• Өнөөдөр 2026-03-09

ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ

2026-03-09,   464

      Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртчихээд “Би олимпод өрсөлдөхгүй ээ. Дүү нартаа боломж олгож байна” гээд үлдэж, чадсан боксчин бол ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг юм. Тэр өөрийн олимпод оролцох боломжийг хойш тавьж, залуу тамирчдад сэтгэл гаргасан. Өөрөөсөө илүүтэйгээр дүү нарынхаа ур чадварт бүрэн итгэсэн болоод л тэр. Боксын дэлхийн аваргаас хос медаль хүртэнэ гэдэг амаргүй, том амжилт билээ. Спортын тайлбарлагч С.Шижирбатын хэлдэгээр ДАШТ-ээс хос медаль хүртэнэ гэдэг дэлхийн зэрэглэлийн “Бөмбөрцөгийн агуу тамирчдын хийдэг ажил” яах аргагүй мөн. Гэтэл ДАШТ-ий хос медальтан, ОУХМ Л.Алтанцэцэг өнөөдөр гавьяагаа үнэлүүлэн Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хүртээгүй л явна.

     Дэлхийн хос медальтан ОУХМ Л.Алтанцэцэг жирийн үед их найрсаг, даруухан, халуун дулаан сэтгэлтэй эмэгтэй. Их тайван, дөлгөөн нэгэн. Харин рингэнд гарахаараа ёстой нэг “Арслан, бар” мэт тэс өөр хүн болж хувирна. Эрс шийдэмгий, эрч хүчээр “Цэнэглэгдэнэ”. Ялалт амжилтын төлөө өөрт байгаа бүхнийг эцсийн мөч хүртэл, тулаан дуустал бүрэн дайчилж чаддаг. Тулааны үед солгой өрөлттэй, маш мэдрэмж өндөртэй боксчин. Тулалдах үед орон зайн мэдрэмж сайтай. Ямар ч өрсөлдөгч байсан, түүнийг зөв үнэлж, тогтвортой тулаан хийж чаддаг. Олон жил жингээ тогтмол барьсан гээд тамирчин хүнд байх ёстой олон давуу талууд түүнд бий.  Багш нь түүнийг багаас нь эрэгтэй тамирчдадтай тулаан хийлгэдэг байсан нь хүнд цохилт даах, хурдтай тулааныг мэдрэх, унших чадварыг нь хөгжүүлэхэд чухал түлхэц болжээ.

   Тулаан гэдэг хамаг хүчээрээ, хар муйхраас, “Шүдээ зуугаад, нүдээ тас аниад” нүдэлдээд байдаг зүйл биш гэдгийг Л.Алтанцэцэг рингэнд харуулж чаддаг. Бокс гэдэг гудамжны зодоон биш, урлаг, ухаан юм шүү гэдгийг бүрэн утгаар нь тэр тулаанаараа харуул чаддаг билээ. Өрсөлдөгчийн цохилтод оногдохгүй бултаж, өөрөө оновчтой цохилт хийх боломжийг олж харж, овжиноор ашиглаж чадах мэдрэмж гэдэг ховор чадвар. Шавилхан биеэндээ баймгүй шаггүй тулааны чадвартай түүнийг хэн ч харсан тамирчин, тэр тусмаа боксчин гэж харахгүй.

    Тулалдах чадвар, өрсөлдөгчийн цохилтын хүч, хөдөлгөөн нэг бүрийг харж, хянаж чадах харааны мэдрэмж, сэтгэхүй, хөдөлгөөний хурд тэр бүр хүн бүхэнд заяадаггүй авьяас билээ. Авьяас гэдэг хүнд байгалиас заяадаг чадвар мөн. Харин тэр чадварыг  хөлс, хөдөлмөрөөр тордож, усалж чадах, чадахгүй нь тухайн тамирчин, түүний дасгалжуулагчаас л хамаарах зүйл. Нэг хувийн авьяасыг 99 хувийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр л амжилт болгон хувиргах чадвар Л.Алтанцэцэгт бий.  Тэр хичээсэн, хөдөлмөрлөсөн, зүтгэсэн. Оройтсон ч гэсэн тэр амжилтад хүрч чадсан. Түүнд өнөөдрийн үзүүлээд байгаагаас ч илүү амжилт гаргах боломж, нөөц байсан.

    Л.Алтанцэцэг аль эрт амжилтад хүрчих боломжтой байлаа. Харамсалтай нь дөнгөж боксын Үндэсний шигшээ багт ирснийхээ дараахан 2013 онд кроссонд гүйж яваад төв зам дээр машинд мөргүүлж, хүнд бэртэл авч, хоёр жил шахуу эмчилгээ хийлгэн цаг хугацаа алдсан юм.  Бэртлээс 2015 онд эргэн ирж, бэлтгэлдээ орсон боловч хуучин хэвэндээ орох гэж бараг л 5-6 жилийг зарцуулсан байдаг. Тэрнээс биш аль эрт дэлхийн медальтан болчих боломж Л.Алтанцэцэгт байсан л даа. Тэрбээр авто ослын дараа буцаад эргэн  боксын спортдоо ирж чадсан нь өөрөө том ялалт байсан.

   Л.Алтанцэцэг рингэндээ эргэж ирээд шантарч, мохолгүй бэлтгэл, сургуулилалтаа бага багаар ахиулан, сайжруулж байв. Улмаар насанд хүрэгчдийн улсын аваргад есөн удаа түрүүлж, Ази тивийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж ОХУ, Хятад, Герман, Казахстан, Нидерланд улсуудад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд түрүүлсэн юм. Олон хүн “Л.Алтанцэцэгийн ДАШТ-д амжилт гаргах цаг нь өнгөрсөн. Нас нь ч нэлээн явчихсан, ахмад тамирчдын тоонд хэдийнэ орчихсон шүү дээ” гэдэг байлаа. Тэр бүх дэл, сул яриа Л.Алтанцэцэгт “Хүнд цохилт” шиг л мэдрэгддэг байсан байх.  Зарим үед түүнд  “За, Алтаа минь ид амжилт гаргах насандаа гэмтэл бэртлээс салахгүй байсаар дэлхийн медальд хүрч чадахгүй дуусах нь дээ гэх бодол” төрж л байсан гэдэг. Гэвч тэр, сэтгэл санаагаар унаж, гутарч, зөхөрч, бууж өгөхийг хүссэнгүй. “Хэзээ боксоор тулалдах чадахгүй болно, тэр хүртлээ, хичээгээд зүтгээд эцсийн  мөч хүртэл хөдөлмөрлөх болно” гэсэн бодолтой явсан гэнэ лээ. Тэгээд л тэр зорьсон, амжилтандаа хүрч чадсан юм.

    Л.Алтанцэцэг 2023 онд Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван ялалт байгуулж Монголын эмэгтэй боксчдоос анхны ДАШТ-ий мөнгөн медалийг хүртэж, “гайхамшиг”-ийг бүтээсэн билээ. Харин ДАШТ-ий дараа жил Л.Алтанцэцэг “Парис-2024” олимпыг өнжсөн. Тэрбээр “Би ахмад тамирчин, залуу, дүү нартаа боломж олгож байна” гээд л спортын ёс зүй, хүн чанар, тамирчин хүний ухаалаг, уужимхан сэтгэлийг гаргасан юм. Гэтэл дүү нар нь олимпод түүний хүссэн амжилтыг гаргаж чадаагүй.

     Ингээд л тэр дахин ДАШТ-д тулалдаж, хүч сорихоос өөр замгүй болсон билээ. 2024 оны олимпын дараа жил Англи Улсын Ливерпүүл хотноо 2025 оны есдүгээр сарын 4–14-ний өдрүүдэд болсон боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Л.Алтанцэцэг дахин гарч тулалдаж хүрэл медаль хүртэв. ОУХМ Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш. Харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, тэнхээ, боксын спортод сэтгэл зүрхээ зориулсан, хөдөлмөр, зүтгэлийн үлгэр жишээ байдаг.

    Л.Алтанцэцэг 2025 онд дахин дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байгаа нь түүний хатуу чанга, “Төмөр” мэт сахилга бат, шантрашгүй зүрх сэтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр шим билээ.  Дорнод аймгийн уугуул бүсгүй Л.Алтанцэцэг үнэхээр Монголын эмэгтэй боксчдын шинэ үеийг нээсэн, залуу тамирчдад үлгэр жишээ болсон тамирчин. Энэ агуу тамирчныг өдий зэрэгт хүрэхэд багш, дасгалжуулагчид болон Монголын боксын холбооны үе үеийн удирдлагуудын зүтгэл, дэмжлэг онцгой чухал үүрэгтэй байсан.

     Түүний анхны багш “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, “Талын бүргэд” клубийн зөвлөх дасгалжуулагч, МУГД Ё.Төмөрбатаа, “ОБЕГ”-ын харьяа “Аврагч” спорт хороон боксын дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ж.Еркин, гадаад мэргэжилтэн Рубин Пинеро Санчез нартаа тусгайлан талархал илэрхийлэх зөв болов уу.

 


ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-09 12:58:13
    Зочин: Амжилтыг нь үнэлэх цаг болсон.Гавъяатыг нь өгөх хэрэгтэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188