• Өнөөдөр 2025-07-09

П.БАЯРМАГНАЙ: МОСКВАД БОЛСОН ОЛОН УЛСЫН ДУУРИЙН ДУУЛААЧДЫН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, УЛААН ТАЛБАЙД АЛХАХ МӨЧ ҮГЭЭР ХЭЛЭМГҮЙ БАЙСАН

2025-07-09,   355

     Монголын дуурийн дуулаачид сүүлийн жилүүдэд олон улсын уралдаанд оролцож, олон сайхан амжилтыг гаргаж буй. Түүний нэг нь ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит уралдаан. Энэ жил XV удаагаа зохион байгуулсан энэхүү тэмцээнд дуучин П.Баярмагнай тэргүүн байр эзэлсэн билээ. Тэрбээр есөн орны 300 гаруй уран бүтээлчидтэй өрсөлдсөн байдаг.

      П.Баярмагнай нь 2008 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд “Монгол туургатан” театр, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театр, Үндэсний урлагийн их театр зэрэг олон байгууллагад ажилласан мэргэжлийн дуурийн дуучин юм. Үзэгчид түүнийг  “Universe Best Songs”, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь андахгүй бөгөөд "Хүний заяа", "Намрын шөнө" зэрэг бүтээлийг өөрийн өнгө аясаар дуулсан байдаг.

Тэгвэл бид өчигдөр “Дээлтэй Монгол” наадмын үеэр түүнтэй уулзаж, баяр наадмын дурсамж болон уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүлсэн юм.

Монгол хүн гэдэг нэрэндээ омогшиж, дээл хувцсаараа бахархах шиг сайхан зүйл үгүй

     Тэрбээр “Дээлтэй Монгол” наадамд хоёр дахь жилдээ Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил дүүргийнхээ тугийг барьж оролцсон бол энэ жил баяр наадмын пайзаа барин алхсан тухайгаа ярьж байлаа. Мөн “Монгол хүн үндэсний уламжлалт дээл, хувцсаа өмсөж, өв соёлоороо бахархах шиг сайхан зүйл үгүй” гэдгийг тодотгон хэлээд, түмэн олондоо өглөөний наран адил үнэнчээр манддаг дулаахан зөөлөн хүмүүстэй уулзан учирч, өглөө болгон инээмсэглэн сэрэх ерөөл дэвшүүлсэн юм.

Үргэжлүүлэн бид түүнээс сэтгэлд нь  мартагддаггүй баяр наадмын дурсамжаас нь асуухад “Багадаа аав, ээжтэйгээ хамт наадамд очиж, баярлаж байсан үе хамгийн тод үлдсэн. Аав мотоцикл унана. Ээж бид хоёрыг сундлаад, би гартаа Монгол улсынхаа жижиг тугийг барьчихсан явж байсан маань өнөө хэр сэтгэлд тодхон байдаг. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлч хүнийхээ хувьд баяр наадмын үеэр тоглолт, арга хэмжээнд оролцон, дуу хуураараа ард түмнээ баясгаж байна” гэсэн юм.

      Мөн цаашлаад энэ жил тэргүүн байр эзэлсэн Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдаанынхаа тухай ”Дуурийн олон сайхан уран бүтээлчид энэ наадамд оролцож, байр эзэлдэг. Энэ жил миний хувьд онцгой, омог бардам үе тохиож, энэ сайхан уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Мэдээж тэр үеийн мэдрэмж одоо ч сэтгэлд тодхон байна. Монгол үндэснийхээ дээл хувцастай улаан талбайд алхах мөч үнэхээр үгээр хэлэмгүй бахархалтай байсан. Тухайн үед Казак, Буриад, Халимаг гээд олон үндэстэн, ястан хүмүүс надтай таарч, “Манайхаар заавал зочлоорой. Монгол хүнтэй таарах ямар гоё юм бэ” гэж инээмсэглэн угтсан нь сайхан санагдсан. Тэгэхэд л “Монгол хүн байна гэдэг хэчнээн сайхныг, монгол үндэсний дээл хувцасныхаа гайхамшигтайг илүүтэй мэдэрч, ер бусын омогшил төрж байсан” гэж тэр үедээ дахин очсон мэт баяртайгаар ярьж байлаа.

     Тэрбээр “Учиртай гурван толгой” дуурийн Балган, Шекспирын зохиол “Зөрүүд эхнэрийг номхтгосон нь” хэмээх хошин эмгэнэлт жүжгийн мюзиклд Лучинцо,  “Оройн дээд” хэмээх Монголын үндэсний анхны түүхэн дуурийн Богд хаан, “Мартагдашгүй намар-2” киноны Жижгээ, “Эр нахиалсан сарнай” олон ангит киноны зүрх, судасны их эмч тэргүүтэй дэлгэцийн болон Монголын сонгодог дуурийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн байдаг. Мөн тэрбээр “Тайз бол би өөрөө юм. Тайз нурах юм бол би өөрөө нурна. Тайз муухай харагдаж байгаа бол би л муухай харагдуулж байна гэсэн үг. Хүн дуртай зүйлтэйгээ хамт дуусна гэдэг хамгийн гоё. Тиймээс хэрвээ санаагаар болдог бол алтан тайзан дээрээ дуулж дуусахад хүмүүс алаг ташиж, би ихэмсэг бардам ёслоод хийх зүйлээ дуусган тайзныхаа ард даруухнаар “мөнхөрчээ” гэж хэлүүлэх бол миний хувьд амьдралын утга учир, гайхамшигтай төгсгөл” хэмээн тайзны үнэ цэнийг тодорхойлж байсан юм.

Түүний хувьд дуу хуур бол дуун дотроо амьдарч, шингэж дуулахыг хэлдэг байна. Учир нь дуун дотор нь ахиж хэзээ ч ирэхгүй аав, ээж минь амьд байдаг гэсэн. Үнэхээр ч дуу хуурдаа үнэнч, чадварлаг байгааг бид олон сайхан уран бүтээлээс нь хардаг билээ.


П.БАЯРМАГНАЙ: МОСКВАД БОЛСОН ОЛОН УЛСЫН ДУУРИЙН ДУУЛААЧДЫН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, УЛААН ТАЛБАЙД АЛХАХ МӨЧ ҮГЭЭР ХЭЛЭМГҮЙ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-07-09 10:41:47
    ЗОЧИН: ЗАЙЛУУЛ ЮМ ҮЗЭЭГҮЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-07-09 10:20:42
    зочин: Балиар сахалаа аваач бүдүүлэг юм.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188