• Өнөөдөр 2020-10-20

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН СУУЖ ЯВСАН МАШИН ОСОЛ ГАРГАЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ХЭРГИЙН МӨРӨӨР

2019-10-09,   173

Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гараад байгаа. дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор “Сайд машинаа өөрөө барьж явсан гэнэ. Хурдтай давхиж явахдаа эсрэг урсгалаар явж байсан мотоцикльтой хүнийг мөргөсөн байна. Н.Номтойбаяр талийгаачийн ар гэрийнхэнд осол гарсан гэдгийг хэлэлгүй нуужээ” гэх мэдээлэл ар араасаа цувран гарсан. Мөн ослын талаар Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Талийгаач согтуугаар мотоцикль унаж яваад осол гаргасан. Түүнд анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэгт хүргэсэн боловч маргааш нь нас барсан” хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд автомашины осол юунаас болж гарсан бэ. Осол гарах үед машиныг сайд Н.Номтойбаяр жолоодож явсан уу. Эсвэл жолооч нь унаж байгаад осолдсон уу гэдгийг сурвалжлахаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг зорилоо. Манай сонины сурвалжлах баг Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэр Дондогийн булаг гэх газарт өнгөрсөн пүрэв гаригийн үүрээр очсон юм. Биднийг очих үед нутгийн иргэд “Манай энд долоо хоногийн дотор хоёр том осол гарчихлаа. 70 настай нутгийн ах бие нь тааруу эмнэлэгт хэвтэж байна. Харин нөгөөх нь амиа алдчихлаа. Шинэ зам тавьсанаас хойш манай энэ хавьд осол гарахгүй өдөр гэж байхгүй болсон. Жолооч нар хурдтай давхиж яваад хоорондоо мөргөлдөж байна” хэмээн ярьсаар угтлаа. Бид өнгөрсөн есдүгээр сарын 28-нд гарсан автомашины ослын газарт очсон юм. Төлүүгийн даваа уруудаад дөрвөн километр яваад л “Дондогийн булаг”-ийн арав гаруй цайны газартай жижигхэн суурин руу ороод ирэх аж. Нутгийн иргэд замын хоёр талд байшин, гэр барьчихсан цай хоол, айраг зардаг юм байна. 2013 онд Булган, Хөвсгөл аймгийг холбосон автозам ашиглалтад орсон. Шинээр тавьсан зам ашиглалтад орсноос хойш машины цуваа тасрахаа больсон гэнэ. Өдөр шөнөгүй машин цувдаг болжээ. Төлүүгийн даваа өгсөж явсан машины жолооч нар даваа дөнгөж уруудаад л хурдаа нэмчихдэг байна. Ямар нэгэн эргэлт, тохой байхгүй толь шиг зам дээр жолооч нар салхи шиг л давхичихдаг аж.

                                                                                                                Талийгаач замаас энэ хүртэл шидэгджээ

“ТАЛИЙГААЧ АГААРТ “БӨМБӨГ” ШИГ ХӨӨРЧ, ИХ ХОЛ ШИДЭГДСЭН” ГЭВ

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд гарсан ослыг дондогийн булаг дээрх цайны газрын таван хүн хараад зогсож байсан гэнэ. Айраг зардаг Г.Одончимэг ослын газрын гэрч гэнэ. Мөн Мөнхсүрэн, Батбаатар ч яг осол гарах үед гэрийнхээ гадаа байсан аж.

Нутгийн иргэдийн ярьж байгаагаар 15:00 цагт осол болжээ. Төлүүгийн даваа уруудаад хар, ногоон, саарал өнгийн гурван жийп хурдтай давхисаар ирсэн байна. “Петровис”-ийн шатахуун түгээх станц арай оролгүй гүүрний наад талд ирээд хурдаа сааруулсан гэнэ. Цуварсан гурван машин ирэх үед нутгийн иргэн Балжиннямын хонин сүрэг зам хөндлөн гарч таарчээ. Жийпнүүд сигналдаж хонь, ямаан дундуур “зүсээд” гарсан гэнэ. Дөнгөж хөдлөөд цувааны түрүүнд явсан "Жи Класс" маркийн жийп хурдаа аван давхижээ. Гэтэл баруун талаас хар өнгийн мотоцикль унасан хохирогч С.Чулуунхүү баруун талын шороон туслах замын уулзвараас зам хөндлөн хурдтай давхиад ороод ирсэн байна. Ингээд цагаан шугам давж орж ирсэн мотоцикль "Жи Класс" маркийн жийптэй мөргөлджээ. Талийгаач С.Чулуунхүү машинтай мөргөлдсөн даруйдаа агаарт “бөмбөг” шиг хөөрч, таван метр орчим газарт хол шидэгдсэн байна.

Харин сайд Н.Номтойбаярын жийп С.Чулуунхүүгийн мотоцикль дээр зүүн урд дугуйгаар дайрч, замаас гарчих шахан хэдэнтээ дайвалзаад зогсчээ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар Н.Номтойбаярын сууж явсан машин замын хажуу руу уначих шахсан гэнэ. Энэ бүгдийг хараад зогсож байсан иргэд ослын газар руу гүйсэн байна. Гурван машинаас арав гаруй хүн буугаад иржээ.

                                                                                                          Б.ОДОНЧИМЭГ: Н.НОМТОЙБАЯР “ЭНД ЭМЧ БАЙНА УУ” ГЭЭД Л АСУУГААД БАЙСАН

Энэ талаар ослын гэрч Хутаг-Өндөр сумын иргэн Б.Одончимэгтэй ярилцлаа.

-Та бүхнийг ослын газарт очиход талийгаач С.Чулуунхүү ямар байдалтай байсан бэ?

-Ослын талаар бодох болгонд зүрх өвдөж, даралт ихсээд байх юм. Үнэхээр аймаар осол болсон. Талийгаач Чулуунхүү Замын хажууд шидэгдээд хамар, амнаас нь цус гарчихсан байдалтай газарт хэвтэж байсан. Хоёр хүн талийгаачийн толгойг нь түшээд өндийлгөөд суучихсан байсан. Тэнд байсан хүмүүс “Ухаан алдчихсан байна шүү дээ. Салхийг нь тавиад өг. Түргэн дууд, дуудлага өг. Булганы түргэн тусламжийн утсыг мэдэх үү. Энд гар утасны сүлжээ барихгүй байна” гээд л сандраад гүйлдээд байсан. Манай энд гар утасны сүлжээ огт барьдаггүй. Зөвхөн жи мобайлын антенн суурилуулдаг суурин утас барьдаг юм. Одоо бодоод байх нь талийгаач С.Чулуунхүүгийн толгойг Н.Номтойбаяр сайд түшээд сууж байсан юм байна лээ. Н.Номтойбаяр “Энд эмч байна уу” гээд л асуугаад байсан. Харин осол гарах үед жолоо барьж явсан 30 гаруй насны болов уу гэмээр нэг хүүгийн царай хувхай цайчихсан “Би хүн дайрчихлаа. Одоо яанаа. Наад хүн чинь үхчихсэн юм биш биз дээ” гээд л уйлаад байсан. Их айж сандарсан шүү, тэр жолооч хүү. Тэнд байсан хүмүүс “Гар утасны сүлжээ барихгүй юм чинь шууд Булган руу аваад явах уу. Амьсгалж байгаа биз дээ. Машиныхаа арын сандлыг буулга. Хоёр хүн урд хойноос нь түшээд явна шүү” гэж ярилцсан. Ингээд цуваа машиныхаа нэгэнд нь С.Чулуунхүүг өргөж оруулаад яваад өгсөн. Тэд машин барьж явсан жолоочийг ослын газарт үлдээчихээд яваад өгсөн. Тэнд байсан хүмүүс надад “Эгчээ наад хүүхэд чинь “шок”-онд орчихсон байна шүү. Бие муутай юм. Ухаан алдаад ойччих вий дээ. Тайвшруулаад сууж байгаарай” гэж хэлээд явсан.

-Цагдаа нарыг ирэхээс өмнө осолдсон машин, мотоцикль хоёрыг хэн нэгэн хөдөлгөсөн үү?

-Талийгаач С.Чулуунхүүг аваад явсны дараа жолооч хүү тэнд зогсоод байсан. Би “Миний хүүхдээс ялгаа юу байх вэ” гэж бодоод гэртээ оруулаад халуун цай уулгасан. Байсхийгээд л миний утсаар хамт яваа хүмүүс рүүгээ залгаж талийгаачийн биеийнх нь байдлыг асуугаад байсан. Цаг гаруйн дараа Булган аймгийн Замын цагдаа нар ирсэн. Ослын газарт хэмжилт хийгээд байгаа харагдсан. Тэр үед Булганаас нөгөө хүмүүс залгаж, эмнэлэгт ирчихсэн байна. Сая ухаан орчихлоо. Битгий санаа зов гэж наад жолоочдоо хэл” гэж надаар дамжуулсан. Би ч тэр залууд энэ бүгдийг хэлж, тайвшруулсан” гэв.

“ТАЛИЙГААЧИЙН МОТОЦИКЛИЙН БАНК НЬ ДОТОГШОО ЦӨМӨРЧ ОРООД, УРД ДУГУЙНЫ ОБУД НЬ ТЭРЧИГТЭЭХАГАРЧ, ИХ БИЕ НЬ ХУГАРААД ДОТОГШОО ЧИХЭГДЧИХСЭНБАЙНА ЛЭЭ”

Мөн “Дондогийн булаг”-ийн цайны газарт амьдардаг Г.Мөнхсүрэн “Талийгаач С.Чулуунхүүгийн мотоцикль үнэхээр аймаар болчихсон байсан. Хянах самбар, гар бариул, гэрэл дохио нь тэр чигтээ хагарчихсан. Банк нь дотогшоо цөмөрч ороод, суудал нь салчихсан. Урд дугуйны обуд нь тэрчигтээ хагарч, их бие нь хугараад дотогшоо чихэгдчихсэн байна лээ. Гэтэл мөргөсөн жийп нь зүүн урд талын гүүпер хагарснаас өөр ямар ч эвдрэлгүй байсан. Булган аймгийн замын цагдаагийн дарга, прокурорын дарга, мөрдөн байцаах тасгийн дарга нар ирчихсэн хэргийн газарт үзлэг хийгээд байсан. Өмнө нь авто осол гарахаар 4-5 хүн л ирчихсэн хэмжилт хийгээд зогсож байдаг. Гэтэл сайдын сууж явсан машин осол гаргахаар үнэхээр сүртэй ирцгээсэн. Баахан цагдаа нар ирчихсэн зам хааж байгаад хэмжилт аваад байна лээ. Хэд хэдэн газарт тоормос гишгэсэн мөр гарсан байсан. Аймгийн замын цагдаагийн дарга, прокурорын газрын дарга нар ирчихээд доод албан тушаалтнууддаа зааварчилгаа өгч байгааг харсан. Би дарга нар ингэж олуулаа ирснийг талийгаач С.Чулуунхүүг буруутгах зүйл хайж, ослын буруутан болгох гэж ирцгээсэн юм биш байгаа гэж хардаж байна. Тэгээгүй л юм бол хууль хүчний дарга нар ийм сүртэй ирэхгүй шүү дээ. Үдшийн бүрий болтол ослын газарт үзлэг хийж байгаад явцгаасан. Тэгэхдээ Сайд Н.Номтойбаярын сууж явсан машиныг нэг цагдаа унаад явсан. Харин талийгаачийн мотоциклийг портер маркийн авто машин дээр ачаад аваад явцгаасан. Осол болох үед харж байсан гэрчүүдээс цагдаа нар мэдүүлэг авсан. Бид ч тухайн үед юу болсныг үнэн зөвөөр нь хэлсэн” гэв.

Н.НОМТОЙБАЯР БААТАРВАНАМРАЛТ РУУ, С.ЧУЛУУНХҮҮ ШАТАХУУН АВАХААР ЯВЖ БАЙГААД МӨРГӨЛДЖЭЭ

Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр дуучин П.Алтанцэцэг буюу Агий, бусад найз нөхдүүдтэйгээ Хутаг-Өндөр сумын “Баатар ван” амралтын газар руу явж байсан гэнэ. Тэндээс өөр нэг газар үзэхээр явж байсан гэдгээ хэргийг шалгаж байгаа цагдаа нарт мөн мэдүүлжээ. Харин С. Чулуунхүү осол гардаг өдрийн өглөөгүүр нутгийн айлд очиж архи, пиво уусан гэнэ. Амьдардаг айлаасаа гарахдаа “Мотоцикльдоо бензин хийнэ. Мөнгөтэй байгаа дээрээ банкаа дүүргэхгүй бол явгарчихна” гэж хэлээд гарчээ. Гэхдээ талийгаач С.Чулуунхүү их согтоогүй байсан гэдгийг хамт пиво, архи уусан хүмүүс нь хэлж байна лээ. Тэд “Айраг, пиво хольж уугаад мотоцикль унаад явсан болохоор салхинд цохиулсан байж магадгүй юм.Эсвэл зам хөндлөн гарахдаа Н.Номтойбаярын сууж явсан машины урдуур нь амжаад орчихно гэж бодоод хурдаа хасалгүйгээр зам хөндлөн орсон байх. Сайдын унаж явсан жийп 5200 морины хүчин чадалтай мотортой гэсэн биздээ. Тэгэхээр яах ийхийн зуургүй л ирээд мөргөчихсөн байх” хэмээн ярьж байв.

НУТГИЙНИРГЭД БАЙНГА ОСОЛ ГАРЧ БАЙГАА ГАЗАРТ ХУРД СААРУУЛАГЧ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮСЭВ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэр “Дондогийн булаг”-ийн цайны газрын ойролцоо сүүлийн гурван жилийн дотор 20 гаруй осол гарчээ. Үүнээс нутгийн иргэд осолдсон гурван осол аваар гарсан байна. Б.Одончимэг гэх эмэгтэй машинтайгаа зам хөндлөн гарч яваад мөргөлджээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар Б.Одончимэг гурван сая гаруй төгрөгийн өрөнд орсон байна. Арав гаруй хоногийн өмнө насаараа жолоо барьсан 72 настай Цэндсүрэн гуай мөн л талийгаач С.Чулуунхүүгийн осолдсон газарт машинд мөргүүлжээ. Биеийнх нь байдал тааруу ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Түүнийг 120 километр цагийн хурдтай давхиж явсан машин мөргөж гэмтээжээ. Булган аймгийн замын цагдаа нар мөн л шулуун замын машинд зам тавьж өгөөгүй гэх үндэслэлээр Цэндсүрэн гуайг буруутгаад байгаа аж. Нутгийн иргэд Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас “Дондогийн булаг”-ийн цайны газарт хоёр ч хурд сааруулагч хийж өгөхийг хүсч байна лээ. Хэрэв тэгэхгүй бол нутгийн иргэд хэдэн арваараа бэртэж гэмтэж, амь насаа алдаад байгааг онцолж байсан. Бид осол гарсан “Дондогийн булаг”-ийн цайны газраас талийгаач С.Чулуунхүүгийн амьдарч байсан Г.Хуягийнд очихоор хөдөллөө. Тэднийд С.Чулуунхүү хоёр жил гаруй хугацаанд амьдарсан гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм.


УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН СУУЖ ЯВСАН МАШИН ОСОЛ ГАРГАЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ХЭРГИЙН МӨРӨӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com