• Өнөөдөр 2026-10-16

ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ

2026-10-16,   240

НОБЕЛЬД ҮНЭЛЭГДЭЭГҮЙ Д.ТРАМДЫН ДОТООД УЛС ТӨР БА ГАДААД БОДЛОГО

Нобелийн энх тайвны шагналаар дахин олон улсын анхаарлын төвд орсон АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын энэ намрын дотоод улс төр, гадаад бодлого хоёр томоохон фронт болон хувирч байгаа талаар улс төр судлаачид онцолж байна. Ирантай үргэлжилж буй дайныг зогсоох дипломат оролдлого, Украины дайны асуудлаар Москва, Киевтэй харилцах бодлого, шатахууны үнийн өсөлт, ирэх арваннэгдүгээр сарын завсрын сонгуулийн өмнөх намын тэмцэнл зэрэг Цагаан ордон тойрсон Америкийн улс төрийн сонин ихтэй долоо хоног өнгөрчээ.

          Дональд Трамп Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо АНУ-ын эрх ашгийг нэгдүгээр тавьж, улс орныхоо эдийн засаг, аюулгүй байдлыг бэхжүүлэхээ амласан. Гэсэн ч өдгөө түүний захиргааны бодлого зөвхөн Вашингтоны шийдвэрээр хэмжигдэхээ больсон гэв. Тухайлбал, Ойрх Дорнодын мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлж, Европ дахь дайны асуудал АНУ-ын холбоотнуудтай харилцах харилцааг сорьж, дотоодын үнийн өсөлт сонгогчдын анхаарлыг дахин татаж байна.

Товчхондоо, Д.Трампын хувьд асуудал зөвхөн дэлхийн үйл явдлыг өөрчлөхөд бус, тэдгээр өөрчлөлтийн үр дагаврыг сонгогчдод хэрхэн тайлбарлахад оршиж байгаа гэнэ.

 

2026 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Ираны эсрэг цохилт өгснөөр эхэлсэн дайн зургаан сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа. Энэ дайн Вашингтоны гадаад бодлогын хамгийн хүнд сорилтуудын нэг болсон. Д.Трамп аравдугаар сарын 8-нд Ирантай хэлэлцээ үр дүнтэй үргэлжилж байгаа тул арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулиас өмнө Иранд дахин цохилт өгөхгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

          Маргааны гол зангилаа нь Ормузын хоолой. Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны томоохон хэсэг дамжин өнгөрдөг энэ усан замын хөдөлгөөн хязгаарлагдсанаар эрчим хүчний нийлүүлэлтэд дарамт үүсэв. Аравдугаар сарын 14-нд гарсан мэдээллээр Иран усан онгоцнуудад чиглэсэн ажиллагаагаа эрчимжүүлэх шинэ арга хэрэглэж эхэлсэн тухай албаны эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ.

Түүнчлэн Д.Трамп Украины дайныг зогсоох асуудлаар дипломат ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “АНУ-ын зүгээс Украинд тагнуулын мэдээлэл дамжуулсаар байгаа бөгөөд Киев, Москватай зэрэг ажиллаж, дайныг дуусгахыг зорьж байгаагаа” тухай мэдэгдсэн. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын хоорондын үл итгэлцэл тохиролцоонд хүрэхэд саад болж байгааг гэжээ.

          Мөн түүнийг өнгөрсөн долоо хоногийн турш “Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгийнх нь Ерөнхийлөгч байна гэдэг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш” гэж цахим сүлжээнд түүнийг шүүмжилж байна. Учир юу вэ гэвээс, энэ сарын 9-ний өдөр Нобелийн энх тайвны шагналын эзнийг зарласан. Энэ удаагийн Нобелийн энх тайвны шагналаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан, Олон улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч асан Нави Пиллай тодорсон. Харин Дональд Трамп Нобелийн академийн зүгээс тодруулсан шагналтнуудад дурамжхан байгаагаа их бухимдсан байдлаар мэдэгдсэн. Түүний хувьд сүүлийн жилүүдэд Нобелийн энх тайвны шагналын эзний өрсөлдөөнд хүчтэй яригдаж байгаа хүртээгүй байгаа гол горилогчдын нэг. Гэсэн ч түүний өөрийгөө цоллосон “Сайн дипломат бодлого, олон улсын мөргөлдөөнийг зохицуулахад оруулсан хувь нэмрийг нь” Нобелийн академийн зүгээс дахин нэг удаа үнэлээгүй байгаа бөгөөд үүнтэй ч зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийх бүрдээ тус академийг дурдан бухимдаж байгаа гэнэ. Тэрбээр нэгэн хэвлэлийн хурал дээрээ шинэхэн Нобелийн шагналтан Нави Пиллайгийн талаар "Би энэ хүний ​​тухай хэзээ ч сонсож байгаагүй. Хэн ч сонсож байгаагүй... Би олон хүнийг танина. Гэхдээ энэ хүний ​​тухай хэзээ ч сонсож байгаагүй. Ямартай ч баяр хүргэе” гэсэн аж.

“ХҮҮТ”-ИЙН ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛ САУДЫН АРАБТ ХАЛДСАНЫ УЛМААС 20 ОРЧИМ ХҮН АМИА АЛДААД БАЙНА

Йемений Засгийн эрхийг авахаар босож байгаа “Хүүт” зэвсэгт бүлэглэл тус Засгийн газрыг санхүүжүүлж байсан Саудын Арабын нисэх онгоцны буудлууд руу халдаж байна. Тухайлбал, “Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэлийн халдлага тус улсын нийслэл Эр-Рияд хотын Кинг Халид олон улсын нисэх онгоцны буудал руу халдсанаар эхэлсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн нисэх буудал, цэргийн бааз руу халдлага хийжээ.

          Зэвсэгт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “Хүүт” халдсаныг халдлага болгоны дараа баталгаажуулж байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гарагт буюу аравдугаар сарын 14-ний өдөр гэхэд нийт 42 удаагийн дроны болон баллистик пуужингийн цохилт өгөөд байгаа аж. Саудын Арабын талаас мэдээлснээр “Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэлийн халдлагын улмаас 20 орчим хүн амиа алдсан байна. Ингээд зогсохгүй тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгчөөс “Ойрын өдрүүдэд Саудын Арабын газрын тосны байгууламж болон нисэх буудлууд руу үргэлжлэн довтлох болно” гэсэн албан ёсны мэдэгдэл хийжээ. Йемений Засгийн газрыг дэмжсэнээрээ халдлагын бай болж байгаа Саудын Арабын талаас ямар хариу үйлдэл хийх талаар албан ёсны мэдэгдэл гараагүй ч бүс нутаг хурцадмал байдалд шилжсэнийг анхааруулж байгаа юм.

ОХУ-Д 30 ХҮН БААВГАЙД БАРИУЛЖЭЭ

ОХУ-д 2026 он гарснаас хойш 10 хүн баавгайд дайруулж амиа алдсан байна. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн сарын 16-ны өдөр ОХУ-ын Эрхүү муужид жимс түүхээр явсан хоёр эрэгтэй баавгайд дайруулж нас барсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Түүнчлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад нэг өдрийн дотор баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэнтэй холбоотой 27 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллан аюул учруулж болзошгүй долоон баавгайг буудан устгажээ. Одоогийн байдлаар Буриадын зарим бүс нутагт баавгайтай холбоотой аюулгүй байдлын арга хэмжээ авахаар зөвлөлдөж байгаа бөгөөд иргэдийг онц шаардлагагүй бол ой руу орохгүй байхыг зөвлөж байна.

          ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас гарсан мэдээллээр баавгай ойгоос дайжиж, хүмүүсийн суурьшлын бүс рүү нэвтрэх болсон нь байгалийн гаралтай хүнсний хомстолоос үүдэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, тус яамны төлөөлөгч Татъяна Арамилева “Сибирийн холбооны тойрог даяар ан амьтдын хүнсний эх үүсвэр болох ургамлуудын ургац бүрэн алдагдсан. Ойд хушны болон ойн самар, жимс, мөөг байхгүй болсон” гэж мэдэгджээ. Баавгай нь жилийн энэ үед ичээндээ орохын өмнө хоол хүнсээ хайж, цуглуулахад их хугацаа зарцуулдаг аж. Тиймээс ойд нь идэш, тэжээл хангалтгүй учир хоос хүнс олж, нөөцлөхөөр ойн ойролцоох зам, тосгон, жуулчны бууз зэрэг суурьшлын бүс рүү нэвтэрч байгаа гэж үзсэн байна.

          Гэвч хүнсний хомстол баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх цорын ганц шалтгаан биш гэнэ. Тухайлбал, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны шинэ судалгаагаар хот, суурингийн орчим дахь хогийн цэг, хогийн сав, ил задгай хол, хүнсний хаягдал нь баавгай хүмүүсийн суурьшлын бүс рүү нэвтрэх томоохон шалтгаануудын нэг болж байгаа аж.

ТУПАК ШАКУРЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ДУЭЙН ДЭВИСТ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООВ

АНУ-ын хип хоп хөгжмийн нэрт төлөөлөгч Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэмт бүлэглэлийн толгойлогч асан “Keffe D” буюу Дуэйн Дэвист Невада муж улсын шүүхээс 40 жилээс бүх насаар нь хорих ял оноожээ. Өдгөө 63 настай Дуэйн Дэвисийг 1996 онд реппер Тупак амиа алдсан хэрэгт холбогдуулан 2023 онд баривчлаад байсан бөгөөд түүнийг өнгөрсөн наймдугаар сард галт зэвсэг ашиглан нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод байсан юм.

          Лас-Вегас хотын шүүгч Карли Кирни ял сонсгохдоо хүнээс амьдралыг нь булаачихаад хариуцлагаас зүгээр мултарч болохгүйг сануулаад, дэлхий нийт уг аллагыг хэзээ ч мартаагүйг онцолсон байна.

Олон жилийн турш учир нь тайлагдаагүй уг хэрэг яллагдагч өөрөө хэвлэлд өгсөн ярилцлага болон 2019 онд хэвлүүлсэн дурсамж номондоо хэрэгт оролцсон тухайгаа ил тод дэлгэсний дараа сэргэн шалгагдсан түүхтэй.

Тэрбээр үеэл нь Шакурын хүрээллийнхэнтэй зодолдсоны дараа өшөө авах зорилгоор халдлага үйлдсэн этгээдүүдэд буу дамжуулж өгснөө номондоо бичсэн бөгөөд тухайн үед халдлага үйлдсэн автомашинд сууж явсан хүмүүсээс амьд үлдсэн цорын ганц этгээд нь юм.

          Алдарт дуучин 25 насандаа автомашиндаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч зургаан өдрийн турш ухаангүй байсаар нас барсан бөгөөд прокурорын зүгээс Дэвисийг үлдсэн амьдралаа торны цаана дуусгах болно гэдгийг онцолсон байна. Харин шүүгдэгчийн хувьд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдахаа мэдэгджээ.

 

 


ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188