• Өнөөдөр 2024-05-18

ТЭРБУМ МОД ТАРИХ АЯН ХҮДЭР СУМЫН ЗУЛЗГАН НАРСАН ОЙГ СҮЙДЭЛЖ ДУУСЛАА-II

2021-11-09,   1697

-ОЙ СИЙРЭГЖҮҮЛЖ, ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ НЭРЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА ГЭВ ҮҮ-

         Сэлэнгэ аймгийн Хүдэр сум Шандын ам гэх газраас мод шилжүүлэн суулгах нэрийн дор байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй ноцтой асуудлыг манай сайтын сурвалжлах баг цувралаар мэдээллэж буй. Мод шилжүүлэн суулгах тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилтнууд уулын энгэрийн модыг хайр гамгүй сугалж, дөнгөж газрын хөрснөөс төө, дэлэм ургаж буй нялх модыг хүнд машины дугуйгаар хуга, няц дайрч, энд тэндгүй ухсан нүх нь харлаж үлдсэн нь энд хууль бусаар мод бэлтгэснийг нь бэлхнээ гэрчилнэ. Тэд гэрээгээр хүлээсэн ой сийрэгжүүлэх үүргээ биелүүлэх нь битгий хэл модны захаас эхлэн нарсыг нь хуу хамсан байлаа. Түүнд Сэлэнгэ аймгийнхан огт анхаарал хандуулаагүй нь илт. Уг асуудлыг хөндсөн эхний цуврал сурвалжилгаа нийтэлсэнтэй холбоотойгоор манай редакц, сэтгүүлчид олон газраас дарамт, шахалт ирж байгааг энд онцолъё. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх зэрэг нэр бүхий хүмүүс “Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олныг хууль хяналтын байгууллагад шалгуулна” хэмээн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд илтэд халдаж, сүрдүүлж эхлэв.

          Бид уулын нялх модыг хуу хаман, хар нүх болгоод үлдээж буйг илчилсэн цуврал сурвалжилгаараа хэн нэгний нэр хүндэд халдаагүй, “Тэрбум мод тарих аян”-ыг харлуулах зорилго агуулаагүй гэдгээ албан ёсоор илэлхийлж байна.

Харин төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд уулын модыг үй олноор нь сугалж, мөнгө угааж байж болзошгүй гэмт хэргийг ил болгохыг зорьж байгаа билээ. Мөн өөрсдөө тариагүй, байгалиас сугалж авчирсан модоо цөлжилтийн эсрэг тэмцэж буй мэт, Монгол  Улс даяар өрнүүлж буй мод тарих аяны нэг хэсэг болгож, тэрбум модны тоонд оруулахыг завдаж байж болзошгүйг эрэн сурвалжилж байгаа болно. Гэхдээ бодит байдал дээр дээрх аяны тэрбум модыг хэн, хаанаас авчрах, авчирч байгаа модонд нь хэн хяналт тавих, суулгаж, тарьсных нь дараа хэн нэг бүрчлэн тоолох нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Үүнийг төрийн алба хаагчид овжин ашиглаж, тусгай зөвшөөрөл нэрийн дор уулын моддыг үгүй хийж байж болзошгүй ноцтой асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та хянан шалгуулж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Учир нь, цэвдэг сэтгэлтнүүдийн гарт байгаль сүйдэж, нарсан ойт уул эрэмдэглүүлэн нүцгэрч хоцорсныг манай баримт, гэрэл зургуудаас харж болно.  

ХҮДЭР СУМААС ТАВАН КОМПАНИ  МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд таван компани мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан байдаг. Тэд энэ жил Хүдэр, Цагааннуур сумаас уулын мод сугалах улсын тусгай “зөвшөөрөл”-өөр уулсыг, моддыг хайр найргүй хүйс тэмтэрч байна.

Тодруулбал, “Тод газар”, “Энх ногоон газар” “Амьд төгөл” “Амьд газар” “Форест докторс” гэх ХХК. Эл таван компанид Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохдоо дараах үүргийг хүлээлгэжээ. Жишээ болгож, “Энх ногоон газар” ХХК-д олгосон зөвшөөрлийн бичгийг сийрүүлье.  

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Энх ногоон газар” ХХК-д зөвшөөрөл олгох тухай:

Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт, БОАЖ-ын сайдын 2020 оны “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай”  А/176 тоот тогтоол, Хүдэр сумын Ойн ангийн 2021 оны тавдугаар сарын 26-ны өдрийн №18 тоот албан бичгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн Хүдэр сумын Тасархайн даваа нэртэй газрын 64-р хэсгийн 23, 52, 30, 24 дугаар ялгарал, Нуурын хөндий нэртэй газрын 65 дугаар хэсэглэлийн 8, 12, 5, 7 дугаар ялгарлын түймрээс урьдчилан сэргийлэх зурвас хийх газраас Улаанбаатар хотын ногоон байгууламжид 1.5-2 метр өндөртэй 300 ширхэг, 3-4 метр өндөртэй 200 ширхэг нарс модыг шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгож байна.

Тус зөвшөөрлийн дагуу дараах зүйлсийг баримтална. Үүнд:

-Ойгоос мод шилжүүлэн суулгах модны төлбөрийн 50 хувь 9.820.00 төгрөгийг Хүдэр сумын Төрийн санд, 50 хувь 9.820.00 төгрөгийг аймгийн Төрийн сангийн Бусад нэр заагдаагүй орлого 100130000955 тоот дансанд урьдчилан тушаана.

-Мод авах газрыг Ойн анги болон тухайн газрын байгаль хамгаалагчаар заалгана.

-Ойгоос мод шилжүүлэн суулгах арга технологийн дагуу гүйцэтгэж ухаж авсан модны нүхийг шороогоор дүүргэнэ. Модыг ойн захаас авахыг хориглоно.

-Мод шилжүүлэн суулгах явцад хяналт тавьж байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Ойн ангийн тавьсан шаардлагыг биелүүлнэ.

-Технологийн горим зөрчин шилжүүлэн суулгасан тохиолдолд дахин мод шилжүүлэн суулгах эрх олгохгүй бөгөөд Ойн хуулийн тухай дагуу хариуцлага хүлээхийг анхаарч ажиллана уу” хэмээн газрын дарга З.Түвшинтөгс гарын үсэг зурж, зөвшөөрөл олгожээ.  Гэвч тэд дээр дурдсан үүргээ биелүүлж чадсан болов уу.

УУЛЫН МОДОНД ХАРИУЦАХ ЭЗЭН, ХЯНАЛТ ТАВИХ ХҮН АЛГА

Уншигч таны уншсан дээрх зүйлс хөрсөн дээрээ хэрэгжихгүй, уулын модонд хариуцах эзэн, хяналт тавих хүн алга. Үнэндээ, хариуцах ёстой байгаль хамгаалагч, ойн инженер нь ажлын өдрүүдийн дийлэнхэд цахимаар ажлаа хийдэг бололтой. Угтаа бол тэд газар дээр нь очиж үзээд, авах ёстой газраасаа модоо авсан эсэхийг нь нягтлаад, хэдэн мод ачсаныг нь тоолоод зогсож байх ёстой. Гэтэл мод авах газрыг нь зүглүүлж зааж өгөөд орхидог, мод ачсан машины жолооч нь гэрэл зургаа аваад Ойн ангийн албан өрөө рүү өөрөө очдог. Ингээд зөвшөөрлийн бичгийг үнэт цаасан дээрээ хэвлүүлж өгөөд явуулдаг дүр төрхтэй байна. Хэрэв тэд ажлаа хийдэг, хяналт тавьдаг байсан бол Шандын амны энгэр ухсан нүхээр дүүрч, зулзаган мод нь хядагдаж, сүйрэхгүй байх байлаа. Модны зах нүцгэрч үлдэхгүй байжээ. Ойн ангийн дансанд модны мөнгө орсон л бол тэд “Бидэнд хамаагүй, дуртайгаа аваад яваг” гэсэн сэтгэлээр ханддаг бололтой.  

 “ЗӨВШӨӨРӨЛТЭЙ” ЗӨӨВӨРЛӨГЧИД

Байгалийн баялгийг зөвшөөрөлтэй гэх нэрээр зөөвөрлөж, мөнгө олдог, угаадаг таван компанийн цаад эзэд хэн бэ, хэн гэх улстөрч, эрх мэдэлтний хамаарал бүхий этгээд вэ гэдгийг дараах баримтаар хүргэе.

“ТОД ГАЗАР” ХХК ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 2.6 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ

     “Тод газар” ХХК-ийг иргэн Балганы Чанцалням, Гомбосүрэнгийн Батсайхан нар эзэмшдэг ажээ.  Тус компанийн уулнаас нарс мод авчирч суулгасан төсөл, тендерүүдээс “том”-уудыг нь шүүж үзвэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Хавдар судлалын үндэсний төвийн өмнөх талбай, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Яармагийн зам буюу Наадамчдын гудамж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар “АСЕМ” вилла цогцолборт тус тус нарс мод суулгажээ. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 27-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамтай “АСЕМ” вилла цогцолборын хоёр га талбайд нарс мод шилжүүлэн суулгахаар 292 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. Товчхондоо, том оврын нарс мод уулнаас авчирч, шилжүүлэн суулгах төсөл, тендерүүдэд монопол компани ажээ.

Түүнчлэн, “Тод газар” ХХК-ийн шалгарсан тендерүүдийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын нэгдсэн сангаас шүүж үзвэл, зөвхөн 2019-2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд л хоёр тэрбум 69 сая төгрөгийн найман тендерт шалгарчээ.

Тухайлбал,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

-2020 оны хоёрдугаар сарын 7. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулах торхтой модны сав нийлүүлэх ажлын тендерийн 2, 3, 4 дүгээр багц буюу нийт 240 сая төгрөг

-2020 оны наймдугаар сарын 28. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд торхтой модны сав байршуулах тендер 80 сая төгрөг

-2021 оны нэгдүгээр сарын 29. Том оврын нарс мод тарих, арчлах ажлын тендер – 570 сая төгрөг

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба

-2019 оны дөрөвдүгээр сарын 28. Чингэлтэй хайрханы тусгай хамгаалалттай газрыг ойжуулах, нөхөн сэргээлт, тохижилт хийх тендер – 806 сая төгрөг

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ

-2019 оны хоёрдугаар сарын 4. Нар мод тарих ажил гүйцэтгэх тендер – 236 сая төгрөг

-2020 оны нэгдүгээр сарын 31. Нарс мод тарих ажлын тендер – 137 сая 500 мянган төгрөг

             Үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шилэн дансыг шүүж үзвэл, “Тод газар” ХХК руу 2021 оны долдугаар сарын 9-нд “Том оврын нарс мод тарих” гүйлгээний утгатай 244 сая 712 мянган төгрөг, есдүгээр сарын 27-нд мөн адил гүйлгээний утгатай 85 сая 500 мянган төгрөг тус тус шилжүүлсэн байна. Эх сурвалжийн бидэнд ирүүлснээр, “Тод газар” ХХК нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий дендрологич асан Б.Чимид, УБЗАА-ны Ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сүхбат нарын “санаачилга”-аар үүсгэн байгуулагдсан байж болзошгүй. Учир нь, Т.Гантөмөр, Б.Чимид нар уулнаас нарс мод сугалж, Улаанбаатар хотод авчирч суулгах ажлыг анх санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн үеэс “Тод газар” ХХК идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ.

              Түүнчлэн, “Тод газар” ХХК нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, дүүргүүдийн тохижилтын газар, Байгаль орчны яамтай хамтран улс төсвийн хөрөнгөөр мод суулгахаас гадна хувийн компаниудтай гэрээлж, ногоон байгууламжийг нь хийж өгдөг ажээ. Тухайлбал, “Сүнжин гранд” зочид буудал, “Хоме плаза” сүлжээ дэлгүүр, зайсангийн “Рояал грийн вилла” хотхон, “Рояал каунти” хотхоны ногоон байгууламжийг суулгасан бол “Монголын алт” ХХК, “АПУ” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Херо холдинг” ХХК, “Чоно” ХХК, “Хурд групп” ХХК зэрэг компаниудын оффис, орон сууцны хотхон, хорооллуудын ногоон байгууламжийг хариуцаж ажиллажээ.

2. ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д АРТАЙ “АМЬД ТӨГӨЛ” ХХК

            “Амьд төгөл” ХХК-ийг иргэн Ганхуягийн Одмандах гэгч эзэмшдэг. Шалгарсан төсөл, тендерийг нь шүүж үзвэл, “Тод газар” ХХК-ийн дараа орох буюу олон тендерт шалгарсан түүхтэй компани ажээ. Тухайлбал, зөвхөн 2018 онд л гэхэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ийн долоон тендерт шалгарч, 291 сая төгрөг “халаасалжээ”. Судалж үзвэл, “Амьд төгөл” ХХК-ийн захирал Ганхуягийн Одмандахын төрсөн ах Ганхуягийн Уянга нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Хөгжил төлөвлөлтийн албаны дарга бөгөөд Ерөнхий архитектораар ажилладаг аж.

Түүнчлэн, “Амьд төгөл” ХХК 2019 онд “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн 42 сая төгрөгийн хоёр тендерт шалгарсан байна. Судлаад үзвэл, “Амьд газар” ХХК-ийн захирал Г.Одмандахын ах Г.Одхүү нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажилладаг.

“Амьд төгөл” ХХК-ийн 2018, 2019 онд шалгарсан зарим тендерүүдийн тайлбарыг хүргэж байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”ОНӨТҮГ

-           2018 оны тавдугаар сарын 4. Зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх тендер – 21 сая 500 мянган төгрөг

-           2018 оны тавдугаар сарын 4. Нарс мод тарих ажил гүйцэтгэх тендер – 66 сая 550 мянган төгрөг

-           2018 оны зургадугаар сарын 29. Зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх тендер – 21 сая 500 мянган төгрөг

-           2018 оны арванхоёрдугаар сарын 11. Зүлэг хадагч том машин худалдан авах тендер – 49 сая 500 мянган төгрөг

-           2018 он тавдугаар сарын 4. Шар өвс хамах, устгах тендер – 64 сая 800 мянган төгрөг

-           2018 оны арванхоёрдугаар сарын 11. Хогийн сав худалдан авах тендер – 18 сая төгрөг

-           2018 ны зургадугаар сарын 29. Хар шороо нийлүүлэх тендер – 50 сая төгрөг

“Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ”ОНӨХК

-           2019 оны тавдугаар сарын 31. Автомат пускатель муфть худалдан авах тендер – 26 сая төгрөг

-           2019 оны тавдугаар сарын 31. Урсгал засварын кабель худалдан авах тендер – 18 сая төгрөг

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газар

-           2021 оны есдүгээр сарын 10. ЗДТГ-ын барилгын урсгал засварын тендер – 60 сая төгрөг

 “АМЬД ГАЗАР” ХХК ХЭНИЙХ ВЭ

Хуулийн этгээдийн бүртгэлийн санд бүртгэгдсэнээр “Амьд газар “ХХК-ийг иргэн Балжиннямын Энхтүвшин эзэмшдэг. Судалж үзвэл, Балжиннямын Энхтүвшин нь БНСУ-д ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр зургаан ажилласан. Монгол ирмэгцээ буюу 2006 оны гуравдугаар сард “Амьд газар” ХХК-ийг байгуулсан байна. Тус компани өнгөрсөн хугацаанд Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, I хорооллын Өнөр хотхон, Москва, Ривер гарден хороолол, Маахуурын Тарвалин хийдийн бүх модыг суулгажээ.

“Амьд газар” ХХК-ийн захирал Б.Энхтүвшин ногоон байгууламж, мод арчилгааны талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Компаниа байгуулах үедээ Улаанбаатар хотын ерөнхий дендрологич Б.Чимид гуайтай очиж уулзаж, зорилгоо танилцуулж, зөвлөгөө авсан. Улмаар ногоон байгууламж, тохижилтын бизнесээ эхлүүлсэн”  хэмээн ярьж байжээ.

“ФОРЕСТ ДОКТОРС” ХХК “АМЬД ГАЗАР” КОМПАНИЙН ДҮҮ ГЭВ ҮҮ

“Форест докторс” ХХК-ийг иргэн Баяраагийн Батдорж, Батцэрэнгийн Мөнхболд нар эзэмшдэг. Судалж үзвэл, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, нарс мод шилжүүлэлтийн түүх нимгэнтэй компани юм байна. Гэхдээ “Форест докторс” ХХК нь “Амьд газар” ХХК-иас салбарласан буюу охин компани байх магадлал өндөр ажээ. Тодруулбал, “Амьд газар” ХХК-ийн захирал Б.Энхтүвшин сонин, нийтийн сүлжээнд “Амьд газар” компанитай холбогдохыг хүсвэл 99008334 утсанд холбогдоорой” хэмээн сурталчилгаа байршуулж байжээ.

"Энх ногоон газар" ХХК нэг жилийн өмнө байгуулагджээ

“Энх ногоон газар” ХХК цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр өнгөрсөн 2020 оны зургадугаар сарын 26-нд үүсгэн байгуулагдаж байжээ. Гүйцэтгэх захирлаар нь Эрдэнэсайханы Энхбаяр гэж байдаг аж. Тэрбээр компанийнхаа хувийг ганцаараа эзэмшдэг.

Энэ мэтээр хоорондоо хамаарал бүхий компаниуд Сэлэнгэ аймгийн нарс моддыг тусгай зөвшөөрөл нэрийн дор хайр найргүй булгалж, сугалж, хугалж, тасчиж явааг өөгшүүлсээр, буруу, булхайг нь ил болгосон хэвлэл мэдээллийнхнийг дарамталж, сүрдүүлсээр байх уу.

Бид дараагийн цувралдаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатарыг хүчээр “зорьсон” нарснууд хаана “суулгагдсан”, хэрхэн ургаж байгааг болон бусад баримтыг дэлгэх болно.

 

Үргэлжлэл бий.

 

 

 


ТЭРБУМ МОД ТАРИХ АЯН ХҮДЭР СУМЫН ЗУЛЗГАН НАРСАН ОЙГ СҮЙДЭЛЖ ДУУСЛАА-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 20:36:43
    оги: Хог юмаа хичнээн жил мод зөөж суулгалаа даа тэгээд одоо нүхээ булаагүй зулзган мод сүйтгэсний төлбөр хохирол төлүүлмээр юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 20:36:43
    оги: Хог юмаа хичнээн жил мод зөөж суулгалаа даа тэгээд одоо нүхээ булаагүй зулзган мод сүйтгэсний төлбөр хохирол төлүүлмээр юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 14:00:13
    Ээгий: Зөвшөөрөл өгсөн, авсан, хянасан хэдхэн хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж улс даяар хэрэгжүүлж байгаа хөдөлгөөний нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Тэр хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй Тэрнээс Ерөнхийлөгч тийм үүрэг чиглэл өгнө гэж байхгүй ш дээ. Буруу бүхнийг нялзаах гэж ядахым даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-09 11:31:26
    Иргэн: Уулын модыг сугалж аваад өөр газар суулгачихаар ургадаг гэж ер нь хэний толгойнд орж ирдэг байна аа, бизнес хийж мөнгө л олж байвал тод газар ххк мэтийн хулгайчуудад мод ургах ургахгүй нь хамаагүй байдаг биз, тэр нарс мод нь угаасаа 2-3 жил ногоон байдлаа хадгална, тэгээд хатаж үхнэ, зүгээр л хэдэн жилийн настай сувенир гэсэн үг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-09 09:40:43
    Иргэн: Тэрбум модны аян гэх солиорол нь байгаль орчны эсрэг гэмт хэргийг өөгшүүлж дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188