• Өнөөдөр 2025-09-23

Ш.БААТАР: ӨВӨЛЖӨӨ, ХОРОЛ ЗЭРЭГ АХУЙН ДҮРСЛЭЛ, УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ ХҮРТЭЛ ДҮРСЛЭГДДЭГ НЬ МОНГОЛ ЗУРГИЙН ГОЛ ОНЦЛОГ

            Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч, соёлын тэргүүний ажилтан Шагдарсүрэн овогтой Баатар 30 гаруй жил уран бүтээлээ туурвиж буй зураач юм. Тэрбээр 1992 оноос өдийг хүртэл улсын хэмжээний үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож эхэлсэн бөгөөд түүний “Цамын бүжиг” зураг нь Санфранцискогийн Азийн урлагийн музейн санд тавигдсан байдаг. Уран бүтээлийн үзэсгэлэнгүүдээс дурдвал 1994 онд Монголын Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн Герман улсад, 1996 онд Япон улсын Токио хотод урлаг солилцооны үзэсгэлэн, 1997 онд Голпанд упсын Амстердам хотод уран бүтээлийн үзэсгэлэн, 1998 онд Германы Элчин Сайдын Яаманд “Бүх бүтээлч эмэгтэйчүүдийн үзэсгэлэн, 1999 онд Францын Орлеан хотод үзэсгэлэн, 2001 онд Герман Монголын эмэгтэйчүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн, 2010-2016 онд Олон нийтийн болон эмэгтэйчүүдийн нэгдсэн үзэсгэлэнгүүдэд, 2009 онд Бие даасан үзэсгэлэн, Өвөр Монгол, Xөх xот, 2015 онд Япон улсад- Монгопын зураачдын үзэсгэлэн, 2019 онд Уран бүтээлийн үзэсгэлэн-МУЭ-ийн үзэсгэлэнгийн Арт Галерей, БНСУ-КАFА ОУ-ын үзэсгэлэн, БНСУ, Сөүл хот, Soo woo галерей, 2022 онд The first Seoul-Han river biennale-0y-ын үзэсгэлэн- Сөүл хот БНСУ, 2024 онд Бие даасан үзэсгэлэн-Edelweis Art Hotel, The Second Seoul-Han river biennale ОУ-ын үзэсгэлэн- Сөүл хот БНСУ, Бие даасан узэсгэлэн - Edelweiss art gallery УБ xот, 2025 онд "Гэгээ" Хамтарсан үзэсгэлэн - МУЭ-ийн үзэсгэлэнгийн Арт Галерей, УБ хот зэрэг үзэсгэлэнд оролцсон байна. Ингээд түүнтэй ярилцсанаа танд хүргье.

-Сайн байна уу. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

         -Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн ус хэмээх байгалийн сайхан нутагт төрж өссөн. Миний аав Шагдарсүрэн дархан хийдэг, төвөд, уйгаржин бичгээс кирилл рүү орчуулдаг, мэргэ төлгө сонирхдог, урлагийн мэдрэмжтэй хүн байлаа. Миний урлагийн замналд хөтөлсөн хүн бол аав маань. Дөрвөн настайгаасаа л зурах сонирхолтой байсан болохоор аавыгаа ажиглаж, харж, дуурайж зурж эхэлсэн нь миний уран бүтээлийн эхлэл байсан. Урлагийн боловсролын хувьд Дүрслэх Урлагийн дээд сургууль, дараа нь Соёл Урлагийн дээд сургуульд суралцаж, зураач мэргэжлийг эзэмшсэн. Түүнээс хойш 40 гаруй жил уран бүтээлээ туурвисаар ирлээ.

-Монгол уламжлалт зурагтай хэрхэн холбогдсон бэ?

           -Би хөдөө төрж, мал ахуй, байгаль орчны дунд өссөн хүүхэд. Энэ л амьдралын хэв маяг намайг уламжлалт сэтгэлгээтэй, эх оронч уран бүтээлч болоход суурь нь болсон гэж боддог. Монгол ахуй гэдэг өөрөө маш гүн гүнзгий утга агуулгатай. Миний анхны зургууд зээр, гөрөөс, мал хуй, уул усны дүрслэлтэй байсан. Монгол ахуйгаасаа ургаж гарсан дүрслэл, домог, түүх, амьдралын хэв маяг бол миний зургийн сэтгэлгээний гол эх булаг юм.

-Урлагийн ертөнцөд танд багш, үлгэр дууриалал болсон хүмүүс хэн бэ?

          -Миний мэргэжлийн багш нар маш их нөлөөтэй. Тухайлбал, зураач Б.Чинтогтох багш маань уран бүтээлийн суурь мэдлэг олгосон бол Ардын зураач, нэрт зохиомжийн багш Д.Амгалан гуайгаас би урлагийн философийг ойлгож сурсан. Ахмад уран бүтээлчид маань зөвхөн зураг зурахад зааж зөвлөдөггүй, харин амьдрал, уран бүтээлийн үнэ цэнэ, ухагдахууныг зааж өгдөг байлаа.

-Таны бодлоор Монгол уламжлалт зурагт хамгийн чухал зүйл юу вэ?

            -Монгол уламжлалт зураг бол ахуй амьдрал, мал хуй, уул ус, байгаль, нутаг орноосоо үүдэлтэй. Мөн өвөлжөө, хорол зэрэг ахуйн дүрслэл, үндэсний уламжлалт тоглоом хүртэл дүрслэлд багтдаг. Энэ бүхэн л Монголын зургийн гол онцлог. Миний хувьд бүтээлүүдээ бор, шаргалдуу өнгөөр туурвидаг. Энэ өнгө бол бидний газрын хөрс, хуучин эсгий, арьс ширний өнгө шиг үндэсний мэдрэмж төрүүлдэг. Сүүлийн жилүүдэд илүү өнгө өнгөлөг, тод хурц өнгө оруулж баяжуулж байгаа ч суурь өнгө маань хэвээрээ л байна.

-Зураг зурахад танд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?

           -Урам зориг авна гэдэг бол амьдралын минь нэг хэсэг. Бараг хөдөлгөөн бүхэндээ, бүр зүүдэндээ ч зургаа харж, зургаа бодож явдаг. Тэр л намайг уран бүтээл рүү чиглүүлдэг. Тэрнээс бол хэн нэгэн уран бүтээлчийн зургийг хараад урам зориг авна гэдэг бол миний хувьд тийм ч таатай санагдадгүй. Өөр уран бүтээлчийн үзэсгэлэнг үзээд байхаар тухайн зүраач эвдэрэх магадлалтай. Өөрийн гэсэн хэв маяг гэх зүйл байхгүй болох болзошгүй гэж би үздэг болохоор үзэсгэлгээ гаргахын тулд жил гаруй хугацаанд огт үзэсгэлэн үзээгүй.  

-Монгол уламжлалт зургийн өвийг орчин үеийн урлагтай хэрхэн уялдуулах чухал гэж та боддог вэ?

         -Би хувьдаа уламжлалт Монгол зургаа эвдэж, орчин үетэй хүчээр уялдуулахыг дэмждэггүй. Харин үндэс сууриа хадгалж, үндэсний онцлог, ахуй соёлоо алдахгүйгээр хөгжүүлэх нь чухал гэж боддог. Одоо харахад уламжлалт зураг сонирхох залуус цөөрч, багш мэргэжилтэй мэргэжилтнүүд ховордож буй нь харамсалтай. Монгол зургийн багшийг олноор бэлтгэх, хүүхдүүдэд багаас нь урлагийн боловсрол олгох нь нэн чухал гэж боддог.

Таны уран бүтээлд монгол ахуй, домог түүх хэрхэн тусгагддаг вэ?

-Би бүтээлүүдэдээ түүх, домо, Монголын тусгаар тогтнолын санаа гүн гүнзгий шингэхийг зорьдог. Жишээлбэл, "Богд хаант Монгол" нэртэй бүтээл маань тухайн үед амьдарч байгаагүй ч эх оронч ухагдахуун, төрийн тусгаар тогтнол, үндэсний бахархалыг илэрхийлэх зорилготой байсан. Бидний үндэс, өв соёл бол зүгээр нэг өнгөрсөн цагийн зүйл биш харин ирээдүйгээ бүтээх үндэс суурь юм.

Цаашдын уран бүтээлийн ямар зорилго, төсөл дээр ажиллаж байна вэ?

-Тодорхой төслүүдээс илүүтэйгээр би Монгол зургийг түгээн дэлгэрүүлэх, уламжлалаа хадгалсан бүтээлүүдээ туурвих хүсэл эрмэлзэлтэй байна. Миний бүтээлүүд гадаад оронд олон удаа тавигдаж байсан. Монгол зураг гадаадад Монголын нүүр царай болдог шүү дээ. Тиймээс уламжлалаа эвдэлгүйгээр цаашид тууштайгаар туурвих зорилготой байгаа.

Монгол зураг сонирхож байгаа залууст та ямар зөвөлгөө өгөхийг хүсдэг вэ?

-Залуус маань үндэсний гэсэн бүхнээ нанин зүйл гэж ойлгож, эвдэхгүй хадгалж, дэмжиж яваасай гэж хүсдэг. Хүн бүр мэргэжлийн зураач болох албагүй. Гэхдээ зураачдыг ойлгож, бүтээлийг нь үнэлж, өв соёлыг дэмжих нь ч өөрөө нэг төрлийн соёлын түүчээ юм.

Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


Ш.БААТАР: ӨВӨЛЖӨӨ, ХОРОЛ ЗЭРЭГ АХУЙН ДҮРСЛЭЛ, УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ ХҮРТЭЛ ДҮРСЛЭГДДЭГ НЬ МОНГОЛ ЗУРГИЙН ГОЛ ОНЦЛОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188