• Өнөөдөр 2025-07-07

НААДМААС ӨМНӨ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВУУЛАХААР ЗҮТГҮҮЛЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

2025-07-07,   240

        Наамдын өмнө намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. Засаг солигдож, төсөв хэлэлцээд тун завгүй байгаа энэ цаг үед найр, наадам давхцуулаад хуулийн төслөө машинддаг нь үе үеийн парламентын гэм биш зан. Тиймдээ ч аль хуудуутай хуулийн төслүүдээ чуулган завсарлах үеэр кнопны тоогоор батлах гэж зүтгүүлдэг. Тиймээс найр наадам дөхсөн энэ цаг үед иргэд парламентын үйл ажиллагаанд хамгийн хянамгай хандах цаг үе ирсэн гэж хэлж болно.

      Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг батлан тов тогтоосон байна. Улмаар УИХ-ын чуулганы хуралдааныг энэ мягмар, лхагва гарагт хуралдуулахаа товолсон. Нэг ёсондоо энэ намрын чуулганы хаалтын хуралдааныг хийнэ гэсэн үг. Мэдээж Засгийн газраас оруулж ирсэн хуулийн хугацаанд нь батлах хуулийн төслүүдийг хэлэлцээр товолсон. Түүн дотроо хуудуудтай төслүүдийг ч багтаасан гэдгийг УИХ-ын чуулганы танхим дотроос гишүүд мэр сэр шүүмжилж байна. Цаашлаад УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулж иржээ. Тэгвэл энэ долоо хоногт буюу наадмаас өмнө парламетны босго давуулахаар ямар хуулийн зүтгүүлж буй талаар хүргэе.

2025 ОНЫ ХЭМНЭЛТИЙН ТӨСВИЙН ТОДОТГОЛ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ

         Г.Занданшатарын Засгийн газар бүрдснээсээ хойш төсөвт тодотгол хийх, хэмнэлтийн горимд шилжүүлэхэд анхаархаа мэдэгдсэн. Улмаар УИХ-д 2025 оны төсөвт тодотгол хийхээр хэлэлцүүлж эхэлсэн. Тодруулбал,  31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Тэр тусмаа төрийн албаны данхар бүтцийг багасгаж, төрд хэмнэлт хийх байдлаар улсын төсвийг тодотгохоор хуулийн төслөө оруулж ирсэн. Харин төсөвт хэмнэлт хийхгүй байх сонирхол улстөрчдийн дунд мэр сэр бий. Тиймээс гишүүдээр төсвийн тодотголыг шүүмжлүүлэх асуудал ч өнгөрсөн долоо хоногт улс төрийн гол сэдэв байлаа. Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг дагалдан оруулж ирсэн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг шүүмжилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай барилга байгууламж шинээр барихдаа ААНОАТ-аас нэг хувийн хөнгөлөлт үзүүлэх заалтыг тусгасан. Үүнийг УИХ-ын Х.Баасанжаргал хувийн сургуулийг төр дэмжиж, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ гэж байхгүй хэмээн шүүмжлээд буй. Энэ мэтээр төсвийн тодотголыг эсэргүүцэж, шалтаг олж буй байдал ч мэр сэр ажиглагдах болсон. Нэг ёсондоо төсвийн тодотголыг парламентын босго давуулахгүй байх сонирхол өрнөж байгаагийн илэрхийлэл хэмээн шүүмжлэх нэгэн ч байгаа юм.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

      Улсын баяр наадмын өмнө амжиж батлуулахаар улайрч буй хуулийн төслийн нэг нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиййн өөрчлөлт байна. Өөрөөр хэлбэл, яаралтай горимоор хэлэлцэхээр улаан гэрлээр оруулж ирсэн энэ хуулийн өөрчлөлтөөр жолооч нарыг хиймэл оюун ухаанаар хариуцлага тооцдог болох санал оруулж ирсэн. Цашлаад  Замын хөдөлгөөний түгжрэлийн бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хоёр асуудлыг нэг хуулиар зохицуулсан нь оновчгүй бөгөөд хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл болохыг ч олон нийт шүүмжлээд буй.

         Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Жолооч нар авто тээврийн үзлэгт орохынхоо өмнө нүүрсэн янданг машиндаа 100 мянган төгрөгөөр түр суурилуулдаг. Энэ нь хууль бус бизнес болсон. Иймд би Зам тээврийн хөгжлийн сайдад албан бичиг хүргүүлсэн. Сайдаас нүүрсэн яндан бүрийг дугааржуулах буюу тухайн авто машины арлын дугаарыг шивдэг болох юм" хэмээн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртөөд буй. Ийн наадмын өмнө дахиад л иргэдийг торгуулиар тонших хуулийн төслийг улаан гэрлээр зүтгүүлж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД ХУУЛИА ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ

        УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг товолсон байна. Хэдийгээр энэ  намрын чуулганаар амжиж батлахгүй ч анхны хэлэлцүүлгээр Б.Чойжилсүрэн хуудуутай хуулийн төслөө засах уу үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хууль Эдийн засгийн байнгын хороогоор орж ирлээ. Маш хурдан оруулж ирсэн энэ хуульд эрчим хүчний холбогдолтой бүх салбарынхан саналаа өгч чадалгүй оруулж ирсэн. Хоёрдугаарт, хуулийн төсөлд Эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршил гаргаж ирсэн. Ингэхдээ нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, цогц үйлчилгээ үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар сэргээгдэх эрчим хүчний асуудлыг орхигдуулж байна. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа.  Гэтэл баяр наадмын үеэр ийм том асуудлыг олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр батлах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд ТЭЦ-3-т гарсан ослыг тендер зарлахгүй яаралтай шийдэх ёстой гэж хэлэх байх. УИХ-ын тогтоолоор ТЭЦ-3-ын асуудлыг дангаар нь оруулаад ирж болно. УИХ-ын гишүүд энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай хараарай. Бид нэг асуудлыг шийдэх гэж бусад хууль тогтоомжоо уландаа гишгэж болохгүй.

       Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Нэг ёсондоо Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар гадуур шинээр эрчим хүчний төслийг тухайлчилж авч үзэж байна. Гэтэл энэ хуулийн үндсэн агуулга зөрчигдөх эрсдэлтэй болж байгаа юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр олгогдож байгаа тусгай зөвшөөрлийг яам өөр дээрээ татаж авдаг болно. Таван хүний бүрдэлдэхүүнтэй салбарын сайд ахалсан ажлын хэсэг байгуулахаар тусгасан байна. Эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал гацдаг нь үнэн. Энэ асуудлыг би чуулган дээр тавьж байхад “Манай салбарт тусгай зөвшөөрлийг гацаасан асуудал байхгүй гэж хэлээд удалгүй сарын дараа ийм хууль өргөн барилаа. Чуулганы танхим дотроос сайд худлаа яриад суудаг байж болохгүй. Энэ бол хуулийн хулгай” хэмээн мэдэгдсэн.

    Ийн УИХ-ын намрын ээлжит чуулган хуулийн хугацаанд хуралдаж, хаалтаа хийх гэж байна. Хэлэлцэж батлахаар товлосон хуудуутай хуулийн төслийг парламентын босго давуулах эсэх нь 126 гишүүний эрх мэдэл бий гэдгийг дахин сануулъя.

 


НААДМААС ӨМНӨ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВУУЛАХААР ЗҮТГҮҮЛЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-07 09:55:02
    Зочин: Орилж чарласан мотоциклийг даруй хориглох!!! Замаар бэлчсэн дугуй, хаа сайгуй хаясан темруудийг яаралтай цэгцлэх хэрэгтэй бна. Иргэдийн амь нас, эруул мэндээс илуу юм байх уу?!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188