• Өнөөдөр 2025-07-09

Ц.БАТБААТАР: ГЭРЭЛ ЗУРАГЧНЫ ИРЭЭДҮЙ НЬ ТЭР ЗУРАГЧИН ЯЛГАРЧ ЧАДАЖ БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭС ХАМААРНА

2025-07-09,   164

Үндэсний их баяр наадмын “Мөнхөд гэрэлтэх монгол” их баяр, цэнгүүний хөтөлбөр дэх гэрэл зургийн үзэсгэлэн “Монгол бахархал”, “Япон-Монголын найрамдалт харилцаа”-ны сэдэвт гэрэл зургуудаар Монголын уран зургийн галерейд нээгдлээ. Тус үзэсгэлэн 8-20-ны өдрүүдэд тавигдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатартай ярилцлаа. 

 

-Өнөөдөр нээлтээ хийж буй үзэсгэлэнгийн тухай та мэдээлэл өгөөч, хэзээнээс эхэлж Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтаж эхэлсэн бэ?

-Үзэсгэлэнгийн хувьд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монгол бахархал” гэх нэрээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр сүүлийн зургаан жил тасралтгүй тавигдаж байгаа. Жил бүр монголчуудын бахархал болсон үнэт зүйлсээр сэдэвчилж үзэсгэлэнгээ гаргадаг. Энэ жил төрийн тахилгат 13 хайрхан уулыг гол болгож хийлээ. Мөн баяр наадмыг тохиолдуулсан учир эрийн гурван наадмын тэр тундаа Монгол морины өдөртэй болж байгаа учраас хурдан морьдоо онцолсон гурван том бүтээлийг дэлгэсэн байгаа. Үзэсгэлэнгийн дараагийн нэг том хэсэгт яг энэ цаг үед Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито айлчилж байгаад хүндэтгэл үзүүлэн Япон Монголын дипломат харилцаа тогтоож буй үйл явдлыг харуулсан 1970-аад оноос хойших 20 орчим зураг мөн өлгөгдсөн байна. Үзэсгэлэнгийн сүүлийн хэсэгт өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулагдсан “Токиогийн гэрэл зургийн сар” үйл ажиллагаанд оролцсон монголын байгалийн гэрэл зурагчдын 20-оод зураг тавигдлаа. 

 

-Энэ жил тавигдаж байгаа үзэсгэлэнгийн онцлог нь юу  байна вэ?

-Өмнөх жилүүдэд зөвхөн нэг сэдэв агуулгат үзэсгэлэнг гаргалдаг байсан бол энэ жилийн хувьд  Японы айлчлалтай холбоотойгоор хэд хэдэн сэдэвт хэсэг нэмэгдсэн багахан бүтцийн өөрчлөлтөөрөө онцлог болж байна. 

 

-Уг үзэсгэлэнд оролцож байгаа гэрэл зурагчдаас онцлох уран бүтээлч байгаа юу?

-Байгалийн гэрэл зурагчид голлож оролцож байгаагаас Монголын гэрэл зургийн нийгэмлэгийн  зөвхөн байгалийн гэрэл зургаар дагнасан Соёлын гавьяат зүтгэлтэн Дашийн Октъябр гэх эрхмийн уран бүтээлүүд нэлээд тавигдлаа. Мөн мастер гэрэл зурагчин Н.Сүхбатын ахын маань бүтээл хамгийн хүндэтгэлтэйгээр нэг метрийн өндөр, хоёр метрийн урттайгаар өлгөгдсөн байгаа. 

 

-Монголын гэрэл зурагчдын  нэгдсэн холбооны тухай, анх хэзээ үүсэж, өдийг хүртэл юуг хийж бүтээж байгаа тухай ярьж өгөөч?

-Анх 2005 онд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо гэх нэр дор төрийн бус байгууллагын шинжтэй байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Гэрэл зураг дардаг, сонирхдог, дэмждэг хэн бүхэн манай холбоонд харьяалагдах бөгөөд яг гишүүнчлэлээр бүртгэлтэй 300 гаруй гэрэл зурагчид бий.  Гэрэл зураг дотроо салбарлаж хөгжиж байна. Үүнд байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нэлээн томорсон байна. Эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүйн мэлмий” гээд клуб бие даасан үйл ажиллагаа явуулж байна. Шувууны гэрэл зураг бол хамгийн их хөгжсөн салбар нь болоод байгаа. Холбоо маань нээлттэй гишүүнчлэлтэй учираас гэрэл зурагт дуртай хэн бүхнийг дэмжих хүсэлтэй байдаг. 

 

-Монголын гэрэл зурагчдын гаргасан томоохон амжилтуудаас та дурдаач?

-Монгол улсад гэрэл зургийн алба үүсээд 90 жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх 1935 оны аравдугаар сарын 11-нд сайд нарын зөвлөлийн тогтоолоор кино гэрэл зургийн алба байгуулагдсан түүхтэй. Энэ хугацаанд гэрэл зургаар дэлхийд гарсан тоотой хэдэн гэрэл зурагчид бий. Спортын гэрэл зурагчин Ч.Ганбат гэж залуу байна. Ирвэсийн зураг авдаг Ч.Батзаяа гэх залуугийн дарсан зургууд европ тэр дундаа Англи Улсад их өндрөөр үнэлэгддэг. Япон улсын гэрэл зургийн фестивальд манай өсвөрийн гэрэл зурагчид таван жил дарааллан оролцож Гран-При шагналын эзэн болж байлаа. Энэ жил зургаадах жилдээ оролцож байна. 

 

-Та Монголын гэрэл зургийн  ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Ирээдүй, хөгжлийн тухайд технологийн хөгжил бол хол тасраад удаж байна. Хэрэглээний гэрэл зураг замбараагүй их өсөж байна. Тэндээс мэргэжлийн гэрэл зурагчид хэрхэн яаж ялгарч байна вэ гэдэг нь хамгийн сонин. Хүмүүс гэрэл зургийг дарахаас гадна AI гэдэг зүйл гарч ирчихээд олныг шууруулаад байгаа. Жинхэнэ гэрэл зураг болон өгөгдлөөр бүтсэн зураг хоёрын ялгааг харж, үнэлдэг болох үе ирнэ гэдэгт найдаж байна. Тухайн гэрэл зурагчны ирээдүй мөн хөгжил нь тэр хүн ялгарч чадаж байна уу үгүй юу гэдгээр л шийдэгдэнэ дээ. 

 

-Мэргэжлийн гэрэл зурагчин болоход анх  хэн гэдэг эрхэм танд зааж зөвлөж, дэмжиж байсан бэ?

-Монголын анхны мастер гэрэл зурагчдын нэг Соёлын гавьяат зүтгэлтэн  Магсарын Цэрэнжамц гуай анх намайг гэрэл зураг руу чиглүүлж өгсөн. Түүнээс хойш хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байх хугацаанд буюу 2000 оноос хойш гэрэл зургийн Мастер Вандандоржийн Баттулга ахтайгаа ах дүүгийн барилдлагаас багш шавийн барилдлагатай болж тэр хүний гарын шавь гэх эрхэм нэрийн дор явсан. В.Баттулга агсны шавь нар олон бий. Гэрэл зурагчин болоход анхнаасаа сайн багштай таарвал тэр хүний амжилт их ойрхон байдаг. Цаг хугацаа алдахгүй. 

 

-Гэрэл зураг сонирхогч залуу үедээ хандаж хэлэхийг хүсдэг зүйл бий байх?

-Зургийг хүн болгон л аваад байж чадна. Харин сайн гэрэл зургийг бодож авч байж гаргана. Энэ зураг юуг өгүүлэх вэ гэдгийг зургийн аппаратаа шагайж байх хоорондоо бодож амждаг байх хэрэгтэй. Дарсан олон мянган зурагаас уран бүтээл гарах нь тун цөөхөн ч уйгагүй давтаж, өнгөлж байсан цагт сайн зураг, чадварлаг зурагчин төрж л таараа. 

 

-Ярилцсан танд баярлалаа. 

-Баярлалаа. 

 

Ц.БАТБААТАР: ГЭРЭЛ ЗУРАГЧНЫ ИРЭЭДҮЙ НЬ ТЭР ЗУРАГЧИН ЯЛГАРЧ ЧАДАЖ БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭС ХАМААРНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188