“Үг” сонины сэтгүүлч нэгэн эмэгтэйг ДОХ-той хэмээн худал мэдээлэл нийтэлснээс болж, 23-хан настай, бага насны хоёр хүүхэдтэй бүсгүй нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байсныг уншигчид мартаагүй биз ээ. Тэгвэл уг хэргийн хохирогч бүсгүйг өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш өмгөөлж байсан юм. Мөн дээрх хэргийн дуулиан намжаагүй шахам байхад улс дамнасан хүний наймааны золиос болсон өсвөр насны хоёр охины хэрэг нийгмийг цочирдуулж байлаа. Охидыг эх орондоо эсэн мэнд ирэхэд хууль, эрх зүйн талаас нь шаардлагатай бүхнийг өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш хийж, тусласан төдийгүй Эрүүгийн хуульд Хүн худалдах, худалдаалах гэмт хэрэгт ногдуулах хариуцлага, ял, шийтгэлийн талаарх тодорхой зүйл ангийг боловсруулан оруулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан өмгөөлөгч юм. Түүнтэй уулзаж, тухайн үед өрнөж байсан үйл явдлууд болоод дээрх хэргүүдийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2000 оны эхэн үед 23 настай эмэгтэйг ДОХ-ын халдвартай гэх худал мэдээлэл цацагдсанаас болж, бүсгүй удалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Талийгаачийг та өмгөөлж байсан шүү дээ. Тухайн үед юу болсон талаар та мэдээлэл өгч болох уу?
-Их харамсмаар зүйл болсон. “Үг” сонинд “Монголд ДОХ-ын халдвар тээгч олон болсон. Бүр санаатайгаар тарааж байгаа” гэх утга бүхий мэдээлэл нийтлэгдсэн юм билээ. Тэр нийтлэлд талийгаач бүсгүйн нэр алдар, хийж байгаа ажил мэргэжлийг нь хүртэл дэлгэрэнгүй бичсэн байсан. Уг мэдээллийг уншсан иргэд ихэд айж, цочирдож, нийгэм даяар дуулиан шуугиан болсон л доо. Яг тэр үеэр хуульч Э.Занаа над руу залгаад “Нэг хүн явуулчихлаа шүү. Уулзаад туслаад өгөөрэй” гэсэн. Би ч тухайн үедээ хулгайн хэрэг төвөгт орооцолдсон хүн ирж уулзах гэж байгаа юм байх гэж бодоод “За” гэсэн. Удалгүй 20 гаруйхан настай залуу хос ороод ирлээ. Эрэгтэй нь уур бачимдлаа барьж ядсан байдалтай байсан бол бүсгүй нь нүдээ хавдтал уйлсан байсан. Ингээд ямар асуудлаар явж байгааг нь асуулаа. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ДОХ-той гэж бичигдсэн эмэгтэй тэр бүсгүй болохыг мэдсэн. Хөөрхий, амьдрал үзээгүй залуухан бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орсон байсан. Тэр надтай уулзаж, учир явдлаа ярихдаа “Эгч ээ, надад Дархан, Сэлэнгэд нуугдчих оготны нүх ч олдохгүй байна” гээд асгартал уйлж билээ. Түүний сэтгэл зүй ямар хүнд байсан гэж санана. Ингээд өмгөөллийн ажлаа тэр эмэгтэйг ДОХ-ын халдвар тээгч биш гэдгийг батлахаас эхлүүлсэн. ХӨСҮТ-д шинжилгээ өглөө. Ямар нэгэн халдварт өвчин тусаж байгаагүй, тусаагүй гэдэг хариу гарлаа. Дахиад хоёр ч нарийн шинжилгээ өгүүллээ. Эрүүл саруул болохоор шинжилгээний хариу сөрөг гарах нь ойлгомжтой шүү дээ. Бүсгүйн халдварт өвчингүй гэсэн бичгийг бариад, худал мэдээлэл гаргасан “Үг” сонины редакц дээр очлоо. Тус сонины Ерөнхий эрхлэгчээр Б.Ханддолгор гэх эмэгтэй ажиллаж байсан. Түүнтэй уулзаж, бусдын нэр хүндэд халдсан худал мэдээлэл нийтэлсэн байна. Үүнээс болж нэгэн гэр бүлийн амьдрал сүйрч байгааг баримт, нотолгоотой нь хэлж, шинжилгээний бичгүүдээ ч харууллаа. Гэтэл сэтгүүлч Б.Ханддолгор гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа ч сониндоо залруулга гаргах боломжгүй гэж бидэнд шууд хэлсэн. Уг нь миний үйлчлүүлэгч шүүх, цагдаа гэж явахгүйгээр худал мэдээлэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, сонинд залруулга гаргуулахыг хүсэж байсан. Гэвч асуудал өөрөөр эргэсэн.
-Таниас хоёр асуулт асуумаар байна. Эхний асуулт нь “Үг” сонины сэтгүүлч ямар мэдээлэлд үндэслэн “Дархан-Уул аймагт амьдарч байгаа Б гэх эмэгтэй ДОХ-ын халдвартай” гэсэн мэдээлэл гаргасан байдаг юм бол. Сэтгүүлчид ямар нэгэн баримт байсан уу, та түүнийг нь үзэхийг шаардсан уу?
-Ямар ч баримт байгаагүй. Үнэндээ ажилдаа хайнга хандаж, редакцад ирсэн худал мэдээллийн үнэн зөвийг ололгүйгээр, эх сурвалжуудаас асууж, тодруулалгүй шууд нийтэлсэн байсан. Ийм хариуцлагагүй үйлдлээс нь болж хайран сайхан эмэгтэй амиа алдсан даа. Тэр Дарханы цэргийн ангид ажилладаг царайлаг, миссийн тэмцээн, уралдаанд оролцож явсан гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Бодит байдал дээрээ цэргийн ангийн дарга нь түүнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхийг удаа дараа оролдож, эрхшээлдээ оруулахыг санаархахад нь талийгаач зөвшөөрөөгүй юм билээ. Хайртай нөхөртэй, хоёр нялх хүүхэдтэй, ёс журамтай эмэгтэй юү гэж тийм зүй бус саналыг хүлээж авах юм бэ. Үүнээс болж ер нь бүх хэрэг мандсан байдаг. Санасандаа хүрч чадаагүй дарга нь өс санаж бүсгүйг хорлохыг олон удаа оролдож байсан юм билээ. Түүний нэг нь талийгаач эмэгтэйг “ДОХ-той, эрчүүдийг цагаан бээлий шигээ сольж, өвчнөө бусдад тараадаг” гэх мэт худал захидал бичээд “Үг” сонины редакц руу явуулсан явдал. Гол нь “Үг” сонины эрхлэгч Б.Ханддолгор захидлын үнэн эсэхийг магадлахгүйгээр 2002 оны гуравдугаар сарын 5-ны дугаартаа “ДОХ”-той монгол дахин хоёроор нэмэгдлээ” гарчигтайгаар захидлыг тэр чигт нь шахуу нийтэлсэн байдаг. “Баримтаа нягтлахгүй яасан юм бэ, хэний захидал учраас ийн шууд нийтэлсэн хэрэг вэ” гэхэд сэтгүүлч Б.Ханддолгор “Эх сурвалжаа хамгаална” гээд захидлын эзний нэрийг бидэнд хэлээгүй ч захидлаас нь тэр эрэгтэй бичсэн нь тодорхой харагддаг.
-Хоёрдугаарт, “Үг” сониныхон худал мэдээлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, залруулга гаргаж өгсөн үү. Мөн сэтгүүлчид гомдол гаргаж болоогүй юм уу?
-Бид хойноос нь хөөцөлдсөөр байгаад хэд хоногийн дараа “Үг” сонины арын нүүрэнд маш жижигхэн залруулга хийлгэж байсан ч тэр нь талийгаачийн нэр, төрийг цагаатгаж, иргэдийн сэтгэл зүйг өөрчилж чадаагүй. Үзэгний үзүүрээр хүнийг алж ч болдог, амьдруулж ч болдог гэдгийн нэг жишээ тэр болсон. Сэтгүүлч Б.Ханддолгорт ч маш бага ял өгсөн.
-Сэтгүүлчийн хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж, хохирогч Б нөхөртөө зодуулж амиа алдсан байдаг. Тэр эрэгтэй эхнэрээ ДОХ-гүй гэдгийг нь мэдсэн мөртлөө яагаад хөнөөсөн юм бол?
-Эхнэрээ ДОХ-той гэж гүтгүүлсэн нөхрийн сэтгэл санаа яаж сайхан байх вэ. Шинжилгээний хариунд итгэсэн ч тэдэнд тайван амьдрах боломж үнэндээ байгаагүй. Тэр үед зарим хүн ДОХ-ыг амьсгалын замаар бусдад халддаг, ханиад шиг өвчин гэж ойлгодог байсан. Хохирогч эмэгтэй Дарханаас надтай хамт байцаалт өгөхөөр ирсэн юм. Биднээс мэдүүлэх авах ёстой байсан мөрдөн байцаагч товлосон цагтаа хүлээж байсан биднийг “Жолооны шалгалт авч байна” гээд хүлээлгэж байснаа “Ажлын цаг дуусчихлаа. Та хоёр маргааш хүрээд ир” гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд үйлчлүүлэгч минь Улаанбаатарт хонох болсон. Талийгаач маргааш нь мэдүүлгээ өгчихөөд Дархан руу яаран сандран явсан. Түүнийг очтол нөхөр нь “Чи хаагуур, хэнтэй хоноод, ямар өвчин тусаад ирэв” гэх мэтээр хардаж зодохдоо дэлүүг нь хага өшиглөөд, хөнөөсөн байдаг. 23-хан настайдаа хоёр хүүхдээ орхиод хорвоогоос буцсан. Хэрэв “Тэр мөрдөн байцаагч дуудсан цагтаа мэдүүлэг авчихсан бол бүсгүй амиа алдахгүй байсан даа” гэж харамсдаг юм. Хэдхэн хоногийн дотор л өс авах гэсэн хүн чанаргүй эрэгтэй, мэдээллээ нягталж мэргэжлийн ёс зүйгээ баримтлаагүй сэтгүүлчээс болж нэгэн үзэсгэлэнт эмэгтэй нийгэмд ад үзэгдэж, нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай зүйл болсон.
-Нөхөрт нь хэдэн жилийн ял оноосон бэ?
-Хүүхдүүдийг нь өрөвдөөд олон жилийн ял өгүүлэхийг хүсээгүй. Тэр залуу ч гэсэн хохирогч болсон. Сэтгүүлчийн ёс зүйгүй үйлдлээс болж нэгэн айлын амьдрал сүйрч, хоёр нялх үр нь өнчирсөн дөө.
-Тэр нийтлэлийг Б.Ханддолгор гэх сэтгүүлч бичээгүй ч сэтгүүлчийнхээ гаргасан алдааг өмнөөс нь үүрсэн гэх юм билээ?
-Тэр худал нийтлэлийн дор Б.Ханддолгор гэсэн автор байдаг. Тэр нийтлэлийг унших юм бол үнэхээр гомдмоор. Сэтгүүлч Б.Ханддолгорыг хуульч С.Нарангэрэл багш өмгөөлсөн. Бүх баримт худлаа гэдэг нь тогтоогдсон учир тэд надад ялагдсан. Гэтэл С.Нарангэрэл багш “Багшийнхаа эсрэг ажилладаг шавь байдгийг мэдэхгүй юм байна” гээд надад уурлаж байсан. Би “Таныг ялж байгаа шавь бэлдсэндээ та өөрөөрөө бахархах хэрэгтэй” гэж хэлж байлаа. Хэрэв миний шавь шүүх хурал дээр намайг ялах юм бол би түүнийг хайрлана, хүндэлнэ бас өөрөөрөө бахархана. Гоо үзэсгэлэнтэй, хөөрхөн төрсөн, бас ёс журамтай байсныхаа төлөө ДОХ-той хэмээн гүтгэгдэж, уг гүтгэлгийг худал гэдгийг баталчихаад байхдаа харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн хэрэг ингэж төгссөн. Хүүхдүүдийг нь хэрхэн амьдардаг бол гэж хааяа боддог л юм.
-Та энэ хэргийн дуулиан намдаж амжаагүй шахам үе буюу 2002 онд Югославт зарагдсан хоёр охиныг өмгөөлсөн байдаг. Тэднийг хүний наймааны золиос болсныг анх яаж мэдсэн бэ?
-Мөн л Э.Занаа өмгөөлөгч над руу холбогдож “Гадаад явдлын яамнаас гадаад руу гарсан хоёр охины тухай яриад байна. Чи ар гэрийнхэнтэй нь уулзаад өгөөч” гэсэн юм. Тэдний нэг нь бүтэн өнчин, нөгөөх нь хагас өнчин охин байсан. Тэд “Югославт өндөр цалинтай бүжигчин авна” гэх зарын дагуу орос эрийг дагаж яваад хүний наймаачдын гарт орсон байсан. Югославт тэднийг сар орчим биеийг нь хүчээр үнэлүүлж, мөнгийг нь өөрсдөө авч байгаад, Румын Улсын хүний наймаачдад зарахаар төлөвлөж, цааш нь дамжуулахаар тус тусад нь цоожилсон байдаг. Азаар хагас өнчин охины өрөөнд гар утас байж таарснаар тэр эмээ рүүгээ залгаж, өөрсдийгөө Румын руу зарагдахаар явж байгаагаа хэлж амжаад, хөлийн чимээ гарахаар нь утсаа тасласан байдаг. Эмээ нь дээрх аймшигтай мэдээг таньж, мэдэх хүмүүстээ дуулгаж, Гадаад явдлын яамныханд мэдэгдсэн юм билээ. Яамныхан шуурхай ажиллагаа зохион байгуулж, Югославт байрлах Түр хамаарагч байгууллага руу мэдэгдсэнээр Югославын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлж, хоёр охиныг аварч байсан. Тухайн үед Югославт Элчин сайдын яам байхгүй, Түр хамаарагч гэх байгууллага байсан. Охид тийзний мөнгө олдтол тэндээ хэд хоног хүлээсэн. Тухайн үед тэднийг буруутгах арга байгаагүй. Сайхан амьдрахыг мөрөөдөж байгаа өсвөр насны охид уруулаа будсан эмэгтэйг хараад адилхан гоё, хөөрхөн харагдахыг хүснэ шүү дээ. Охидын ийм гэнэн байдал, амар хялбараар их мөнгөтэй болох хүслийг нь гэмт этгээд овжин ашиглаж, хүний наймааны золиос болгосон байсан.
-Тэднийг хуурч авч явсан орос эрд хуулийн хариуцлага ногдуулсан уу?
-Тэднийг хамгаалалтад авснаас хойш виз хүлээж, Бээжинд 5-6 сар болсон байдаг. Тэр үед манай улс Интерполд нэгдээгүй, юм юм хэцүү байлаа шүү дээ. Бас манай улсад хүний наймааны хэргээр шийтгэдэг хуулийн зүйл, заалт байгаагүй. “Хүний биеийг үнэлүүлэхээр гадагш нь гаргасан бол” гэдэг зүйл ангиар хоёр охиныг зарахыг завдсан орос эрд хоёр, гуравхан жилийн ял өгсөн. Тэр хэргийн дараа би прокурор, шүүхийн байгууллагынхантай уулзаж, Хүн худалдах, худалдаалах гэмт хэргийн талаарх зүйл ангийг боловсруулж, Эрүүгийн хуулинд оруулах нь зүйтэй гэдгийг хэлж, хуульд оруулж байсан. Мөн хүний наймааны анхны судалгаануудыг хийж байлаа. Харамсалтай нь, ном, судалгааны ажлуудаа “Хүний эрхийн хөгжил төв”-ийн нэрээр, заримыг нь төвийнхөө даргын дүүгийн нэрээр гаргаж байсан. Уг нь, овоо хэдэн ном бичсэн.
-Нэгэн жишээ нь, Югославаас Румын руу худалдагдах гэж байсан хоёр охин болохоос тэдэнтэй адилхан хүний наймааны золиос болсон хүн олон байдаг байх. Та ийм төрлийн өөр хэрэг дээр ажиллаж байв уу?
-Ийм хэрэг олон гарч байсан. Ихэнх нь Хятад руу гарсан байдаг. Тэднийг 2-3 сар биеийг нь үнэлүүлж, өөрсдийнхөө сүлжээнд нэгдүүлчихээд, “Шинэ охин олж ир” гээд буцаагаад явуулдаг. Охидын зарим нь тэгж ирсэн үедээ хүний эрх, эмэгтэйчүүдийн байгууллагад хандаж, учир явдлаа хэлдэг байлаа. Харамсалтай нь, хөдөө, орон нутгаас харж хандах хүнгүй, амар хялбар аргаар мөнгө олохыг хүсдэг охидыг олж, уруу татан биеийг нь үнэлүүлдэг, заримыг нь Эрээн рүү гаргаж, зардаг асуудал одоо ч бий.
-Та эд эрхтний наймаа, хар тамхитай холбоотой хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан уу. Анхны өмгөөлөл үзүүлсэн хүн нь ямар хэрэгт холбогдсон байсан бэ?
-Хар тамхи, эд эрхтний наймааны хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй. Харин “Хоёр бөөрөө зарчихаад мөнгийг нь хүүхдүүддээ үлдээгээд хорвоогоос буцаж болох уу” гэж нэг хүн асууж ирсэн. Түүнд би сонголт хийх олон боломж байгааг хэлээд явуулсан.
Хамгийн анх хулгайн хэрэгт холбогдсон хүн өмгөөлж байсан. Санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан, хөнөөсөн хүмүүсийг өмгөөлдөггүй. Санамсаргүй үйлдсэн, танхайрсан, авто осолд орсон, хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмгөөлдөг. Зовж, ядарсан, сэтгэл санаагаар унасан, тарчилж байгаа хүнээс өмгөөллийн мөнгө нэхэж чаддаггүй. Өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр 40 жил ажиллахдаа нэг ч үйлчлүүлэгч надад гомдол гаргаж байгаагүйгээс гадна сахилгын шийтгэл авч байсангүй. Би үйлчлүүлэгчээ аль болох ялгүй үлдээхийг эсвэл авах ёстой ялын дээд хэмжээнээс бага ял авахуулахыг зорьдог. Насанд хүрээгүй хүүхдэд ял өгүүлж үзээгүй.
-Таны тооцоолж байснаас өндөр ял авсан үйлчлүүлэгч байдаг уу?
-Нэг үйлчлүүлэгч бий. Архи уудаг, өмнө нь хоёр, гурван удаагийн ял авч байсан нөхөр. Согтуу явж байхад нь түүнд өмнө нь зодуулж, дээрэлхүүлж байсан залуус таарч, зодохыг завдан төмөр турбогаар толгой руу нь цохих гэтэл өнөөх нөхөр бултаад, түрийндээ байсан хутгаар нэгнийх нь хонго руу дүрчихсэн юм билээ. Тэгэхдээ сүүжнийх нь нүхийг онож, нэвт сүлбээд гэдсийг нь цоолсон байсан. Гэтэл эмч нар гэмтлийг нь бүрэн тогтоохгүй, яарч оёдол тавиад, нөгөө залуу дотуур цус алдсаар нас барсан. Угтаа бол эмч нарын буруугаас болж тэр амиа алдсан. Тэр хэргээр шүүхдээд, хоёр жил болж байтал манай үйлчлүүлэгч шүүх, цагдаагаар удаан явахаас залхаад, эмч нарын бурууг өөр дээрээ хүлээж, олон жилийн ял авсанд нь харамсдаг. Би үйлчлүүлэгчдээсээ “Чи хэргийнхээ хойноос над шиг тэмцэж чадах уу. Чадна гэвэл надаар өмгөөлүүл” гэдэг. Үйлчлүүлэгч минь өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй олон жилийн ял авах харамсалтай байдаг. Бас нэг үйлчлүүлэгч нөгөө талаас мөнгө аваад, надаас урвасан. Тэгэхэд нь би их уйлж билээ.
-Та хэзээнээс өмгөөлөгчөөр ажилласан юм бэ. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Би 1981 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөж, Хан-Уул дүүргийн Прокурорын газар прокуророор томилогдон очоод, 1993 онд ажлаа хүлээлгэн өгсөн. 1991 онд нөхөр минь бурхан болоод гурван өнчин хүүхэдтэй үлдсэн. Тэр үед прокурорын цалин 6000 төгрөг байлаа. Хүүхдүүдээ өсгөхөд тэр цалин хаанаа ч хүрдэггүй байсан. Цалин өндөртэй ажил хайж байгаад Бөөний нэгдлийн хуулийн зөвлөхөөр ажилд орж, 1200 төгрөгийн цалин авдаг болсон. Тэр байгууллагын өндөр цалинтай, нэмэлт урамшуулал олгодог нь сайхан ч ажил нь үнэндээ чамлагддаг байлаа. Өөрөөр хэлбэл, тэнд би сэтгэлээ дүүртэл, хүссэн ажлаа хийж чаддаггүй байсан гэсэн үг. Удалгүй өмгөөлөгчдийн курс нээгдэж, өмгөөлөгчийн эрхтэй болох боломж олдсон. Даргаасаа чөлөө авч, курст хамрагдаж, албан ёсны өмгөөлөх эрхээ авсан. Тэр үед хүмүүс Бөөний нэгдлийн бараануудыг авчихаад эргэж төлдөггүй байсан болохоор өрөндөө баригдсан байгууллага болсон байлаа шүү дээ. Харин би өмгөөлөх эрх авсныхаа дараа газруудаас өрөө нэхэж, байгууллагаа хэдэн төгрөгтэй болгож билээ. Ингэж байтал Ж.Амарсанаа багш нэг өдөр дуудаж, эмэгтэйчүүдийн эрхийн талаарх хэлэлцүүлэг, сургалтад суух урилга өгсөн. Тэр сургалтад ирсэн филиппин хуульчийн гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйүүдийн эрхийн асуудлаарх яриаг сонсоод чих онгойх шиг л болсон. Дараа нь Хуульч эмэгтэйчүүдийн холбооны өмгөөлөгчидтэй хамтран долоо хоногийн гурав дахь өдөр болгон иргэдэд үнэгүй зөвлөгөө өгдөг боллоо. Намайг Хуульч эмэгтэйчүүдийн холбооныхон эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажилд тууштай ажилласан гэж үнэлдэг боловч би харин тэднээс их зүйл сурч мэдсэн. Юманд тууштай ханддаг зан, хүмүүжилтэй өссөний хүчээр хүний эрхийн хуульч гэдэг цол автлаа явлаа, эгч нь. 2000 онд хуульч Н.Чинчулуун Австралийн хуульчидтай хамтран “Хүний эрх хөгжил төв”-ийг байгуулж, надад өмгөөлөгчөөр ажиллах санал тавьж байсан. Тэр байгууллагад би цалингүй ч гэсэн чин сэтгэлээрээ ажилласан. Цалингаас илүү хүний хүсэл мөрөөдөл, дур сонирхол чухал юм билээ. “Хүний эрх хөгжил төв”-д зургаа, долоон жил, дараа нь “Хууль, хүний эрх” ТББ-д хуульчаар ажилласан.
-Хэрэгт холбогдоод сэтгэл санаагаар уначихсан, асуудлаа ярих гээд ирсэн боловч ярьж чадахгүй байгаа үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг та хэрхэн нээдэг вэ?
-Зарим хүн юу ч ярихгүй уйлаад л байдаг. Уйлж тайтгардаг хүн олон. Заримыг нь дагаад уйлах үе ч байсан. Гэхдээ үйлчлүүлэгчдээсээ нулимсаа нуухыг хичээдэг. Харин хэрэг хийчихээд худлаа яриад байвал загнана, аргадана гээд янз бүрээр л үзэж байж л сэтгэлийг нь нээж, үнэнийг нь яриулдаг даа. Тэтгэвэрт гарахаасаа өмнө авсан үйлчлүүлэгчийн шүүх хурал дуусаагүй байгаа. Түүнийгээ дуусгачихаад хүүхдүүдээ хараад гэртээ тайван сууна даа гэж бодоод л явж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |