• Өнөөдөр 2024-04-26

ТОМИЛОЛТ: ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН "БҮТЭЭСЭН" ЦЭНХЭР АЛТНЫ УРСГАЛААС...

2023-06-03,   1419

 

        Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргааныхан, Говь-Алтай аймгийн иргэд, малчид, эко клубийн сурагчдын хамтарч 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалжээ. Булгийн эхийг хашиж, хамгаалах ажил өндөр үр дүнд хүрч, Говь-Алтай аймгийн нүдэн булгууд сэргэж, өдгөө гол болон урсаад ан амьтад, ард иргэдийг ундаалж байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд хашиж хамгаалсан булаг хэрхэн үр дүнд хүрч байгааг бид  Шарга, Дарив, Баян-уул, Хөхморьтоор сумаар тойрон аялаж, танилцсанаа хүргэж байна

Говь-Алтай аймаг булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлаараа улсад тэргүүлдэг. Гадаргын усыг хашиж хамгаалан усны нөөцийг нэмэгдүүлэх гүний усыг хэмнэх зорилт тавьж, аймгийн Засаг даргын захирамжаар “Булгийн өдөр”-ийг жил бүрийн тав, аравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Энэ хаврын булгийн өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төрийн албан хаагчид, нутгийн залуус, малчид, эко клубын сурагчид Баянговь багийн нутагт байрлах Сайн-Усын эхийг хашиж, хамгаалах ажлыг гүйцэтгэлээ. Уг ажлын санхүүжилтийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн БОАЖ-ын газраас шийдвэрлэж, ажиллалаа.

Булгийн эхийг хаших ажил 2004 онд эхэлж байжээ. Улмаар булгийн хамгааллыг жишээ болгон хэрэгжүүлэх ажлын даалгавар боловсруулан өнөөдрийг хүртэл 19 жил тасралтгүй зохион байгуулж 200 гаруй булаг шандын эхийг хашиж хамгаалаад байна. Булгийн эхийг хашиж, хамгаалсны үр дүнд тус бүс нутагт орших ховор ан амьтан, мал аж ахуй, нутгийн иргэдийг ундны эх үүсвэрээр хангах нөхцөл бүрджээ.

-ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА Д.БОЛДБААТАР

     

     -Говь-Алтай аймгийн БОАЖГ анх 2004 онд булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг эхлүүлж байлаа. Булгийн эхийг хаших ажлын явцад 2011 онд Байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хууль, дүрэм, журам хэрэгжиж, баталгаажсан. Ингэснээр Говь-Алтай аймгийн ус, рашаан ашигласан төлбөрийн 35-аас доошгүй хувийг булгийн эхийг хашиж, хамгаалах ажилд зарцуулж ирсэн. Нөхөн сэргээх ажлынхаа зардлаар 83 булгийн эхийг хашиж, 200 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Мөн хөв, цөөрөм байгуулах ажилд 40 гаруй сая төгрөг, найман булгийн эхийг тэмдэгжүүлэх, тусгааралт хийх, тохижилтын ажилд 80 гаруй сая төгрөгийн зарцуулсан байна. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, хашиж, хамгаалах ажлыг идэвхжүүлэх, сайжруулах зорилгоор анх удаа булаг хамгаалах тэмдэглэлт өдрийг санаачилж, тэмдэглэж байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар булгийн эхийг хашиж, хамгаалах стандартыг баталж, баталгаажуулан ажиллаж байна.

-ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТМАГНАЙ

    -Говь-Алтай аймгийн хувьд усны тооллого, судалгаа, цөлжилтийн судалгаа гээд олон тооны ажлыг хийсэн. Энэ судалгааны хүрээнд Говь-Алтай аймагт 1322 булаг, шанд тоологдсон. Мөн тооллогот орсон булаг, шанданд судалгаа хийсэн. Эхний ээлжинд хаши,ж хамгаалах шаардлагатай булгуудын судалгааг гаргасан. Ингэснээр 2004-2023 он хүртлэх хугацаанд 204 булгийн эхийг орон нутаг, улс, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, дэмжлэгээр хашиж, хамгаалсан. Дэлхийн хэмжээнд байгаль орсныг хамгаалах чиглэлээр тэмдэглэдэг олон өдөр байдаг. Харин булаг хамгаалах өдөр гэж байхгүй. Манай аймаг анх удаагаа булаг хамгаалах өдөртэй болж, тэмдэглэж байна. Энэ өдөр хашсан булаг, шандаа эргэж, засаж сэлбэх ажлыг гүйцэтгэдэг. Хамгаалсан булгийнхаа эхэнд жил бүр судалгаа хийж, энэ ажлынхаа үр дүнтэй танилцах гэх мэт ажлыг булгийн өдрөөр хийдэг. 2023 онд Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад аймгийн БОАЖГ, сумдууд, иргэд, малчид маань 17 булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг х ийж байна. Уг ажилд 200 гаруй сая төгрөгийг төсөвлөж, санхүүжилт гаргасан. Уг ажилд нутгийн иргэд, малчид маань идэвхи зүтгэлтэй оролцож байгаад талархаж байна. Цаашлаад хашиж, хамгаалсан булгийн нутагт амьдарч байгаа малчдаар нь булгийг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Малчдыг судалгаа хийлгэх ажил чадавхжуулж, булаг хамгаалах ажилд мэрэгшүүлж байна. Говь-Алтай аймаг Хүйсийн говь, Шаргын говь гээд хоёр том говьтой. Энэ хоёр говьд ямар нэгэн байдлаар урсгал гол байдаггүй. Тийм учраас гадаргын усаа нэмэгдүүлэх чиглэлээр хатаж, ширгээд, цөлжилтөд өртөөд байгаа нэн шаардлагатай булгийн эхийг хамгаалах хэрэгтэй. Хашиж, хамгаалсан булгууд маань говьд бол гол гэсэн үг. Зохих хэмжээнд хашиж, хамгаалаад ирэхээд булгууд маань 2-4 километр хүртэл урсаж байна. Булгийн эхийг хашиж, гадаргын усыг нэмснээр байгаль дээр байгаа бүхэл амьд амьтан ундаалж байгаа сайхан ажил гэж бид бүхэн үзэж байгаа. Цаашид ч олон булгийг хашиж, хамгаална гэж зорьж байна. 2023-2027 оны хугацаанд 100 булгийг хашиж, хамгаалах зорилт тавин ажиллаж байна.

            -ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БОАЖГ-ЫН УСНЫ МЭРГЭЖИЛТЭН Б.СОДМАА

-Анх улсын төсвөөр булгийн эхийг хаших ажлыг өргөстэй тор, модон шонгоор эхэлж байлаа. Заасан мөнгөнд тааруулаад булгийн эхийг хашдаг байсан бол булаг хаших ажил жилээс жилд өсөлт дэвшлээ олоод, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Говь-Алтай аймгийн тухайд булаг хамгаалах ажлыг өөрсдийн аргачлалын дагуу 19 жил тасралтгүй зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Дэлхийн байгаль хамгаалах сан бөхөн, бөхөн бус нутагт булаг хамгаалах ажлыг бидэнтэй хамтран зохион байгуулж байна. Бид хамтраад олон жил бөхөнгийн нутгийн булгийг хашиж, үр дүнгээ хараад явж байгаа. Энэ ажлыг үр дүнд хүргэхийн тулд булаг хамгаалах аргачлал, заавар, журам, стандарт, техникийн үзүүлэлтийг албан ёсоор батлуулаад, аймгийн хэмжээнд нэг стандартаараа дагаж, мөрдөж байна. Ингэхийн бол булаг хамгаалах ажил үр дүнтэй байхын байна гэж үзэж байгаа.

-ХҮЙСИЙН ГОВЬ, ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА С.ЖАРГАЛЗАЯА

-ХГЦНСГ-ын захиргаа маань Говь-Алтай аймгийн хэмжээнд усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг зураглаж, аймгийн ИТХ-аар батлуулсан. БОАЖЯ, Барилга, хот байгуулалтын яамаар дүгнэлт гаргуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан ёсоор бүртгүүлсэн. Уг хамгаалалтын бүсийг батлуулснаар аймгийн удирдлагуудад хууль зүйн зөвлөгөө өгч, дэглэмийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Үүний нэг ажил нь булаг, шандны эхийг хашиж, гадаргын усыг нэмэгдүүлж, урсацыг тогтворжуулах.

-БАЯН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ

-Манай сумын удирдлага, малчид, иргэд болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтраад сүүлийн жилүүдэд булгийн эхийг хашиж, хамгаалж байна. Энэ жил гэхэд л гурван булгийн эхийг хашсан. Тавдугаар сарын 22-нд булгийн өдрийг толхиолдуулаад Баянговь багт байрлах Сайн-Усын эхийг хашиж, хамгааллаа. Уг ажлын санхүүжилтийг Дэлхийн байгаль хамгаалах сан гаргаж, манай сумын төрийн албан хаагчид, залуучууд, малчид хамтарч бүтээлээ. Төрийн болон сумын залуучуудыг нэгтгэж, булгийн өдрөөр булгийн эхийг хашиж хамгаалсан онцлог өдөр өнгөрлөө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон булаг хашиж хамгаалсан. Хашиж, хамгаалсан нийт 12 булаг маань үр дүнтэй болсон. Мал, амьтад, хүмүүс уух устай болж байгаа нь сайхан ажил юм.

-БАЯН-УУЛ СУМЫН БАЯНГОВЬ БАГИЙН ДАРГА С.БАТЖАРГАЛ

-Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн БОАЖГ,  сумдын Засаг дарга, ЗДТГ, нутгийн иргэд, малчид хамтраад сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянговь багийн зургаан булгийн эхийг хашиж, хамгаалсан. Үүний үр дүнд малчдын ундны ус, малын амны ус нэмэгдэж байгаа. Дэлхийн хуурайшилттай холбоотой жилээс жилд цөлжилт нэмэгдэж байгаа энэ үед булгийг ширгэж, хатахаас сэргийлж, эхийг нь хашиж байна. Бидний хувьд маш үр дүнтэй сайхан ажил болж байна.

 

            -БАЯН-УУЛ СУМЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Г.ГАНБААТАР

-Би Баян-Уул сумын байгаль хамгаалагчаар 15 жил ажиллаж байна. Булгийн эхийг хашиж, хамгаалснаар зэрлэг амьтад болон иргэдийг усны нөөцөөр хангаж, үр дүнгээ өгч байна. Манай нутагт дэлхийд ховордсон Монгол бөхөн байдаг. Булгуудыг хашиж, хамгаалснаар Монгол бөхөн ундаалж, хавар, намрын цагт элбэг харагдаж байгаа. Булгийн эхийг хашиж хамгаалахд малчид анхандаа дургүйцэж байсан. “Том хэмжээгээр хашлаа. Шүү, хужрыг нь хашиж, малд өгөхгүй байна” гэдэг байлаа. Одоо бол мөн чанар, үр дүнг нь харсан учраас талархаж, дэмждэг болсон. Булгийг эхийг хашаад 2-3 жил болохоор усны нөөц нэмэгдээд, эерэгээр хүлээж авч байна.

            -БАЯН-УУЛ СУМЫН ЭКО КЛУБИЙН СУРАГЧ М.МӨНХЗУЛ

-Манай эко клуб 90 гаруй сурагчтай. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр бид санаа зорилго нэгдэж ажилладаг. Бид анх зугаалгаар явж байгаад булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг санаачилж байсан. Анх хашсан Нарангийн өвөр булаг хэмжилт хийхэд урсац нь 127 метр урттай байсан. Өнгөрсөн жил хэмжилт хийхэд 1200 метр урттай болсон байсан. Өөрөөр хэлбэл, арав дахин урт болсон гэсэн үг. Ийм үр дүнтэй ажил болж байгаад хүүхдүүд урам авч, дараагийн ажилдаа идэвхтэй оролцдог.

-ХӨХМОРЬТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.НАРАНБАДРАХ

      -Манай сумын хувьд гадаргын ус хангалттай хэмжээгээр байдаггүй. Цөлжилт, газрын  доройтол, элсний нүүдэл гээд олон асуудалтай. Манай сумын Адагийн ус нь 30 жилийн өмнө хоёр сайхан задгай нууртай, урсацтай байсан. Элсний нүүдэлтэй холбоотойгоор ширгэж, хатах аюултай нөхцөл байдал үүссэн. Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хөхморьт сумынхан хамтраад Адагийн голын эхийг хашиж, хамгаалсан. Хамгаалсны үр дүн урсац нэмэгдэж, нуураа тэжээж эхэлсэн. Хүйсийн говийн монгол бөхөн, цагаан зээр, малчид, мал амьтдыг ундаалж байна. Үр өгөөжээ өгч, мал, малчдын зоог тэнийлгэж байна.

-ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН О.МӨНХТОГТОХ

-Хөхморьт сумын Хөлийн ус булгийн эхийг 2019 онд хашиж байлаа. Хашиж, хамгаалсны үр дүнд ундарга нь сайжирч, урсац нь нэмэгдсэн. Энэ булгийн онцлог нь газрын гадаргын хувьд хэвгий газарт байрладаг. Хэвгий газар байрладаг учраас доошоогоо хоёр километр орчим урсаж байна. Тэгэхээр энэ булгийн адагт хөв байгуулаад, усыг нь хуримтлуулаад, хуримтлуулсан усыг цааш нь дуслын системээр мод, ургамал тарих төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, энэ булаг өвөл хөлдөхөөрөө маш их мөс болж хөлддөг. Хөлдсөн мөс хавар болохоор хайлж, урсаад газар руу шингэж, алга болдог. Тэгэхээр хөв байгуулна гэдэг урсаж, шингэж байгаа усыг хуримтлуулна гэсэн үг. Бидний төсөөллөөр дуслын системийн хөв байгуулаад, баянбүрд болгох юм.

            -ДАРИВ СУМЫН ЭКО КЛУБИЙН БАГШ Н.ХИШИГДАЛАЙ

-Манай эко клубийн хүүхдүүд байгаль хамгаалах ажил үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ нэгтгэж, оролцдог. Анх 2016 онд Аръяагийн усыг ширгээд дуусаж байгаа гэдэг яриаг сонссон. Тухайн үедээ нүдээрээ хараагүй учраас итгээгүй ч сэтгэл эмзэглэж байлаа. Говийн бидэнд ус ямар чухал билээ дээ. Говь ч гэлтгүй хүн төрөлхтөн, мал, амьтан, ургамал, өвс усгүй бол амьдрахгүй шүү дээ. Тэгээд 2016 онд хүүхдүүдтэйгээ хамтраад судалгаа хийсэн. Биднийг судалгаа хийхэд урсац гэж байхгүй. Зөвхөн шавартай жаахан ус л үлдсэн байсан. Тухайн үедээ Аръяагийн уснаас мал гэлтгүй зэрлэг ан амьтад ундаалдаг гэдгийг мэдсэн. Тийм учраас бид энэ усны эхийг хамгаалах ёстой гэж ойлгож холбогдох хүмүүст хандсан. Тэгээд ан амьтан хамгаалдаг, тэр дундаа монгол бөхөнгийн төлөө байгаа бүхнээ зориулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газарт итгэл тээж, хандсан. Булгийг эхийг хашиж, хамгаалах шаардлагатай байгаагаа уламжлахад саналыг минь уриалгахан хүлээж авсан. Тэгээд 2017 онд булгийн эхийг хашиж, өнөөдрийн үр дүнд хүрсэн. Одоогийн байдлаар нэг км орчим урсаж, малчид уух устай болсон. хүүхдүүдтэйгээ хамтарч байгаль эх дэлхий, ан амьтдын төлөө хийсэн ажил минь бодит үр дүнд хүрсэнд бид туйлын баяртай байдаг. Биднийг үргэлж дэмжиж ажилладаг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ынхан, Дарив сумын удирдлагууд, малчид, иргэдэд талархаж байна. Бидний ажил илүүр дүнд хүрч, хашаалсан булаг минь баянбүрд болгох болтугай. Бид үүний төлөө хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Хүүхдүүд маань үр дүн гарсан Аръяагийн усандаа ирэх их дуртай. Эндээс урам аваад, эх дэлхийгээ хайрлаж сурч байгаа. Ширгэж байсан говийн нүдэн булгийг гол болон урсаж байгааг л харах хамгийн сайхан. Энэнээс илүү үр дүн, сайхан зүйл гэж байхгүй байх.

-ШАРГА СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ ОЮУНТҮЛХҮҮР

-Манай сумын Баянгол багийн Рашаан булаг сүүлийн жилүүдэд элсэнд дарагдаж, ундарга нь муудсан. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын тоо нэмэгдэж, хүн ам, техник нэмэгдсэн. Түүнчлэн Рашаан булгийн ойролцоох малчдын малын тоо толгой нэмэгдэж, даац хэтэрсэн. Үүнээс болоод Рашаан булгийн эх элсэнд дарагдаж, ширгэх аюултай болсон. булгийн эх элсэнд дарагдаад ирэхээр нь бид аймгийн БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынханд хадсан. Бидний гаргасан саналыг дэмжиж, Рашаан булагийн маань эхийг хашиж, тохижилтын ажил хийж өгсөн. Хашиж, хамгаалаад ирэхээр ургамал ургаж, хөрс нь сэргээд сайхан байна. Рашаан булаг жаахан эхээс ундарч байгаа долоон км орчим урсдаг. Үүнээс гадна мана суманд хэд хэдэн булгийн эхийг хашиж, хамгаалж, сэргээн засварлаж байна.

 


ТОМИЛОЛТ: ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН "БҮТЭЭСЭН" ЦЭНХЭР АЛТНЫ УРСГАЛААС...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-03 15:50:28
    Говь-Алтайн уугуул Улаанбаатарын иргэн: Булаг шандны эхээ хамгаалж байгаад баяртай байна. Одоо булаг шандны эхэнд мод тавьчихвал гайхамшигтай зүйл болох байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-03 13:02:51
    Zochin: Hamgiin archaagui aimguudiin neg. Ter guulin-n jisheeg l harchih. Naadam hiij arhi uuhaas tsaashgui gazar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-03 11:04:17
    Ч. Оюунчимэг: Буянтай сайхан хийцгээжээ баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188