• Өнөөдөр 2026-10-16

СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

2026-10-16,   785

        Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн иргэн Г.Шижиртуяа энэ сарын 3-ний шөнө гэрээсээ гараад сураггүй болсон гэх мэдээлэл бий. Одоогийн байдлаар аймаг, сумын цагдаагийн байгууллагын алба хаагчид болон засаг захиргааны ажилчид, орон нутгийн иргэд эрлийн ажиллагаанд оролцож байгаа аж. Сураггүй болоод олон хонож байгаа Г.Шижиртуяа хамгийн сүүлд хэнтэй, хаана байсан талаар түүний төрсөн дүү Г.Болормаагаас тодрууллаа.

-Та эгчтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ. Эгч нь хамгийн сүүлд ямар хүмүүстэй уулзсан байдаг вэ?

      -Би эгчийгээ сураггүй алга болсон гэдгийг энэ сарын 6-нд буюу гурав хоногийн дараа мэдсэн. Хамтран амьдрагч нь сумын төвд халуун ус ажиллуулдаг манай нагац эгч дээр ирээд “Шижирээ сураггүй болоод гурав хоночихлоо. Тань дээр ирсэн үү” гэж асуусан байсан. Би нагац эгчтэйгээ ярьж байж эгчийгээ алга болсон гэдгийг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. Эгч рүү минь сураггүй алга болдог өдрийнх нь  22:00 цагийн үед бага охин нь видео каллаар холбогдож ярьсан байсан. Тэгэхэд эгч хамтран амьдрагч Т-гийн хамт гэртээ халамцуу байсан гэсэн. Охиныгоо ярихад “Удахгүй унтлаа” гэж хэлээд утсаа салгасан гэсэн.

-Эгч нь хамтран амьдрагчтайгаа хэдэн жил амьдарч байгаа вэ. Түүнийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон уу?

     -Тэд 2021 оноос хойш хамт амьдарч байгаа. Хамтран амьдрагч Т нь цагдаагийн хяналтад гадуур байгаа. Харин тэдний амьдарч байсан гэрийг нь битүүмжилсэн учир хүн орж болохгүй нөхцөл байдалтай байна.

-Тэднийг айлын унага тамганы найранд очсон гэх мэдээлэл байсан. Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болов уу?

     -Тэд аравдугаар сарын 3-нд эгчийн хамтран амьдрагч Т-ийн хамаатны унага тамганы найранд очсон байсан. Тэднийхээс гараад дахин өөр айлд очиж, сумын төвөөс захисан элсэн чихэр, маслоо аваад явсан байсан. Тэднийг согтуурсан байсан гэж тухайн шөнө утсаар ярьсан охин нь хэлсэн.

-Тэд мал малладаг уу. Ойр хавьдаа айлтай юу?

     -Тэднийх сумын төвөөс 20 километрийн зайтай. Ямар ч мал хариулдаггүй хоёулаа амьдардаг. Хоёр жилийн өмнө айлын хуц хариулж байсан.

-Тэд хамтран амьдраад таван жил болж байгаа юм байна. Хамтран амьдрагч нь өмнө нь хэрэгт холбогдож байсан уу. Ямар ааш зантай хүн байдаг вэ?

   -Эгчид минь хэд хэдэн удаа гар хүрч байсан тохиолдол бий. Тухайн үед нь би тэднийг салгах гээд чадаагүй. Харин өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд эгчтэй хамт байсан хүн нь тэр учраас түүнийг бид хардаж байгаа. Эгчийг минь хөнөөчихөөд нуучихсан байх вий гэж бодож байна. Цагдаа нар ямар нэгэн байдлаар эгчийг минь олж тогтоогоогүй учир бидний арга барагдаад сууж байна.

-Эгч нь хэдэн хүүхэдтэй вэ. Эрлийн багт хэчнээн хүн ажиллаж байна вэ?

      -Эгч минь зургаан хүүхэд төрүүлсэн. Хоёр багийгаа айлд өргүүлсэн. Дөрвөн том нь нас биед хүрч, өөрсдийнхөөрөө амьдарч байгаа. Эрлийн багт одоогийн байдлаар 200 гаруй хүн оролцож байна. Бид явсан газраараа дахин хайж байгаа. Аймгийн цагдаагийн газраас нэмэлт хүч ирсэн.

-Эгч нь өмнө нь олон хоногоор сураггүй болж байсан уу?

       -Эгч минь өдөр болгон хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг байсан. Харин алга болсон гэх шөнөөсөө хойш хэнтэй ч холбогдоогүй. Аймаг, сум руу явахдаа хүүхдүүдээсээ зардлын мөнгө авдаг байсан. Гэтэл одоо сураггүй болоод олон хонож байгаад нь бид санаа зовж байна. Эгчийгээ хурдан олдоосой гэж залбираад сууж байна.

 

 

 


СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188