• Өнөөдөр 2024-04-26

Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I

2021-09-11,   1844

-Катарын ханхүү Шех Мохамедийн нэг отог гэхэд л дөрвөн өдөрт, дөрвөн зуун тагтаа өгөөш болгож, дөч гаруй шонхор барьж байна-


           Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдар уулын зүүн мөрөөр даваад явж байтал өөдөөс  дөрвөн жийп давхиад ирдэг юм байна.  Юу юугүй дайрах нь уу гэлтэй хурдалж байна шүү. Тэгснээ машиныхаа цонхоор нэг зүйл гаргаад шидчихлээ. Тэр зүгт сайтар харвал  биедээ өргөст тор бэхлүүлсэн тагтаа  байх ажээ. Арабууд машиныхаа цонхоор шагайн, голынхоо дуугаар муухай хашхирч, тоос  татуулан давхих нь сүртэй гэж жигтэйхэн юм. Хөөрхий тагтаа дэвэх гэж хамаг чадлаа баран хоёр далавчаараа газар алгадаад ч нэмэр болсонгүй. Шороо тоос  бужигнуулан газарт  өнхөрч, тийчигнэх ажээ. Яг энэ мөчид цагаан шаргал өнгөтэй  шонхор  өргөст торонд хүлэгдсэн тагтаа руу шумбаж, яах ийхийн зуургүй сарвуугаараа тас зуураад авах нь тэр. Хурц хумстай сарвууных нь үзүүрийг нь ирлэсэн зүү шиг нарийхан ган үзүүртэй урхи нэвт сүлбэчихэж байгаа бололтой. Муухай орилон далавчаараа газар алгадаад тагтааныхаа дээр нэг гарч, доор нь нэг орох нь өрөвдмөөр харагдах ажээ.  Өвдөлт нь бага зэрэг намдсан бололтой, өргөст урхитай тагтаагаа аваад нисчихлээ.  Шонхорын араас том, том жийп хөлөглөсөн арабууд урд хойноо оролцоод  мөргөлдөх шахан давхиж гарлаа. Шонхор хаашаа ниснэ, тэр зүг рүү арабууд давхилдана. Шонхор агаар дээр биед нь орооцолдсон  тагтаанаасаа салах гэж доош,  дээшээ, хажуу тийшээ нисээд л байх юм. Гэвч зүү шиг нарийхан  ган төмрийн хурц ирэнд биеэ  нэвт,  нэвт сүлбүүлсээр байлаа. Хэсэг хугацааны дараа хамаг  чадал нь барагдсан бололтой газарт уначихлаа. Урхи зүүсэн тагтаа хэдийнэ амьсгал хураажээ. Харин шонхор шувуу урхинаас мултрах гэж хэчнээн хичээж, далавчаа дэвээд ч нэмэр болсонгүй. Арабууд машинаасаа үсрэн бууж, шонхор руу нэгэн зэрэг гүйлдэж, харь хэлээр хоорондоо чанга, чанга ярина. Тэд олзонд ороод ирсэн шонхрыг барьж, гараас гар дамжуулан үзэхдээ бөөн баяр баясгалан болох аж.  Арай л газар дэвхцэж, гүйсэнгүй. Бие биенээ тэвэр ч аваад л, тэнгэр өөд хоёр гараа алдалж амандаа бувтнах нь Аллах тэнгэртээ үнэн сэтгэлээсээ талархаж байгаа бололтой харагдлаа. Тэндээс холгүйхэн мөн л урхи зүүсэн тагтааг шонхор шүүрээд авдаг юм байна. Арабууд барьсан шонхроо машиныхаа арын торонд хийж аваад мөн л уралдаад давхичихлаа. Шонхор шувууны хууль бус ан хэрхэн  хийж байгааг сурвалжлахаар яваад ийнхүү шонхор барьж байгаа арабуудтай таарсан минь энэ.

     Бид гурван өдөр явж сурвалжилга бэлтгэсэн юм. Уншигч та бүхэнд ойлгомжтой хүргэх үүднээс шонхор барьж байгаа арабуудын  нэг өдрийг  өглөөнөөс үдшийн бүрий  хүртэл дагаж, үйл хөдлөлийг нь баримтжуулан хүргэж байна.

“ОЛЗ ОМОГ ГУЙХ ЁСЛОЛ” БУЮУ АРАБУУД ШОНХОРТ ГАРАХ ЦАГ

06:00 ЦАГ: Цагаан гэгээ татаж, үүр цайх дөхөж байлаа. Шонхор барихаар эртлэн боссон арабууд  хар, цагаан өнгийн хормой нь намирсан хувцас өмсөж, толгойдоо улаан, цагаан алчуур ороосон байх бөгөөд ийш, тийш зааж, харь хэлээр шулганалдацгаана. Өнөөдөр хаашаа явах, хаагуур өгөөш тавихаа ярьж буй бололтой. Тус отог нь зургаан гэртэй бөгөөд ногоон тороор хашаалжээ. Тэд отгынхоо голд бөөгнөрөн нэгэн зэрэг маань, мэгзэм унших мэт аялгуугаар элдвийг хэлэх бөгөөд баруун гараараа агаарт үл мэдэгдэх дүрс зурцгаах аж. Хөндлөнгөөс ажиглаж байсан бидэнд ангийн олз омог, буян заяа гуйх ёслол мэт харагдаж байлаа.

       Таван минут орчим үргэлжилсэн тус ёслол дуусаж, өтгөн сахал, өндөр нуруутай эр эхний гэрээс төмөр торон хайрцагтай зүйл өргөсөөр гарч ирэв. Дурангаа татан харвал тэрбээр барьсан торондоо зайгүй болтол нь тагтаа “чигжиж”-ээ. Тэд тус бүрд нь нэг тор тагтаа ачсан зургаан машинтай тал, тал тийш хөдлөв. Нэгнийгээ дайрах шахам ард, урдаа орон сүлжилдсээр отгоосоо холгүй хэсэг эргэлдэв. Ийн хэн нэгнийг төөрөгдүүлж, зүг буруулж буй мэт хэсэг моторын дуу хангинуулж, тормосоо чихруулж байснаа гэнэтхэн цацсан шагай шиг таран одоцгоов.

“ДУРАН СУНГАХ УЧИР” БУЮУ АРАБУУД ШОНХРОО ОЛОХ ЦАГ

08:00 ЦАГ: Намрын жиндүү салхинд цэцэгсийн толгой бөхийж, хаа сайгүй бээрсэн оготно давхиж харагдана. Сүр ихтэй Авдарын уулын зүүн толгойгоос эргэн тойрон бүхэлдээ алган дээр буй мэт цэлийнэ. Нутгийн иргэдийн нэрлэж заншсанаар шар худгийн зүүн хоолойд хэд хэдэн машин сүлжилдэх аж. Олон машин зүг дуран сунгавал бидний мөрдөж буй арабууд байх нь тэр. Тэдний зарим нь зогсолтгүй нааш цааш холхих бол зарим нэг нь "зоосон" мэт байрнаасаа үл хөдөлнө.

       Огт хөдлөхгүй байгаа машиныг сайтар анзаарахын тулд бид Шар худгийн зүүн уулсын оройд хүрэв. Арабууд бидний ойртсоныг ч анзаарах сөхөөгүй дуран сунгасан хэвээр. Тэд хэдий нь “ангийн үнэр авсан” буюу шонхроо олж харжээ. Харин тэдний барих ёстой шонхор мөн эсэхийг мэдэхийн тулд ийн удаан ажиглаж байгаа бололтой. Учир нь арабууд хамгийн дайчин, залуу, эр зоригтой, бие болон өнгө зүс сайтай шонхрыг сорлон барьдаг аж. Дурандаж байсан араб эр машинаасаа яаран бууж, автомашиныхаа тээшийг онгойлгов.

Учир нь арабууд хамгийн дайчин, залуу, эр зоригтой, бие болон өнгө зүс сайтай шонхрыг сорлон барьдаг аж. Дурандаж байсан араб эр машинаасаа яаран бууж, автомашиныхаа тээшийг онгойлгов.

 

“ӨГӨӨШ ТАВИХ” БУЮУ АРАБУУД ТАГТААНД ТОР ХИЙЖ ШОНХОР БАРИХ ЦАГ

09:30 ЦАГ: Цаг гаруй хугацаанд дурандсан эр автомашиныхаа тээшнээс тортой тагтаа буулгалаа. Нэг тагтаа гаргах зуур дахин нэг араб залуу тагтаанд зүүх тор “дэгээ” барьсаар түүн рүү очив. Тэд таван минут ч хүрэлгүй тагтаанд тор оо бэхэлж, тэнгэр рүү шидэх нь тэр. Арабууд тагтааны хоёр далавчийг сараалжин төмрөөр бэхэлж, түүндээ мяндас, төмөр утас бүхий тор бэхэлдэг юм байна. Тагтаа нь зугтахаас болгоомжилж нүдийг нь сохлох, далавчных нь үзүүрийг тайрах, хөлийг нь таслах зэргээр зэрэмдэглэх нь энүүхэнд. Тагтаагаа сулласан даруйдаа автомашиндаа суугаад хөдлөв. Бид арабуудыг биш тагтааг дурандаж эхэллээ. Арабууд өгөөшнөөсөө холдох төдийд талын бүргэд, хожгор тас, сар зэрэг махчин шувуунууд тагтааг эргэх аж. Энэ үед арабууд сандралдан тэднийг үргээж байлаа. Төд удалгүй нэг шонхор асар хурдтай шунхаж буй нь харагдав.

      Дуут сум шиг хурдлах шонхрыг харахад өөрийн эрхгүй огшиж, цээж дүүрээд ирдэг юм билээ. Гэвч хөөрхий шонхор өгөөш гэдгийг яаж мэдэх билээ. Юу юугүй л тагтааг хоёр сарвуугаараа тас зуураад өндөрт хөөрөх нь тэр. Дуранд орж, гарсаар нэлээд хол явлаа. Энэ үед арабууд алдалгүй дагасан хэвээрээ. Тэд гуу жалга, дов толгод, хад чулуу, даваа нухчааг үл тоон “шүлэнгэтэн” дагах аж. Шонхор барьж буй арабууд туулах чадвар сайтай, том, том “жийп” унадаг нь ийм учиртай. Шар худгийн хөндийд арабуудын машины мөр гараагүй нэг ч газар байхгүй аж.

Тагтаа нь зугтахаас болгоомжилж нүдийг нь сохлох, далавчнийх нь үзүүрийг тайрах, хөлийг нь таслах зэргээр зэрэмдэглэх нь энүүхэнд. Тагтаагаа сулласан даруйдаа автомашиндаа суугаад хөдлөв.

     Хаашаа л харна сүлжилдэж, мушгирсан, огтлолцсон зам тод зурайна. Хоорондоо холбоо барих зорилгоор бүгд станцтай явдаг бололтой. Шонхор дагасан нэгнийхээ автомашины ойролцоо цуглаж, мөргөлдөх нь холгүй давхилдана. Арабууд Монголын газар нутаг дээр эзэн нь юм шиг зугаацаж, зөвшөөрснөөс хэдэн зуугаар илүү шонхор барьж байна.

“ШОНХОР ЦУЦАХ МӨЧ” БУЮУ АРАБУУДЫН ХҮСЭЛ БИЕЛЭХ ЦАГ

10:30 ЦАГ: Шонхор шувуу Хүннү төрийн сүлдэнд тахигдаж ирсэн, тэнгэрийн амьтан хэдий ч чадал барагдах цаг ирдэг аж. Эхлээд тагтаагаа салгахын тулд сэгсчиж доош шунхаж, дээш дүүлж байсан шонхор цуцсан бололтой ойр ойрхон газарт бууж, буцан нисэж байв. Энэ хооронд зарим арабууд автомашинаасаа буун урт иштэй тор барин гүйлдэнэ. Харин хэсэг нь машинтайгаа шонхорын дэвж, буух газар тулан очиж байлаа. Тагтааны хөлнөөс бэхэлсэн утас алтанхарганад ороолдож, шонхор хэсэг хадтай газар баригдах нь тэр. Хөөрч догдолсон арабууд хар гүйхээрээ очиж, тал талаас нь шонхорыг бүчин авах аж. Яг тэр үед айж, түгшсэн шонхор хүүхэд уйлах мэт сонин дуу хадааж байлаа.

       Аюул тулгарсныг мэдсэн учир амьд гарахын тулд далавчаа хэдэнтээ дэвэвч газраас үл хөндийрөх нь өр эмтрэм. Хижээл насны эр бээлий өмссөн гараараа шонхрыг барьж, тагтааг болон торыг хөлнөөс нь салгав. Үүргээ сайн гүйцэтгэсэн өгөөшний тагтаа аль хэдий нь үхсэн бололтой мань эр автомашиныхаа ар руу шидчихэв. Ямартай ч бага үд эхлэхээс өмнө тэд нэг шонхор барилаа. Нэг амьтныг эрэмдэглэж, төмрөөр сүлбэж, нөгөөг нь барьдаг харгис, хэрцгий арабуудын гарт хэдэн шонхор үхэж, хэчнээн шонхор гэмтсэн бол доо. Өдөр урт, боломж их байгаа болохоор тэд дахин шонхор хайж урьдын адил нэг дороо эргэлдэх аж.

      Бид тэдгээр арабыг хэчнээн шонхор агнах зөвшөөрөлтэй, одоогийн байдлаар хэдийг барьсан талаар тодруулахаар очсон боловч бидний бараанаар зүгээ буруулж байлаа. Манай сурвалжлах баг арабуудын хөлөглөсөн зургаан том машиныг ээлж, дараалан тосон, зогсож, угтан очиж, араас нь туусаар хоёр цаг гаруй хугацаанд “муур, хулгана” болж давхилдав. Гэнэтхэн тэд усанд хаясан чулуу мэт алга болох нь тэр. Ойр орчмын өндөр уулын оройд гарч дуран сунгаад ч харагдах бараагүй болсон байв.

“СЭТГЭЛ БАХДАМ ЗООГ” БУЮУ ҮДИЙН ЦАЙНЫ ЦАГ

12:30 ЦАГ: Бид бараа тасарсан арабуудыг алдсандаа сэтгэл гонсойн нутгийн айлд орж, багахан ч болов мэдээлэл авах тухай ярилцаж айлын бараа харагдсан зүг хөдлөв. Гэтэл олны хөлөөс зайд уу, автомашины замаас хол, зөвхөн зүүн урд талаасаа л харагдах уулын энгэрт арабуудын машин бөөгнөрсөн байхыг олж харлаа. Чухам харж болох ганц зүгээс нь бид ирж таардаг нь олз болов. Тэдэнд сэм дөхөж, тухлаж буй уулынх нь оройгоос хэсэг зураг дарж амжив. Нэгэнт зогсоож уулзах гээд чадаагүй тул “халз таарсан дээр нь давхиад очъё” хэмээн шийдэв. Бидний барааг харсан тэд сандралдаж буй нь илт дороо эргэцгээж, нааш, цааш гүйлдэнэ. Машинаасаа бууж “Сайн байна уу” хэмээн мэндлэхэд бүгд толгой дохицгоох аж. “Приус 20” маркийн автомашинд монгол бололтой хоёр залуу сууж байв. Хамгийн түрүүлж тэдэн рүү очиж, “Хэлмэрч, орчуулагч нь уу” гэхэд “Та нар юун хүмүүс билээ. Хаанаас явж байгаа юм” гэж мэндийн зөрүүгүй сандран асуулаа.

Манай ханхүү албан ёсны зөвшөөрлөө авч, өгөх ёстой бүх төлбөрөө өгсөн. Биднийг шалгах эрх та нарт байхгүй. Яагаад биднийг дагаад байгаа юм” гэв.

        “Бид Эргэлт.мн мэдээллийн сайтаас явж байгаа сурвалжилах баг байна” гэж хэлэхэд тэд бүрч сандарсан бололтой “Бид нарын зургийг битгий аваарай. Өмнө нь хүн шиг амьдарч, хэдэн төгрөг олохын тулд л арабуудтай хамтран ажиллаж байсан юм. Яах вэ таньж, мэддэг ганц хоёр араб ирсэн болохоор нь уулзахаар ирсэн юм. Орчуулагч нь тэр халзан толгойтой, хууз сахал болсон ах” гэж хэлээд автомашинахаа цонхыг хаачихав. 30 хүрч яваа болов уу гэмээр эр шинэ төхөөрсөн хурганы махаар шорлог хийх аж. Тэд урд шөнө отгынхоо ойрхон байх айлаас 65 мянган төгрөгөөр хурга худалдан авчээ. Арабууд ихэвчлэн хурганы мах иддэг учир тэднийг ирэхийг хүлээдэг малчид цөөнгүй байх болжээ. Мал сүргийнхээ буяныг хүртэж, хэдэн төгрөг олохыг хүссэн малчдын буруу гэж юу байх билээ дээ. Арабууд хэзээний энэ өргөн уудам тал нутгийн эзэн мэт ханхайн сууцгаах бөгөөд биднийг ёжлох мэт тачигнатал инээнэ. Ахлагч нь бололтой хижээл эрийн хэлснийг орчуулагч нь дамжуулав.

Бид отогтоо ирээд удаагүй байна. Арав гаруй хоног сайхан аялж, зугаацаж байна. Харин нэг ч шонхор бариагүй.

           Тэрбээр “Манай ахлагч ингэж хэлж байна. Манай ханхүү албан ёсны зөвшөөрлөө авч, өгөх ёстой бүх төлбөрөө өгсөн. Биднийг шалгах эрх та нарт байхгүй. Яагаад биднийг дагаад байгаа юм” гэв. “Бид та нарыг хэрхэн шонхор барьдаг, хэчнээнийг барих зөвшөөрөлтэй зэргийг сурвалжилж яваа сэтгүүлч нар” хэмээн хариу хэлэхэд өнөөх эр дуржигнатал орчуулах аж. Хариуд нь бидэнд “Бид отогтоо ирээд удаагүй байна. Арав гаруй хоног сайхан аялж, зугаацаж байна. Харин нэг ч шонхор бариагүй. Машинд өгөөшний тагтаа, ногтруу л байгаа. Гэхдээ та нарт үзүүлэхгүй. Бидний зургийг дарах хориотой шүү. Танай дарга нар сайн мэдэж байгаа. Тэд нараасаа мэдээлэл ав” гэв.

       Хэдийгээр тэд “Өгөөшний шувуу л байгаа. Шонхор бариагүй” гэсэн боловч тэдний унаж явсан “Thundra” маркийн автомашинаас нэг биш шонхорын орь дуу хадаж байлаа. Өглөөнөөс хойш өгөөшний тагтаагаа “яргалж” зэрэмдэглэн, хэд хэдэн шонхор барьсныг нь нүдээрээ харсан болохоор тэдний энэ хоосон үгэнд итгээгүй ч бидэнд шалгах эрх байхгүй учир юу ч хийж чадалгүй тэднээс холдов.  

            Үргэлжлэл бий...

 


Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 14:00:36
    тунгаа: энэ муухай улсуудыг газар нутагтаа гишгүүлэхгүй байх юмсандаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 03:51:28
    Сонин : Шонхорын шунгалт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-07 20:54:38
    zochin: Mongol razar shoroin deer bga amitadaa tamlakhaa boliochee Ard tvmnees nuudag ymar bodlogo gere BNA gej bid esergvvtsej BNA bvgdiig ogtsruul temtse Ard tvmen?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-07 08:44:04
    Zulzaya: arai l heterch bnaa.zuvshuurul uguhgvi bj boldgvi yum bhdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-06 17:24:58
    fd: ;-( арай л их зөвшөөрөл өгөөд хяналтгүй Сүйрүүлж байгаан шиг санагдах юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-06 08:43:24
    Kk: Хүний орчлоон гэжжж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-06 08:09:33
    Зочин: Даварсан юмнуудыг хөөж гаргах юмсан новш юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188