УИХ-д улиран суусан Н.Алтанхуяг улс төрийн тайзнаас 30 гаруй жил буугаагүй. Цагтаа АН-ын лидер, Монгол Улсын Ерөнхий сайд болон мандаж явсан тэр өдгөө “Парламентын шүдгүй арслан” хэмээн хочлуулж, гишүүний суудлаасаа буувал л “аавын хаалга” татна хэмээн эргэн тойрныхон нь ярьдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны хэргээр бүтэн жил шүүгдэж, хэрэг нь цагаадсан ч гишүүн болсных нь дарга Дээд шүүхээс Хөгжлийн банкны хэргийг сэргээн шалгаж эхэлснээр Н.Алтанхуяг дахин шалгуулахаар болоод байгаа билээ. Төрд насаараа ажилласан тэрбээр “2013-2023 онд буюу УИХ-ын гишүүнээр ажилласан он жилүүдэд хөрөнгө, орлого нь илт буурсан” гэж мэдүүлсэн. Гэвч түүний хамаарал бүхий компани 30 давчихсан явна.

Нэрлэбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Увс байгаль” ХХК, “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо” ТББ, “Мах экспорт” ХХК-уудад хувь эзэмшдэг. “Мах экспорт” ХХК-ийг Багабиндэрийн Бат-Энэрэл, Дашхүүгийн Гэрэлхүү нартай хамтран эзэмшдэг. Судалж үзвэл, Дашхүүгийн Гэрэлхүү нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн нөхөр, харин Багабиндэрийн Бат-Энэрэлийн хувьд Н.Алтанхуягийн “Мах экспорт” ХХК-аас өөр компанид хувьцаа эзэмшдэггүй, бизнесийн түүхгүй нэгэн ажээ. Сонирхолтой нь, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн эгч М.Оюунчимэгийнх нь хүүг Багабиндэрийн Бат-Энэрэл гэдэг. Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгэ нь “Бьюмонд скин партнерс” ХХК болон “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ, “Тамирротари клуб” ТББ-ийг эзэмшдэг. Хүү А.Тулга нь “Арвайн даллага” ХХК, “Увс байгаль” ХХК, “Хаанжимст Эс Би Ти” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-уудыг аав Н.Алтанхуяг болон аавынхаа ах, дүү нартай хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Харин А.Тулгын эхнэр Г.Ундрал нь “Коала” гэх ХХК-ийг эзэмшдэг. Өмнө нь энэ компанийг Н.Алтанхуягийн ах Н.Баттогтох, дүү Н.Наранцэцэг, Б.Цог-Очир нар эзэмшдэг байсан. Н.Алтанхуягийн том охин А.Наранмандахын нэр дээр компани бүртгэлгүй ч түүний нөхөр М.Алтанцог нь “Амуу тариа сор”, “САНУГ” ХХК-уудыг эзэмшдэг.



Түүнчлэн Н.Алтанхуягийн том ах Н.Гомбодорж нь Н.Алтанхуягийн эзэмшдэг “Увс байгаль” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол өдгөө түүний хүү Г.Хосбаяр нь “Увс байгаль” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Удаах ах Н.Баттогтох нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Холбоо, мэдээллийн технологийн даргаар ажиллаж байгаад өдгөө “Сүх тогтох” ХХК, “Холистик” ХХК, “Үндэсний бүтээмж инновацийн төв” ТББ-ыг эзэмшдэг. Өмнө нь Н.Алтанхуягийн хүү А.Тулга болон түүний эхнэр Г.Ундрал нартай хамт “Коала” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-уудыг эзэмшиж байжээ. Удаах эгч Н.Оюундэлгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагчаар ажилладаг.
Харин төрсөн дүү Н.Цог-Очирынх нь тухай нэг сонирхолтой зүйл байна. Уг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуулийг угтсан сэтгүүлдээ “Би найман хүүхэдтэй айлын дундах нь. Миний төрсөн дүүг Норовын Цог-Очир гэдэг бөгөөд “Энергокомплекс” ХХК-ийн захирлаар ажилладаг” гэж бичиж байжээ. Гэтэл Улсын бүртгэлийн сангаас хайж үзвэл “Энергокомплекс” ХХК-ийг Норовын Цог-Очир биш Бадарчийн Цог-Очир гэх хүн эзэмшдэг юм байна. Мөн “Баялаг элс” ХХК, “Эко бэрри” ХХК, “Жэй Эл Кэй” ХХК-уудыг эзэмшдэг ажээ. Түүгээр зогсохгүй, Бадарчийн Цог-Очир нь Н.Алтанхуягтай хамт “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-удыг эзэмшихээс гадна Н.Алтанхуягийн хүү А.Тулгатай хамт “Коала” ХХК-ийг эзэмшиж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн төрсөн дүү Норовын Цог-Очир овгоо Бадарчийн Цог-Очир болгон өөрчилсөн байж болзошгүй. Эцгийнхээ нэрийг Норов биш Бадарч гэж өөрчлөх ямар шаардлага байв, Норовын биш Бадарчийн гэж овоглох нь Н.Алтанхуягтай огт хамааралгүй нэгэн мэт харагдах заль уу зэрэг олон асуулт гарч ирж байна.
Дараагийн дүүг нь Н.Отгонбаяр гэдэг бөгөөд “Тархины чимээ” ТББ, “Том принт” ХХК, “Аграр” ХХК, “Хос дарам” ХХК, “Коласт аудит” ХХК-уудыг эзэмшдэг ажээ. Түүнчлэн Н.Отгонбаярын хүү О.Даваахүү нь “ТОСК”-ийн Төслийн хяналт, зохицуулалтын хэлтсийн даргаар 2019 оноос ажиллаж байна. Харин хамгийн бага дүүг нь Н.Наранцэцэг гэдэг. Тэрбээр Н.Алтанхуягтай хамт “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Оргил ойл” ХХК-уудыг эзэмшдэг ажээ. Харин түүний нөхөр Д.Гэрэлхүү нь Н.Алтанхуягтай хамт “Мах экспорт” ХХК-ийг эзэмшдэг. Мөн Д.Гэрэлхүүгийн нэр дээр “Мах экспорт хэнтий” ХХК, “Аналоги” ХХК, “Хермесресёрч” ХХК, “Бигдатчмэн Монгол” ХХК-ууд бүртгэлтэй байдаг. Сонирхуулахад, “Хүргэн Дэнзэн” гэдгээрээ танигдсан Г.Дэнзэн гэх Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байгаад 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон залуу бий. Яагаад түүнийг “Н.Алтанхуягийн хүргэн” гэдэг болсон гэхээр Г.Дэнзэн нь Д.Гэрэлхүүгийн охин Г.Уянгын нөхөр юм. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн хүргэн гэсэн үг.
Түүнчлэн, Д.Гэрэлхүүгээс сонирхол татах өөр нэг зүйл нь, тэрбээр “Мах Экспорт Хэнтий” ХХК-ийг Э.Доржрагчаа гэгчтэй хамтран эзэмшдэг. Э.Доржрагчаа нь дангаараа “Хөвчийн талын баялаг” ХХК, “Стандарт рэсидэнс констракшн” ХХК, “Хөвчийн тал” ХХК-уудыг эзэмшдэг. Энэ мэтээр түүний ах дүү болон бусадтай хамтран эзэмшдэг компанийн жагсаалт нэлээд урт үргэлжилнэ. Гол нь нүүрсний хэргээр нэр нүүргүй болтлоо шалгуулж, “нүүрсчин” хэмээн цоллуулж асан Н.Алтанхуяг парламентад суух эрхээ хэрхэн олж авсан бэ гэдгийг асуух, сонирхох хүн цөөнгүй. Өөрөөр хэлбэл, улс төрд эргэж ирэх эрхгүй болтлоо буруу, булхайгаа дэлгүүлж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж тэргүүтэй Ерөнхийлөгч асануудын нэгэн адил улс төрийн хүрээнийхэнд нүд үзүүрлэгдэж асан түүнийг өнөөгийн эрх баригчидтай хэрхэн хэл амаа олж, ая талыг нь зассан бэ гэдэг асуулт хүн бүхний сонирхлыг татна.
-2014 онд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн “Цэвэр агаар сан”-гийн гэх 2.2 тэрбум төгрөгийн хэргийн дуулиан дэгдэж байв. Тодруулбал, Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа нь Сангийн яамны Төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Цэвэр агаар” сангийнхны луйварт оролцож, нэг ёсны хам хэрэг үйлдэх замаар 2.2 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт холбогдсон тухай дуулиан дэгдэж, АТГ-аас хүртэл баталж байв. Гэхдээ түүнд холбогдох хэрэг төд удалгүй хэрэгсэхгүй болж, ард нь Н.Алтанхуяг нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага дагаж үлдсэн байдаг.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг алдарт “Хүргэн Дэнзэнгийн” гэх хэрэг сүүдэр мэт дагасаар 10 орчим жил болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн хүргэн Г.Дэнзэн нь Н.Алтанхуягийг Шадар сайд, Ерөнхий сайх байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Дараа нь ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болж дэвшсэн байдаг. Гэтэл тухайн өндөр албан тушаалд байх үедээ тэрбээр эхнэр Г.Уянгынхаа “Говь повер” ХХК-ийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулж, улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, улмаар шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял сонссон. Нийтдээ 533 хоног хоригдоод суллагдсан байдаг.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүхийг ажиллаж байх үед буюу 2011 онд Нүхтийн аманд Шинэхүүгийн Ундрал гэх 20 гаруйхан настай эмэгтэй “Зуслангийн газар” нэрээр 1100 ам.метр газар авч, бусдад дамлаж зарсан гэх дуулиан дэгдэж байв. Тодруулбал, Ш.Ундралын аав Д.Шинэхүү нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн нөхөр Д.Гэрэлхүүгийн төрсөн дүү гэх. Нөгөө талдаа Л.Гансүх, Н.Алтанхуяг нар тун ойр холбоотой буюу нэг нь зөвлөж, нөгөө нь зөвлүүлж байсан. Энэ холбоо хамаарлаар буюу Н.Алтанхуяг Л.Гансүхэд нөлөөлөх замаар төрсөн дүү Н.Наранцэцэгийнхээ хадам дүүд газар олгуулсан гэж Н.Алтанхуяг багагүй хэл аманд өртөж байлаа.
-2016 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон төрсөн эгч Н.Буянжаргалынх нь бэр Ц.Насанбат нарыг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байв. Тодруулбал, тэднийг тухайн үеийн БСШУЯ болон зарим дүүргийн ЗДТГ-аас зарласан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендерт хууль бусаар шалгарсан гэж буруутган 461 дүгээр хорих ангид хорьсон байдаг. Цааш нь хөөвөл, эл хэрэгт “Ардааган” ХХК, “Алтан тэнгэр” ХХК-иуд холбогдсон. Жишээ нь, “Ардааган” ХХК-ийн ерөнхий инженерээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн том охин А.Наранмандахын нөхөр М.Алтанцог ажилладаг бол “Алтан тэнгэр” ХХК-ийн захирлаар Н.Алтанхуягийн төрсөн эгч Н.Буянжаргалынх нь хүү буюу Ц.Насанбатын нөхөр ажилладаг гэх сэжимээр холбогдсон байдаг.
-Н.Алтанхуягийн том охиных нь нөхөр М.Алтанцог нь дээрх тендерийн хэргээс гадна алдарт “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгтэй ч нэр холбогдсон. Тодруулбал, Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, зөвлөх М.Тулга нар нь “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөн завшсан хэргээр буруутгагдаж, ял авч, хоригдсон байдаг. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгэн ноцтой баримт илэрсэн нь “Нүүрс” хөтөлбөрийн үед Н.Алтанхуягийн зөвлөх М.Тулгын арилжааны банкан дахь дансанд “Ардааган” ХХК-ийн данснаас их хэмжээний мөнгө “Нүүрсний үнэ” гэх утгаар шилжиж орж ирсэн нь илэрсэн гэдэг. Харин “Ардааган” ХХК-ийн Ерөнхий инженерээр Н.Алтанхуягийн хүргэн М.Алтанцог ажиллаж байсан буюу Н.Алтанхуяг, Л.Гансүх, М.Тулга нарын “Нүүрс” хөтөлбөрийн хууль бус мөнгийг нь дамжуулагчаар оролцсон гэгдэж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүгдсэн. Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны удирдлагуудтай бүлэглэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан автозам болон “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалттай барьсан дэд бүтцийг бодит өртгөөс илүү үнээр буюу 170.5 тэрбум төгрөгөөр төрийн өмчид худалдан авч, “Говийн зам” ХХК, “Энержи ресурс” ХХК-уудад эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, тус компанийн Эрдэнэт хотод хэрэгжүүлсэн барилгын арматурын төсөлд 22.7 сая ам.долларын зээл олгож зэрэг хэрэгт буруутгаж шүүсэн байдаг. Улмаар 2023 оны зургадугаар сард шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцсон.
Харин өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох “Говийн зам” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж Улсын дээд шүүх үзсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгтээ дахин шүүгдэж, цагаадсан тогтоолыг нь хүчингүй болгож, дахин ял “уншуулах”-аар болсон.
| УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ |
|
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |