа хайрлаж эхэлсэн гэдэг юм. Ламаадан ч сүсэгтэн олны асууж, сурагласан болгоныг гарамгай сайн мэддэг туйлын мэргэн жаал байжээ.
Хүүгийн мэргэн түргэн байдлынх нь тухай Дотоод явдлын яамныхан төдийгүй Маршал Х.Чойлбалсанд мэдээлэл байнга очиж байж. Улмаар Дотоод явдлын яамнаас Ламааданы аав, ээж, нутгийн лам нарт нь “Бурхан шашны бурангуй үзлээ зогсоо” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч сүсэгтний цуваа огт тасрахгүй байж. “Тушаал биелүүлсэнгүй” хэмээн Дотоод явдлын яамны сайд Б.Шагдаржавын гарын үсэг бүхий 025 дугаар тоот тушаалаар эцэг Г.Гомбыг 1944 оны есдүгээр сарын 2-нд баривчлан хорьсон байдаг. Ийн авч явсныхаа дараа ар гэрийнхэн болон нутгийнханд нь Гомбыг “Мориндоо чирүүлж нас барсан” хэмээх цуу яриа тараажээ. Гэвч Ламаадан хүү түүнийг шоронд байгаа гэдгийг нь хэлж, эхнэр нь таньдаг хүнээрээ эргэлт оруулсан байна. Гэтэл Дотоод явдлын яамныхан болон Маршал Х.Чойбалсан энэ явдлыг нь олж мэдээд, н.Янжинлхамыг баривчлан Гомбын хамт дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөн зогсоож байгаад буудан хороосон гэдэг. Ингээд Ламаадан хүүг наймхан настайд нь аав, ээжээс нь өнчрүүлж, хагацал, зовлон үзүүлсэн байдаг.
Дотоод явдлын яамныхан аав, ээжийг нь хөнөөснийхөө дараа Ламааданг шууд хөнөөж чадсангүй. Түүнийг тойрон хүрээлэх сүсэгтэн олны хэл амнаас айхдаа хүүг сургуульд сургах нэрээр Хэнтий аймгийн сургуульд хэдэн сар болгоод, Улаанбаатар хотод нууцаар авчирсан байдаг. Ингээд зогсохгүй “Овог, нэрийг нь солиод, баруун зүгийн ажилтандаа үрчлүүлье” хэмээн шийдсэнээр Дотоод явдлын яамны Зөөлөн оёдлын үйлдвэрийн мастер Өвөрхангай аймгийн уугуул Д.Самданд хүүг үрчлүүлжээ. Ингэхдээ түүний нэрийг Д.Самдангийн Чимиддорж болгон өөрчилсөн байдаг.
Д.Самдан эхнэр н.Гаамаагийнхаа хамт түүнийг өсгөж, хүмүүжүүлэх үүрэг, даалгавар авсан болохоор С.Чимиддоржийг сэрсэн цагаас унтах хүртэл нь нүд салгалгүй харж ханддаг байж. Удалгүй Д.Самданг ялихгүй зүйлээс болж мөн л хорьж, шийтгэсэн байна. Эцэг нь хоригдсон хүнд үед хойд эх н.Гаамаа нь хүүг зодож, цохиж, ад үзсээр сүүлдээ хаяж оджээ. Удалгүй Д.Самдан шоронгоос суллагдаж, С.Чимиддоржийн дөрөв дэх эх буюу н.Долгорсүрэнтэй ханилж, хүүгээ хүний зэрэгт өсгөн хүмүүжүүлсэн гэдэг. Цаг хугацааны эрхээр Ламаадан буюу С.Чимиддорж өсөж, том болсоор нийслэлийн Тавдугаар сургуулийг төгсөж мөн жолооч болжээ. Түүний бага, залуу нас гэр бүлээр нь устгах цуст хэлмэгдүүлэлт, яргалал, өнчрөл, хагацлын дунд өнгөрсөн ч гэлээ хожим Я.Рэгзэдмаа хэмээх хүнлэг, сайхан эмэгтэйтэй ханилж, олон сайхан хүүхдийн аав болж, өнөр өтгөн, аз жаргалтай амьдарсан байдаг. Ийм ээдрээт хувь заяаны эзэн Ламаадан буюу С.Чимиддоржийн бага охин Ч.Одхүүтэй аавынх нь тухай ярилцлаа.
-Таны аав монголчуудын дунд үлгэр домог мэт яригддаг “Хүүхэн хутагт”-ын хойд дүр буюу Ламаадан юм билээ. Бага, залуу нас нь улс төрийн хэлмэгдүүлэлт, хавчлага дунд өнгөрсөн болохоор аав нь төдийлөн хүссэнээрээ амьдарч чадаагүй байх. Аав нь амьдралынхаа тухай та бүхэнд дурсдаг байсан уу?
-Би хүүхэд байхдаа аавыгаа айлын өргөмөл, ах, дүү нь төрсөн нь биш гэдгийг сонсоод “Бидний эмээ гэж дууддаг байсан хүн хэн болж таарав. Ах, дүү нь гээд манайхаар ирдэг хүмүүс ямар учиртай хүмүүс юм бэ” гэж гайхаж боддог байлаа. Аав минь хүнд хэцүү амьдрал үзээд дуу цөөтэй болчихсон юм уу, төрөлхийн дуу цөөтэй байсан юм уу хүнд хэлэхээ л хэлэхээс өөрөөр илүү, дутуу юм ярьдаггүй байсан. Хүний хэл ам, хэрүүл, тэмцлээс их айдаг, алсын бараа ширтээд л бодлогоширч суудаг тийм л эгэл даруу нэгэн байсан. Би том болох тусмаа аавынхаа үг, дуу цөөтэй, бусдын өөдөөс чангахан ч дуугарч чаддаггүй, бодолд автан суудаг байсан шалтгааныг нь бага багаар ойлгож, мэдэрч эхэлсэн дээ. Аав бидэнд бага насныхаа тухай, чухам юу үзэж туулсан тухайгаа огт ярьдаггүй, ихэд нуудаг байсан. Ээжийг хүмүүстэй уулзахаар гэрээс гарахад нь тэдэнтэй хамаагүй юм ярьж болохгүйг нь байнга сануулдаг байсан. Тэгэхээр ээжид бол үзэж, туулсан бүхнээ ярьсан байсан байх. Сайхан аавыгаа хэлмэгдүүлэлтэд өртөж, хувь тавилангаараа амьдарч чадаагүйд нь маш их харамсдаг бас өрөвддөг. Надад тэр тухай нь бодох төдийхөнд тийм хэцүү байхад аавд минь ямар байсан бол гэж бодох бүрд өөрийн эрхгүй нулимс урсдаг.
-Аавыг нь гурав, дөрөвхөн настай байхад нь нутаг нутгийн хүмүүс ирж, зовлон бэрхшээлийнхээ учир шалтгааныг асууж, гарц, чиг авдаг байсан юм билээ. Хүмүүсийн зовлон, саад тотгорыг аав нь хэрхэн тайлж, хэлж өгдөг байсан бол. Энэ тухай нь та мэдэх үү?
-Аавыг өргөж авсан Гомбо гэдэг айл Өмнөдэлгэр сумын Хөгнө, Шанаган, Дундбаян, Шар талаар нутаглаж, мал маллан амьдардаг байсан юм билээ. Аав гурван настайгаасаа л шавар, чулуу, элсээр суварга босгож, тоглодог байсан гэдэг. Аавыг гурван настай байхад нэгэн нутгийн эр адуугаа хайж яваад тэднийхээр бууж, алдсан малаа хаанаас олох вэ гэж аав, ээжтэй нь ярьж суутал аав адуу байгаа уулыг нь хэлж өгсөн гэдэг. Үүнээс хойш нутгийн иргэд алдсан мал, элдэв зүйлээ ааваас асуудаг болсон юм билээ. 1943 онд Ононгийн халуун рашааны ойролцоо зуссан жил аавын ид шид, эрдэм чадал нь улам бүр сайжирсан гэж аав, ээж нь нутгийнхандаа ярьж байсан гэдэг. Аав ч бусдын гай зовлонг нимгэлж, өвчин зовлонгоос нь салгаж, асуусан бүрд нь хариулдаг байсан юм билээ.
Өргөсөн ээжийнхээ хамаатны хүү Амгаабазар гэх ахыгаа цэрэгт яваад жил болсны дараа аав “Ах минь их өлсөж, цангаж явна. Бүтэн домботой цай зүүн зүгт өргө” хэмээн ээждээ хэлжээ. Цэргээс халагдаж ирэхэд нь ээж нь энэ тухай дүүгээсээ асуухад “Яг тэр үеэр их халуун байсан. Бид төдийгүй хүнд пулемётийн морьд цангасандаа ам нь зуураад хэцүүдсэн. Хүн, малгүй хатаж үхдэгийн даваан дээр тэрүүхнээс гэнэт булагтай таарч амь гарсан” гэж хэлсэн юм билээ. Мөн нутгийн нэг эр “Манай эхнэр хүндээр өвдсөн. Бие нь дээрдэх болов уу” хэмээн асуухад аав “Танай өвөлжөөний дэргэд хар ус байна. Тэр усны хажууд ургасан хус модыг та цавчаад муна хийжээ. Иймд та модон мунаа цавцаад нууранд хөвүүлж, Алтангэрэл судар 25 удаа уншуул” гэсэн гэдэг. Аавын хэлснээр тэр бүхнийг хийхэд эмэгтэйн өвчин зовлон арилж, сайхан болсон гэдэг. Түүнчлэн Хэнтийн Шагдар гэх хүн Ламаадан хүүтэй уулзахаар явж байх замдаа нэг айлаар орж л дээ. Өнөөх айлын эзэд Шагдараас мэргэн хүүгийн тухай сонсоод гай барцадаа даатгуулахаар хадаг, дээлийн өнгө дайж явуулжээ. Шагдар хувилгаан хүүтэй уулзахын өмнө гэнэт шунал нь хөдөлж, дээлийн өнгийг нь өөртөө үлдээхээр айлын гадаа нуугаад, хадгийг нь барьтал аав “Дээлийн өнгийг нь авснаараа тэр айлын гай барцадын ихэнхийг нь та даа. Хадгийг нь авснаараа багаахныг нь би даая. Гадаа нуусан юмыг чинь үхэр идэж байна шүү” гэсэн гэдэг. Өнөөх хүн ичиж, улайгаад, асууж, тодруулахаар ирсэн юмаа ч хэлж чадалгүй түргэхэн гартал үнэхээр нуусан даавууг нь үхэр идэж байсан гэдэг. Тэр цагаас Ламаадан хүүгийн нэр хүнд сүсэгтэн олны дунд бүр ч ихээр тарж, хүндлэгдэх болсон гэдэг. Энэ мэтчилэн хүн итгэхээргүй явдал олон гарч байсан юм билээ.
-Аавыг нь хэлмэгдүүлж, гоц ухаан, зөнч мэргэн чадварыг нь устгах бодлого тасралтгүй хэрэгжүүлж байсан ч аав нь зөнч, мэргэн чанараа хадгалж үлдсэн байх. Гэрийнхэнд нь юм мэдрэгддэг байсан уу?
-Аавыг “Хүүхэн хутагт”-ын хойд дүрээр тодроод удаагүй байхад нь чадалтай болгон очиж мэргэлүүлдэг, мөргөж, сөгддөг, шээсийг нь хүртэл тосож, хүртдэг байсан тухай уншиж байсан. Би түүнийг нь хараагүй, аав яриагүй болохоор энэ тухай бусдын адил ойлголттой байдаг. Хэдийгээр аав минь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ч гэсэн зөн билгийн увидас нь хэвээр үлдсэн байсан гэж боддог. Нэг жишээ дурдвал, том ах минь 1990 онд, аав 1991 онд бурхан болсон юм. 1990 онд аав, ах хоёр хоёулаа Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Тэр үед аав хараагүй болчихсон байсан юм л даа. Тэгээд сэтгэл санааг нь тайван байлгах ёстой гээд ахыг эмнэлэгт бие нь тааруу байгааг огт дуулгаагүй юм. Том ахыг бурхан болоход нь ээж аавыг сахиад эмнэлэгт байсан. Гэтэл ахыг бурхан болсон өглөө ээжийг дуудаад “Миний хөгшин гэртээ хариад, хүүхдүүддээ очоодох. Цаадуулд чинь нэг юм болчихлоо” гээд явуулсан байсан.
Машин, механикийн баазийнхан нь аавыг Ламаадан гэж мэддэггүй байсан. Аав өөрөө л хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Сүүлд, эмнэлэгт байхад нь эргэж ирэхдээ биднээс аавыг Хэнтийн мэргэн жаал Ламаадан гэдгийг дуулаад “Нээрээ бидэнд их олон юм сэрэмжлүүлж, анхааруулж байсан юм байна. Ажлынхныгаа хөдөө, гадаа явахад нь, хэн нэгэнд ямар нэгэн зүйл тохиолдохынх нь өмнө “Тэрийгээ тэгээрэй. Тэнд чинь тийм нэг юм байгаа юм байна, хаячихаарай” гэх зэргээр байнга захидаг байсан нь ийм учиртай байжээ” гэж байсан. Тийм болохоор аавын минь ер бусын зөн билиг, мэргэн ухаан үгүй болоогүй гэж би боддог.
-Аавынх нь зөн билиг, шашин номынх нь эд зүйлсээс хүүхдүүдэд нь өвлөгдсөн болов уу. Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Бид эцэг, эхээс 13-уулаа. Хоёр том ах минь төрөөд удаагүй байхдаа бурхан болчихсон юм билээ. Хожим дөрөв нь бурхан болсон. Үлдсэн долоо нь дор бүрдээ ажил, төрлөө хийгээд сайхан амьдарч байгаа. Би айлын бага. Аав, ээж хоёрыг бурхан болсноос хойш миний бие өвддөг болж хэсэг хэцүүдсэн. Хэдийгээр сайхан ах, эгч нар минь байгаа ч аав, ээж байхгүй болохоор гэр эзгүйрч, юм бүхэн хоосон болдог юм байна. Өвдөж, зовохын эрхэнд ганц, хоёр хүн дээр очиж үзүүлтэл “Танайд бурхан номын том хүн байсан юм байна. Хойч үеийг нь залгах сахиустай хүн нь чи юм байна” гэснээр би 10 гаруй жилийн өмнөөс сахиусаа авсан. Гэхдээ би өөрийгөө “Ламааданы удам угсаа” гэж зарладаггүй. Аавынхаа хойчийг залгана гэдэг утгаараа бөөгийн сахиус авч, өвчтэй, зовлонтой хүмүүст туслаж, аавынхаа үлдээсэн бурхан, сахиусыг залж, шүтэж явдаг.
-Зарим хүн “Шашин номын тусгай арга ухаанаар талийгаачтайгаа уулзсан, сүнстэй нь холбогдсон” гэх итгэмээргүй зүйлийг үнэмшилтэйгээр ярьдаг. Харин та тэдэн шиг сахиусныхаа ач буянаар аавтайгаа “уулзаж” байсан уу?
-Аавын буяны ажил дуусаад хүмүүс явсны дараа би өөрийн мэдэлгүй толгой дээгүүрээ куртикаа нөмөрчихөөд уйлаад байсан. Уйлахгүй үедээ дүнгэр дүнгэр гээд ганцаараа яриад байснаа сайн санадаг. Ах, эгч нар намайг “Харанхуй шөнө битгий уйлаад бай, ганцаараа битгий яриад бай, муу ёр” гэж загнахад ээж минь “Дүү нь тэгж л байг. Хүүхэд 13 нас хүртлээ зөнтэй байдаг юм гэнэ лээ. Аавтайгаа ярьж байгаа үнэн юм байлгүй” гэж байсан. Аавыгаа бурхан болсны дараа гурав хоног уйлж, ганцаараа ярьснаас хойш аавыгаа зүүдлээгүй. Харин бөөгийн сахиус авсныхаа дараа сахиусаараа дамжуулан аавтайгаа “уулзахад” аав минь “Хүн бүр төөрөг, хувь заяагаараа амьдардаг. Төөрөг заяанаасаа хазайдаг тавилан гэж байдаггүй юм” гэхэд нь би тайвширч байсан. Би сахиусаа авахдаа “Зөв юм хийж байгаа болов уу, буруу зүйл хийж байгаа болов уу” гэж их эргэлзэж байсан юм л даа. Тэрхүү эргэлзээг аав минь тайлж өгсөн. Бас аавынхаа төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Баян-Адарга суманд очиж, аавынхаа чулуу тавьж байсан овоог нь сэргээж, аавдаа зориулж овоо босгосон. Бид ханш нээх өдрөөр бурхан болоочдынхоо шарил дээр очиж, буян, ном үйлддэг.
-Аав, ээж нь хүүхдүүддээ юу захиж сургадаг, хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ. С.Чимэддоржийнх гэж ямар айл байв?
-Аав, ээж минь хүн их дайлдаг хүмүүс байсан. Аавыг хүмүүс ээжид ярихдаа “Хүүе ээ, танай хөгшин чинь юм ярьдаг юм уу, дуугардаг юм уу” гэцгээдэг байж билээ. Аав минь архи, дарс уудаггүй ч ажлынхан нь манайд баяр болгоноор ирж, идэж, уугаад л явдаг байлаа. Том эгч минь гитар тоглодог байсан болохоор аав биднийг дуулуулах дуртай байж билээ. Хүн ирэхээр л “Манай хүүхдүүдийн тоглолтыг үзээрэй” гээд биднийг дуудаж, дуулуулна. Ээжийн тухай дуу их дуулдаг байж дээ. Биднийг хүүхэд байхад аливаа баярыг мандарин, бохьгүйгээр төсөөлдөггүй байлаа шүү дээ. Шинэ жил болохоор аав “Энэ жилийн бэлгэнд мандарин байхгүй шүү” гэж биднийг цаашлуулдаг сан. Дөрвөн охин нь хоёр хоёроороо тэрсхэн болохоор ижилхэн хувцас өмсүүлж, ихэрлүүлдэг байсан. Бас аав минь үс их сайхан самнаж өгдөг байж билээ. Бид дөрөв ааваараа үсээ самнуулах дуртай байсан. Нэг л үс гозойх юм бол “Болоогүй байна. Таранд нь нийлтэл самнана” гээд самнаад л байдаг сан. Хүүхдийн баяраар бид дөрвийн үсийг самнаж, бэлгийг минь өгчихөөд парк руу дагуулж явах нь бүр ч сайхан. Том эгч Ч.Баясгалан минь надаас ч эрх хүүхэд байсан. Яагаад гэвэл, таван хүүгийн дараа төрсөн охин гээд аав, ээж хоёр барагтай л бол үг хэлдэггүй байж билээ. Олон хүүхэдтэй байсан болоод ч тэр үү аав, ээж биднийг “Хүн орж ирвэл сайхан мэндэлчихээд цаад өрөөндөө сууж бай. Том хүний өмнүүр гүйлдэж, тавагтэй идээ хуурайлж болохгүй шүү” гэхчилсэн хүмүүжүүлдэг байсан.
-Хүн бүрийн аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн хором мөч бүхэн хамгийн жаргалтай, сайхан байдаг шүү дээ. Тэр сайхан дурсамжууд дундаас та энэ удаад алийг нь онцолж яримаар байна вэ?
-Бидний хүүхэд нас аав, ээжийн хайранд энхрийлүүлж, жаргалтай сайхан өнгөрсөн. Нэг зун аав минь ээжтэй ижилхэн дээл хийж өмсөөд өсөж, төрсөн нутаг болох Өвөрхангай, Хэнтий аймгаараа хэд хоног явсан юм. Хэзээ ирэх бол гэж харуулдаж, санааширч суусан бидэнд аав, ээж хоёр минь нэг л өглөө ороод ирсэнд бүгдээрээ баярлаад, бараг уйлсан санагддаг. Аав, ээжийгээ цөөхөн хоног хөдөө яваад ирэхэд нь тэгтлээ их санасан байж билээ. Тэр өглөө миний амьдралын хамгийн сайхан мөч юм шиг санагддаг. Мэдээж, баяр болгоноор бид аав, ээждээ эрхлэхийн дээдээр эрхэлж, бэлэг сэлт авч, хамтдаа тоглож, наадацгаадаг байсан л даа. Тэр болгон үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү дээ.
-Та аавыгаа хувь тавилангаараа амьдарч чадаагүйд нь харамсдаг гэсэн шүү дээ. Таныг “Аавын минь бага, залуу нас бусдын адил амар тайван, элэг бүтэн амьдрал дунд өнгөрсөн бол” гэх бодол үргэлж ээрдэг байх?
-Өвөө, эмээ минь дур мэдэн “Манай хүүхэд “Хүүхэн хутагт”-ын хойд дүр, хүүдээ Ламаадан гэж нэр өгнө” гэж олон түмэнд худал мэдээлэл тарааж, хүн амьтан урьж авчраагүй шүү дээ. Хийдийн лам аавыг минь “Сахил бурхантай, хойчийг залах увидастай хүүхэд байна” гэж товлоод явахдаа модон сахиус, түрийвч хоёр үлдээсэн байдаг. Тэр нь одоо надад бий. Мөн ааваас үлдсэн ганц дээл нь байдаг. Аавд түүнээс өөр өмч, хүүхэд насных нь дурсамж болчихоор нандин зүйл байдаггүй. Аавыгаа тэрхүү хүнд хэцүү цаг үеүдэд юу бодож, яаж амьдарч байсныг нь би мэдэхгүй ч зовлон шаналал дунд амьдарч, тэр бүхнийг давж туулсанаар нь үргэлж бахархдаг. Хувь тавилангаараа амьдарч чадаагүй гэж харамсдаг шалгаан нь гэвэл, аавыгаа бурхан номын том хүн болох байсан гэхээс илүүтэйгээр бусдын адил элэг бүтэн, амар тайван амьдарсан бол юутай сайхан байх байсан бол гэж харамсаж, сэтгэл өвддөг.
-Аав тань ээжтэй нь ханилсан цагаасаа сайхан амьдрал бүтээхийг зорьж, тэр чинээгээрээ хань ижил, үр хүүхдээ жаргалтай амьдруулж чаджээ?
-Аав минь сэтгэлээ хуваалцах ханьтай, үр хүүхэдтэй болохдоо л амьдралын жаргалыг мэдэрч, хэсэгхэн ч болтугай амар тайван амьдарсан болов уу гэж боддог. Бид аавынхаа охин нь, хүү нь болж төрснөөрөө сэтгэлийнх нь зовлон, шархыг бага ч болов эдгээсэн болов уу, хар бараан дурсамжийг нь мартуулж чадсан байгаасай гэж найддаг. Аав ч бидний төлөө бүхнээ зориулж, элэг бүтэн, гэр бүлээрээ л байвал өөр юу ч хэрэггүй гэдэг хүн байсан даа.
-Та бүхэн аавынхаа нэр төрийг цагаатгуулахаар Цагаатгалын комисст өргөдөл бичиж байсан уу?
-Цагаатгалын комисст бид “Аавын минь нэр төрийг цагаатгаж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргаж байсан. Харин тэр комиссоос аавыг минь хэлмэгдсэн гэж үзсэн ч нэрийг нь цагаатгаагүй. “Шашны бурангуй үзэл тараалаа” гэж аав, ээжийг нь цаазалж, аавыг минь хар нялхаар нь өнчрүүлчихээд цагаатгахгүй байгаад нь бид гайхдаг. Аав, ээж хоёрыг нь хэлмэгдсэн гэж үзэж, “Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгож байна” гээд Налайх дүүрэгт орон сууц, сая төгрөг олгож байсан. Аав минь эцэг, эхээсээ хагацаад жаргаагүй шүү дээ.
-Та аавыг нь хүний дайтай өсгөсөн Д.Самдан, н.Долгорсүрэн нартай ойр, дотно байсан уу. Тэд ямархуу хүмүүс байсан бэ?
-Аавыг үрчилж авсан Д.Самдан өвөөг би харж байгаагүй. Харин н.Долгорсүрэн эмээг сайн мэддэг. Бид эмээгээ Жогоо гэж авгайлдаг байлаа. Ааш зан сайтай, их сайхан хөгшин байсан. Харин миний ах, эгч нар Д.Самдан өвөөг мэддэг, зарим нь өвөр дээр нь өссөн гэж ярьдаг юм. Жогоо эмээ манай урд гудманд амьдардаг байсан. Д.Самдан өвөөгийнх гурван хүүхэд өргөж авсан байдаг. Тэдний нэг нь миний аав. Аав олон хүний гар дамжсан ч сайн эцэг, эх таарсанд нь үргэлж баярлаж явдаг. Миний аав тэднийхээ ачаар сайхан хүмүүжсэн, өөрөө ч их ухаантай хүн байсан.
-Ижил нэртэй хүмүүс “Хэнтийн мэргэн Ламаадан гэдэг чинь би байна” гээд аавынх нь нэрийг барьж, Засаг захиргааныхантай уулздаг байсан гэх яриа байдаг. Аав нь нутаг, усныхандаа өөрийгөө албан ёсоор танилцуулж байсан уу?
-Миний аавд төрсөн нутаг, төрүүлсэн аав, ээжийгээ ч хайх, сураглах эрх байгаагүй. Тийм оролдлого хийх л юм бол амиа алдах, хоригдох, хатуу шийтгэл хүртэх байсан байх. Тэр бүхнийг аав минь мэдэрч, тэсэж, тэвчиж, туулж өнгөрүүлсэн байдаг. Хожим Хэнтий аймагт Чимиддорж гэдэг хүн өөрийгөө “Би Хэнтийгээс төрсөн Ламаадан буюу Чимиддорж байна” гэж дарга, томчуудтай уулзсан гэх цуу яриа сонсож байсан. Аав хэзээ ч өөрийгөө зарлан тунхаглаж, энд тэнд очиж хүмүүстэй танилцаж байгаагүй. Аав минь танихгүй хүнд өөрийгөө Ламаадан гэж танилцуулах нь битгий хэл бидэнд ч тэр тухайгаа тодорхой ярихгүй байсаар бурхан болсон хүн шүү дээ. Миний хүүхдүүд “Юу ч сонссон бай, хэн ч юу ч асуусан аавынхаа тухай ярьж болохгүй шүү” гэж захидаг байсан. Өөрийнхөө үзсэн зовлон, хагацал, шаналлыг бидэнд үзүүлчих вий гэж айдаг байсан байх л даа. 1991 оны арваннэгдүгээр сарын 26-нд 55 настайдаа элэгний хорт хавдраар бурхан болсон. Тэр үед би 11 настай үлдэж байж.
-Ээж нь аль нутгийн хүн байсан бэ. Аавд нь өмөг түшиг болж байсан хамгийн чухал хүмүүсийн нэг нь шүү дээ. Ээжийнхээ тухай дурсаж болох уу?
-Миний ээжийг Я.Рэгзэдмаа гэдэг. Говь-Алтай аймгийн Тонхил сумынх, барилгын дотор засалч мэргэжилтэй мөртлөө орос дэлгүүрт олон жил худалдагч хийсэн. Аав ч орос бараанд их дуртай байсан. Аав минь архи уудаггүй байсан болохоор ч тэр үү хүүхдүүдтэйгээ адилхан амттанд их дуртай. Аавыг ажилдаа явахад нь ээж чихэр боогоод өгч явуулдаг байж билээ. Аав аагтай цайнд дуртай болохоор цайныхаа цагаар гэртээ ирж, ээжийн цайг уудаг байсан. Ээж гэрийнхээ ажлыг хийнэ, хүүхдүүдээ харна, ажлаа ч таслахгүй хийдэг хөдөлмөрч эмэгтэй байсан. 1991 онд аавыг бурхан болсноос хойш ээж минь сэтгэл санаагаар унаж, гансарч, хоол, унднаас гарсан. Тэр үед цайнаас өөр юм хоолойгоороо давуулдаггүй, өдөрт хайрцаг тамхи татаж өөрийгөө сатааруулдаг болсон. Аавын зурагны өмнө сууж, зул өргөж, арц, хүж уугиулаад суудаг байсан. Ээж минь жил бүрийн цагаан сараар идээ будаа, бэлэг сэлт бэлдэж, өөрийнхөө ах, дүү нараас илүү аавын ах, дүүг “Ирэх байх” гэж хүлээдэг байсан. Гэтэл тэд аавыг бурхан болсноос хойш нэг ч удаа ирээгүй. Уг нь, би аавынхаа ах, дүү нарт их баярладаг байсан. Нэг эцэг, эхийн хүүхдүүд биш мөртлөө адилхан царай зүстэй хүмүүс байсан.
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ |
|
2025-09-09 10:23:04
2025-09-09 09:09:00
2025-09-09 08:10:00
2025-09-09 08:00:00
2025-09-09 07:50:00
2025-09-09 07:40:00
2025-09-09 07:40:00
2025-09-09 07:30:00
2025-09-09 07:20:00
2025-09-09 07:10:00
2025-09-09 07:03:13
2025-09-09 07:01:42
2025-09-09 07:00:57
2025-09-09 07:00:47
2025-09-09 07:00:33
2025-09-09 07:00:11
2025-09-09 06:00:00
2025-09-08 17:39:41
2025-09-08 17:12:28
2025-09-08 16:07:11
2025-09-08 16:00:45
2025-09-08 15:54:34
2025-09-08 15:33:54
2025-09-08 14:38:48
2025-09-08 13:50:11
2025-09-08 13:34:25
2025-09-08 13:20:58
2025-09-08 13:20:13
2025-09-08 13:17:52
2025-09-08 13:14:51
2025-09-08 13:12:46
2025-09-08 11:54:36
2025-09-08 11:09:15
2025-09-08 10:47:47
2025-09-08 10:31:47
2025-09-08 09:37:52
2025-09-08 09:35:02
2025-09-08 08:37:54
2025-09-08 07:20:00
2025-09-08 07:10:00
2025-09-08 07:00:00
2025-09-08 07:00:00
2025-09-08 07:00:00
2025-09-08 07:00:00
2025-09-08 07:00:00
2025-09-08 07:00:00
2025-09-08 06:00:00
2025-09-08 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |