Шууд асууя, нөхөр нь төрийн сайд хийж байхад эхнэр нь төсвөөс санхүүжих тендер бүрийг “түүгээд” сууж байж болох уу. Монголын төрд ийм нэгэн гэр бүл байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбар Л.Энх-Амгалан гэх сайдтай болоод хоёр жил боллоо. Хатуухандаа, өнгөрсөн хоёр жил боловсролын салбарт бодлого үгүйлэгдсэн, шинжлэх ухааны салбарт шинэчлэл дутагдсан хэвээрээ буюу ахиц гарсангүй, харин ч халдварт тахлын нөлөөгөөр хоцрогдолд орж гүйцэв. Хоржоонтой нь, боловсролын салбар ухарсан ч салбарын сайдынх нь бизнес харин урагшилжээ. Тэгэхдээ бүр, салбар бүрд түүний оролцоотой бизнесүүд "цэцэглэжээ".
Эргэлт.мн мэдээллийн сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Л.Энх-Амгалантай өнгөрсөнд хамааралтай байсан болон өнөөдөр хамааралтай байгаа компаниуд төсөв ихтэй тендерүүдийг хэрхэн түүж байгааг танилцуулж байна.
Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭХНЭР М.СЭРЖМЯДАГИЙН “МЕД ИМПЕКС ИНТЕРНЭШНЛ” ХХК ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ “АТГАЖЭЭ”
Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй тендер гэж бараг л байхгүй. Басхүү оролцсон л бол шалгардаг онцлогтой. Л.Энх-Амгалан жилдээ найман тэрбум төгрөгийн орлоготой, таван тэрбум төгрөгийн орон сууцтай, 10 тэрбум төгрөгийн авлагатай, 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгөө мэдүүлснээс үзвэл эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес ямар ашигтайг тайлбарлах илүүц биз.
Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцжээ. Ялангуяа халдварт тахалтай тэмцэлдсэн өнгөрөгч хоёр жил “халаас”-аа ахиу түнтийлгэжээ.
Тухайлбал,
2020 онд
- Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
2021 онд
- Зөвхөн АШУҮИС-ийн эмнэлэгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендер шалгарчээ.
2022 онд
- Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан байна.
Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛСАН “БИЛЭГТ ЗАМ” ХХК АРГАЛАНТ СУМ ХҮРТЭЛХ 7.1 КМ АВТО ЗАМЫН 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн “Интергрупп интернэйшнл” ХХК нь цахим сайт дээрээ зам, гүүрийн барилгын “Билэгт зам” ХХК, “Эсто” ХХК-иудад хөрөнгө оруулсан тухай мэдээллээ байршуулжээ. Мөн “Билэгт зам” ХХК нь Л.Энх-Амгалангийн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нь 20 сая төгрөгийн хандив өгчээ. Өөрөөр хэлбэл, тун ойр холбоо хамааралтай явж ирж.
Тэгвэл “Билэгт зам” ХХК авто замын төсөв өндөртэй тендерүүдийг алдалгүй түүдэг ажээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Даланжаргалан-Бор-өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын 49 тэрбум төгрөгийн тендер, Налайх дүүргийн 2-р хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын 2.3 тэрбум төгрөг, Санзайн авто замын засвар, шинэчлэлтийн 2.7 тэрбум төгрөгийн тендер, Гашуун сухайтын авто замын засварын 3.1 тэрбум төгрөгийн тендер зэргийг авч байсан.
Харин 2022 онд буюу өнгөрөгч гуравдугаар сард Баруун чиглэлийн авто замаас Аргалант сумын төв хүртэлх 7.1 км авто замын 8.4 тэрбум төгрөгийн тендерт шалгараад байна.
Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН “АЙ ТИ ЗОН” ХХК ДАРХАНЫ СУРАГЧДАД 2.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖЭЭ
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 1996 онд “MCS электроникс” ХХК-ийг үүсгэн байгуулж, компьютер, тоног төхөөрөмж оруулж ирж байв. Явцдаа тус компанийнхаа нэрийг “Ай Ти Зон” ХХК болгон өөрчилж, “Интер групп интернэйшнл” ХХК-иараа дамжуулан удирдаж байсан. Улмаар УИХ-ын гишүүн болсныхоо дараахан хуучин менежментийн багийн залуучууддаа шилжүүлэн өгч, өөрөө хамааралгүй болсон тухайгаа зарлаж байвн. Гэвч “Ай Ти Зон” ХХК өдгөө ч Л.Энх-Амгалантай холбоотой үйл ажиллагаа явуулдгийг батлах олон жишээ байна.
Тухайлбал, Л.Энх-Амгалангийн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд “Ай Ти Зон” ХХК-иас 20 сая төгрөг хандивлажээ. Тэгвэл “Ай ти зон” ХХК өдгөө төрийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүдэд компьютер, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг ёстой л түүж байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх 2.0 тэрбум төгрөгийн тендер, АТГ-т компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх 515 сая төгрөгийн тендер, Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 1.7 тэрбум төгрөгийн тендер, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тоног төхөөрөмж нийлүүлэх 50 сая төгрөгийн тендер, Архивын ерөнхий газарт компьютер нийлүүлэх 29.4 сая төгрөгийн тендер зэрэгт шалгараад байна.
Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ШАТАХУУНЫ БИЗНЕС “БОЙЖИЖ” БАЙНА
Л.Энх-амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн “Интергрупп интернэйшнл” ХХК-ийн “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, Алтангэрэл гудамж, Сити центр 5-403 тоот” хаяг дээр “Ховд транс петро групп” ХХК, “Транс петро импекс” ХХК, “Трансгейт интернэшнл” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг ажээ.
Судлаад үзвэл, “Ховд транс петро групп”, “Транс петро импекс”, “Трансгейт интернэшнл” ХХК-иудыг Амархүү овогтой Эрдэнэпүрэв эзэмшдэг юм байна. А.Эрдэнэпүрэвийн тухайд, 2000-2004 онд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядагийн эзэмшлийн “Трансгейт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Улмаар 2009-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга, 2012 оны оны есдүгээр сараас Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж, газрын тосны бизнес рүү орох гараагаа тавьжээ.
Тус компани нь шатахуун импортлох үйл ажиллагаа явуулдгаас гадна Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт А-80, А-92 бензин болон дизель түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулан ажиллаж байгаа ажээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН "МЕД ИМПЕКС ИНТЕРНЭШНЛ" ХХК ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ "ЭЗЭГНЭЖЭЭ" |
|