• Өнөөдөр 2026-10-16

НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ

2026-10-16,   115

Ц.Идэрбат сайдын "Чемодантай ямаа"-ны хэрэг үлгэр биш үнэн болж, Замын-Үүдийн хил амьд амьтан хууль бусаар авчирдаг этгээдүүдээр дүүрч байна гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр нохой, муур, загас, тэр бүү хэл амьд ямааг цүнх, чемоданд нууж, Монголын хил давуулж байгаа. Ингэхдээ амьтдад тайвшруулах тариа тарьж унтуулаад, чемоданд хийдэг, жижиг биетэйг нь биедээ скочдоод хил гаргах бөгөөд үүнийг нь бэлдэж өгдөг карго Эрээнд олон байдаг учир Монгол руу нууж оруулдаг "зөөгчид" нь ч даган олширч, бүлэглэл болж байгаа гэв.

СУГАНДАА НААСАН МУУР, ХУВЦСАНД НУУСАН ЗАГАСНЫ МӨРӨӨР

Хууль бусаар мал, амьтан хил давуулан авчирдаг этгээдүүд оруулж ирэхдээ шилж, сонголт хийдэг гэнэ. Тэдэн дундаасаа арай гайгүй, сайн үүлдрийн гэсэн нохой, муур зэргийг сонгох бөгөөд нэг удаагийн тайвшруулах тариагаар унтуулдаг юм байна. Ингээд унтуулсан амьтнаа биедээ наагаад скочдоно. Харин зулзаган муур, нохойг сугандаа нааж, хилийн шалганаар ордог гэх. Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хяналт үнэн хэрэгтээ сул байдаг. Рентген дуранд нь муур, нохойноос зөвхөн халуун хоншоор нь гардаг ч тариагаар унтуулаад орвол хоншоор нь хөрчихөөд камерт харагддаггүй гэнэ.

Хоёр орны хилээр бүлэглэл болж, амьтан зөөж байгаа этгээдүүдийн зөөдөг бараа нь нохой, муураар зогсохгүй загас хүртэл гаргадаг аж. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр загасаа нэг нэгээр нь устай жижиг уутанд хийж, гадуур нь калькан цаас, хөөсөнцрөөр ороон, чемодан дотроо хувцастайгаа хамт хийчихдэг гэнэ. Ингэхээр шалган нэвтрүүлэхийн рентген дуран дээр төхөөрөмжөөр агааргүйжүүлсэн хувцас шиг харагддаг юм байна. Ингээд л өнөөх загасаа, ууттай, бүр устай нь хууль бусаар хил давуулж авчирдаг гэв. Энэ талаар ч ГЕГ-ын Хяналт, хорио цээрийн газрын дарга Б.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сүүлийн 2-3 жилд БНХАУ-ын гаалийн хууль нэлээд чангарсан. Хоёр улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэх эрсдэл өндөр байгаа" гэж мэдэгдэж байсан юм.

"ЗӨӨГЧИД" ӨДӨРТ 4-6 УДАА ХИЛ ГАРЧ, ХУУЛЬ БУС БАРАА АВЧИРДАГ ГЭВ

Монголын хилээр гаргах хууль бус барааг авчирдаг нэгэн байхад түүнийг нь бэлдэж өгдөг нэгэн ч байна. Өдгөө тэр газар нь Эрээнд хөлөө олж, нэлээдгүй томроод байгаа гэв. Тухайлбал, Эрээний нэр бүхий каргоны газарт ямар барааг, ямар нөхцөл байдалтай баглаж, бэлдэхийг нь хэлээд, зохих ёстой төлбөрийг нь өгвөл хууль бус, хуулийн хүрээний гэж ялгалгүй тэрүүхэндээ түргэн, шуурхай бэлдэж өгдөг аж. Эх сурвалжийн мэдээлснээр Эрээнд бэлтгэсэн хууль бус барааг Монголын хилээр оруулж ирдэг 100 орчим зөөгч байдаг гэх бөгөөд "Нэгийг нь нэг удаа хилийн цэргийнхэн "Нэг өнгийн чемодан олон удаа гаргалаа" гээд байцаасан гэсэн. Гэсэн ч тэр хооронд нь чемодан нь алга болчихсон. Тэгээд "Бараагаа алдчихлаа" гээд Замын-Үүд рүү гараад иртэл адилхан зөөгч бололтой нэг залуу "20 юань өгөөд ачаагаа ав" гэсэн юм билээ" хэмээсэн юм. Энэ мэтээр Монголын тал хууль бус барааг нь харахгүй, мэдэхгүй өнгөрөөдөг. Харин БНХАУ-ын хил дээр баригдвал ачаагаа хураалгаад л өнгөрдөг гэнэ. Тийм ч учраас хууль бус барааны зөөгчид тэр ажилдаа бүр гаршчихсан, Хятадын талд бараагаа хураалгахгүй өнгөрчих л юм бол Монголын хилээр саадгүй шахам гардаг учир өдрийн 4-6, "гарамгай" зөөгчид нь 10 орчим удаа хилийн дээс алхдаг гэв.

АЧААНД НУУСАН АМЬД АМЬТНЫ УРШИГ

        2026 оны аравдугаар сарын 15 буюу өчигдрийн байдлаар годрон өвчний улмаас 13 мянга гаруй ямаа устгагджээ. Малчдын хэлж буй үнээр устгасан ямаа хоёр тэрбум орчим төгрөг болох бөгөөд үүн дээр вакцины 1.5 тэрбумыг нэмбэл улсын төсвөөс нийт гурван тэрбум гаруй төгрөг гарахаар байна. Хоёр жилийн өмнө ч годрон гарахад улсын төсвөөс малчдад 2.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож байсан. Годрон өвчин хилээр бүртгэлгүй орж ирсэн амьтнаас болж ямар хохирол учруулж болдгийг харууллаа. Мал эмнэлгийн ерөнхий газрын Тархвар зүйн хэлтсийн дарга Г.Батхуягийн хэлснээр сүүлийн таван жилд гурван төрлийн гоц халдварт өвчин 6-7 удаа хил дамнан орж ирсэн гэж үзэж болно.

Тэрбээр энэ удаагийн годрон хилийн бүсээс биш, төвийн бүсээс гарсныг онцолсон. Тэжээвэр амьтдын хувьд хүнд илүү эрсдэл учруулна. Нохой, муураас хүнд халдварлах 300 гаруй халдварт өвчин байдаг гэж Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн үндэслэлд дурдсан байдаг. Нууж оруулсан амьтад вакцинжсан эсэх, ямар өвчин тээж яваа нь тодорхойгүй. Амьтдын хувьд ч хохирол ихтэй. Цүнх, хайрцагт тайвшруулах тариа хийж нуусан амьтад замдаа үхэх эрсдэлтэй.

Замын-Үүд дэх Гаалийн газрын автозамын зорчигч тээврийн хяналтын бүсэд 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар ердөө дөрвөн иргэн найман төрлийн 730 амьтныг хилээр нууж оруулахыг завджээ. Үүнд 507 загас, 74 тоть, 60 хамстер, 44 яст мэлхий, 20 муур, 16 нохой, зургаан хавч, гурван бах мэлхий байв. Амьтдыг холбогдох хуулийн дагуу экспортлогч орон руу нь буцаасан байна.

 

ХЭН Ч ТООДОГГҮЙ, ХЭН Ч ТООЛДОГГҮЙ ГЭЖ ҮҮ

       Гаалийн 2025 оны тайланд хорио цээрийн хуулийг зөрчсөн 98 зөрчил бүртгэгдсэн. Гаалийн газрууд эрэлч нохой ашиглаж 2024 онд 38, 2025 онд 45 зөрчил илрүүлжээ. Гэвч эдгээрийн хэд нь амьд амьтантай холбоотой болох нь тусдаа гардаггүй. Хилээр хууль бусаар амьтан оруулсан тохиолдлыг нэгтгэн гаргадаг статистик байхгүй. Гааль хорио цээрийн зөрчлөөр, Хил хамгаалах байгууллага хилийн зөрчлөөр, Экологийн цагдаа ан агнуураар тус тусдаа бүртгэдэг. 

        Годронгийн дэгдэлтийн дараа Ерөнхий сайд Н.Учрал аравдугаар сарын 6-нд шуурхай хурал зарлаж, малчдыг нэн тэргүүнд хохиролгүй болгож, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн гааль, мал эмнэлэг, стандартын лабораториудын хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэхийг даалгасан нь энэ уялдаа өмнө нь байгаагүйг харуулж байна. Ухныг хилээр хэрхэн, хэн оруулж ирснийг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар шалгаж байна.

ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ

         Гэрийн тэжээвэр амьтныг улсын хилээр хуулийн дагуу оруулахад Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон импортын мэдэгдэл, экспортлогч орны мал эмнэлгийн байгууллагаас олгосон эрүүл мэндийн гэрчилгээ, амьтны паспорт шаардлагатай. Худалдаалах зориулалттай бол импортын мэдэгдлийг урьдчилан авна. Хил дээр бичиг баримт, биет үзлэг, лабораторийн шинжилгээ гэсэн гурван шатны хяналт хийгддэг. Зарим төрлийн тоть, яст мэлхий ховор амьтны жагсаалтад багтдаг тул олон улсын CITES конвенцийн дагуу тусгай зөвшөөрөл шаарддаг байна. 

       Амьтныг хилээр хууль бусаар оруулахад ямар хариуцлага хүлээлгэх нь ямар амьтныг, ямар зориулалтаар оруулснаас хамаарна. Хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Амьтны тухай, Гаалийн тухай зэрэг хэд хэдэн хууль, мөн CITES конвенц үйлчилнэ. Хариуцлагыг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хүлээлгэдэг. Харин нохой, муур, загасыг ачаандаа нууж оруулах нь гаалийн хяналтын горим зөрчсөн үйлдэлд тооцогддог. "Тухайн үйлдэлд Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан хариуцлага байхгүй бол мэдүүлээгүй барааг нь буцаана эсвэл хураан авна" гэж нэр бүхий хуульч тайлбарлав.

        Хилээр бүртгэлгүй орж ирсэн байж болзошгүй ухна малчдыг хар хотонд хариулах малгүй үлдээж, улсад тэрбумаар тоологдох хохирол учруулав. Энэ мөнгийг хил, хорио цээрийн хяналтыг сайжруулахад зарцуулсан бол хэчнээн малчин өрх хохирохгүй үлдэж болох байлаа. Гэтэл Замын-Үүдээр нохой, муур, загас, шувууг цүнх, ачаанд нууж нэвтрүүлсээр байна. Хэн нэгний хууль бус ашгийн төлөөсийг иргэдийн татварын мөнгөөр төлөх нь шударга уу. Дараагийн амьтан ямар өвчин тээж, энэ улсад хэдэн төгрөгийн хохирол учруулахыг хэн ч мэдэхгүй.


НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188