• Өнөөдөр 2024-05-10

Ард түмнээс нэр дэвшигч Суга Ёшихидэ

2020-09-11,   758

Японы Ерөнхий сайд АбэШинзоэрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнөажлаа өгсөний дараа түүний халааг хэн авах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирлээ. Хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан түүний залгамжлагч ямар асуудалтай нүүр тулах, юуг шийдвэрлэх ёстой вэ гэдгийг ажиглагчид ч онцолж эхэллээ. Эрх баригч намын томоохон фракцуудын дэмжлэгийг авсан, 2012 оноос Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн албыг хашиж буй СугаЁшихидэ Засгийн газрын тэргүүний сунгаанд оролцохоо мэдэгдсэн юм. 

Гүзээлзгэнийн талбайгаас

Сайд, улстөрч нар цөөнгүй төрсөн удмаас гаралтайАбэШинзотой харьцуулбал СугаЁшихидэ энгийн фермерийн гэр бүлд төрсөн. 1948 онд Японы умард хэсэгт хөдөөх сууринд төрсөн түүний эцэг, эх гүзээлзгэнэ тариалдаг байжээ. Нийслэлд ирж цаасан хайрцагны үйлдвэрт хоёр жил ажилласны дараа тэрбээр Хосэй их сургуулийн улс төр судлалын ангид элссэн аж. Токиодоо хамгийн хямд төлбөртэйд тооцогдож байсан, хувийн их сургуульд суралцахын зэрэгцээ зэргэлдээх загасны захад цагийн ажил хийж хоолны мөнгөө олдог байв. Их сургууль төгсөөд ч ердийн нэг компанид ажиллаж, улс төрд орсон хойноо олон жил нарийн бичиг, туслах зэрэг “арын алба” хашиж явсан тэрбээр 1987 онд Йокохамагийн хотын зөвлөлд сонгогдсон билээ. 

Зургаан гутал элээсэн нь

Улс төрийн “арын алба”-наас карьераа эхлүүлсэн Суга Ёшихидэ хотын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж явахдаа зургаан хос гутал элээснээ дурсан ярьдаг. Хотын хорооллууд, гудамж талбайгаар явж, айл айлын хаалга тогшин өөрийгөө танилцуулж, сонгуулийн кампанид нь дэмжихийг хүсэж явсан тэрбээр 1996 онд Японы парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсон юм.

Далбаан доорх он жилүүд

Баруун төвт үзэлтэй, эрс мэдэгдлээрээ бусдаас ялгардаг улстөрч, Ерөнхий сайд  Жүничиро КоизүмигийнЗасгийн газрын үед Ёшихидэ Дотоод, хэрэг, харилцаа холбооны дэд сайдаар ажиллаж байжээ. Абэ Шинзогийн эхний засаглалд ч, хожим нь ч түүнтэйсайн харилцаатай байж,  нам дотроо нэр хүнд сайтай болсны  ачаар сайд, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр албан тушаалыг хаших болсон гэж ажиглагчид үздэг. 
 
Өглөө, орой бүр хэвлэлийнхэнд зориулсан мэдэгдэл хийж, улс орны дотоод асуудал болон гадаад харилцааны талаар байр сууриа илэрхийлдэг Ёшихидо товчхондоо  Абэгийн “баруун гар” байлаа. Мөн чухал, өндөр албан тушаалын томилгоо, яамд болон Засгийн газрын бусад алба нэгжүүдийг чиглүүлэх, хэвлэл мэдээллийнхэн болон бусад салбарынхантай уулзах, хэлэлцэх зэрэг олон ажлыг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг. 

Рэйва өвөө

Эгэл ардын гэр бүлээс гаралтай, өөрийн хүчээр улс төрийн карьерыг эхлүүлж, үнэнч тууштай байдал, хичээл зүтгэлээрээ өнөөдрийн зэрэгт хүрсэн ч тэрбээр энэ бүхнээр бус, өөр зүйлээр япончуудын сэтгэлд үлдсэн. Хунтайж НарухитогЭзэн хаанаар өргөмжилсөнтэй холбоотойгоор шинэ тооллын нэрийг албан ёсоор танилцуулсан хэвлэлийн хурал2019 оны дөрөвдүгээр сард болсон юм. Энэхүү хэвлэлийн хурлын үеэр Ёшихидэ шинэ эриний нэрийн канжиг уран бичлэгээр бичсэн самбарыг дэлгэн харуулсан агаад үүнийг интернэт хэрэглэгчид мийм болгон ашиглаж, улмаар Рэйва өвөө гэж нэрлэх болсон юм. 

Боломжит хувилбар

Улс төр судлаачид, ажиглагчид энэ цагаас эхлэн Ёшихидог дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай гэж онцолж эхэлсэн. 2019 оны сүүлчээр АНУ-д айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, дэд ерөнхийлөгч Майк Пенс нартай уулзсан нь ч энэ таамаглалыг улам  дэвэргэж байлаа. Гурав хоногийн дараа буюу энэ сарын 14-нд Японы эрх баригч намын гишүүдийн санал хураалтаар шинэ Ерөнхий сайдын нэр тодрох агаад энэ таамаглал хэр бодитой байсныг тун удахгүй харах нь. 

Олонхын дэмжлэг

Одоогийн байдлаар түүний өрсөлдөгчөөр Батлан хамгаалахын сайд асан ИшибаШигэрү, Гадаад хэргийн сайд асан КишидаФүмио нар тодроод буй. Эрх баригч Либерал ардчилсан намын доторх хүчтэй фракцуудтай хамааралгүй ч тэдний болон бусад гишүүдийн олонхын дэмжлэгийг хүлээсэн тэрбээр Ерөнхий сайд болсон тохиолдолд дараачийн сонгууль хүртэл буюу нэг жилийн хугацаатай засаглана. Юутай ч цар тахал, Олимпын наадам, эдийн засгийн хүндрэл зэрэг олон асуудалтай нүүр тулах шинэ Ерөнхий сайдад Суга Ёшихидо тохирно гэсэн таамгийг улс төр судлаачид  дэвшүүлж буй. 

Ард түмнээс нэр дэвшигч Суга Ёшихидэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188