• Өнөөдөр 2025-09-24

ЭНЭ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ТЭГ ЗОГСОЖ, ТЭС ХӨЛДВӨЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ Т.ДОРЖХАНД ҮҮРЭХ ҮҮ

2025-09-24,   137

         ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд Эрчим хүчний реформын үндэсний хороог удирдаж, гишүүдээр нь ХҮН намын Б.Найдалаа, Ж.Золжаргал хоёр ажиллаж байсан. Тиймдээ ч Т.Доржханд төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлагад ХҮН намынхнаа менежерээр илгээж, нөлөөллөө тогтоосон. Бүр зөвлөхийнхөө нөхрийг хүртэл. Одоо тэд нь 3-5 сая төгрөгийн цалин аваад тансаглаж суугаа. 
 
Жишээ нь, 
 
Улсын эрчим хүчний 20 хувь, Улаанбаатарын дулааны 40 гаруй хувийг дангаараа хангадаг “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг ХҮН намын хоёр менежер удирдаж байгаа. 
 
-Бодлого, төлөвлөлт хариуцсан менежер Мягмарын Ангараг- Эхнэр Ш.Энхтуул нь ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшээд унасан. ХҮН намын дарга бөгөөд Шадар сайд Т.Доржхандын зөвлөхөөр ажилладаг. 
-Дотоод үйл ажиллагаа хариуцсан менежер Дарьсүрэнгийн Бат-Эрдэнэ- ХҮН намын гишүүн, олны мэдэхээр “Од мөндөр” сувгийн хөтлөгчөөр ажилладаг. Учир нь, “Од мөндөр”-ийн үүсгэн байгуулагч Г.Занданхүү нь ХҮН намынх. “Од мөндөр”-ийн бас нэг хөтлөгч Б.Амарсанаа нь Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр ажилладаг. 
Улаанбаатарын дулаан, эрчим хүчний 50 гаруй хувийг дангаараа хангадаг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийг ХҮН намын нэг менежер удирдаж байгаа.
 
- Бизнес хөгжил хариуцсан менежер Чулууны Чинзориг- 2024 онд ХУД-ийн ИТХ-д ХҮН намаас нэр дэвшээд унасан. ХҮН намын Гүйцэтгэх товчооны гишүүн. 
Цаашилбал, 
 
- “Багануур” ХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Даваажаргалын Гантулга- 2024 онд Багануур дүүргийн ИТХ-д ХҮН намаас нэр дэвшиж сонгогдсон. Багануур дүүргийн ХҮН намын хорооны дарга. Боловсролын сайд П.Наранбаярын гарын хүн. 
- Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Лхагвын Жамбаа- 2024 оны УИХ-ын сонгуульд Дархан, Сэлэнгэ, Төв аймагт ХҮН намаас нэр дэвшээд унасан. 
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөвлөлт хариуцсан менежер Пашкагийн Бямбацогт- ХҮН намаас УИХ-д нэр дэвшээд унасан Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаагийн найз. 
 
       Энэ мэтээр эрчим хүчний төрийн өмчит компаниуд дахь ХҮН намынхны томилгоонууд цааш үргэлжилнэ. Улаанбаатарыг бүхэлд нь дулаан, цахилгаанаар хангадаг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-аас эхлээд эрчим хүчний компаниудад ХҮН намын дарга Т.Доржханд нөлөөллөө тогтоочихсон байгааг дээрх хэдхэн жишээнээс хангалттай харж болно. Товчхондоо, эрчим хүчний компаниудын захирлаар МАН-ынхан, менежерээр ХҮН намынхан ажиллаж, эрчим хүчний салбарыг МАН ба ХҮН хамтран удирдаж байна гэсэн үг. 
 
Гол нь, хэрвээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “зөгнөж” байгаачлан энэ өвөл нийслэлчүүд хөдлөх, осгохдоо тулбал хэн нь хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал. “Таныг бол тэнгэр татаад авчихна” гэдэг шиг МАН-ынхан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрчист Монгол” ХХК-ийн захирал Г.Амартүвшин болон “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн захирлуудад хир халдаахгүй, хамгаалаад л авч үлдэнэ. Угаас тэдэнд хэн ч юу ч хэлдэхгүй, авлигын хэргийг нь хүртэл хав дарж, хамгаалсаар ирсэн. 
 
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хар яриагаар бол ёстой юу ч наалдахаа больсон. Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгож, улсын төсвөөр Увсын ойгоо тэмдэглэн найрлаж байхад нь МАН-ынхан юм хэлж чаддаггүй. 
 
-Төрийн өмчит эрчим хүчний компаниудыг хариуцдаг “Эрчист Монгол” ХХК-ийн захирал Г.Амартүвшингийн хувьд Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэргээс хуурай гарч дөнгөсөн этгээд. 
 
-“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар 100 сая төгрөгийн авлига авч байхдаа ЭЦА-ынханд үйлдэл дээрээ баригдчихаад ялгүй мултарч дөнгөсөн этгээд. “ДЦС-4” ТӨХК-ийг “дэлбэлчихээд” байхад нь ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн түүнийг захирлаас нь зайлуулж зүрхлэхгүй л байгаа. 
 
-“ДЦС-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуягийн авлига, албан тушаалын гэх хэргүүдийн дуулиан тасардаггүй, гэхдээ хэн ч түүнд халдаж зүрхэлдэггүй. Жишээ нь, өнгөрсөн хавар Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 гаруй иргэний төлөөлөл хэвлэлийн хурал хийж, 1.2 тэрбум төгрөгийн ноцтой баримтыг нь нийгэмд ил болгсон. Улмаар Ү.Төмөрхуягийг албан тушаалаас нь чөлөөлж, хийсэн хэрэгт нь хариуцлага хүлээлгэх шаардлагыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн. Харамсалтай нь, Б.Чойжилсүрэн, Ү.Төмөрхуяг хоёр хэвлэлийн хурал хийсэн 300 иргэнийг  хялайж ч хараагүй. Товчхондоо, “ДЦС-4” ТӨХК-д ямар нэг асуудал гарвал Ү.Төмөрхуягаас хариуцлага нэхэх, хад руу хашхирах хоёр ялгаагүй. 
 
      Ингэж харвал, энэ өвөл эрчим хүчний станцууд тэг зогсож, тэс хөлдөх аюул нүүрлэлээ гэхэд МАН-ын өмнөөс хариуцлага хүлээж, туг тахигдах ганц субъект нь ХҮН намын дарга бөгөөд Шадар сайд Т.Доржханд, түүний томилгооны менежерүүд болж таарч байна. 
 

ЭНЭ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ТЭГ ЗОГСОЖ, ТЭС ХӨЛДВӨЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ Т.ДОРЖХАНД ҮҮРЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188