• Өнөөдөр 2026-10-15

Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана

2026-10-15,   164

Олон улсын “Цагаан таягтны өдөр”-ийг тохиолдуулан Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүд буюу харааны бэрхшээлтэй иргэдэд илгээлт хүргүүллээ.
 
Илгээлтийг Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга С.Цэрэнлхам уншиж сонордуулсан юм. Тус илгээлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх нэрийг өөрчилж тусгай хэрэгцээт иргэд гэж тодорхойлох, тэдэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн талаарх боловсрол, мэдлэгийг нь дэмжиж ажиллах зорилгоор Монголд анх удаа улс төрийн намуудаас Ардчилсан нам үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлэхээр болсон бөгөөд Ардчилсан намын даргын илгээлтийг хэвлэлтийн зардлын хамтаар Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаад гардуулж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа “Ардчиллын суурь болсон хүний эрхийг хангах, тэр дундаа сурч боловсрох эрхийг ижил тэгш хангах бололцоог дэмжих үүднээс Ардчилсан нам харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан намын үндсэн дүрмээ брайл ном болгон хэвлүүлэхээр болж буйд талархаж байна. Хэдийгээр өнөөдөр “Цагаан таягтны өдөр” ч гэлээ энэ бол бидний баярын өдөр биш. Өөрсдийн эрхээ нийгэмд, төрд илүү чангаар хүргэх онцгой өдөр юм” хэмээн онцоллоо.
Дашрамд мэдээлэхэд, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо өнөөдрийн байдлаар 11,400 гишүүнтэй бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй орон сууц, боловсролын хүртээмжийн асуудлыг Холбооны ерөнхийлөгч хөндсөн юм.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.2-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжийн, түрээсийн болон ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгахаар заасан байдаг. Гэвч уг зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй, төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хязгаарлагдмал байгааг Ч.Дэлгэрмаа онцоллоо.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших эрх, боловсролын үйлчилгээний хүртээмжид анхаарах шаардлагатайг тэрбээр дурдав. Түүний хэлснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгодог мэргэжлийн гурван сургууль төрөөс хувьсах зардлаа 100 хувь авах ёстой боловч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 80 хувийг нь олгож байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролоос таналт хийж буй зохисгүй үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлэв.


Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188