• Өнөөдөр 2024-05-03

“ХАТАН ТУУЛ” ХАМТЛАГААС БИДНИЙ ХАЙРЫН ТҮҮХ, БҮЖИГЧНИЙ ЗАМНАЛ ЭХЭЛЖ БАЙЛАА

2023-08-22,   1661

   Монголын бүжгийн урлагийн тэргүүн эгнээнд алхаж буй “Moon dance” клубийн үүсгэн байгуулагч хосууд болох О.Оюунбат, О.Саранхүү нарыг урьж, ярилцлаа. Тэд бол ажлын сайн хамтрагч, хэзээ ч  хувиршгүй гэгээн хайрын эзэд юм.

-Сайн байцгаана уу. Бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн түүх болон бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү?

     -О.Оюунбат/О.О/: Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Манай аймагт урлаг, уран сайхан дутмаг, гэр бүлд маань ч урлагийн хүн байхгүй. 10 жилээ төгсөөд, ХААИС-ийн оюутан боллоо. Сургуулийнхаа үүдээр ороход ““Хатан туул” бүжгийн клуб элсэлт авч байна” гэх зар байсан. Бүжигчдийн зураг анхаарлыг минь их татсан. Өөрийгөө сориод үзье гэж бодоод шалгаруулалтад ороод, таван хүүхэд шалгаруулж авсны тав дахь нь болж, хамтлагийнхаа гишүүн болж байлаа. Азтай ч гэх юм уу. Тэгээд л эхнэрийнхээ шавь болсон доо.

      -О.Саранхүү/О.С/: Манай гэр бүл удам дамжсан бүжигчид. Бага байхдаа ээжийнхээ бүжиглэж байхыг харж, тоглолтод нь дагаж явдаг байлаа. Ухаан орох цагаасаа л бүжгийн урлагтай ойр өссөн. Аав маань цэргийн шүхэрчин ажилладаг байсан. Манай гэрээр дүүрэн онгоцны сувинер өрөөстэй. Аав гэрийнхээ ханаар дүүрэн наадаг цаас наагаад, гал тогооны тавилгаа өөрөө будаж янзалдаг. Хамгийн инээдтэй нь шинэ жилээр тамхины хайрцгаа хүртэл будаж янзлаад, гэрлээр чимэглэдэг байсан. Тэгээд бидний сургуулийн бүхий л хуралд сууна.  Миний анхны бүжгийн хувцсыг аав минь оёж өгч байсан. Одоо бодоход амьдралдаа өмссөн хамгийн гоё даашинз минь тэр юм.

     Сурагч байхдаа Хөвсгөл аймагтаа зохион байгуулагдаж байгаа бүх бүжгийн тэмцээнд оролцдог байлаа. Цэнгээнт, хип хоп, үндэсний гээд бүх төрлөөр бүжиглэнэ. Мөн аймгийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. Аав, ээж хоёр минь миний сонирхсон бүх зүйлийг дэмждэг байсан.  Ер нь урлаг, спортод  авьяастай, хичээлдээ ч сайн хүүхэд байсан даа. Эгч, дүү хоёр маань урлагийн сургуульд суралцсан. Би ХААИС-д инженерийн мэргэжлээр суралцаж эхэлсэн ч урлаг надаас салаагүй. Их сургуулийнхаа “Хатан туул” бүжгийн хамтлагт бүжиглэж эхэлсэн. 2001 оны үед хамтлагийн үүсгэн байгуулагчид гадаад руу яваад, бид хамтлагаа цааш үргэлжлүүлэн авч явах шаардлагатай болж, дүү нартаа багшилж эхэлсэн.Тэр цагаас хойш тасралтгүй 20 гаруй жил бүжиглэж, багшилж байна. 

-“Moon dance” хамтлаг байгуулах эхлэл ХААИС-аас эхлэлтэй юү?

         -О.С: Монголын “Бүжгийн спортын холбоо” 2001 онд албан ёсоор байгуулагдаж, 2003 онд “Дэлхийн бүжгийн спортын холбоо”, “Азийн бүжгийн спортын холбоо”-нд гишүүнээр элссэн. Тэр цагаас хойш Монголд бүжиг эрчимтэй хөгжих суурь нь тавигдсан. Өмнө нь цэнгээнт бүжиг нэртэй л байлаа.  Миний хувьд “Хатан туул” хамтлагт 2004-2007 онд багшилсан. Гэхдээ багшилсан гэхээсээ илүүтэй суралцсан. Үүний дараа Ард кино театр дээр “Од” бүжгийн клуб байгуулагдаж, “Стар-1”, “Стар-2” гэсэн хамтлагтай болсон. Харин “Moon dance“  хамтлаг 2009 онд байгуулагдсан. Тэмцээнд орохоор болоод хоёр хамтлаг ижил нэртэй байж  болохгүй тул нэгийг нь “Moon dance“ гэж нэрлэж байсан. Нэрийн хувьд гүнзгий утга санаа байхгүй, шавь нар маань дуугаа хадгалдаг байсан нэрээрээ нэрлэсэн.

-Тэгэхээр та  хоёрын хайрын романс хэзээнээс эхэлсэн юм бэ?

   -О.О: Оюутан байхад Зайсанд шүлхий өвчин гараад, бүх оюутан гэртээ харьсан юм. Тэгээд бид хоёр тэднийг ирэхээс өмнө шинэ бүжиг дэглэх даалгавартай болсон. Анх удаа хамт бүжиглэж байгаа нь тэр. Гарт нь хүрэхэд яг л жаахан хүүхдийнх шиг зөөлөн, жижигхэн. Тэр өхөөрдөм гараар нь өөр ажил хийлгэмээргүй тийм нандин эмэгтэй санагдсан. Хэдий догдолсон мэдрэмж авсан ч багш гэдэг хүн чинь их эрхэм шүү дээ. Тэгээд хожим сэтгэлээ илчилсэн. Одоо ч тэр мэдрэмж байсаар л байдаг.

   -О.С: 2005 онд манай хамтлагт орж ирэхэд нь танилцаж байсан. Тэгж явсаар 2011 онд манай нөхөр БНСУ-д бүжгийн чиглэлээр суралцсан. Тэгээд л явсных нь дараа санаад байгаа ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж төрсөн. Удаа ч үгүй би бүжгийн тэмцээнд оролцохоор очиж, бидний хайрын романс эхэлсэн дээ.

-Эхнэр, нөхрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?

     -О.О: Эхнэрт минь эмэгтэй хүнд байх бүхий л сайхан чанар байдаг. Нэг тийм хэзээ ч шантаршгүй хүчтэй, өөдрөг үзэлтэй.

      О.С:Би аливаа зүйлийг гэрэл гэгээтэй, болох бүтэх талаас нь хардаг.  Харин манай нөхрийн хувьд аливаа зүйлсийн эрсдэлийг тооцож чаддаг. Өмнө нь миний дүүлэн нисэх даль жигүүр минь байсан. Харин одоо миний ажлын, амьдралын хамтрагч минь болсон байна. Ингээд бодоход бид 2007 оноос хойш бараг л холдоогүй дөрвөн хүүхэдтэйгээ жаргалтай амьдарч байна.

-Хамтдаа 20 гаруй жил энэ салбарт ажиллажээ. Нэгнийхээ бүжиглэж байхыг харах сайхан байдаг байх даа?

    -О.О: Бүжигчин, багш хүнийх хувьд гайхалтай л гэж хэлмээр байна. Эхнэр маань төрөх хүртлээ бүжгийн сургалтаа удирдан явуулж, би тусладаг байлаа. Төрснийх нь дараа би сургалтаа ордог болсон. Тэр үед эхнэрийгээ сайн бүжигчин байхаас гадна сайн багш гэдгийг мэдэрч, их бахархаж байсан даа. Хүнд юм заах, тэр тусмаа бүжиг заана гэдэг амаргүй. Хурдан хугацаанд чанаргүй заах биш, эхнээс нь бүгдийг цэгцтэй заах хэрэгтэй. Үүнийг эхнэр минь жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг.

   О.С: Анх “Хатан туул”-ын хаалгаар орж ирсэн тэр цагаас нь хойш мэдэх болохоор үнэхээр л хөдөлмөрлөж чадсан гэж хэлмээр байна. Миний нөхөр бол сайн бүжигчин, сайн багш.

-Амьдралд маргалдах үе олон тохионо. Та хоёр хэр их ярилцдаг вэ?

   -О.С: Бид хоёр бүжигтэй холбоотой шийдвэр гаргахаас бусдаар өнгөрсөн хугацаанд маргаж үзээгүй. Намайг өөртөө итгэлтэй, тайван байлгадаг яг гэр шиг тийм сайхан хүн дээ.

     О.О: Арга билэг гэдэг шиг бид хоёр нэгнээ маш сайн нөхөж, ойлголцож, ярилцаж чаддаг.

-Ярилцлагын төгсгөлд бүжгийн спортоор хичээллэхийг хүсэж буй хүмүүст зөвлөгөө өгөөч?

     О.О: Хөгжмийн сонсголгүй, аяа мэдэрдэггүй хүн гэж байхаас эвсэлгүй хүн гэж байхгүй. Бага наснаасаа хичээллэвэл илүү үр дүнтэй. Зарим хүн “Эрэгтэй хүүхэд бүжгийн спортоор хичээллэсэн тохиолдолд эмэгтэйлэг болдог” гэдэг. Би 20 гаруй жил бүжиглэхдээ аливаа зүйлд илүү тууштай, ачаалал даах чадвартай болсон байна. Бүжгийн спортыг сонирхож байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд тууштай байж чадсан хүн тууштай байхын утга учрыг ойлгодог. Үнэхээр хүсэж байвал бэлтгэлийн зааланд нэг ирээд үзээрэй. Бүжиг бол гайхалтай урлаг шүү.


“ХАТАН ТУУЛ” ХАМТЛАГААС БИДНИЙ ХАЙРЫН ТҮҮХ, БҮЖИГЧНИЙ ЗАМНАЛ ЭХЭЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-22 14:30:32
    Zochin: Az jargal hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188