• Өнөөдөр 2024-04-26

АЛТАЙ ТАВАНБОГД, ХОТОН, ХУРГАН НУУРААС ХАР-УС НУУР ХҮРСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-III

2022-07-15,   1600

Цэнгэл сумын хоёрдугаар багийн наадам өргөн дэлгэр гэж жигтэйхэн боллоо. Энгэр дүүрэн одон медаль гялалзуулсан өвгөд наадмын баруун дэнж дээр суучихсан шилтэй цэнхэрийн бөглөө мултлаад элдвийг хөөрөлдөн суух ажээ. Төр засаг казахуудад хайр энэрлээ харамгүй хайрласан нь тэдний энгэрт гялалзах одон медалиас тод харагдах юм. Зарим нь Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэргүүтнийг ихэрлүүлээд зүүчихсэн таахалзах юм. Яам, тамгын газрын тэргүүний ажилтан, ойн медалиудаа ирийтэл нь зүүчихсэн хүмүүс олон тааралдаж байв. Хэн олон одон медаль зүүснээрээ уралдаад ч байх шиг сэтгэгдэл төрөх. Тэд Хөдөлмөрийн хүндэт медаль зүүсэн нэгнээ “Олигтой юм авчихсан юм шиг наад мөнгөө битгий зүү” гэж хүртэл шоолдог байна.

                 Үндэстний цөөнх гэдэг утгаар нь Баян-Өлгий аймгаас тодорхойлсон хүн бүрийг манай үе үеийн төрийн тэргүүнүүд гар таталгүй шагнаж урамшуулж байсан нь энэ бүгдээс харагдана. Наадмын талбай тойроод УАЗ 469 маркийн автомашин, фургон эгнүүлээд тавьчихжээ. Машиныхаа сүүдэрт берзинт, цэнхэр, цагаан өнгийн метрийн материал дэвсээд дээр нь чихэр, боов, ундаа тэргүүт амттан, хувцас хунар, хүүхдийн тоглоом зэргийг дэлгэжээ. Энэ бүгдийг харахад тэртээ 1990 оны дунд үед очсон мэт мэдрэмж төрж байв. Нэг ч сүүлийн үеийн суудлын автомашин байхгүй. Орос ах нарын үйлдвэрлэсэн машин, тэр үед хүмүүсийн өмсөж, хэрэглэж байсан хувцастай хүмүүсийг хараад өөрийн эрхгүй тийм мэдрэмж төрж байв. Элдэв цэцэг, хээ хуартай өнгө өнгийн алчуур зүүсэн казах эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө хөшилдөн, тас тас хөхрөлдөн алхаж, архайж дархайсан залуус хүүхнүүдээ харж хөгжин баясаад аль ч газрын наадам иймэрхүү дүр зурагтай болдог юм байна. 200-гийн төмөр поошикт спармак нэртэй үндэсний хоолоо чанаад утаа май савсуулж, наадмын талбай дүүрэн чанасан махны үнэр хамар цоргино.

Цэнгэл сум Баян-Өлгий аймагтаа хурдан морь, бөх хоёроороо алдартай гэнэ. Гэхдээ багийн наадамд 16 бөх барилдаж, Хотон нуурын хойд эрэг зээр зусаж байгаа Болат гуайн бага хүү Жанат түрүүлж байна лээ. Уулын эхэнд наадмаа хийж байгаа болохоор хурдан морь уралдуулах задгай тэгш газар байхгүй гэнэ. Тиймээс найман километрийн радиустай тойргийг гурван удаа тойрч морио уралдуулдаг ажээ. Сүүлийн 20 гаруй жил иймэрхүү байдлаар наадмаа хийж байгааг нутгийн иргэд хэлж байна лээ. Хэд хоног уяж, сойж хөнгөрүүлсэн 20 гаруй морио морин тойруулга шиг газраа уралдуулав. Жижигхэн биетэй улаан зээрд морь бусдаасаа саахалтын зайд ганцаараа түрүүлж ирэв. Өнгөрсөн жил зээрд морийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас худалдан авсан гэнэ. Цэнгэл сумын залуус сүүлийн үед морь уях эрдэмд шамдан суралдах болжээ. Анх гурав хоног уяж хөнгөрүүлж байгаад уралдуулчихдаг байсан бол одоо орой бүр тар хийж, богино сунгаа хийн, уяж байгаа мориноосоо хөлс авч сурч байгаа гэсэн. Энэ янзаараа хичээгээд байвал төрийн наадамд морь түрүүлгэнэ гээд л залуус бие биенийгээ хөөрөгдөж онгироох нь чих үе үе дэлсэнэ.

ХОЁР ИРГЭНШИЛТЭЙ СУМЫН ЗААН НУТАГТАА ИРЭВ

Цэнгэл сумын заан Бакей Казахстанаас багийнхаа наадамд оролцохоор иржээ. “Бакей заан иржээ. Бакей гуай ирсэн гэнэ” гээд л наадам үзэж байсан хүмүүс шуугилдаад явчихлаа. 70 гаруй настай болов уу гэмээр том биетэй, цал буурал үстэй, өндөр шар хүн иржээ. Биеийн тамирын хувцастай эрийг нутгийнхан нь ихэд санасан бололтой. Тэвэрч аваад л байх юм. Нутгийн хөгшчүүд бүр уйлаад л тэвэрч аваад байх. Сумын заан “Казахстанд хүүхдийнхээ авч өгсөн байранд сайхан л амьдарч байна. Тэнд тэтгэвэрт орчихсон. Монгол мөнгөөр 600 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Хоёр талд тэтгэвэр аваад л дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна. Гэхдээ өсөж төрсөн нутаг гэдэг нас явах тусам бодогдоод мөн ч хэцүү юм. Нутгаа их санасан” хэмээн ярив.

                 Нутгийн хөгшин К.Өбөргалы сумын заан хоёр наадмын талбайгаас зайдуухан алхсаар холдов. Улаанбаатар хотоос сэтгүүлч ирсэн гэх сургаар тэд намайг дуудаж уулзлаа. Нутгийн хөгшчүүд “Сүүлийн үед манай нутгийнхантай холбоотой янз янзын л юм дуулдах боллоо. Тэр дундаа Казахстан улстай нэгдэх гэж байна гээд л худлаа үнэн зүйл яригдах юм. Бидний аав, ээж энэ нутагт ирсэн. Бид үе удмаараа сайхан л аж төрж байна. Тийм болохоор хоёр сэтгэлгүй л байх учиртай” хэмээн ярив. Мөн цагаан сахал намируулсан К.Өбөргалы гуай сүүлийн үеийн малчдын талаар шүүмжилж шүлэг зохиол бичих болжээ. Мотоцикль унаж малаа хариулж байгаагаас эхлээд эхнэрээ сахиад ажил хийхээ байсан эрчүүдийн талаар ч хөндөн бичсэн шүлгээ уншиж өгөв. Бүр сайхь хоёр эр нутгийнхаа нэг охинд сайн болж байсан залуу насныхаа түүхийг ч ярьж өгөв. Сумын заан Бакей нутгийнхаа охиныг эхнэрээ болгохоор тохирч, маргааш нь гэрт нь очихоор болсон гэнэ. Гэтэл К.Өбөргалы гуай шөнө нь эхнэрийг нь хулгайлаад гэртээ аваачсан байжээ. Ингээд хайртай бүсгүйг нь аваад суучихсан түүхтэй гэнэ. Тэд бие биедээ элдэв харын муу зүйл санаж бодолгүй 60 гаруй жил найзалж, нөхөрлөж байгаа гэдгээ яриад инээлдсээр үлдсэн юм.

МОНГОЛ ХАДРАН ЗАГАСНЫ ЭХ ӨЛГИЙ НУТАГ БАГ ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Хотон, Хурган нуур бараадан нутаглах казах түмэн байгалийн үнэхээр тансаг сайхан газар аж төрж байна лээ. Их түргэний ам дагаад битүү ой модтой, ой мод нь сүүлийн үед нэн ховордоод байгаа ургамал, цэцэг навчнаас эхлээд зэрлэг сонгино, жимс ургадаг байна. Мөн ховордоод буга, цоохор ирвэс, баавгай зэрэг амьтдын эх өлгий нутаг гэнэ. Тэр тусмаа баавгай энд олноор байдаг. Алс бөглүү нутаг болохоор хууль бус ангийн гэмт хэрэг тэр бүр гараад байдаггүй гэж байна лээ. Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын жуулчдыг соронзон мэт татах болсон газар нь Бага түргэний хавцал гэнэ. Мөнх цаст уулнаас эх авсан голууд нийлж, Хавцал буюу хүрхрээнд нийлдэг байна.Хүний хөл хүрч байгаагүй болов уу гэмээр онгон дагшин байгаль дунд орших Бага түргэний хүрхрээ үнэхээрийн сайхан газар ажээ. 15 метрийн өндрөөс шуугьсан их ус доош бууна. Бургас модод салхинд нь найган нахилзаж, хонин арц, алтайн зэрлэг сонгино нэлэнхүйдээ ургасан тийм л баян тансаг нутаг ажээ. Жил бүрийн хавар нуурын загас голоо өгсөнө. Хүрхрээний цэнгэг усан хавцалд түрсээ шахаж, сая сая монгол хадрангийн үр төл энэ л мөсөн голд бойжиж, Хотон, Хурган нуур, Ховд голыг уруудан явсаар Ховд аймгийн нутаг дэвсгэр Хар-Ус нуурт хүрдэг байна.

НУТГИЙН ЗАЛУУГИЙН ҮНЭН ҮГ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Нар баруун тийш хэвийж байхад багийн наадам шингэрлээ. Нутгийн залуус хөгшчүүлийнхээ хажууд архи дарс ууж, агсан согтуу тавиад байдаггүй юм байна лээ. Гэхдээ бие биенийгээ харж хөөрдөг юм уу, яг л согтуу, галзуу юм шиг л навсгар “69”-өө сэгсчүүлэн давхилдах ажээ. Машиндаа хүүхэд хөгшид нийлээд 20 гаруй хүн чихэлдэж суучихаад л хашхиралдан одох нь нэн цоглог юм. Наадам тараад бид ч хөдлөх гэж байтал архи ууж нэлээд согтсон гурван залуу хүрээд ирлээ. Тэд “Бид энэ нутгийн эзэд Урианхай ястны үр удам байна. Та нарыг ирсэн гэхээр чинь зорьж ирлээ” гэсээр мэнд мэдэлцэв. Тэд энэ нутаг бидний өвөг дээдсийн эх өлгий нутаг. Хэдэн мянган жилээрээ энэ сайхан газарт амьдарч ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн үед казахууд нутгийн иргэд биднийг дээрэлхэж, шахаж хавчих болсон. Казахуудын шахалтаас болоод урианхайчууд тэр аяараа шахуу хот руу нүүчихлээ. Энд хэдхэн айл үлдчихсэн гэм хийсэн хулгайч шиг шуудхан хэлэхэд айдастай амьдарч байна. Казахуудад Чойбалсан дарга хамгийн сайхан нутгаа зааж өгсөн. Голтой, устай, байгальтай, ан амьтан модтой, мөнх цаст уулстай хамгийн сайхан нутгаа өгсөн. Гэтэл тэд жилээс жилд монголчууд биднээс нүүр буруулж, Казахстаны харьяанд орох гэж зүтгэж байна. Үүнийг Монголын төр анхаарах ёстой. Энд зөвхөн казахууд биш олон ястан баймаар байна. Ингэж хооронд нь холилдуулж өгөхгүй бол алс баруун хязгаар дураараа дургисан казахуудын мэдэлд очоод тусгаарлагдах гээд байх. Бид казахуудад муудаа тэгж хэлж байгаа юм биш шүү. Төрийн тэргүүнээс нь эхлээд хүн бүрийг хэлэхийн муухай үгээр хэлж, монгол төрийг хараан зүхэж байна. Тэгээд Казахстаны төрийн тэргүүн, албатуудыг хамгийн сайн хүн мэтээр үр хүүхдүүддээ ойлгуулж, ухуулга хийж байна. Хүүхдүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ гэхэд Казахстаны Ерөнхийлөгчийн нэрийг хэлж байсан. Энэ бол үнэн түүх” хэмээн хэлж байв.

                 Мөн үе үеийн төрийн тэргүүнүүд Баян-Өлгий аймагт ирэхдээ “Казах түмэн” хэмээн хэлж, Тува, Урианхай нарыг үл тоодог гэнэ. Үүнийг ч бас тэд ярьж байна лээ. Сумын болон аймгийн баяр наадам ямаршуухан болдог талаар ч инээдтэй, эмгэнэлтэй гэмээр олон зүйлийг бидэнд хэсэгхэн хугацаанд хуучилчихаад гуйвж, дайвсаар явж одсон билээ.

ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН БАЯН-ӨЛГИЙ

Бид цэлмэг хөх тэнгэр, хөвөн цагаан үүлс, цаст уулсыг тольдон давалгаалах Хотон, Хурган нуурыг орхин Ховд голоо уруудан явлаа. Голоо уруудаж явсаар Хар-Ус нуур орох ёстой. Гэхдээ замаараа Баян-Өлгий аймгийн төвөөр орох юм. Тэртээ мөнх цаст уулсаас эх авсан Ховд гол цэлэлзэн тунарч алсыг зорино. Холбоо нуурын мандалд цагаан цахлай жигүүрээ дэвэн усны мандал алгадан ус цацруулах нь шингэж буй нарны улаан шаргал туяанд уран зураг шиг л харагдах ажээ. Монголын эрдэмтэд Алтай таван богдын мөс, цас дэлхийн дулааралтай холбоотойгоор эрчимтэй хайлж урсаад байна. Мөсны хайлалтыг зогсоож удаашруулахгүй юм бол мөнх цаст уулгүй болох нь гэх судалгааг гаргажээ. Гэтэл Баян-Өлгий аймгийнхан ямар ч судалгаа шинжилгээ хийлгүйгээр “Ховд гол дээр усан цахилгаан станц барина. Казахстанууд хөрөнгө оруулалт хийх болохоор яаралтай барина” гэж дур зоргоороо аашлах болжээ. Бүр техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчинд хэр хор уршигтай вэ гэдгийг ч тооцоолсон судалгаа байхгүйгээр усан цахилгаан станц барих гэж оролдох болсон байна. Үүнийг МУИС-ийн багш нараас эхлээд ШУА-ийн олон эрдэмтэн эсэргүүцэж байгаа ажээ. Бид шөнөжин давхисаар Өлгий хотод ирлээ.

                 Өндөр уулсын дунд өнгө өнгийн гэрэл чийдэн асах аж. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймаг нүүрээ угаасан хүүхэд шиг л өнгө төрх засч, өндөр барилга олноор баригдах болжээ. Тус аймагт ХААН банк, Мобиком компанид ажиллаж байсан залуус их хэмжээний мөнгө хулгайлаад зугтаасан хэрэг гарчээ. 200 гаруй сая төгрөгийг нь бэлнээр гаргаж аваад Казахстан руу оргон зугтаасан томоохон хэргийг аймгийн цагдаа шалгаж байгаа аж. Мөн сүүлийн үед Баян-Өлгий аймгийн иргэд хоёр иргэншилтэй болж, манай улсаас ч Казахстанаас ч тэтгэвэр тэтгэмж авах нь ихэсчээ. Хуулиар хоёр иргэншилтэй байж болохгүй гэх хуультай ч үүнийг нутгийн иргэд даган мөрддөггүй байна.

Өөр нэг сонирхолтой зүйл нь, Баян-Өлгий аймаг халамж үйлчилгээнд хамрагдаж, улсын төсвөөс их хэмжээний мөнгө авдгаараа бусад аймгийг тэргүүлжээ. Казахууд олон хүүхэдтэй, тэр болгондоо хүүхдийн мөнгө улсаас авдаг. Мөн аймгийн нийт иргэдийн ихэнх хувь нь нэн ядуу айл өрхийн тоонд хамаарагдаж, хүнсний талон авдаг байна. Заримынх нь улсаас мөнгө авах арга бүр нарийсч, хэзээ мөдгүй бурхан болох гэж байгаа аав, ээжийнхээ нэр дээр ач, зээ нарыг нь бүртгүүлчихдэг байна. Ингээд тэжээгчээ алдсаны тэтгэмж хүртэл олоод авчихдаг ажээ. Өнгөрсөн жил бага насны 13 хүүхэдтэй, 90 гаруй насны өвгөн өвчний улмаас амьсгал хураасан гэнэ. Ингээд бага насны 13 хүүхэд тэтгэмж авдаг болжээ. Энэ мэт халамж Баян-Өлгий аймагт хавтгайрч, хоёр улсаас тэтгвэр авдаг хүний тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна. Алтайн баруун хязгаар Баян-Өлгий аймгаар ийм л сонин сайхантай байна.

                 Урианхай залуучуудын хэлснээр тэнд төрийн хар хайрцагны бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ сайхан нутаг руу өөр аймгуудын олон өрхийг бодлоготойгоор нүүлгэн суурьшуулах нэн чухал шаардлага бий болсон гэдэг нь олон зүйлээс тод харагдаж байсан. Бид өглөө эртлэн Өлгий хотоос Ховд аймаг Хар-Ус нуурыг зорилоо.

Баян-Өлгий, Ховд аймгийг холбосон хатуу хучилттай зам хариугүй холбогдох гэж байна лээ. Хятадууд яралзтал ажиллаж, шинэ зам тавьж байсан. Ховд аймгийн төвийнхөн Буянт голынхоо хөвөөнд хэдэн зуугаар нь гэр бариад зусаж байна. Аймгийн төвд нь хөл хөдөлгөөн сийрэгхэн байхад Буянт гол тэр чигтээ хүний хөлд дарагдан байх аж. Ховд голын зүүн талд орших Хар нуур, түүний цаахна байх Хар-Ус нуурын эрэг дээр очлоо.

                 Зун болж, зургаан сар дөнгөж гарангуут нуур тэр чигтээ шумуулны эх орон болчихдог байна. Хүн битгий хэл мал ч байж тогтохын аргагүй учир нуурын эрэг орчим намар болтол ихэнхдээ хөл хөдөлгөөнгүй нам жим байдаг гэнэ. Холбоо хоёр нуур ингэж л өөрсдийгөө хамгаалсаар олон мянган жил болжээ. Гэвч нуурын ус гүехэн, Ховд голын ус татрахад л цэлийсэн их ус ширгэх нь аюултай гэнэ. Хар-Ус нуур нүүдлийн шувуудаар дүүрэн байх. Тэр тусмаа гангар цагаан хун эв хавгүй гэгч нь гуагчин урт хүзүүгээ хооронд нь орооцолдуулан хөвөх юм. Нуурын шагшуурга хээрийн салхинд тохилзон найгаж, нүүдлийн шувууд сүргээрээ тэнгэрт сүр бараатайхан зэллэх ажээ.

 

2018 он

 


АЛТАЙ ТАВАНБОГД, ХОТОН, ХУРГАН НУУРААС ХАР-УС НУУР ХҮРСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 17:06:31
    hairhan: Hairan chig nutag min
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-30 17:44:59
    БББ: Урианхайн 7 хошууны нутаг юмсан даа уг нь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188