• Өнөөдөр 2025-01-19

“Орано Майнинг“ компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

2025-01-10,   166

     Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг" компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

     Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж, хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохирч боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу зөвшилцөхөөр танилцуулж байгаа юм.
 
     Мөн “Зөөвч-Овоо”, “Дулаан-Уул”-ын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох аж.
 
       Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сараас “Зөөвч-Овоо” ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны арванхоёрдугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгасан байна. 2023 оны тавдугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын холбогдох захирамжуудаар Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээ хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсгүүд, гэрээ, эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, санхүү, олборлолт, үйлдвэр, технологи, байгаль орчин, орон нутаг гэсэн таван чиглэлд салбарын сайд нарын ахалсан ажлын хэсэг байгуулагдаж, гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэн хийж, эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Ажлын хэсгээс гэрээний төслийн хувилбарыг боловсруулахдаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг хатуу баримталж, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй хэрэгжих боломжийг бүрдүүлэх, цаашид жишиг гэрээ болох нөхцөлийг хангахад анхаарсан гэдгийг хууль санаачлагчид онцолсон юм.
 
        Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын дэд хэсэг ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш дөрвөн жилийн хугацаанд хийхээр тусгаж, хөрөнгө оруулагчийг хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой, хугацаатай заажээ. Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирчээ. Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна. Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллын шууд ашиглахаас илүүтэй ТЭЗҮ-д тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured and Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр, жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан байна.
 
     Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ. Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгах юм байна. Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ. Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгасан байна.
 
       Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс,  орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгож, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм байна. Ураны орд ашиглах энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, ДНБ-ий өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох юм байна. Үүнээс гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл болно гэдгийг онцолж байгаа юм.

“Орано Майнинг“ компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188