Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газар "Төслийн удирдлагын тогтолцоо"-г нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү аргачлалыг Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог судалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг ашиглаж буй юм байна. Шинээр нэвтрүүлсэн аргачлалын үр дүнг хэрхэн үнэлж буйг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулахад,
-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрхүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан.
Эдгээр ажлын хэсгүүдийн нэг нь миний бие ахлан ажиллаж буй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох үүрэг бүхий ажлын хэсэг юм. Манай ажлын хэсэг намрын чуулган эхэлснээс хойшхи хугацаанд нийт 9 удаа хуралдлаа. Манай ажлын хэсгийн хувьд сүүлийн 3 удаагийн хуралдаанд төслийн менежментийн аргачлалыг ашиглаж байна. Энэхүү аргачлал нь ажлын хэсгийн үйл ажиллагааг оновчтой болгох, хүрэх ёстой түвшинг цаг алдалгүй тодорхойлох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Эрүүл мэндийн даатгалын сан бол иргэн бүрт хамааралтай учраас талуудын оролцоог хангах нь чухал. Тэр ч утгаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг оролцогч талуудын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа бөгөөд төслийн менежментийн аргачлалын үр нөлөө гэж үзэж болох юм.
-Ажлын хэсэг ямар асуудлуудад төвлөрч ажиллаж байна вэ?
-Урьдчилсан байдлаар хэд хэдэн асуудалд төвлөрч ажиллах үндсэн зураглал гарсан. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн даатгалын сангийн засаглал болон хяналтын бодлого оновчтой байж чадвал анхан шатдаа буюу хэрэгжилтийнхээ түвшинд зөв явах боломжтой гэдэгт ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын хяналтын системийг илүү боловсронгуй болгосноор даатгалын сангийн үйл ажиллагаа зөв голдиролдоо орох юм. Гэхдээ даатгалын сангийн үйл ажиллагаа буруу байна гэж хэлж байгаа юм биш. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдүүлэлт, засаглал, хяналтыг сайжруулахад анхаарах ёстой гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар сүүлийн жилүүдэд томоохон дата мэдээлэлтэй болсон байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн бодит тоон мэдээлэл, түүнд үндэслэсэн судалгаа, дүн шинжилгээний үр дүн, хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан даатгалын хэтийн орлого, зарлагын тооцоолол болон хүрэх үр дүнг нягтлах актуар тооцооллыг хийхээр болсон. Актуар тооцооллын үндсэн дээр цаашдын үр дүн, тогтолцоонд шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлт хийхээс гадна, мэргэжлийн актуарчдын тогтмол үйл ажиллагааг хангаснаар Эрүүл мэндийн даатгалын сан хаана очиж, хэнд, хэрхэн, яаж үйлчлэх нь тодорхой болох юм. Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын захирамжаар байгуулагдсан Ж.Чинбүрэн гишүүний ахлан ажиллаж буй Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн ахлан ажиллаж буй Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсгийг онцолмоор байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой, ялангуяа Эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоор бидний 3 ажлын хэсэг уялдаа холбоотойгоор хамтран ажиллаж байна.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
У.ОТГОНБАЯР: Төслийн удирдлагын аргачлал нь үйл ажиллагааг оновчтой болгох, хүрэх ёстой түвшнийг тодорхойлох боломжийг бүрдүүлж байна |
|